I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Аргентин улсад аялах хөтөч

Өмнөд Америкт байдаг энэ улс бол аялагчдын очих дуртай газар юм. Та үүргэвчээ үүрээд энэ тивээр хөндлөн гулд аялахаар ирсэн ч бай, эсвэл зөвхөн дарс ууж, стейк идэхээр хэдхэн хоногоор ирсэн ч гэсэн Аргентин таны урмыг хэзээ ч хугалахгүй. Google Map

Буэнос-Айресын тав тухыг мэдрүүлэх кафены соёлоос эхлээд аварга том, үзэсгэлэн төгс Игуазу хүрхрээ (Iguazu Waterfalls), дуу алдам гайхалтай Перито Морено мөсөн тал (Perito Moreon glacier), Мендозагийн сэтгэл булаам усан үзмийн талбай гээд нүд баясгах олон гайхалтай зүйлс Аргентинд байхын зэрэгцээ энэ бүхэнтэйгээ төгс хорших амтат стейк, дэлхийд цуутай олон төрлийн дарс энд байдаг юм. Иймээс энэхүү улсын баялаг түүх, гайхалтай соёл, амтат хоолонд татагдан олон мянган жуулчин ирдэгт гайхах зүйл алга.

Өргөн уудам газар нутгаар нь аялахын зэрэгцээ дарсны үйлдвэрүүдээр нь зочлон, танго заалгаж, Патагониягийн цаст уулсаар явган аялах зэрэг олон зүйлийг үзэж харж, хийж турших боломжтой тул энэ гайхамшигтай улсыг судлахад цаг гаргаарай.

Аргентинд заавал үзэх 5 зүйл

1. Буэнос-Айресын соёлтой танилцаарай Google Map

“Өмнөд Америкийн Парис” гэгддэг Буэнос Айрес бол олон сургалт дамжаа, өвөрмөц соёлтой, шөнийн амьдрал нь гайхалтай, хоол хүнс, дэлгүүр хоршоогоор дүүрэн гайхалтай бас хөгжилтэй хот юм. Яг л дарс ууж, хоол идэн, амраарай гэж байгаа мэт энэ хотод яаралгүй тайван саатаарай. Тэгээд тухлан суугаад, тавтай зооглоно уу!

2. Гайхамшигт Игуазу хүрхрээ Google Map

275 салбар хүрхрээгээр секунд тутамд 130,000 метр куб (450,000 куб фут) ус нижигнэн буухыг хараад яагаад ийм алдартай болохыг нь та шууд л ойлгоно. Буэнос Айресаас хэд хэдэн төрлийн хөтөчтэй аялал явдаг бөгөөд та эдгээр аяллыг онлайнаар харах боломжтой. Эсвэл өөрөө орон нутгийн автобусанд суугаад ч очиж болно. Игуазу хүрхрээ (Iguazu Waterfalls) үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Аргентинийн талаас нэвтрэх хураамж нь 800ARS юм.

3. Саалта тосгонд зочлох Google Map

Саалта бол гайхалтай музей, кафе, ардын хөгжмөөрөө танигдсан, жижиг хот юм. Энд колонийн үеийн барилгууд эрт цагийн төрхөөрөө хадгалагдан үлдсэн тул хотын гудамжаар алхах үед өнгөрсөн цаг руу аялсан мэт санагдах нь бий. Хэрэв та Буэнос-Айрес болон Мендоза хот хоёрын хооронд аялж байгаа бол энэ газар буугаад мордоорой. Танд таалагдах нь гарцаагүй.

4. Танго сураарай

Бид бүхний мэдэх алдарт танго. Энэ бол Аргентинийн үндэсний бүжиг юм. Хаа сайгүй, гудамжинд хүртэл танго бүжиглэж, давтаж байгаа хүнтэй та тааралдах болно. Танго заадаг маш олон газар байдаг бөгөөд олон нийтийн газар нутгийн хүмүүсээс үнэгүй сурах боломж ч бас байдаг.

5. Мендозатай танилц Google Map

Мендоза нь дарс (ялангуяа маш сайн Малбек), стейк, үзэсгэлэнтэй газруудаараа алдартай. Энд дарсны үйлдвэрүүдээр аялж, явган алхаж, хавцлаар зочилж, стейк идэж, дарс уух боломжтой. Хотыг тойрсон ууланд гадаа явагддаг олон төрлийн үйл ажиллагаанд (морь унах, дарсны талбайгаар аялах, мах шарж идэх г.м) хамрагдах боломжтой байдаг билээ.

Аргентинд сонирхон турших бусад зүйлс

Үүлэнд хүргэх галт тэрэг

Мэдээж хэрэг, энэ бол жуулчдад зориулсан, өндөр үнэтэй галт тэрэг хэдий ч, өтгөн үүлс, шигүү ойн дундуур явах мэдрэмж үнэхээр гайхалтай. Энэ бол Саалта хотоос хөдлөөд Андын нуруугаар аялдаг галт тэрэг бөгөөд ирж буцах нь нийлээд 400 км (250 миль) замыг 16 цагийн турш явдаг. Галт тэрэг 4200 метр (13779 фут) өндөрт гарах үед уулс, ой мод, хөндий гээд байгалийн үзэмж үнэхээр гайхалтай харагддаг. Энэ аялал улирлын чанартай бөгөөд долоо хоногийн тодорхой өдрүүдэд явдаг тул та ирэхээсээ өмнө хуваарийг нь заавал шалгаарай. Галт тэрэгний тасалбар 6,700 ARS бөгөөд үнэд нь хоол багтсан.

