Үндсэн агуулга руу шилжих

Хойд Америк · Аяллын гарын авлага

Куба улсад аялах хөтөч

13 мин унших · Шинэчилсэн

Энэ гарын авлагад (13)
  1. Кубад заавал үзэх 5 зүйл
  2. Кубад сонирхон турших бусад зүйлс
  3. Виз: Монгол паспорттой бол
  4. Кубын аяллын зардал
  5. Үүргэвчтэй аялах төсөв
  6. Мөнгө хэмнэх аргууд
  7. Байр, буудал
  8. Унаа тээвэр
  9. Хэзээ явбал тохиромжтой вэ?
  10. Аюулгүйн зөвлөмжүүд
  11. Дижитал номадад: интернэт, SIM, ажиллах газар
  12. Түгээмэл асуултууд
  13. Захиалгын сайтууд

Куба бол цаг хугацаа зогсчихсон мэт арал: 1950-иад оны Америк машин, хуучин Зөвлөлтийн техник, колонийн үеийн өнгөлөг гудамж, цэнхэр далай. Гавана, Виньялес, Тринидадыг үзэхэд 10–14 хоног хангалттай, үүргэвчтэй аялагч өдөрт ойролцоогоор 40–60$ зарцуулна. Монгол паспорттой бол одоо Кубын цахим виз (e-visa) урьдчилж авах шаардлагатай гэж албан ёсны цахим визийн сайт заадаг. Гэхдээ 2026 онд Кубад түлш, цахилгааны ноцтой хямрал байгаа тул явахаасаа өмнө нөхцөл байдлыг заавал шалгаарай.

Ээжийнхээ төрсөн өдөрт зориулж бид хоёр Кубаар аялсан. Тэр аяллын тухай энд бичсэн. Яг л Монголын 70–80-аад онд буцаж очсон юм шиг санагдсан. Зам дээр хуучин орос машинууд явна, машин зогсоолоос ачдаг машин нь хүртэл ЗИЛ-130 байсан.

Гэхдээ Куба амар улс биш. Олон ханш зэрэгцэн явдаг, гадаадын карт ихэнхдээ ажилладаггүй, интернэт удаан, цахилгаан тасардаг. Үүнийг мэдээд, бэлдээд очвол Карибын тэнгисийн хамгийн өвөрмөц аялал болно.

2026 оны 11-р сарын байдал: Их Британийн Гадаад хэргийн яам (FCDO) Куба руу «зайлшгүй шаардлагагүй бол бүү яв» гэсэн зөвлөмж гаргасан. Олон удаа улс даяар цахилгаан тасарсан, олон улсын нисэх буудлуудад онгоцны түлш дутагдаж, Канадын бүх агаарын тээврийн компани зэрэг хэд хэдэн компани нислэгээ зогсоосон. Visa, Mastercard зэрэг гадаадын карт хүлээн авахгүй, АТМ-ээс бэлэн мөнгө гаргах боломжгүй болсон гэж мэдээлсэн. Доорх мэдээлэл ердийн нөхцөлд зориулсан. Явах гэж байгаа бол FCDO-ийн Кубын хуудас, Канадын travel.gc.ca зэрэг албан ёсны зөвлөмжийг шинэчлэгдсэн эсэхийг харж байгаад шийдээрэй.

Кубад заавал үзэх 5 зүйл

1. Хуучин Гавана (La Habana Vieja)

UNESCO-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн хотын хуучин хэсэг. Plaza de la Catedral, Plaza Vieja, Plaza de Armas гэсэн гурван талбайг холбосон нарийн гудамжаар алхахад л хагас өдөр өнгөрнө. Обиспо (Obispo) гудамжаар Malecón хүртэл алхаад, далайн хамгаалалтын хэрэм дагуух 8 км замаар алхаж, нар жаргахыг хараарай. Орой нь нутгийнхан тэнд цугларч хөгжим тоглоно.

Жолоочтой хуучин машин хөлслөөд хотоор нэг цаг тойрох нь жуулчдын «заавал» хийдэг зүйл. Үнийг суухаасаа өмнө тохир.

