Өнгөрсөн долоо хоногийн 2 дахь өдрийн орой буюу 11 сарын 28нд өөрийн инстаграм хуудас дээр нэгэн пост оруулснаас болж гайхалтай үйл явдал боловоо. Дижитал номад амьдралын хэв маягийг сонирхож буй хүмүүстэй уулзалт хийх хүсэлтэй байгаагаа текст пост стори-р оруулаад унтав. Өглөө босоод сонирхсон болон туслах хүсэлтэй хүмүүсийн мессэжээр утас мань дүүрчээ.
Анхны уулзалтын нэгэн хэсэг болохыг хүссэн төрөл бүрийн ажил мэргэжилтэй залуус үнэ төлбөргүй туслах, оролцох хүсэлтээ илгээсэн байв. Үйл ажиллагаа эхлэхэд 4хөн өдөр үлдсэн байсан тул маш яаралтай хамгийн эхний 8 хүнийг сонгоод инстаграмын групп чат үүсгэн бүх хүсэл сонирхолоо тэдэнд мэдүүлэв. Багийн бүх гишүүд идэвхтэй тал талаас оролцож шаардлагатай бүх зүйлийг хоромхон зуур бэлэн болгов. Байр, бүртгэлийн форм google sheet-тэй холбож, идэж уух зүйлс гээд бүх зүйлсийг хариуцах эзэд хэдхэн цагийн дотор тодорхой боллоо. Тэр дор нь инста дээрээ уулзалт болох газар 3 өдрийн дараа болох цаг болон бүртгэлийн формоо инста болон нүүр номоор танилцуулав.
Би төсөөлөхдөө ойлролцоогоор 50-100 хүн ирэх болов уу гэсэн бодолтой байсан. Гэвч бүртгүүлсэн хүмүүсийн тоо тэр дороо 500 гараад явчихав. Асуудал тулгарлаа. Анхны тохирсон байр маань 100 хүний багтаамжтай байдаг. Бүртгүүлсэн хүмүүсийн тал нь ирлээ л гэхэд байр жижигдэж, асуудал гарах эрсдэлтэй болоод явчихлаа. Өөр байрны эрэлд гарав. Зарим маань эхний 100-аа л авъя, угаасаа багтахгүй, эсвэл 2 хувааж хийх, эсвэл бүр өөр өдөр хийх гээд олон санал гарав. Эхний 100 хүнтэй л уулзалт хийх талаар бодолцож эхлэв. Гэтэл цаана нь үлдэж хоцрох хүүхэд залуусын гонсойсон нүд харагдаад болдоггүй. Дахиад байр хайхаар шийдэв. Оюутан цагийн сайн найз маань тэнгэр элч мэт тусалж, яаралтай арга хэмжээ авч том багтаамжтай байр ярьж өгөв.
Цугларалт болох өдөр ч болж товлосон газараа яаран эрт очив. Маш олон залуус үүдэнд цугларсан байв. Зарим нь орох гээд гадаа үүдэнд оочирлож, зарим нь уулзалт болох заалны үүдэнд цугларчээ. 50 хүн л ирэх болов уу гэж гэнэн төсөөлж байснаа бодоод, сурч хөгжих хүсэлтэй залуусыг харах үед бахархах, сандрах мэдрэмж төрж байлаа. Зохион байгуулж байгаа багийн залуус маань бүх хүнд суудал, хоол, ундаа хангалттай байх тал дээр маш сайн зохион байгуулж чаджээ. Хамгийн хөгжилтэй нь яг тэнд очоод л зохион байгуулалтын багийнхантайгаа чи тэр мөн үү гэж инээлдэн танилцав. Видео зургийн багийн залуус энд тэнд гүйлдэж идэвхтэй байгааг хараад талархах сэтгэл хөдөлж байлаа.
Уулзалт маань маш амжилттай зохион байгуулагдав. Инстаграмын нэгэн дагагч дүү маань сайн дураараа ирж морин хуураар уур амьсгалыг сэргээж өгөв. Зохион байгуулалтын багийн Зоригоо маань сонирхолтой тоглоом тоглуулж халуун дулаан уур амьсгал бий болгов. Тоглоомын ялагчаар 2 ялагч тодорч миний онлайнаар хүргэж буй “Дижитал номад болон дэлхийн зах зээлээс мөнгө олох”
тухай хичээлийн эрх хожив. Сонирхолтой нь ялагчдын нэг нь найзынхаа урилгаар орон нутгаас ирсэн cowboy залуу байлаа. Сүүлд сонсоход дагуулж ирсэн найз нь имэйлээ сольж сургалтыг чинь би авна шүү гэсэн гэнэ.