Дарсны үйлдвэрт зочлох Google Map

Аргентин бол дарс үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай бүс нутаг бөгөөд дарс сонирхогчдын хувьд зайлшгүй очих газар юм. Хэрэв та дарс хэрхэн хийдгийг харахыг хүсвэл Мендозад очоорой. Энэ бол дарсаараа хамгийн алдартай бүс нутаг нь. Ялангуяа анх удаа ийм аялал хийж байгаа бол Мендоза яг тохирно. Зочдоо хэд хэдэн үйлдвэрүүд рүү аваачин, дарс хэрхэн хийдэг талаар ярьж өгч, үнэгүй амталгаа явуулдаг олон аялал байдаг ч, та дугуй түрээсэлж аваад өөрөө явсан ч болно. Хэрэв та дарсны жинхэнэ хорхойтон бол жил бүрийн 2, 3-р сард болдог Мендозагийн дарсны ургацын баярт (“Fiesta de la Vendimia”) очоорой. Энэ үеэр ардын бүжиг, хөгжмийн үзүүлбэр, гоо сайхны тэмцээн болж, салют буудуулан, өнгө алагласан баярын жагсаал болдог юм.

Серро Аконкагуа ууланд авирах Google Map

Бараг 7000 метр (23,000 фут) өндөр Серро Аконкагуа (Cerro Aconcagua) уул нь улсынхаа төдийгүй дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн өндөр уул юм. Уулын оргилд хүрэх аялал аймхай хүмүүст зориулагдаагүй бөгөөд өндөрт дасаж, оргилд нь гарахад хэдэн долоо хоног шаардлагатай гэж үздэг. Тиймээс анхлан авирагч бол дэмий биз. Харин та дадлага туршлагатай уулчин төдийгүй шалгуур сорилд дуртай нэгэн бол энэ аялал танд таалагдах нь гарцаагүй. Хөтөчтэй оргилд гарах аялал ойролцоогоор 463,545 ARS (2,441 USD) байдаг бол уулыг тойрон 8 өдөр хийх аялал (оргилд нь гарахгүй ч, өөр баазуудад очно) 146,554 ARS (771 USD) орчим байдаг. Хүмүүсийн хамгийн их явдаг аялал бол уулын эргэн тойронд 4 өдөр хийдэг алхалт юм. Нэг хүний 65,135 ARS (343 USD) орчим болдог.

Valle de la Luna-г судлаарай Google Map

“Сарны хөндий” хэмээх энэхүү гайхалтай байгалийн тогтоц нь Триасын үеийнх юм. Салхи, борооны нөлөөнгөөр энэхүү хөндийн хад чулуу нь өвөрмөц хэлбэртэй болон, яг л сарны гадарга шиг харагдах болсон тул энэхүү нэрийг авчээ. Хэдий усгүй хуурай газар боловч үнэг, шар шувуу, армадилло, тас зэрэг энэ хөндийд нутагладаг амьтан, шувуудад таатай орчин нь болдог. Албан ёсны нэр нь Исчигуаласто аймгийн цэцэрлэгт хүрээлэн (Ischigualasto Provincial Park) бөгөөд геологийн өвөрмөц тогтоц, чулуужсан олдворуудтай энэ газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэх төлбөр 800 ARS (4.21 USD).

Перито Морено мөсөн голоор явган аялал Google Map

Лос Гласиаресийн (Los Glaciares National Park) үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дуу алдам үзэсгэлэнтэй Перито Морено мөсөн (Perito Moreno glacier) тал оршдог. Тал гэсний учир нь энэхүү мөсөн тогтоц бараг 4,570 метр (15,000 фут) өргөн, 61 метр (200 фут) өндөр юм. Энэ бол миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг. Та ногоон мододтой уулс дунд тэвхийн цайх мөсөн тал дээр алхаж (энэ бол үгээр хэлшгүй сайхан мэдрэмж) эсвэл завинд суун, ойртон очих боломжтой. Завиар аялах зэрэг багтсан бүтэн өдрийн аялал нь ойролцоогоор 10,000 ARS (52 USD) байдаг.

Сан Рафаэль руу өдрийн аялал хийх Google Map

Мендозагаас хэдхэн цагийн зайд орших энэ жижигхэн хотод очсоноор дарсны үйлдвэрүүдийг үзэн, дугуйгаар аялаж, эсвэл ойролцоо нь байдаг үзэсгэлэнтэй Атуэл хавцалд (Atuel Canyon) очиж үзэх боломжтой учраас олон гайхалтай газар юм. Энэ бол нутгийн иргэдийн амьдралын хэмнэлийг мэдрэн, амарч тухлах дур булаам бяцхан газар юм. Мендозагаас Сан Рафаэль хүртэлх автобусны нэг талын тасалбарын үнэ 540 ARS (2.84 USD).

