Хойд Америк · Аяллын гарын авлага
Америк улсад аялах хөтөч
Энэ гарын авлагад (13)
- Америкт заавал үзэх 5 зүйл
- Америкт сонирхон турших бусад зүйлс
- Виз: Монгол паспорттой бол
- Америкийн аяллын зардал
- Үүргэвчтэй аялах төсөв
- Мөнгө хэмнэх аргууд
- Байр, буудал
- Унаа тээвэр
- Хэзээ явбал тохиромжтой вэ?
- Аюулгүйн зөвлөмжүүд
- Дижитал номадад: интернэт, SIM, ажиллах газар
- Түгээмэл асуултууд
- Захиалгын сайтууд
АНУ бол нэг улсад багтсан хэд хэдэн тив шиг газар: Нью-Йоркийн тэнгэр баганадсан барилгууд, Гранд Каньоны улаан хад, Калифорнийн далайн эрэг, Йеллоустоуны гейзерүүд. Эхний удаа очиж байгаа бол 2–3 долоо хоног хамгийн тохиромжтой, үүргэвчтэй аялагчийн өдрийн зардал ойролцоогоор $100–150 байна. Монгол иргэн B1/B2 жуулчны виз заавал авах ёстой, ESTA хамаарахгүй.
Америк хямд улс биш. Гэхдээ зөв төлөвлөвөл, ялангуяа хот, байгалийн аяллаа хослуулбал зардлаа нэлээд барьж болно. Хотуудын хооронд онгоц, автобус их явдаг, үндэсний паркууд руу машин түрээслэх нь хамгийн амар.
Би 2010 оны орчим Америкт ирсэн, одоо Виржини мужид амьдардаг. Энэ хөтөчид эхний удаа ирж буй хүнд хамгийн хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ багтаалаа: виз, зардал, юуг үзэх, яаж хэмнэх.
Хөрш Канад руу хамт явахаар төлөвлөж байгаа бол Канадын аяллын хөтөч-ийг уншаарай. Канадад тусдаа виз хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Америкт заавал үзэх 5 зүйл
1. Нью-Йорк (New York City)
Анх удаа Америкт ирж байгаа бол Нью-Йоркоос эхлэхэд буруудахгүй. Манхэттэний Central Park-аар алхаж, Brooklyn Bridge-ээр явганаар гарч, Times Square-ийн шөнийн гэрлийг харах нь үнэгүй. Statue of Liberty-г ойроос харахыг хүсвэл Staten Island Ferry-д суугаарай: үнэгүй бөгөөд хөшөөний хажуугаар өнгөрдөг.
Музейнүүд нь дэлхийд дээгүүрт ордог: Metropolitan Museum of Art (The Met), MoMA, American Museum of Natural History. Нью-Йорк мужид оршин суугч биш хүмүүсийн хувьд The Met-ийн тасалбар $30 орчим. Байрны үнэ өндөр тул Манхэттэнээс гадна, Бруклин эсвэл Куинст буудаллаад метрогоор явах нь хэмнэлттэй. Хамгийн багадаа 3–4 өдөр төлөвлөөрэй.
Хотын хүнсний олон янз байдал нь өөрөө үзвэр: Чайнатаун, Флашингийн (Flushing) Ази хоол, Бруклины пицца, гудамжны халал тэрэгнүүд $10-аас доош үнэтэй. Хуучин төмөр замын гүүр дээр байгуулсан High Line цэцэрлэгт хүрээлэнгээр алхаад Chelsea Market-д хооллох нь хагас өдрийн сайхан маршрут.
2. Гранд Каньон (Grand Canyon)
Аризона мужид орших энэ хавцал 1.6 км хүртэл гүн, 446 км урт. Ихэнх хүн South Rim буюу өмнөд хормой руу очдог, жилийн турш нээлттэй. Хамгийн ойр том хот нь Лас Вегас (Las Vegas, 4.5 цаг орчим машинаар) болон Финикс (Phoenix, 3.5 цаг орчим).