2. Виньялесийн хөндий (Valle de Viñales)

Гаванаас баруун тийш 3 орчим цагийн зайд, могот (mogote) гэдэг дугуй оройтой шохойн чулуун уулс, улаан хөрстэй тамхины талбай бүхий хөндий. Морь унаж тамхины фермээр орох, фермерийн гараар ороосон навчин тамхи үзэх, Cueva del Indio агуйгаар завиар явах нь гол хөтөлбөр.

Энд casa particular (айлын гэрт түрээслэх өрөө) хамгийн элбэг. Айлын эзэд аялал, унаа бүгдийг зохицуулж өгдөг.

3. Тринидад (Trinidad)

Чулуун замтай, шар, ногоон, цэнхэр байшинтай 16-р зууны колонийн хот. Plaza Mayor-ын шатан дээр орой бүр Casa de la Música-д амьд хөгжим тоглож, хүмүүс сальса бүжиглэнэ. Ойролцоо нь Playa Ancón далайн эрэг, Valle de los Ingenios (чихрийн нишингийн тариалангийн хөндий) байдаг.

2–3 хоног байхад хангалттай. Гавана, Виньялесийг Тринидадтай холбож нэг тойрог хийх нь хамгийн түгээмэл маршрут.

4. Варадеро (Varadero)

20 гаруй км үргэлжилсэн цагаан элстэй хойг, all-inclusive буудлууд нь эгнээд байна. All-inclusive гэдэг нь хоол, ундаа, пиво, коктейль бүгд үнэдээ багтсан гэсэн үг. Хязгааргүй. Миний очсон ресорт дээр хүмүүс том савтай пиво дүүргэж аваад усан сан дээрээ хэвтэж байсан.

Миний очиж байх үед 3-р сард all-inclusive буудлууд 80–90% хямдардаг байсан, маш гоё том ресорт өдрийн 25$ орчим байсан. Энэ бол тухайн үеийн үнэ. Одоо үнэ, мөн түлш, цахилгааны хямралаас болж ресортуудын үйлчилгээ өөр байж магадгүй тул захиалахаасаа өмнө сүүлийн үеийн сэтгэгдлийг уншаарай.

5. Сьенфуэгос ба Гахайн булан (Bahía de Cochinos)

Сьенфуэгос (Cienfuegos) бол Францын нөлөөтэй цэвэрхэн, тайван хот. Түүнээс холгүй Playa Girón, Playa Larga орчмын Гахайн буланд 1961 оны алдарт тулалдааны музей бий, мөн эргээс шууд усанд орж шүрэн хад харах (snorkeling) боломжтой. Caleta Buena гэдэг байгалийн усан сан шиг булан шумбаж үзэхэд гоё.

Гавана, Тринидадын хооронд замдаа зогсох газар болгоход тохиромжтой.

Кубад сонирхон турших бусад зүйлс

  • Гаванагийн Fábrica de Arte Cubano (FAC) урлагийн төвд орой очиж үзэсгэлэн, концерт, DJ нэг дор үзэх.
  • Төв Гаванагийн Callejón de Hamel гудамжинд ням гарагт болдог румбагийн тоглолтыг үзэх.
  • Ла Кабанья цайзад (Fortaleza de San Carlos de la Cabaña) орой бүр 21:00 цагт болдог их бууны ёслол (Cañonazo) үзэх.
  • Гаванад сальса бүжгийн 1–2 цагийн хичээлд суух.
  • Ropa vieja (татсан үхрийн мах), moros y cristianos (хар буурцагтай будаа) идэж үзэх.
  • Кубын рум, мохито, дайкиригээ эх нутагт нь амтлах.
  • Сантьяго-де-Куба (Santiago de Cuba) хотоор орж, арлын зүүн хэсгийн Афро-Кубын соёлтой танилцах.
  • Cayo Santa María, Cayo Coco зэрэг жижиг арлын цагаан элстэй эрэг дээр хэдэн өдөр юу ч хийхгүй хэвтэх.
  • Хуучин Chevrolet, Buick-аар колектив такси (taxi colectivo) барьж хот хооронд явах.

Виз: Монгол паспорттой бол

Би очиж байх үед Монгол паспорттой хүн Кубад 90 хоног визгүй орж байсан, шууд хил дээр очоод ордог байсан. Одоо байдал өөрчлөгдсөн. Кубын Гадаад хэргийн яамны жагсаалтад Монгол улс визгүй зорчих гэрээтэй орнуудын тоонд орж байсан ч Кубын албан ёсны цахим визийн сайт Монгол улсын иргэд e-visa авах ёстой гэж заадаг. Тиймээс одоо визгүй гэж бодож явах эрсдэлтэй.