Ушуайад зочлох Google Map

Ушуайа (Ushuaia) бол дэлхийн өмнөд хязгаарт байдаг далайн боомт бөгөөд Тиерра дель Фуэго мужийн (Tierra del Fuego) хамгийн том хот юм. Энэ бол Өмнөд Америкаар аялаад дуусаж байгаа юм уу, Антарктид руу аялахаар явж буй хүмүүсийн хувьд маш алдартай газар билээ. Учир нь эндээс Антарктид хүртэл ердөө 1100 км (680 миль) бөгөөд бүх аялал энэ хотоос хөдөлдөг юм. Ерөнхийдөө Ушуайа бол өнгөлөг байшингуудтай, ард нь Аандын нуруу дүнсийн харагддаг, адал явдлаар дүүрэн аялал жуулчлалын төв юм.

Халим харах аялал Google Map

6-р сараас 12-р сар хүртэлх хугацаа нь Патагонияд халим үзэх хамгийн таатай улирал бөгөөд халимнууд үржилд орохоор эрэг рүү дөхдөг байна. Энэ бол нэлээд үнэтэй аялал боловч халим нүүдэг цаг учраас та хоосон буцна гэж байхгүй. Тиймээс мөнгө төлсөндөө хэзээ ч харамсахгүй аялал юм. Вальдес хойг (Valdes Peninsula) бол ийм аялалд хамгийн тохиромжтой газар юм. Халимуудыг цочроож, сандаргахгүйн тулд зөвхөн зургаан компанид л үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байдаг. Бүтэн өдрийн аялал 11,000 ARS (57 USD) бол олон өдрийн аялал 57,000 ARS-аас (300 USD) эхэлдэг. Орка, бөгтөр, өмнөдийн халим (southern right whale), цэнхэр халим зэргийг харах боломжтой.

Quebrada de Humahuaca-тай танилц Google Map

Quebrada de Humahuaca бол Рио Грандег даган оршдог 155 км урттай (96 миль) сийлсэн мэт үзэсгэлэнтэй хөндий юм. Гүн хавцлынх нь гадарга өвөрмөц содон тогтоцтой бөгөөд 10,000 жилийн тэртээгээс хүн суурьшсан тул энэ газар эртний Инкийн түүх, соёлоор баялаг байдаг юм. Хумахуазад байх колонийн үеийн гудамж, байшин барилга, түүнчлэн эргэн тойрны гайхалтай байгалийн тогтцыг нь үзэж харах нь үнэхээр гайхалтай аялал болдог. Тус газар нь байгалийн өвөрмөц тогтоц, соёл түүхтэйн улмаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.

Cajon del Azul-д зочлоорой Google Map

Аандын нурууны ойролцоох Эль Боолсон (El Bolson) хэмээх “хиппи” хотод байдаг Цэнхэр хавцал нь оюу өнгөтэй тунгалаг устай, энгийн дүүжин гүүр, хонгил, хадан цохиотой газар юм. Аргентины бусад дархан цаазат газартай харьцуулахад арай илүү цөлжсөн боловч ууланд аялагчид болон уургаар загаслагчдын ирэх дуртай газрын нэг болж байгаа. Энд очвол гадаа хийж болох бүх зүйлийг туршиж үзэхийн тулд дор хаяж хэдэн өдрийг төлөвлөөрэй. Бас майхантай бол авчраарай. Гадаа буудаллахад тун таатай газар шүү.

Casa Rosada-г үзнэ үү Google Map

Буэнос-Айресын Плаза де Майод байдаг Каса Росада ерөнхийлөгчийн тамгын газар нь хотын хамгийн алдартай газар юм. Барилгыг хамгаалан, эдэлгээг уртасгах зорилгоор гадна ханыг будсан будагт үхрийн цус хольсон учраас ийм ягаан өнгөтэй болсон гэж ярих нь бий. Тэргүүн хатагтай, хөдөлмөрчдийн эрхийг хамгаалагч Эва Перон (Эвита) цугласан ажилчдад хандан энэ барилгын тагтан дээрээс үг хэлж байжээ (Түүний амьдралаас сэдэвлэсэн киног 1996 онд хийсэн бөгөөд гол дүрд Мадонна тоглосон байдаг).

Ла Реколета оршуулгын газар Google Map

Оршуулгын газарт зочлоно гэхээр бага зэрэг эвгүй санагдаж болох ч Реколета (Recoleta) бол хотын хамгийн их хүн зочилдог газруудын нэг юм. Энэ оршуулгын газарт Эва Перон (Эвита), Паазын гэр бүлийнхэн зэрэг хотын хамгийн алдартай хүмүүсийг мөнх нойрсож байдаг билээ. Түүнчлэн эмгэнэлтэй түүхийн эзэн Руфина Камбасересийн булш энд байдаг юм. Домогт өгүүлснээр түүнийг амьдаар нь оршуулсан гэдэг билээ. Өдөр бүр 8:00-18:00 цагийн хооронд нээлттэй байдаг.