Анхаарах зүйл: 2026 оны 1-р сарын 1-ээс эхлэн АНУ-д оршин суугч биш хүмүүс Гранд Каньон зэрэг 11 алдартай үндэсний парк руу орохдоо ердийн хураамж дээр нэг хүнд $100 нэмж төлдөг болсон. Хэд хэдэн парк үзэх бол оршин суугч бишид зориулсан $250-ийн жилийн America the Beautiful пасс авсан нь хямд тусна. Дэлгэрэнгүйг NPS-ийн албан ёсны хуудаснаас шалгаарай.
Ойролцоох Юта мужийн Зайон (Zion), Брайс Каньон (Bryce Canyon) паркуудыг хамтад нь 5–7 хоногийн машинтай аялал болгож болно.
3. Сан-Франциско ба Калифорнийн эрэг
Сан-Франциско нь Golden Gate гүүр, уулархаг гудамж, кабелийн трамвай, Alcatraz арлаараа алдартай. Alcatraz-ын тасалбар хурдан дуусдаг тул хэдэн долоо хоногийн өмнө захиалаарай. Хотоос 1 цаг орчмын зайд Силиконы хөндий байгаа тул технологийн салбарт ажилладаг хүн нэг өдөр гаргаж очиход ч болно.
Сан-Франциско, Лос-Анжелесийн хооронд Highway 1 буюу Номхон далайн эргийн замаар машинаар явах нь Америкийн хамгийн гоё замуудын нэг. Монтерей (Monterey), Биг Сур (Big Sur), Санта Барбара (Santa Barbara)-аар дайраад 2–3 хоногт туулна. Биг Сурын зарим хэсэг хөрсний гулгалтаас болж үе үе хаагддаг тул явахынхаа өмнө Caltrans-ийн замын мэдээг шалгаарай.
4. Вашингтон ДС (Washington, D.C.)
Америкийн нийслэл бол аялагчийн хувьд хамгийн хямд том хот байж мэднэ. Smithsonian-ий музейнүүд (Агаар, сансрын музей, Байгалийн түүхийн музей, Америкийн түүхийн музей гэх мэт) бүгд үнэгүй. National Mall дагуу Линкольны дурсгал, Вашингтоны хөшөө, Капитолын барилга бүгд явган зайд байрладаг.
Вашингтоноос Нью-Йорк руу галт тэрэг (Amtrak) эсвэл автобусаар 3.5–4.5 цагт хүрнэ. Иймээс зүүн эргийн Нью-Йорк, Филадельфи, Вашингтон гэсэн маршрут нэг долоо хоногт багтахад амар.
Вашингтоноос машинаар 2 цаг орчмын зайд Виржини мужийн Shenandoah үндэсний парк, Skyline Drive зам байдаг. Намар навч шарлах үед хотын аяллаа байгальтай хослуулахад тохиромжтой.
5. Йеллоустоун (Yellowstone)
Дэлхийн анхны үндэсний парк. Old Faithful гейзер 1–2 цаг тутам оргилдог, Grand Prismatic Spring солонгон өнгөтэй халуун рашаан. Бизон, хандгай, баавгай замын хажууд харагдана.
Ихэнх зам 5-р сарын сүүлээс 10-р сарын эхэн хүртэл нээлттэй байдаг. Паркийн доторх буудал жилийн өмнөөс дүүрдэг тул West Yellowstone эсвэл Gardiner хотод буудаллах нь илүү хялбар. Нийтийн тээвэр бараг байхгүй тул машин түрээслэх хэрэгтэй. Энэ парк ч $100-ийн нэмэлт хураамжтай 11 паркийн нэг.
Америкт сонирхон турших бусад зүйлс
- Нью-Орлеанс (New Orleans): Жазз хөгжим, Франц хорооллын архитектур, Cajun хоол. 2–3-р сард болдог Mardi Gras баяр хамгийн хөл хөдөлгөөнтэй үе.
- Чикаго (Chicago): Архитектурын голын аялал, Мичиган нуурын эрэг, зузаан пицца. Зун нь хамгийн таатай.
- Лас Вегас (Las Vegas): Казинод тоглохгүй ч шоу, гэрлэн чимэглэл, баруун өмнөд хэсгийн паркууд руу явах суурь болгоход тохиромжтой.
- Хавай (Hawaii): Галт уул, далайн давалгаа, серфинг. Онгоцны тийз, буудал үнэтэй тул тусдаа төсөв гаргаарай.