Одоогийн журам (2026 оны 11-р сарын байдлаар)

  • Цахим виз (e-visa): 2025 оны 7-р сараас хойш цаасан жуулчны карт (tarjeta del turista) хүчингүй болж, цахим виз үндсэн шаардлага болсон. Ердийн 90 хоног байх эрхтэй, Кубын дотор дахин 90 хоногоор сунгах боломжтой гэж мэдээлдэг.
  • Хаана мэдүүлэх: 2026 оны 11-р сарын эхнээс Кубын шинэ консулын портал consular.cu ажиллаж эхэлсэн. Хуучин evisacuba.cu сайт шинэчлэлийн үеэр хэдэн өдөр ажиллаагүй.
  • Үнэ: иргэншил, мэдүүлэх сувгаас хамаарч өөр. Европын консулуудад 22€ орчим, агентлагаар дамжвал 50€-аас дээш байна. Шинэ портал онлайн картаар шууд төлбөр авдаггүй гэж мэдээлсэн тул төлбөрийн аргаа урьдчилж тодруул.
  • D'Viajeros маягт: нислэгээс 72 цагаас 7 хоногийн өмнө dviajeros.mitrans.gob.cu дээр бөглөж, гарсан QR кодоо хадгал. Маягтад e-visa-гийнхаа дугаарыг заавал оруул.
  • Эрүүл мэндийн даатгал: заавал шаардлагатай. Кубыг хамардаг даатгал байх ёстой. Даатгалгүй бол нисэх буудал дээр Кубын Asistur-аас худалдаж авахыг шаардаж болно.
  • Бусад: орох өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй паспорт, буцах эсвэл цааш явах билет, байрны хаяг.

Улаанбаатарт Кубын Элчин сайдын яам бий. Хамгийн найдвартай нь тэднээс шууд асуух. Яамны мэдээ misiones.cubaminrex.cu/en/mongolia хуудсанд гардаг.

АНУ-д амьдардаг бол нэмж анхаар: АНУ-ын хуулиар Куба руу жуулчлалын зорилгоор аялахыг хязгаарладаг бөгөөд энэ нь АНУ-д байнга оршин суугаа гадаадын иргэдэд ч хамаарч болно. Энэ тохиолдолд хуульчаас зөвлөгөө ав.

Виз, нэвтрэх журам байнга өөрчлөгддөг. Билет авахаасаа өмнө Кубын Элчин сайдын яам болон consular.cu албан ёсны сайтаас дахин шалгаарай. Бусад орны визийн ерөнхий мэдээллийг визийн хуудаснаас харна уу.

Кубын аяллын зардал

Кубад үнэ хурдан өөрчлөгддөг. Албан ханш, банкны ханш, гудамжны (албан бус) ханш гэсэн дор хаяж гурван ханш зэрэгцэн явдаг. Хувийн бизнесүүд үнээ ихэвчлэн ам.доллар эсвэл еврогоор тавьдаг. Доорх тоо бол чиг баримжаа төдий, ам.доллараар.

ЗүйлХямдДунд
Хостел (dorm) эсвэл casa particular (нэг шөнө)12–20$ (dorm), 25–35$ (casa)40–60$ (casa, илүү гоё өрөө)
Зочид буудал (нэг шөнө)50–80$100–200$
Хоол3–6$ (гудамжны хоол, хямд cafetería)10–20$ (paladar буюу хувийн ресторан)
Кофе0.5–1$2–3$
Хотын унаа1$-оос доош (автобус), 1–3$ (колектив такси)8–15$ (такси)
Хот хоорондын унаа15–30$ (Viazul автобус)30–50$ (хуваалцсан такси)
SIM / eSIM25$ орчим (ETECSA-гийн жуулчны SIM)30–45$ (их дататай багц эсвэл гадаадын eSIM)

Үүргэвчтэй аялах төсөв

Өдөрт 40–60$. Энэ төсвөөр casa particular-т ганцаараа эсвэл хостелд байрлаж, өглөөний цайгаа айлдаа идэж (ихэвчлэн 5$ орчим), өдөр нь гудамжны пицца, сэндвич, орой нь paladar-т нэг удаа хооллоно. Хот хооронд Viazul автобус эсвэл хуваалцсан таксигаар явна.

