I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Патагонийн аяллын нэгэн явдал

Чили улсын өмнөд хэсэгт Патагони гээд сайхан газар майханд унтаж байлаа. Гэтэл шөнө дунд мишок дээр нэг зөөлөн юм гэдэс хавьцаа унах шиг болов. Бага зэрэг сэрвэлзээд буцаад унтаж байтал цээж өөд нэг юм мацаад ирлээ шүү. Хөдөө хээр хав хав харанхуй, тэмтэрсээр гар чийдэнгээ олоод асаатал яг өөдөөс нэг хулгана өөдөөс гөлийгөөд зогсож байдаг шүү.

Torres del Paine үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тосгон болох Пүэртэ наталес-с хоногийн 10$-р түрээсэлсэн майхан цоорхойтой байж. Би ч сандарч хулганаа хөөж гаргах гэтэл гадаа бороо салхи шуураад майхан нүүрлүү нурж орж ирээд, хулгана буцаж гарах нүхээ олохгүй хэсэг юм болж. Эцэст нь майхны хаалгаа нээж өөрөө гарч хамаг юмаа гөвж байж нөгөөхийг чинь хөөж гаргав.

Гадаа бороонд шууд мишокноосоо нүцгэн гарсан би шалба норж, буцаж майхандаа орж жаахан дулаацаж аваад, буцаад унтах гэтэл нөгөө хулгана дахиад майхан өөд авирч байгаа нь сонсоод ажиглатал дээвэр дээр цоорхой байж, тэрүүгээр дахин оролдлого хийх гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж буцаагдсан байдаг юм. Нөгөө цоорхой оймсоороо бөглөчихөөд буцаад нам унтав.

Torres del Paine, Patagonia, Chile

Өглөө нь 5 гэж босоход шөнө орсон борооны чийг, Чили улсын хөдөөний цэнгэг агаар хоёр сайхан үнэртэнэ. Ачаагаа янзлангаа нөгөө муу хулгана яасан бол гэсэн шүү юм бодлоо. За тэр нөхөр ч намайг бодвол нутагтаа байгаа, үүр нь холгүй байсан биз, жаахан талх өгдөг байж гэж бодов. Гэхдээ хээрийн амьтанд хоол өгч болдоггүй. Хүний гар хараад эхэлдэг. Энэ нь олон сул талтай.

Ер нь л аливаа үнэгүй олдсон юм тухайн хүнээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог. Улмаар авсан хүн нь хөгжиж болох байсан алтан боломжоо алддаг. Өөрөө олсон юм амттай. Хүн өөрөө тэр хэрээр хөгжиж байдаг.

Чили улс, Торрес Дэль Пэйнь, Патагониа дахь үүргэвчтэй аялал.

5 өдрийн майхантай хээрийн аялал.

https://instagram.com/buyakublai