- Майами (Miami): Латин Америкийн уур амьсгалтай хот. Кубын хоол, South Beach, Art Deco барилгууд.
- Сиэтл (Seattle): Pike Place зах, кофены соёл, ойролцоох Mount Rainier уул.
- Остин, Нэшвилл (Austin, Nashville): Амьд хөгжмийн хотууд. Орой болгон баар, клубт тоглолт болдог.
- Юта мужийн 5 парк: Arches, Canyonlands, Capitol Reef, Bryce Canyon, Zion. Машинтай аялалд хамгийн тохиромжтой газар.
- Америк хөлбөмбөг, бейсбол үзэх: NFL-ийн тасалбар үнэтэй ч коллежийн тоглолт, бейсболын тасалбарыг $20–40-өөр олж болно.
Виз: Монгол паспорттой бол
Монгол иргэн Америк руу визгүй явах боломжгүй. Монгол Улс АНУ-ын Visa Waiver Program-д ордоггүй тул ESTA хамаарахгүй. Аялал, найз нөхөд, гэр бүлээрээ уулзах, бизнесийн уулзалтад B1/B2 визээр явна.
Процесс:
- DS-160 онлайн анкетыг ceac.state.gov дээр бөглөнө.
- Визийн өргөдлийн хураамж (MRV fee) $185-ыг төлнө. Энэ мөнгө буцаагдахгүй.
- Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлагын цаг захиална.
- Ярилцлагад паспорт, DS-160-ийн баталгаа, ажил, орлого, Монголтой холбоотой байдлаа (ажил, гэр бүл, үл хөдлөх хөрөнгө) харуулах бичиг баримтаа авч очно.
2025–2026 оны шинэ өөрчлөлтүүд:
- Visa bond (барьцаа): АНУ-ын Төрийн департамент 2026 оны 4-р сарын 2-оос Монголыг visa bond хамаарах улсуудын жагсаалтад нэмсэн. Консулын ажилтан ярилцлагын үеэр шаардлагатай гэж үзвэл $5,000, $10,000 эсвэл $15,000-ын барьцаа төлүүлж болно. Барьцаа төлөгдөхөөс өмнө виз олгогдохгүй. Визийн хугацаандаа зөрчилгүй гарсан тохиолдолд мөнгө буцаагддаг. Барьцаатай визээр орохдоо зөвхөн тогтоосон нисэх буудлуудаар нэвтрэх ёстой. Барьцааг зөвхөн консулын зааврын дагуу Pay.gov-оор төлнө, гуравдагч сайтад бүү төлөөрэй. Дэлгэрэнгүй: travel.state.gov: Countries Subject to Visa Bonds.
- Visa Integrity Fee: 2025 онд батлагдсан хуулиар B1/B2 визэнд $250-ийн нэмэлт хураамж тогтоосон. Виз олгох үед төлөгдөх бөгөөд дүн нь жил бүр инфляциар нэмэгдэнэ. Хэзээнээс, хэрхэн авах нь консул бүрт өөр байж болох тул элчин сайдын яамнаас лавлаарай.
- Ярилцлагаас чөлөөлөх журам чангарсан. Ихэнх хүн ярилцлагад биеэр орно гэж тооцоорой.
Хилээр орох үед CBP-ийн ажилтан хэр удаан байхыг тань шийдэж, I-94 бүртгэлд тэмдэглэнэ. Ихэвчлэн 6 сар хүртэлх хугацаа өгдөг. Визийн хүчинтэй хугацаа, нэвтрэх тоог АНУ-ын Төрийн департаментын Монголын reciprocity хуудсаас харна. B1/B2 визээр Америкийн компанид ажиллах, цалин авах хориотой.
Ярилцлагад бэлдэх, бичиг баримтын жагсаалт, түгээмэл алдааг Америкийн визийн тухай миний хуудаснаас уншаарай.
Визийн журам, хураамж ойр ойрхон өөрчлөгддөг. Өргөдөл гаргахаасаа өмнө Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны вэб сайт болон travel.state.gov-оос заавал шалгаарай.