Өдөрт 80–120$ бол casa-гийн гоё өрөө, ресторанд өдөр бүр хооллох, хуучин машин түрээслэх, морин аялал, шумбалт зэргийг багтааж болно. Варадеро, арлууд дээрх all-inclusive ресортын үнэ улирал, хямдралаас хамаарч маш их хэлбэлздэг.

Хамгийн чухал нь: энэ бүх мөнгийг бэлнээр авч яв. Аяллын дундуур картаар мөнгө нэмж авах найдвар бараг байхгүй.

Мөнгө хэмнэх аргууд

  • Бэлэн мөнгөө урьдчилж төлөвлө. Нийт төсөв дээрээ 20–30% нөөц нэм. Ам.доллар, евро хоёулаа явдаг. Цэвэрхэн, урагдаагүй, жижиг дэвсгэрт (5, 10, 20) авч яв.
  • Солилцохдоо ханшаа мэд. Албан бус зах зээлийн ханшийг elTOQUE өдөр бүр гаргадаг. Банкны ханш түүнээс хамаагүй муу. Жижиг худалдан авалтаа Кубын песогоор (CUP) хийвэл хямд гардаг ч гудамжинд мөнгө солих нь эрсдэлтэй, хуурамч мөнгө, хууран мэхлэлтээс болгоомжил. Ихэнх жуулчин casa-гийнхаа эзнээр дамжуулж солилцдог.
  • Casa particular сонго. Зочид буудлаас хямд, өглөөний цай нь хямд бөгөөд их, эзэд нь таксины үнийг шударга хэлж өгдөг.
  • Paladar-ын цэсэн дээрх үнийг шалга. Жуулчдад зориулсан цэс, нутгийнхны цэс тусдаа байх тохиолдол бий. Захиалахаасаа өмнө үнэ ямар валютаар байгааг асуу.
  • Колектив такси ашигла. Хувийн таксины оронд хэдэн хүнтэй хуваалцвал хот хооронд хямд, хурдан.
  • 3-р сарын ресортын хямдралыг ажигла. Миний очиж байх үед 3-р сард all-inclusive ресортууд 80–90% хямдардаг байсан. Ресортын хоол, ундаа үнэдээ орсон тул гаднаас мөнгө бараг зарцуулахгүй.
  • Нислэгээ Мексик, Панамаар дамжуулж хайж үз. Канкун (Cancún), Мехико, Панам хотоос Гавана руу нислэг ихэвчлэн хямд байдаг. Гэхдээ 2026 онд олон чиглэл цуцлагдсан тул хамгийн сүүлийн хуваарийг шалга.

Байр, буудал

Casa particular бол Кубад байрлах хамгийн сайн арга. Энэ нь лицензтэй айлын гэрт түрээслэх өрөө бөгөөд хаалган дээр нь цэнхэр зангуу шиг тэмдэг байдаг. Ихэвчлэн өөрийн угаалгын өрөө, агааржуулагчтай. Эзэд нь өглөөний цай, оройн хоол, такси, аялал, мөнгө солилцоо гээд бүх зүйлд тусалдаг. Цахилгаан тасрах үед генератор эсвэл нөөц батарейтай эсэхийг урьдчилж асуу.

Хостел Гавана, Виньялес, Тринидадад цөөн бий, dorm ор 12–20$. Зочид буудал ихэнх нь төрийн эсвэл төрийн хамтарсан компанийнх. Үнэ өндөр, үйлчилгээ нь заримдаа үнэдээ хүрдэггүй. All-inclusive ресорт Варадеро, Cayo Santa María, Cayo Coco зэрэг газарт бий.

Анхны 1–2 шөнийн байраа заавал урьдчилж захиал, учир нь D'Viajeros маягт болон хил дээр хаяг асуудаг. Үлдсэнийг нь ихэвчлэн очсон газрын casa-гийн эзэд найз нөхдийнхөө casa-г санал болгоод зохицуулчихдаг.

Casa-гаа сонгохдоо хэдэн зүйлийг асуу: усны савтай (tanque) эсэх, цахилгаан тасрахад юу хийдэг, өглөөний цай үнэдээ орсон эсэх, үнэ ам.доллар уу евро юу. Ихэнх эзэд WhatsApp-аар хурдан хариулдаг.