Сан Игнасио Минитэй танилц Google Map

Сан Игнасио хотод байрладаг сайн мэдээ тараагчдын дурсгал болсон эдгээр 17-р зууны үеийн балгас, нурангиуд нь Аргентинд байдаг хамгийн бүрэн гүйцэд дурсгал юм. Энд байгаа олон тооны сийлбэрлэсэн чимэглэл нь одоо ч хэвээр байдаг. Испанийн барокко хэв маягаар баригдан ч, уугуул хэв маягийн нөлөөнд нэлээд автсан эдгээр балгас нь өвөрмөц улаавтар өнгөтэй байдаг. Зочдод зориулсан төвд нь эдгээр балгасын ард нуугдаж буй гайхалтай түүхийн талаарх олон мэдээлэл байдаг бөгөөд балгасууд нь нэмэлт мэдээлэл авах интерактив самбартай. Тасалбар нь 350 ARS (2 USD).

Аргентинд хийх аяллын зардал

Орон байр – Жижиг буудлуудыг та улс даяар олох боломжтой. Буэнос-Айрес хотод 6-8 ортой дотуур байрны үнэ 1300-1800 ARS ( 7$ ~10$ ) хавьцаа байа. Мендоза гэх мэт аялал жуулчлал их хөгжсөн хотуудад 2200 ARS ба түүнээс дээш байдаг. Нийтийн угаалгын өрөөтэй дотуур байрны өрөөнүүд нь ерөнхийдөө бусад дотуур байрнаасаа хоёр дахин үнэтэй байдаг ба нэг шөнийн үнэ 4000-5700 ARS (20$~30$) байдаг. Жуулчлалын бус улиралд та 1500 ARS (~8$) хэмнэж болно.

Үнэгүй Wi-Fi -тай бөгөөд ихэнх жижиг буудлуудад хоолоо хийж идэх хэсэг байдаг. Буэнос-Айрест өглөөний цай үнэгүй байх нь ховор ч, Мендозад бол стандарт үйлчилгээ юм.

Майхан барьж буудаллах боломж ихтэй (дэлхийд алдартай Патагония мужид хүртэл) бөгөөд ялангуяа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо майхантай буудаллах газар элбэг байдаг. Буудаллах талбай нь ойролцоогоор 800-1,000 ARS ( 5$ ~ 6$) байна.

Зочид буудал 4500-6700 ARS (24$ ~ 35$) ба Wi-Fi нь үнэгүй дагалддаг. Ихэнхид нь өглөөний цай үнэ төлбөргүй бөгөөд тусдаа ариун цэврийн өрөөтэй.

Airbnb-ийн (айлын сууц түрээслэх үйлчилгээ) тусдаа өрөө нэг шөнийн дунджаар 1,050-1,800 ARS (5,50$~ 9,44$), бүтэн байр 2,200-3,800 ARS (12$~20$) байдаг.

Хоол хүнс – Аргентины хоолонд Газар дундын тэнгисийн нөлөө их байдаг. Эхлээд Испанийн колоничлогчид, хожим нь 19, 20-р зууны үед Европоос ялангуяа Итали, Испаниас ирсэн цагаачид эндэхийн хоолны соёлд их нөлөөлсөн байдаг. Эмпанада, пицца, полента, гоймон зэрэг нь Аргентинд гүн шингэн үлджээ.

Аргентинчууд асадо (барбекю) болон үхрийн мах, ялангуяа стейк, хавирга зэргийг ихээр хэрэглэдэгээрээ алдартай. Улаан лооль, сонгино, шанцай, хаш, хулуу, цуккини зэрэг нь хамгийн түгээмэл хүнсний ногоо юм. Dulce de leche хэмээх өтгөрүүлсэн сүүгээр хийсэн карамель соус нь алдартай амттан юм.

Yerba mate бол эндэхийн үндэсний цай бөгөөд кофэйн агуулсан, ургамлын гаралтай цай юм. Энэ цайг төмөр аяганд хандлан, метал соруулаар уудаг .

Ерөнхийдөө Аргентинд, ялангуяа алдартай амралтын газар, аялал зугаалга хөгжсөн хотуудад хоол хүнс нэлээд үнэтэй байдаг. Мөнгөө хэмнэх хамгийн сайн арга бол өглөө болон өдрийн тусгай хоол идэх юм. Өглөөний цай нь 200-400-ын хооронд байдаг бөгөөд ихэвчлэн кофе, нарийн боов, шарсан талх, өндөг зэрэг багтдаг.

Өдрийн хоолны хувьд үнэ нь нэлээд хэлбэлздэг боловч ерөнхийдөө 550-900 ARS (2,88$-5$) орчим байдаг. Хямдхан кафед 540-780 ARS (2,83$-4,10$) үнээр сэндвич, салаат зэрэг хөнгөн хоол идэх боломжтой.

Гудамжны түргэн хоол гэвэл эмпанада (хуушуур маягийн хоол), чорипан (зайдас хавчуулсан талх) идэх юм уу, орон нутгийн “Hole in the wall” бургерийн газар, пиццаны газраас хооллож болно. Эмпанада нь 50 орчим ARS, чорипан нь 500 ARS (~2,65$), түргэн хоолны газрын пицца, бургер 350-500 ARS (1,83$-2,65$) орчим үнэтэй байдаг. Түргэн хоолны (McDonald’s гэж бодож байна) газрын багц нь 470 ARS (~2,46$) орчим байдаг.