Америкийн аяллын зардал
Үнэ доллараар, ойролцоо дүн. Хот, улирлаас шалтгаалж их ялгаатай, Нью-Йорк, Сан-Франциско, Хавай хамгийн үнэтэй. Ресторанд 18–20% цайны мөнгө (tip), мужаас хамаарч 0–10% орчим борлуулалтын татвар үнэ дээр нэмэгддэг гэдгийг бодоорой.
| Зүйл | Хямд | Дунд |
|---|---|---|
| Хостелийн ор (dorm), шөнө | $35–55 | $60–90 (Нью-Йорк, Сан-Франциско) |
| Зочид буудал, хоёр хүний өрөө | $90–140 (motel, хотын гадна) | $180–300 |
| Нэг удаагийн хоол | $12–18 (fast food, food truck) | $30–50 (tip орсон) |
| Кофе | $2–4 | $5–7 |
| Метро, автобусны нэг удаагийн тасалбар | $2–3 | Уберээр хот дотор $15–35 |
| Хот хоорондын тээвэр | $25–60 (FlixBus, Greyhound) | $80–200 (Amtrak, дотоод нислэг) |
| Машин түрээс, өдөр | $45–70 | $80–120 (даатгал, шатахуун нэмэгдэнэ) |
| SIM/eSIM, сар | $15–30 (Mint Mobile, US Mobile) | $40–60 (T-Mobile, AT&T prepaid) |
Үүргэвчтэй аялах төсөв
Хостелд буудаллаж, өөрөө хоолоо хийж, нийтийн тээврээр явбал өдөрт $90–130 орчим зарна. Нью-Йорк, Сан-Франциско, Бостонд энэ дүн $130–170 болж өснө. Жижиг хот, өмнөд мужуудад арай хямд.
Машин түрээсэлж үндэсний паркуудаар явбал хоёр, гурван хүн зардлаа хуваах нь хамгийн ашигтай. Нэг хүн машин, шатахуун, кемпингийн зардлыг дангаараа даавал өдөрт $150-аас давахад амархан.
Тооцоолохдоо эдгээрийг мартаж болохгүй: онгоцны тийз (Улаанбаатараас Сөүл, Токиогоор дамжаад хоёр талдаа ихэвчлэн $1,200–2,000), аяллын даатгал, визийн хураамж. Америкт өдрийн зардлаас илүү эдгээр нэг удаагийн зардал том байдаг.
Мөнгө, карт: Америкт бараг бүх газар Visa, Mastercard авдаг, утсаараа (Apple Pay, Google Pay) төлөх нь түгээмэл. Гадаад гүйлгээний шимтгэлгүй карттай явбал хамгийн ашигтай. ATM-ээс бэлэн мөнгө авахад $3–5 шимтгэл гардаг тул цөөн, том дүнгээр аваарай. Бэлэн мөнгө голдуу tip, жижиг лангуу, зарим автобусанд хэрэг болно. Үнэ дээр татвар нэмэгдэж, чек дээр tip-ийн мөр гарч ирдэгт гайхах хэрэггүй.
Мөнгө хэмнэх аргууд
- Үнэгүй музей ашигла. Вашингтоны Smithsonian музейнүүд бүгд үнэгүй. Олон хотын музей долоо хоногийн тодорхой өдөр үнэгүй эсвэл "pay what you wish" байдаг.
- Супермаркетаас хоол ав. Trader Joe's, Aldi, Costco-ийн бэлэн хоол ресторанаас 2–3 дахин хямд. Хостелийн гал тогоог ашигла.
- Цайны мөнгөнөөс зайлсхийх газар сонго. Food truck, counter service буюу лангуунаас авдаг газарт tip заавал биш.
- Нислэгээ Google Flights-аар хянаж ав. Дотоод нислэгт Southwest, Frontier, Allegiant зэрэг хямд компани бий. Хямд тийзэнд ихэвчлэн том гар тээш, ачаа ордоггүйг тооцоорой.
- Үндэсний паркийн пасс. Гурваас дээш том парк үзэх бол $250-ийн жилийн пасс тус бүрээр нь төлснөөс хямд.
- Машинаа нисэх буудлаас биш, хотоос түрээсэл. Нисэх буудлын түрээс нэмэлт татвар, хураамжтай байдаг.