Унаа тээвэр

  • Viazul автобус: жуулчдад зориулсан хот хоорондын автобус. Гавана–Виньялес 17$ орчим, Гавана–Тринидад 25$ орчим гэж мэдээлдэг. Билетээ онлайнаар урьдчилж ав. Сүүлийн үед үнийг еврогоор тавьж, бэлэн мөнгө биш картаар эсвэл евро бэлнээр авдаг болсон гэх мэдээ бий тул шалга.
  • Колектив такси: хуучин Америк машинаар 4 хүн хуваалцан явна. Viazul-аас бага зэрэг үнэтэй ч хурдан, буудлаас буудал хүргэнэ. Casa-гийн эзэн чинь захиалж өгнө.
  • Хотын такси: үнийг суухаасаа өмнө тохир. Гаванад жижиг гурван дугуйт coco-taxi, дугуйт рикша (bicitaxi) бий.
  • Машин түрээс: үнэтэй, машин цөөн, түлш олдохгүй байх магадлал өндөр. 2026 оны түлшний хомсдолтой үед би санал болгохгүй.
  • Дотоод нислэг, галт тэрэг: найдваргүй, хойшлох, цуцлагдах нь элбэг.

Түлшний хомсдлоос болж хот хоорондын унаа гэнэт цуцлагдаж болно. Маршрутаа хэт нягт төлөвлөхгүй, нэг хоногийн нөөц үлдээ.

Нисэх буудлаас хот руу

Гаванагийн Хосе Марти нисэх буудлаас (HAV) хотын төв хүртэл 25–30 минут. Нийтийн тээвэр бараг байхгүй тул такси барина, эсвэл casa-гийн эзнээр урьдчилж тээвэр захиална. Үнийг суухаасаа өмнө тохир. 2026 оны байдлаар зөвхөн 3-р терминал ажиллаж байгаа гэж мэдээлсэн тул нислэгийнхээ терминалыг шалга.

10 хоногийн жишээ маршрут

  1. 1–3-р өдөр: Гавана. Хуучин хот, Malecón, Ведадо дүүрэг, Fábrica de Arte Cubano.
  2. 4–5-р өдөр: Виньялес. Морин аялал, тамхины ферм, агуй.
  3. 6-р өдөр: Гавана руу буцах эсвэл колектив таксигаар шууд Сьенфуэгос руу (урт өдөр).
  4. 7–9-р өдөр: Сьенфуэгос, Тринидад. Playa Ancón, Valle de los Ingenios.
  5. 10-р өдөр: Гавана руу буцаж, нислэгээсээ нэг өдрийн өмнө ирсэн байх.

Далайн эрэг дээр амрах бол сүүлийн 3–4 өдрийг Варадерод өнгөрөө. Варадеро Гаванагийн нисэх буудлаас 2 цаг орчим, өөрийн нисэх буудалтай.

Хэзээ явбал тохиромжтой вэ?

12–4-р сар бол хуурай улирал, хамгийн тохиромжтой үе. Өдрийн дулаан 25–28°C, чийг бага. Зул сар, шинэ жилийн үеэр хамгийн их жуулчидтай, үнэ ч өндөр.

3–4-р сар далайд сэлэхэд аль хэдийн дулаахан, жуулчин багасаж эхэлдэг. Миний очиж байх үед ресортууд 3-р сард хамгийн их хямдардаг байсан.

5–10-р сар халуун, чийглэг, бороотой. Хар салхины улирал 6-р сарын 1-нээс 11-р сарын 30 хүртэл үргэлжилдэг, хамгийн эрсдэлтэй нь 8–10-р сар. 2025 оны 10-р сард Мелисса хар салхи арлын зүүн хэсэгт их хохирол учруулсан. Энэ үед явах бол аяллын даатгалдаа цуцлалт, тасалдлын хамгаалалт оруул.

Цагийн бүс: Куба Монголоос 13 цаг хоцорно (зуны цагаар 12 цаг).

