I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Танилцуулга

Намайг Батсайханы Буяндэлгэр гэдэг. Би Дижитал Номад буюу Цахим нүүдэлчин. Товчхондоо цахим нүүдэлчин гэдэг нь дэлхийн хаана ч онлайнаар ажлаа хийнгээ аялаж явдаг хүнийг хэлдэг.

Дижитал Номад амьдралын хэв маягийг сонгоод багагүй хэдэн жил өнгөрч. Анх 2017 онд АНУ-д ажлуулж байсан програм хангамжийн компаниа зараад дэлхий тойрч аялахаар зориг шулуудсан юм. Тухайн үед АНУ-д магистраа хийчихсэн, тэндээ бизнес нээчихсэн, монголд салбар компаниа байгуулчихсан, ганц бие боломжийн хөөрхөн мөнгө олчихдог байлаа. Хүний нүдэнд бол тун боломжийн харагдаж байсан ч миний дотор хоосон орон зай байгааг улам тод мэдэрч байсан. Би өөрийгөө олохыг хүссэн юм. Өөрийн айдастайгаа нүүр тулж, өөрийгөө сорихыг хүсэж байлаа.

Нэг өдөр интернет ухаж суудал дэлхий тойрч аялах Remote Year аялалын компани Хубилай нэртэй дэлхий тойрох 75 хүний багт хүмүүсээ бүрдүүлж байгаа мэдээг олж харсан юм. Багт нь багтахын тулд 2-3 удаагийн ярилцлагад орох ёстой ба мөн санхүүгийн чадамжтай гэдгээ нотлох ёстой байв. Санхүүгийн хувьд тэнцсэн ч ярилцлагын хувьд эргэлзэж байлаа. Гэвч ярилцлага ч боломжийн болж хамгийн гол нь тэд энэ удаагийн аялалаа Хубилай хааны нэрээр нэрлэж байгаа учир анх удаа монгол хүн оролцох санаа нь таалагдсан учир намайг дуртайяа тэнцүүлсэн юм.

Яагаад Хубилай гэж нэрлэх болсон юм бэ гэхэд, тэр бол түүхэнд хамгийн олон шинэ зүйлийг дэлхийд нэвтрүүлсэн түүхэн агуу хүн учир ингэж сонгосон гэсэн юм. Энэ үг ч надад их таалагдаж яг л Бурхан цаанаасаа намайг явж аял гэж байгаа мэт санагдсан юм.

Ингээд аялах цаг болж, би гэдэг хүн АНУ-д амьдарч байхдаа хурааж цуглуулсан бүх л хувийн зүйлсээ хүнд өгөхийг нь өгч, зарахыг нь зарж дуусгалаа.

Аялал эхлэхээс долоо хоногийн өмнө бүх зүйлээ тарааж дууссан байлаа. Машин л үлдэв.

Лос Анжелесын байрандаа хэдхэн хувцас, зөөврийн компьютертайгаа л үлдэв. Гэр ханхайгаад эвгүй байлаа.

7 хоног хоосон байшинд газар унтаж байгаад явах өдөртэйгээ золголоо.

Яг онгоц нисэх өдөр миний машиныг нэгэн банкинд ажилдаг залуу бэлэн мөнгөөр авлаа. Түлхүүрээ өгөөд мөнгөө авч байхдаа намайг онгоцны буудал хүргээд өгөх болзолтой машинаа зарлаа.

Ингээд би гэдэг хүн анх АНУ-д хов хоосон ирж байсан шигээ АНУ-с Малайз улсаас Хубилай багтайгаа дэлхийг тойрч нэг жил амьдарахаар гарсан юм.

75 хүн Малайзын Куала Лумпур хотод дэлхийн өнцөг булан бүрээс цуглав. Бүтэн жил хамтдаа ажиллаж амьдрах зорилготой. Нэг улсад нэг сар нийт 12 улсаар хамтдаа аялахаар цугласан юм.

Энэхүү вэб сайтаар дамжуулан өөрийн аялаж амьдарсан орнуудын аялалын гарын авлагыг та бүхэнд хүргэхээр зорилоо.

Танд санал хүсэлт байвал @buyakublai хаяг дээр дарж холбогдоорой. Таны саналыг харгалзан вэб сайтдаа оруулах болноо.

Баярлалаа