- Happy hour. Олон ресторан, баар 15:00–18:00 цагийн хооронд хоол, ундаагаа хямдруулдаг.
- Хотын пасс шалга. Нью-Йорк, Сан-Франциско зэрэгт CityPASS, Go City пасс байдаг. Олон газар үзэх бол ашигтай, цөөн газар үзэх бол үгүй.
Байр, буудал
Америкт хостел Европ шиг олон биш ч том хотуудад HI USA (Hostelling International) болон бие даасан хостелууд байдаг. Ихэнх нь 18-аас дээш насныхныг хүлээн авдаг, зарим нь гадаад паспорт шаарддаг.
Хотоос гадна motel-ууд хамгийн хямд сонголт: Motel 6, Super 8 зэрэг сүлжээнд $70–110-аар хоёр хүний өрөө олдоно. Airbnb том хотуудад хуулиар хязгаарлагдсан. Жишээ нь, Нью-Йоркт 30 хоногоос богино хугацаагаар бүтэн байр түрээслэх бараг боломжгүй болсон. Нэг сараас дээш байх бол Airbnb-ийн сарын хямдрал, Furnished Finder зэрэг сайтыг шалгаарай.
Үндэсний паркуудад кемпинг хамгийн хямд, $20–40-өөр нэг шөнө өнгөрөөнө. Зуны улиралд Recreation.gov дээр 6 сарын өмнөөс захиалга нээгддэг, хурдан дүүрдэг.
Унаа тээвэр
Хот дотор: Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Бостон, Сан-Франциско зэрэгт метро сайн. Нью-Йоркт OMNY системээр картаа шууд хүргээд явж болно. Лос-Анжелес, Хьюстон, Финикс зэрэг ихэнх хотод нийтийн тээвэр сул тул Uber, Lyft ашиглана.
Хот хооронд: Ойрхон хотуудын хооронд FlixBus, Greyhound, Megabus автобус хамгийн хямд. Зүүн эргийн Бостон–Нью-Йорк–Вашингтон чиглэлд Amtrak галт тэрэг тухтай. Холын зайд (жишээ нь, Нью-Йоркоос Лос-Анжелес) дотоод нислэг хамгийн хурдан, ихэнхдээ хамгийн хямд.
Машин: Үндэсний паркууд, Калифорнийн эрэг, Юта руу машингүй явахад хэцүү. Түрээслэхэд олон улсын жолоочийн үнэмлэх (IDP) Монголын үнэмлэхтэйгээ хамт авч явахыг зөвлөе. 25-аас доош насныхан нэмэлт хураамж төлдөг. Баруун гараар явна, улаан гэрэл дээр ч баруун тийш эргэж болно (тэмдэг хориглоогүй бол).
Нисэж очих
Улаанбаатараас Америк руу шууд нислэг байхгүй. Ихэвчлэн Сөүл (Инчон), Токио (Нарита, Ханэда) эсвэл Бээжингээр дамжина. Баруун эргийн Лос-Анжелес, Сан-Франциско, Сиэтл руу нийт 15–20 цаг, зүүн эргийн Нью-Йорк, Вашингтон руу 20–26 цаг ниснэ. Дамжин өнгөрөх улсын транзит журмыг шалгаарай: Солонгос, Японы нисэх буудлын транзит бүсэд үлдэх бол ихэвчлэн виз шаардахгүй ч нислэгээ тусдаа тийзээр авсан бол ачаагаа авч дахин бүртгүүлэх шаардлага гарч болно.
Америкт анх газардсан нисэх буудал дээрээ хилийн шалгалтад ордог. Дараалал 1–2 цаг үргэлжлэх нь энгийн тул дотоод нислэг рүү шилжих бол 3-аас доошгүй цагийн зайтай тийз аваарай. Хилийн ажилтан аяллын зорилго, хаана буудаллах, хэзээ буцахыг асуудаг. Буудлын захиалга, буцах тийзээ утсандаа бэлэн байлгаарай.
Жишээ маршрут
- 10 хоног, зүүн эрэг: Нью-Йорк (4 өдөр), Филадельфи (1 өдөр), Вашингтон ДС (3 өдөр), Бостон (2 өдөр). Бүгдийг галт тэрэг, автобусаар холбоно, машин хэрэггүй.