Аюулгүйн зөвлөмжүүд

  • Яаралтай дугаар: цагдаа 106, түргэн тусламж 104, гал команд 105. Үйлчилгээ ихэвчлэн зөвхөн испани хэлээр.
  • Аяллын даатгал: нэвтрэхэд заавал шаардлагатай. Кубыг хамардаг даатгал авах хэрэгтэй. Анхаар: АНУ-тай холбоотой олон даатгал, тэр дундаа SafetyWing, Кубыг хамардаггүй. Эмнэлэгт хүргэгдвэл даатгалын компанидаа даруй мэдэгд, Кубад Asistur гэдэг байгууллага гадаадын даатгалыг зохицуулдаг.
  • Хүчирхийллийн гэмт хэрэг харьцангуй бага. Гэхдээ халаасны хулгай, цүнх булаалт ялангуяа Гаванагийн хөл хөдөлгөөн ихтэй газар болон шөнө нэмэгдэж байгаа. Утсаа гудамжинд гартаа барьж алхахгүй, бэлэн мөнгөө нэг газар бүгдийг нь хадгалахгүй.
  • Жинетеро (jinetero) гэж жуулчинд «туслах» нэрээр хачин ресторан, casa, хуурамч навчин тамхи руу дагуулдаг хүмүүс олон. Эелдгээр татгалзаад цааш алх.
  • Цахилгаан, усны тасалдал: гар чийдэн, powerbank, ус цэвэршүүлэгч эсвэл савласан ус, хэрэгтэй эмээ гэрээсээ авч яв. Эмийн сан хоосон байх нь элбэг.
  • Паспортын хуулбар: цаасан хуулбар, утсандаа зураг хадгал.
  • Цорго усыг бүү уу. Савласан эсвэл буцалгасан ус уу.

Дижитал номадад: интернэт, SIM, ажиллах газар

Шууд хэлье: Куба remote ажиллахад тохиромжгүй. Энэ бол ажлаасаа амарч, утсаа унтраах улс.

  • Интернэт: цорын ганц оператор нь төрийн ETECSA. Мобайл дата 4G хотод бий ч удаан, үнэтэй, 2025 онд дахин үнээ өсгөсөн. Цахилгаан тасрахад үүрэн холбооны цамхаг ч унтардаг. Зочид буудал, паркуудын Wi-Fi цэгүүдэд ETECSA-гийн Nauta карт (хэрэглэгчийн нэр, нууц үгтэй карт) ашиглан холбогдоно.
  • SIM, eSIM: ETECSA-гийн жуулчны SIM-ийг нисэх буудал эсвэл ETECSA-гийн салбараас паспортаараа авна. ETECSA өөрөө eSIM гаргадаггүй. Зарим гадаадын eSIM компани Кубад роуминг багц зардаг ч үнэтэй, заримдаа «дууссан» байдаг.
  • Хаалттай сайт, апп: АНУ-ын хоригоос болж Кубаас зарим Америк үйлчилгээ рүү нэвтрэх боломжгүй. Явахаасаа өмнө VPN суулгаж, хэрэгтэй файл, газрын зураг, орчуулгын аппаа офлайн татаж ав. Банкны апп нээгдэхгүй байж болзошгүй.
  • Ажиллах газар: coworking бараг байхгүй. Том зочид буудлын лобби л хамгийн найдвартай.
  • Цагийн зөрүү: Монголоос 13 цаг хоцорно (зун 12 цаг). Монголын ажлын өдөр Кубад шөнө таарна.

Ажлаа удаан хугацаанд хаанаас хийх вэ гэж бодож байгаа бол дижитал номад визүүдийн хуудсыг хараарай. Ойролцоо, интернэт сайтай газар хэрэгтэй бол Пуэрто-Рико эсвэл Мексик илүү тохиромжтой.

Түгээмэл асуултууд

Монгол паспорттой хүн Куба руу визгүй орж болох уу?

Өмнө нь 90 хоног визгүй ордог байсан ч одоо Кубын албан ёсны цахим визийн сайт Монгол улсын иргэд e-visa авах ёстой гэж заадаг. E-visa-гаа consular.cu сайтаар урьдчилж аваад, D'Viajeros маягт бөглөж, эрүүл мэндийн даатгалтай очих хэрэгтэй. Журам өөрчлөгддөг тул Улаанбаатар дахь Кубын Элчин сайдын яамнаас лавлаарай.

Кубад картаар төлж болох уу?