Томоохон хотуудад хятад хоолны авч явж иддэг ресторанд нэг таваг хоол 500 ARS (2,65$) орчим байдаг бол тэндээ идээд явдаг Энэтхэг ресторанд нэг таваг хоол 600-800 ARS (3,14$-4,19$) орчим байна.

Уламжлалт маягийн стейк зардаг газар хоол, дарсны үнэ нийлээд 2875-3500 ARS (15$- 18$) хавьцаа болох бол илүү энгийн ресторанд стейк 950-1350 ARS (5$-7$), хүнсний ногоо түлхүүтэй паста 580-700 ARS (3$-4$) байдаг.

Уух зүйлсийн хувьд шар айраг 300 орчим бол нэг шил дарс 200 ARS (1,9$), коктейль 450 ARS(2,36$), капучино 175 ARS (0,91$) байна.

Хэрэв та дэлгүүрээс хүнсээ авах гэж байгаа бол долоо хоногт ойролцоогоор 2500-3500 ARS (13,12$-18,37$) зарцуулна гэж тооцоорой. Энэ үнэд нэг лонх дарс багтаж байгаа. Мөн будаа, буурцаг, гоймон, улирлын чанартай бүтээгдэхүүн, мах зэрэг хоолны үндсэн түүхий эдээр тооцов.

Аялал, үйл ажиллагаа – Эндхийн үйл ажиллагаа нь Өмнөд Америкийн бусад орнуудаасаа харьцангуй үнэтэй байдаг. Жишээ нь, гадаа хийх хагас өдрийн аялал 3,400-5,200 ARS (18$-27$), бүтэн өдрийн аялал 12,000-17,500 ARS (63$-92$) байдаг. Бүтэн өдрийн аялалын зардалд ихэвчлэн өдрийн хоол багтдаг. Мендозад хийх бүтэн өдрийн дарсны аялал нь 8,300-12,500 ARS орчим юм.

Patagonia-д хийх 3-4 өдрийн аялал 24,000 ARS-аас (125$) эхэлдэг боловч ихэнх аялал 57,000 ARS (300$) ба түүнээс дээш үнэтэй байдаг.

Музей нь ихэвчлэн үнэ төлбөргүй байдаг ч, төлбөртэй газраа 400-800 ARS (~2$ – 4$) хооронд хэлбэлздэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэх төлбөр нь нэг хүний 1200-3500 ARS (6$ -18$) хооронд байна.

Үүргэвчтэй аялах төсөв

Үүргэвчтэй аялахад өдөрт 3,700-6,200 ARS (19$ -32$) зарцуулна гэж бодож байна. Ийм мөнгөөр та нийтийн байранд байрлаж, гудманд хямд хоол идэн, ихэнх хоолоо өөрөө хийн, нийтийн тээвэр болон хот хоорондын автобусаар зорчиж, багахан “ууж”, явган аялал, зугаалах гэх мэт үнэ төлбөргүй зүйлсийг хийж болно.

Харин өдөрт 7,100-11,500 ARS (36$-60$) төсөвлөвөл үүнийг дундаж гэж үзэж болох бөгөөд хувийн Airbnb эсвэл хувийн жижиг буудалд буун, цөөн хэдэн хундага юм ууж, хааяа таксиндан, дарсны аялал, бүжгийн хичээл гэх мэт хүссэн үйл ажиллагаандаа хамрагдах боломжтой.

Өдөрт 13,800-23,500 ARS (71$- 122$)-ийн “тансаг” төсөвтэй бол та зочид буудалд байрлаж, бүх хоолоо гадуур идэн, хүссэнээрээ ууж, Патагонияд явган аялал хийж, хот хооронд нисч, хүссэн бүхнээ хийж болно. Энэ бол зүгээр л тансаг хэрэглээний доод хэмжээ юм. Мэдээж дээшээ хязгаар үгүй!

Мөнгө хэмнэх аргууд

Аргентинд хэрхэн мөнгө хэмнэх вэ? Хэрэв та болгоомжтой байхгүй бол эдгээр бүх аялал, дарс, стейк зэрэг нь нэлээд үнэтэй тусаж болох тул зардлаа бууруулах хэд хэдэн аргыг хэлж өгье.