- 14 хоног, баруун эрэг ба паркууд: Лос-Анжелес (3 өдөр), Highway 1-ээр Сан-Франциско (2 өдөр зам, 3 өдөр хотод), онгоцоор Лас Вегас, тэндээс машинаар Зайон, Брайс Каньон, Гранд Каньон (5–6 өдөр).
- 3 долоо хоног, хоёр эрэг хослуулсан: Дээрх хоёрыг нэгтгээд дундуур нь Нью-Йоркоос Лас Вегас руу дотоод нислэгээр холбоно.
Хэзээ явбал тохиромжтой вэ?
Улс том тул бүс бүрт улирал өөр. Ерөнхийдөө 4–6-р сар, 9–10-р сар хамгийн тохиромжтой: цаг агаар зөөлөн, үнэ зуныхаас бага, хүн цөөн.
- Зун (6–8-р сар): Йеллоустоун, Глейшер зэрэг хойд паркууд нээлттэй. Гэхдээ Гранд Каньон, Лас Вегас, Аризонад 40°C хүрнэ. Үнэ хамгийн өндөр.
- Намар (9–11-р сар): Зүүн хойд мужуудад (New England) навч шарлах үе. Нью-Йорк, Вашингтонд хамгийн сайхан улирал.
- Өвөл (12–2-р сар): Флорида, Хавай, Аризонад дулаан. Колорадо, Ютад цанаар гулгах улирал. Нью-Йоркт Зул сарын чимэглэл гоё ч хүйтэн, үнэтэй.
- Хавар (3–5-р сар): Вашингтоны интоорын цэцэг 3-р сарын сүүл, 4-р сарын эхээр дэлгэрдэг.
11-р сарын сүүлийн Thanksgiving, 12-р сарын сүүлийн баяруудын үеэр онгоц, буудлын үнэ огцом өсдөг.
Аюулгүйн зөвлөмжүүд
- Яаралтай тусламж: 911. Цагдаа, түргэн, гал команд бүгд нэг дугаартай.
- Аяллын даатгал заавал ав. Америкт эмнэлгийн үйлчилгээ дэлхийд хамгийн үнэтэй. Яаралтай тусламжийн тасагт нэг очиход хэдэн мянган доллар төлөх нь энгийн. Эмчилгээний хамгийн багадаа $100,000-ын хамгаалалттай даатгал сонгоорой.
- Том хотуудын ихэнх хэсэг аюулгүй ч шөнө зарим хороолол аюултай байж болно. Буудлын тоймоос тухайн хорооллын талаар уншаарай.
- Машинд юмаа ил үлдээж болохгүй. Сан-Франциско, Лос-Анжелест машины шил хагалж хулгай хийх нь элбэг.
- Цагдаа машиныг тань зогсоовол суудлаасаа бүү бос, гараа жолооны хүрд дээр ил тавиад хүлээ.
- Үндэсний паркуудад зэрлэг амьтнаас (бизон, баавгай) дор хаяж 25–90 метрийн зай барь. Цөлийн бүсэд ус ихээр авч яв.
- Паспортынхаа хуулбарыг утсандаа хадгалж, жинхэнийг нь буудалдаа үлдээгээрэй.
Дижитал номадад: интернэт, SIM, ажиллах газар
Интернэт: Хотуудад wifi, 5G сүлжээ хурдан. Кофе шоп, номын сан, буудал бараг бүгд үнэгүй wifi-тай. Үндэсний паркууд болон хөдөө орон нутагт сүлжээ огт байхгүй газар их.
SIM/eSIM: Ирэхээсээ өмнө Airalo, Holafly зэрэг eSIM авч болно, эсвэл ирээд T-Mobile, AT&T, Verizon-ы prepaid SIM худалдаж авна. Mint Mobile, US Mobile зэрэг хямд операторууд сард $15–30-аар хангалттай дата өгдөг. Хөдөө орон нутагт Verizon, AT&T сүлжээ ихэвчлэн илүү өргөн хамрах хүрээтэй.