Бараг үгүй. АНУ-д гаргасан карт Кубад хэзээ ч ажилладаггүй байсан бол 2026 оны байдлаар Visa, Mastercard зэрэг олон улсын карт ч хүлээн авахгүй, АТМ-ээс мөнгө гаргах боломжгүй болсон гэж Их Британийн засгийн газар мэдээлсэн. Аяллын бүх зардлаа нөөцтэй нь ам.доллар эсвэл еврогоор бэлнээр авч яв.

Кубад хэдэн хоног аялах вэ?

Гавана (3–4 хоног), Виньялес (2 хоног), Тринидад (2–3 хоног) гэсэн үндсэн тойрогт 10 хоног хангалттай. Варадеро эсвэл арлын далайн эрэг дээр амрах бол 14 хоног болгоорой. Унаа цуцлагдах магадлалтай тул нэг нөөц өдөр үлдээх нь зөв.

Кубад интернэт байдаг уу?

Байдаг ч удаан, үнэтэй, цахилгаан тасрахад алга болдог. ETECSA-гийн жуулчны SIM эсвэл Wi-Fi цэгүүдийн Nauta карт ашиглана. Remote ажилтай хүнд Куба нь богино амралт л байж болно.

Куба аюулгүй юу?

Хүчирхийллийн гэмт хэрэг бусад олон улстай харьцуулахад бага ч хулгай, хууран мэхлэлт нэмэгдэж байгаа. 2026 оны хамгийн том эрсдэл бол гэмт хэрэг биш, цахилгаан, түлш, эм тарианы хомсдол. Их Британи «зайлшгүй шаардлагагүй бол бүү яв» гэсэн зөвлөмжтэй байгаа тул явахаасаа өмнө албан ёсны зөвлөмжийг шалгаарай.

Кубад хэзээ очих нь хамгийн тохиромжтой вэ?

12–4-р сарын хуурай улиралд. Цаг агаар сэрүүвтэр, бороо бага. 6–11-р сар хар салхины улирал, 8–10-р сард эрсдэл хамгийн өндөр.

Захиалгын сайтууд

Кубад АНУ-ын хоригоос болж зарим сайт ажиллахгүй эсвэл хязгаарлагдмал. Аль болох Кубад ирэхээсээ өмнө захиалгаа хий.

  • Skyscanner – Гавана руу Мексик, Панам, Испаниас дамжих нислэгийг харьцуулахад тохиромжтой, гэхдээ цуцлагдсан чиглэлийг агаарын тээврийн компанийн сайтаас давхар шалга.
  • Hostelworld – Гавана, Тринидадын цөөн хостелийг эндээс олно, casa particular-ыг ихэвчлэн эзэнтэй нь WhatsApp-аар шууд холбогдож захиалдаг.
  • Booking.com – Кубын зочид буудал, ресортын сонголт хязгаарлагдмал, төлбөрөө ихэвчлэн очоод бэлнээр хийх шаардлагатай байж болно.
  • Get Your Guide – Кубад санал болгох аялал цөөн тул casa-гийн эзэн эсвэл нутгийн хөтчөөр шууд захиалах нь ихэвчлэн хямд.
  • SafetyWing – Кубыг хамардаггүй тул Кубын аялалд Кубыг тодорхой хамардаг өөр даатгал аваарай, бусад улсад SafetyWing хэвээр тохиромжтой.

Бусад хэрэгтэй сайтуудыг аяллын вэб сайтуудын жагсаалтаас харна уу. Хойд Америкаар цааш аялах бол Америкийн хөтчийг уншаарай.

Агуулга

  1. Кубад заавал үзэх 5 зүйл
  2. Кубад сонирхон турших бусад зүйлс
  3. Виз: Монгол паспорттой бол
  4. Кубын аяллын зардал
  5. Үүргэвчтэй аялах төсөв
  6. Мөнгө хэмнэх аргууд
  7. Байр, буудал
  8. Унаа тээвэр
  9. Хэзээ явбал тохиромжтой вэ?
  10. Аюулгүйн зөвлөмжүүд
  11. Дижитал номадад: интернэт, SIM, ажиллах газар
  12. Түгээмэл асуултууд
  13. Захиалгын сайтууд
↑ Эхэнд буцах

Дараагийн аялал

edu.buyakublai.com

Хүссэн газраа ажиллаж амьдрахыг хүсч байна уу?

Дижитал номадын сургалт

Сургалтад бүртгүүлэх ↗