  • Хөнгөлөлтийн карт ашиглах – Хэрэв та оюутан, эсвэл багш бол хөнгөлөлт эдлээрэй. Ийм төрлийн хөнгөлөлт нэлээд мөнгө хэмнэдэг. Мөн La Nacion сонинтой холбоотой La Nacion Club болон La Nacion Premium Club картуудыг ашиглан, хөнгөлөлт эдлээрэй. Долоо хоног бүр La Nacion Club Card вэбсайтад картын гишүүдэд хөнгөлөлт үзүүлдэг байгууллагуудын жагсаалтыг гаргадаг. Тиймээс энд олон хоног байхаар төлөвлөж байгаа бол энэхүү клубт бүртгүүлэх нь ашигтай.
  • Машинд дайгдах – Тус улсын хойд хэсэгт машинд дайгдах явдал түгээмэл биш ч, хэрэв та Патагония хотод байгаа бол энэ хэсэгт нутгийн иргэд болон жуулчид машинд дайгдах нь элбэг байгааг та анзаарах болно. Учир нь энд хол чиглэлд автобус цөөн явахын зэрэгцээ үнэтэй байдаг. Машин барихад тийм ч хэцүү биш. Тиймээс таныг эргэн тойрноо сонирхохоор гарах гэж байгаа бол машинд дайгдаарай гэж зөвлөх байна.
  • Улирлын бус үед аялах – 3-6-р сар, 9-11-р сард жуулчин багатай байдаг бөгөөд байр сууц хямдарч, үзвэрийн газруудаар сэлүүхэн гардаг.
  • Хямдхан хоол хайж олоорой – Гудманд эмпанада, choripán идэх юм уу, орон нутгийн “Hole in the wall” бургер, пиццаны газруудад хооллох нь хамгийн сайн сонголт юм. Хэдий эдгээр нь хамгийн эрүүл хоол биш ч мөнгөнд хэмнэлттэй бас амттай!
  • Дугуй түрээслэх – Та ихэнх томоохон хотуудад буусан жижиг буудлаасаа эсвэл түрээсийн газраас өдөрт ойролцоогоор 500 ARS (2$) үнээр дугуй түрээслэх боломжтой. Ялангуяа та Мендозад байгаа бол нэг дарсны үйлдвэрээс нөгөөд очиход дугуй тун тохиромжтой.
  • Майхантай явах – Патагониягаас өмнөд зүг руу аялах хэрээр байр илүү үнэтэй болдог. Жижиг буудлууд нэг шөнө нь ихэвчлэн 2,200 ARS(11$) ба түүнээс дээш үнэтэй байдаг (Буэнос-Айрес хотод нэг шөнийн 1,400 ARS (7$) байдаг). Тиймээс майхантай буудаллах газар хайж олоорой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс (та энд майхантай бууж мэдээж болно) бусад газарт бол жижиг буудлаас асууж үзээрэй. Тэд ихэвчлэн багахан төлбөрөөр майхан барих газар түрээсэлдэг юм.
  • Дарс уугаарай – Супермаркетад дарс 350 ARS (2$) байдаг. Энэ бол гайхалтай үнэ. Тиймээс дарс ууж болно.
  • Орон нутгийн айлд түр байгаарай – Couchsurfing буюу айлд байснаар нутгийн соёлтой танилцаж, зөвхөн тэдний мэдэх чухал зөвлөгөө, мэдээллийг сонсох боломжтой. Бас нутгийн иргэдтэй танилцаж, мөнгөө хэмнэх хамгийн сайн арга юм.
  • Усны савтай яваарай– Эндхийн цоргоны ус уухад аюулгүй тул мөнгө хэмнэж, нэг удаагийн хуванцар хэрэглээгээ багасгахын тулд шүүлтүүртэй сав авчираарай. Би LifeStraw савыг хэрэглэдэг бөгөөд энэ нь таны усыг үргэлж цэвэр, аюулгүй байлгах шүүлтүүртэй.
  • Гадуур явган аялаарай – Явган алхахад ямар нэг зардал гарахгүй тул Аргентины хаа ч байсан үнэ төлбөргүй газруудаар алхаж, аялж болно. Учир нь энэ улсын хотуудад олон тооны цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газар байдаг юм. Тиймээс өдрийг алхаж, амарч өнгөрөөх бүрэн боломжтой. (Мэдээжийн хэрэг, олон өдөр аялсан ч уйдахааргүй том том цэцэрлэгт хүрээлэнгүүд байгаа!).
  • Хотуудын хооронд бүү нис – Гадаадын иргэдэд ногдуулдаг татварын ачаар Аргентинд оршин суудаггүй хүмүүст онгоцны тийз нэлээд үнэтэй тусдаг. Тиймээс яарагүй л бол битгий нис. Автобусанд суу. Хэдий удаан ч, үнэ нь боломжийн.
  • Үнэгүй бүжиглээрэй – Хэрэв та Ням гарагт Буэнос-Айрес хотод очвол Сан Телмод болдог тангогийн үнэгүй арга хэмжээнд хамрагдаарай. (Даваа гарагийн орой La Bomba de Tiempo хэмээх ахөгжим, бүжиг хосолсон тун дажгүй, алдартай арга хэмжээ болдог. Үнэ нь ч боломжийн.)
  • Hola Hostel-д байрлах – Hola Hostels нь ихэвчлэн Өмнөд болон Төв Америкт байрлах дотуур байрны сүлжээ юм. Тэд гишүүддээ 10% хөнгөлөлт үзүүлэхээс гадна зарим хоолны газар, үйл ажиллагаанд бас хөнгөлөлт үзүүлдэг. Гишүүнчлэл нь үнэгүй бөгөөд тэд байгаль орчинд ээлтэй байхыг эрмэлздэг.
  • Үнэгүй явган аялалд хамрагдах – Томоохон хотуудад хөтөчтэй, үнэгүй аялалд хамрагдах боломж цөөнгүй байдаг. Ийм аялалд хамрагдсанаар мөнгөө хэмнэхээс гадна хөтөчтэй явах боломж нээгддэг. Хамгийн гол нь хөтөчдөө гарын мөнгө өгөхөө мартаж болохгүй. Нийслэл хотод нь Buenos Aires Free Tour болон Free Walks Buenos Aires гэсэн хоёр компанийг сонирхожж болно.