Ажиллах газар: WeWork, Industrious зэрэг coworking бараг бүх том хотод бий, өдрийн эрх $25–50. Хамгийн хямд сонголт нь хотын нийтийн номын сан: үнэгүй, чимээгүй, wifi сайтай. Starbucks, бие даасан кофе шопт зөөврийн компьютертай суух нь энгийн зүйл.
Цагийн бүс: Монголоос (UTC+8) Нью-Йорк 12–13 цаг, Лос-Анжелес 15–16 цагаар хоцорно. Америкт оройн 8 цаг болоход Монголд маргааш өглөө болж байдаг. Монгол клиенттэй ажилладаг бол оройн цагаар хурал хийхэд тохиромжтой.
Digital nomad виз: Америкт digital nomad виз байхгүй. B1/B2 визээр гадаадын компанид remote ажиллах саарал бүс бөгөөд Америкийн компанид ажиллах, Америкаас орлого олох хориотой. Бусад улсын digital nomad визийн талаар энэ хуудаснаас уншаарай.
Түгээмэл асуултууд
Монгол иргэн Америк руу визгүй явж болох уу?
Үгүй. Монгол Улс Visa Waiver Program-д ордоггүй тул ESTA хамаарахгүй, B1/B2 виз заавал авна. Өргөдлөө DS-160 анкетаар эхлүүлж, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлагад орно.
Америкийн жуулчны визийн хураамж хэд вэ?
B1/B2 визийн өргөдлийн хураамж $185, буцаагдахгүй. Үүн дээр 2025 онд хуульчлагдсан $250-ийн Visa Integrity Fee нэмэгдэж болно. 2026 оны 4-р сараас Монгол иргэдээс консулын шийдвэрээр $5,000–15,000-ын буцаан олгогдох барьцаа (visa bond) шаардаж болох болсон.
Америкт аялахад өдөрт хэдэн доллар хэрэгтэй вэ?
Хостелд буудаллаж, нийтийн тээврээр явбал өдөрт $90–130 орчим. Нью-Йорк, Сан-Франциско зэрэг үнэтэй хотод $130–170. Үүн дээр онгоцны тийз, даатгал, визийн зардлаа тусад нь тооцоорой.
Америкт анх удаа очиход хэдэн хоног байх вэ?
2–3 долоо хоног хамгийн тохиромжтой. Нэг долоо хоногт зүүн эргийн Нью-Йорк, Вашингтоныг үзээд, хоёр дахь долоо хоногтоо баруун эрэг эсвэл Гранд Каньон, Юта руу нисэх нь түгээмэл маршрут.
Америкт аяллын даатгал заавал хэрэгтэй юу?
Хуулиар заавал биш ч бодит байдал дээр хэрэгтэй. Эмнэлгийн үнэ маш өндөр тул даатгалгүй өвдвөл аяллаас илүү их мөнгө төлж магадгүй. SafetyWing зэрэг аялагчдад зориулсан даатгал сард хэдэн арван доллар байдаг.
Америкт ямар цахилгааны залгуур хэрэглэдэг вэ?
A, B төрлийн хавтгай хоёр, гурван салаатай залгуур, 120 вольт. Монголын залгуур таарахгүй тул адаптер авч яваарай. Ихэнх утас, зөөврийн компьютерын цэнэглэгч 100–240V дэмждэг.
Захиалгын сайтууд
- Skyscanner: Улаанбаатараас Америк руу, мөн Америк дотор хамгийн хямд нислэгийг харьцуулж хайна.
- Hostelworld: Нью-Йорк, Сан-Франциско зэрэг хотуудын хостелийг тойм, үнэлгээтэй нь харна.
- Booking.com: Motel, зочид буудлыг хамгийн олноор нь харуулдаг, ихэнх нь үнэгүй цуцлах боломжтой.
- Get Your Guide: Гранд Каньоны нэг өдрийн аялал, Alcatraz, Нью-Йоркийн хөтөчтэй аялал захиална.
- SafetyWing: Аялагч, digital nomad-д зориулсан эрүүл мэндийн даатгал. Америкийг хамруулах бол тусгай сонголтыг идэвхжүүлэх хэрэгтэйг анхаараарай.
Бусад хэрэгтэй сайтуудын жагсаалтыг аяллын вэб сайтуудын хуудаснаас үзээрэй.




