I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Escadaria Selarón

Escadaria Selarón бол Бразилын Рио Де Жанеро хотын нэгэн чухал бэлэг тэмдэг. Гэхдээ энэ шатны ард сонирхолтой түүх бий. Нутгийн хүмүүс энэ шатыг Escadaria da Lapa гэж нэрлэдэг. Учир нь Lapa дүүргээс эхтэй учир. Lapa болон Santa Teresa дүүргүүдэд хамаардаг гоёмсог өнгө бүрийн бялтагаар нэг бүр чимж хийсэн 215 шат. Дэлхийн өнцөг булан бүрээс цуглууларч өрөгдсөн 2000 гаран өнгө бүрийн бялтанууд. Энэ шат тэр чигээрээ өөр өөр зурагнууд мэт боловч үе үе нэгэн жирэмсэн хар арьст эмэгтэйн дүрс хаа сайгүй харагдана.

Энэхүү шат байрлаж буй дүүрэг өмнө нь архичин ядуу хүмүүсээр дүүрэн жирийн нэгэн дүүрэг байжээ. Харин 1983 онд Чили улсын иргэн, дэлхийгээр аялагч, зураач, барималч залуу Риод нүүж ирсэн юм. Түүний нэрийг Jorge Selarón гэдэг. Би өөрөө уран баримал их сонирходог бас дэлхийгээр аяладаг хүний хувьд түүний түүх бас үлдээсэн бүтээл нь сонирхолыг минь ихэд татаж заавал ирж үзэх ёстой гэж бодсоор ирсэн юм. Мөнгөгүй ч гэсэн аялах хүсэл нь түүнийг 50 улсаар аялуулжээ. Аялсан улс бүртээ өөрийн зургаа зурж зарж амьдарч амь зогоодог байж. Хамгийн сонин нь тэрээр 25000 гаран хөрөг зураг зурж борлуулсан юм. Гэхдээ бүгд яг нэг л жирэмсэн хар арьст эмэгтэйг зурсан. Энэхүү шатын хаа сайгүй мөн л тэр эмэгтэй. Jorge 47 онд төрсөн ба 50 улсаар аялж явсаар 36 насандаа Бразилийн Рио Де Жанеро хотод бүр мөсөн суурьшихаар шийдсэн байгаа юм. 90 онд гэрийнхээ урд талын хагархай шатыг будаж эхэлсэн. Дараа нь барилгын хог дээрээс хагархай бялтанууд цуглуулж түүгээрээ будаж эхэлж. Тухайн үедээ мань эр мөнгөгүй болохоор олон удаа тогоо таслуулж, байрнаасаа хөөгдөж байж. Гэвч бууж өгөлгүй нөгөө жирэмсэн эмэгтэй зургаа зурж зарсаар, олсон мөнгөөрөө амьдралаа залгуулж бас шатаа бялтаадсаар л байж. Хүмүүс түүнийг тогтмол шоолж утгайгүй юм хийх юм гэж хэлдэг байжээ. Гэвч тэр өөрийн энэ бүтээлдээ улам шунан донтож, хөрөг зургаас олсон мөнгөөрөө энэ төслөө хийсээр байж. Харин тэнд ирсэн жуулчид болон нутгийнхан түүний энэ ажлыг бага багаар анзаарч. Бас уйгагүй зүтгэлийг нь үнэлж эхэлжээ. Жуулчид нутаг буцсан хойноо дэлхийн өнцөг булан бүрээс хагархай бялтаанууд түүнд илгээдэг болсон байгаа юм. Энэ шатанд давтагдсан хэсэг гэж байхгүйч үе үе нөгөө л жирэмсэн африк эмэгтэй. Тэрээр хэзээ ч энэ ямар учиртай талаар тайлбар хэнд ч хэлж байгаагүй. Хүмүүс асуух үед: “Миний хувийн өнгөрсөн асуудал байгаа юмаа” л гэдэг байж. Хожим түүний бүтээл Рио Де Жанеро хотын гол бэлэг тэмдэг өнгө болсон байгаа юм. Түүний энэ ажил дэлхийн хамаг л том сэтгүүлүүд дээр онцлох бүтээлээр шалгарч, аяллын нэвтрүүлэг, сонин, мэдээ, сурталчилгаа баримтат кино хүртэл гарч байж. Мөн дэлхийн том брэндүүд хүртэл хамтарч ажиллаж энэ шатыг өөрийн брэндийн хэсэг болгож байж. Жишээ нь: National Geo Graphic, American Express, Coca-Cola, Time, Playboy гээд явж өгч. Snoop Dogg “Beautiful” гээд дууныхаа клипийг хийж байж. 2016 оны Риогийн олимпийн “Хүсэл тэмүүлэл биднийг нэгтгэдэг” гэсэн урианы бэлэг тэмдэг болсон.

Тэрээр энэ төслөө Бразил хүмүүст зориулсан хувийн жижиг төсөл байдлаар эхэлсэн ч сүүлдээ түүндээ дурлаж 20 жил зорилсан юм. Дэлхийн 60 гаран улсын урлагт хайртай хүмүүсээс материалаа цуглуулж дэлхий хүмүүсийг өвөрмөц байдлаар нэгтгэж чадсан юм. Тэр маш жижиг жижгээр эхэлсэн ч эцэстээ дэлхийд танигдсан бүтээл хийж чадсан юм. Мөнгөгүй болж хүмүүст элдвээр хэлүүлж байсан ч бууж өгөлгүй дурласан зүйлдээ өөрийгөө зориулсаар байсан. Урлаг хүмүүсийн соёл шашин хэл өөр байхаас үл хамаарч нэгтгэж чаддаг гэдгийг харуулсан.

Эцэст нь тэрээр үл мэдэгдэх шалтгаанаар 2013 онд өөрийн бүтээсэн шатан дээр нас барсан байсан ба түүний нас барсан шалтгаан нь одоо ч доторхой биш байдаг юм байна. Олон таамаг байдаг ч яг батлагдсан зүйл олдоогүй юм байна. Хэдийгээр түүний амьдралын төгсгөл харамсалтай байсан ч түүний үлдээсэн бүтээл нь өнөөдрийг хүртэл Рио Де Жанеро хотын хүмүүст зориулалт, хүсэлт тэмүүлэл, хайрын билэг тэмдэгийг сануулдаг тэдний ирэх дуртай нэгэн хайртай гудамж нь юм билээ.