Байр, буудал

Боломжийн үнэтэй газар хайж байна уу? Миний санал болгох газрууд бол,

Milhouse Hostel (Буэнос Айрес)
Sabatico Travelers Hostel (Буэнос Айрес)
America del Sur Hostel (Буэнос Айрес)
Сохо урлагийн үйлдвэр (Буэнос Айрес)
Gorilla Hostel (Мендоза)
Хостел Лао (Мендоза)
Lagares Hostel (Мендоза)
Cruz del Sur Hostel (Ушуайа)
Антарктидын буудал (Ушуайа)

Унаа тээвэр

Нийтийн тээвэр – Буэнос-Айрес бол Аргентин дахь метроны системтэй (The Subte) цорын ганц хот юм. Метро ажлын өдрүүдэд 5:30-23:30, бямба гарагт 06:00-23:30, ням гарагт 8:30-22:30 цагийн хооронд ажилладаг.

Нийтийн автобус бол хот доторх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл юм. Буэнос-Айрес хотод нэг талын тасалбар ойролцоогоор 30 ARS байдаг бол Мендоза хотод тасалбарын үнэ 20 ARS-аас эхэлдэг.

Буэнос-Айрес, Мендоза, Мар дель Плата хотуудад нийтийн тээврээр зорчихын тулд тусгай карт шаардлагатай бол жижиг газруудад бэлэн мөнгө авдаг. Та эдгээр картуудыг хаа сайгүй байх ТҮЦ-ээс авах боломжтой.

Такси – Аргентинд такси маш хямд байдаг. Ойролцоогоор 100 ARS-аас эхэлж, километр тутамс 81 ARS орчмоор нэмэгддэг. Гэхдээ нийтийн тээврээр хүссэн газартаа хүрч болох тул такси барихгүй байсан ч болно.

Автобус – Аргентин нь ойр болон холын зайн автобусны сүлжээгээрээ алдартай. Холын автобус нь Wi-Fi-тай байхын зэрэгцээ согтууруулах ундаа, хоолоор үйлчлэх нь элбэг байдаг.

Жишээлбэл, Буэнос-Айресаас Мендоза хүртэл 14,5 цаг явдаг бөгөөд тасалбар нь 3,650 ARS (18$)-аас эхэлдэг. Барилоче хотоос Эль Калафат (Патагония дахь) хүртэл 10 цаг явах бөгөөд үнэ нь 2,700 ARS (14$)-аас эхэлдэг бол Буэнос Айресаас Эль Калафат руу явах автобус 10,400 ARS (54$) байна.

Мендозагаас Саалта хүртэл “богино” аялал нь 7 цаг үргэлжилдэг бөгөөд ойролцоогоор 2,580 ARS (13$) болдог. Та шөнийн автобусанд суугаад унтаад явбал буудлын мөнгө хэмнэх боломжтой.

Нисэх – Өмнөд Америкт онгоцоор нисэх нь тийм ч хямд биш бөгөөд Аргентинд мөн адил юм. Ялангуяа гадаадын иргэдэд өндөр татвар ногдуулдаг (оршин суугчдад хямд байдаг) тул илүү үнэтэй тусдаг. Гэсэн хэдий ч, та 14 цаг автобусаар явахыг хүсэхгүй бол мэдээж нисэж болно.

Агаарын тээврийн хамгийн алдартай хоёр компани нь Aerolíneas Argentinas (дотоодын агаарын тээврийн компани) болон LATAM юм.

Та Аргентинаас Эль Калафат руу 27,000 ARS (140$) эсвэл Буэнос Айресаас Барилоче руу 17,000 ARS (88$) төлөн нисэх боломжтой. Урьдчилан захиалбал илүү хямд байдаг.

Галт тэрэг – Аргентины галт тэрэг нь Буэнос-Айрес, Кордоба, Росарио гэсэн гурван газар л явдаг. Буэнос-Айресаас Кордоба хүрэх галт тэрэгний үнэ 1800ARS (9$) орчим. Саалта хотоос эхэлж, Андресийг дайран өнгөрдөг “Үүлэнд хүргэх галт тэрэг” гэх мэт аялагчдад зориулсан тусгай аяллууд бас байдаг. Энэ бол дэлхийн хамгийн өндөр төмөр замын нэг билээ. Мөн Эскель болон Эль Майтен хоёрын хооронд явдаг Ла Трочита буюу Хуучин Патагониягийн экспресс галт тэрэг байдаг нь 4,260 ARS (22$) юм.

Машинд дайгдах – Аргентинд машинд дайгдахад хялбар бөгөөд аюулгүй байдаг. Тэд гадаад хүмүүсийг ихэд сонирхон, танилцахыг хүсдэг тул энэ улсын хаана ч байсан машинд дайгдах боломжтой. Гэр бүлээрээ явж байгаа айл таныг чихэж суулгаад явах тохиолдол ч гарч магад. Hitchwiki-д Аргентинд машинд дайгдах талаар мэдээлэл байгаа тул судалж үзээрэй.

