12 настай байлаа. Дэнжийн 1000-н хашаан дундуур өвөл худгаас усаа аваад, тэргэндээ ачаад, мөсөн дээгүүр хальтран харьж явлаа. Манай ус авдаг худаг манай хашаанаас жаахан зайтай, дээр нь жижиг толгод дээр байдаг байсан юм. Худгаас урсах ус нь доошоо урсаад мөс болчихдог. Хааяа бид тэнд нь шуудайгаар чарга хийж гулгадаг байж билээ.

Тэр үед Шавшанкаас оргосон нь кино үзсэнээс киноны сүүлийн хэсэг намайг гүн бодолд автуулсан шиг санагддаг юм.
Ялангуяа киноны төгсгөлд Red (Morgan Freeman)-н хэлсэн үг.
Тэр бол 17 насандаа согтуу жолоо барьснаас болж хүний аминд хүрээд 40 гаран жил шоронд хоригдоод итгэл найдвараа алдсан нэгэн байсан юм.
Нэг өдөр түүний амьдралд Энди гэх найз орж ирсэн бөгөөд түүний ярьж байгаа бүх зүйлс Red-д ер бусын гэгээлэг санагдаж, эцэст нь Red итгэл найдвараа эргэн олж авдаг.
Маш товчхондоо. Энэ киноны фенүүдэд хэт товч бичсэн бол уучлаарай. Блогтоо тааруулаад дэндүү гоё киног дэндүү товч базчихлаа.
Тэр мөрөөдөлтэй болж, түүний мөрөөдөл нь Номхон далайг харах мөрөөдөлтэй болж, тэр зүг шоронгоос гарсаны дараа Эндийг олох аялалд гардаг юм.
Одоо бодоход тэр үедээ энэ киноны гүн гүнзгий утгыг сайн ойлгоогүй байсан ч Red-н хэлдэг гоё үгс миний сэтгэлийг эзэмдэж орхисон юм. 40-н битонтой усаа тэрэгтэй нь дээш түрэн алхаж явахдаа Red-н хэлсэн үгийг бодон нүдэндээ нээрээ далай гэж тийм гоё цэнхэр байдаг юм болов уу харах юмсан гэж мөдөөдөж билээ. Тэгээд хүүхдийн гэнэн сэтгэлээр өөртөө “үхэхээсээ өмнө далай үзчихээд үхнэ дээ” гэж шивнэж билээ.
Харин одоо нийт 25 улсад амьдарч үзжээ. Доод тал нь 1-3 сар танихгүй улсуудад амьдарч, жуулчны биш экспатын амьдралаар амьдарч, найзалж, дурлаж, алдаж онож, нөгөө гайхалтай далайгаа олон удаа бишрэн харжээ. Магадгүй тэр үед би жижигхээн мөрөөдсөн байж болох ч тэр жижиг мөрөөдөл маань намайг дэлхий тойрч аялах аялалд минь далдхан хөтөлсөн ч юм шиг.
Тиймээс эрхэм уншигч танд хэлэхэд мөрөөдөлд жижиг гэж байхгүй гэж урамшуулмаар байна. Жижиг мэт харагдавч тэр мөрөөдөл таныг хаана аваачихыг та мэдэхгүй. Мөрөөдөлтэйгөө байхад ирээдүйд ямар гайхалтай зүйлс ч танд тохиолдох юм билээ. Тиймээс мөрөөдөлдөө хайртай байгаарай. Нандигнаж байгаарай. Хэн нэгэнд том жижиг гэж битгий үнэлүүлээрэй. Зөвхөн мөрөөдөлдөө үнэнч байж, тууштай түүнийхээ төлөө хөдөлмөрлөөрэй.
Миний дуртай хэсгүүдээс
ANDY: Red, нэг зүйлийг санаж яв, итгэл найдвар бол сайн зүйл, магадгүй хамгийн гайхалтай зүйл байх, сайн зүйл хэзээ ч үхдэггүй юм.
ANDY: Мексикчүүд Номхон далайн талаар юу гэдэг гээч?
RED: Мэдэхгүй.
ANDY: Тэд, Номхон далайд ой санамж байдаггүй гэдэг юм. Би яг тийм газар үлдсэн амьдралаа өнгөрөөмөөр байна. Дулаахан хэрнээ дурсамж үгүй.
RED: Би өөрийгөө их догдолж байгааг анзаарч байлаа, бүр бодлоо ч барьж дийлэхгүй байлаа. Миний бодлоор жинхэнэ эрх чөлөөт хүн л ингэж догдолж чадах байх. Эрх чөлөөт хүн төгсгөл нь яаж дуусах нь үл мэдэгдэх уртын урт аялалд гараад. Би хилийн дээс алхаж чадна гэж найдаж байна. Би найзыгаа дахин хараад гарыг нь чанга атгана гэж найдаж байна. Номхон далай миний зүүдэнд л харагддаг байсан шигээ тийм гоё цэнхэр гэж найдаж байна.
Би найдаж байна.