Машин түрээслэх – Машин түрээслэхэд өдрийн 5500-7300 ARS (28$ – 37$)-аас эхэлдэг. Жолоо барихын тулд 21 нас хүрсэн байх ёстой. Эндхийн жолооч нар түрэмгий, зам нь заримдаа ачаалал ихтэй байдаг тул бэлтгэлээ сайтар хангана уу.

Хэзээ явбал тохиромжтой вэ?

Аргентин бол асар том улс. Тиймээс аль бүс нутгаар аялахаар төлөвлөж байгаагаасаа хамаарч явах цагаа сонгох нь зүйтэй.

Аргентины хавар 9-р сараас 11-р сар хүртэл байдаг. Энэ бол ерөнхийдөө аялахад хамгийн тохиромжтой цагуудын нэг юм (гэвч энэ үед Патагония хотод маш хүйтэн хэвээр байдаг). Дундаж температур нь төв хэсэгт 14 ° C (57 ° F), Патагонияд 8-14 ° C (46-57 ° F), хойд хэсэгт 20 ° C (68 ° F) хооронд хэлбэлздэг.

Зун нь 12-р сараас 2-р сар хүртэл үргэлжилдэг. Энэ бол Аандын нуруунд цагийг өнгөрөөх хамгийн тохиромжтой улирал юм. Тиерра дель Фуэго руу аялахад хамгийн тохиромжтой цаг бөгөөд магадгүй цастай хэвээрээ байж болох. Аргентины хойд хэсэг нь энэ үед хамаагүй дулаахан байдаг бөгөөд Буэнос Айрес бүгчим, чийглэг болсон байдаг. Агаарын хэм нь 26 ° C (79 ° F) хүрч болно.

Намар (3-р сараас 4-р сар) бол Сан Хуан, Мендоза мужуудад дарсны ургац авдаг сайхан цаг юм. Энд агаарын хэм 6-14°C (42-58°F) байна. Энэ үед Патагония нь намрын тод өнгөөр гангардаг тул мөн гайхалтай сайхан байдаг.

Өвөл нь 6-р сараас 8-р сар хүртэл байдаг ба агаарын хэм нь 8-13 ° C (46-55 ° F) хүртэл буурдаг. Хэрэв та цанын баазуудад зочлохыг хүсэж байгаа бол яг тохирох цаг нь. Хэдий тийм ч, энэ үед Патагонияд зочлоход тийм ч таатай биш байдаг. Учир нь цаг агаарын таагүй үзэгдлээс болж олон газрууд хаалттай байх нь бий. Ер нь Улаан өндөгний баяраас 10-р сар хүртэл олон газар хаагддаг.

Аюулгүйн зөвлөмжүүд

Аргентин бол үүргэвчээ үүрч, аялж явахад аюулгүй газар юм. Та ганцаараа аялж байсан ч, тэр байтугай эмэгтэй хүн байсан ч аюулгүй. Энд хүнд гэмт хэрэг ховор гардаг боловч жижиг хулгай, халаасны хулгай ихсэх хандлагатай байгаа тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Гадуур явж байхдаа үнэт эдлэл, эд зүйлсээ аль болох нүдэнд харагдахгүй газар хийгээрэй. Хэтэвчээ үргэлж найдвартай, гар хүрэхгүй газар байлга. Гар утасны хулгай маш түгээмэл бөгөөд хулгайч нар заримдаа гэгээн цагаан өдрөөр утсыг тань шууд булааж авдаг тул болгоомжтой байгаарай. Олон нийтийн газар утсаа авч явахгүй байх нь дээр. Хэрэв зайлшгүй ашиглах шаардлагатай бол аюулгүй байдлын үүднээс дэлгүүрт ороорой.

Шөнийн автобусанд суувал цүнхээ сайтар түгжин, үнэ цэнтэй зүйлсээ найдвартай газар хийгээрэй. Хэрэв машин түрээсэлбэл байнга түгжиж байгаарай.

АТМ-аас мөнгө авах болбол банк доторхыг ашиглаарай.

Энд залилан хийх нь ховор боловч тохиолдож болзошгүй.

Явган аялалд гарахаасаа өмнө ямагт цаг агаарыг шалгаж, хувцсаа тохируулан, хангалттай ус авч явах хэрэгтэй.

Хэрэв танд яаралтай тусламж хэрэгтэй болбол 911 руу залгана уу.

Зөн совиндоо үргэлж итгээрэй. Паспорт, иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримтаа хуулбарлаж аваарай. Хаагуур аялж байгаагаа ойр дотнынхондоо мэдэгдсэнээр тэд таны байгаа газрыг мэдэх болно.

Маш сайн аяллын даатгал худалдаж аваарай хэмээн би чин сэтгэлээсээ зөвлөх байна. Аялал жуулчлалын даатгал нь таныг өвчин, гэмтэл бэртэл, хулгай, аливаа захиалга цуцлагдах зэрэг эрсдлээс хамгаалдаг юм. Энэхүү даатгалыг ашиглах шаардлага олон удаа гарч байсан тул би даатгуулж байж л аялалд гардаг.

Аялагчдын зөвлөгөө