Илтгэл маань талархалын алга ташилтаар амжилттай дуусч, оролцогч нарын сэтгэгдэл, асуулт хариултын хэсэгт оров. Үг хэлж байгаа хүмүүс бүгд сэтгэл хангалуун, талархаж, баярлаж байгаагаа илэрхийж байлаа. Тэдний дундаас гурвуулаа ирсэн гэр бүл сэтгэл их хөдөлгөв. Аав нь фото зурагчин, ээж нь visual artist, анимац хийдэг, охин нь график дизайнер гэр бүл. Тэд хамтдаа миний дижитал номадын инста дээр тавьдаг мэдээллүүдээс урам зориг аван хамт дэлхий тойрч ажлаа хийнгээ аялах боломжтойг олж харан, тийм зорилго тээн ирсэн тухайгаа ярив. Мөн 65 настай технологийн бизнес эрхлэгч ах. Мөн л контентуудыг маань үзээд дижитал номад амьдралын талаар олж мэдэн аялалд гарах зориг итгэл төрж, аль хэдийн аяллын бэлтгэлээ базааж эхэлсэн ба төлөвлөгөөгөө гаргаад явж байна гэсэн. Сайхан биш гэж үү?
Олон өөр гайхалтай түүхүүд уулзалтын дараа сонсож би гэдэг хүн гайхах бахдах мэдрэмжээр дүүрч байлаа. Тэдний дундаас нэгэн орон нутгаас ирсэн 19 настай охины түүх мөн л сэтгэл хөдөлгөв. Маш залуудаа IELTS шалгалтанд маш өндөр оноо авч, тухай орон нутагтаа англи хэлний сургалт ажлуулж, улмаар мөнгөө цуглуулж байгаад хотод ирж сурч хөгжих, цаашлаад над шиг дэлхий тойрч аялангаа дэлхийгээс мөнгө олох боломж аргуудад суралцахаар ирсэн гэв. Тэр охины амбиц, хичээл зүтгэл, тэмцэгч түүхийг сонсоод монголд маань ийм залуус маш их байгаа гэж бодон ирээдүй үнэхээр гэгээлэг байна гэсэн итгэл төрсөн.
Энэ уулзалт хэдий дөрөвхөн өдөрт зохион байгуулагдсан боловч Монголын залуу үе ямар их гал, эрч хүч, хүсэл, зориг, сурч мэдэх эрмэлзэлтэй байгааг харууллаа. Хэдий Монголын минь эдийн засаг хүнд, улс төр, авилгал, хөгжлийн удаашрал зэрэг залуу үеийн урмыг хугачих сөрөг мэдээ их ч монгол залуусын гал, эрч хүч, сурч хөгжих ирмүүн их хүсэл, эвлэлдэн нэгдэх чадвар, бусдад үйлчлэх зүрх сэтгэл нь тэр бүх бэрхшээлийн уулыг цөм нэвтлэх хүчтэй байгаагийн илрэл байлаа. Тэдний энэ их хүсэл тэмүүлэл намайг улам даруусгаж, бас урам зориг бадраасан. Цаашид чадах хэмжээнд өөрийн сурсан мэдсэн зүйлсээ хуваалцах зориг хүслийг минь нэмэгдүүллээ.
Дижитал номадын хувьд өөр улс орнуудад ганцаар их цагийг өнгөрөөдөг. Харин энэ цугларалт надад багаар нэгэн зүгт зориглон хөдлөх нь ямар хүчтэй болохыг дахин сануулж өгсөн юм. Дижитал номад байна гэдэг нь зөвхөн шинэ газар нээж илрүүлэх аялах тухай биш юм. Энэ бол шинэ харилцаа холбоо, мөн аяллын явцад хүмүүсийн амьдралд “хүрэх” тухай юм. Тиймээс миний хувьд ч цаашид монгол залуусдаа дэлхий тойрч аялах, гадны зах зээлээс өөрийн бодит чадвараар мөнгө олох олон аргуудаас хуваалцах болно. Мөн дараа дараагийн уулзалтуудаа магадгүй Балигийн далайн эрэг эсвэл Бразилийн Рио-Де-Жанейрод хийх ч юм бил үү.
Хамтран ажиллаж, тусалж дэмжсэн, хүрэлцэн ирж оролцсон хүн нэг бүрт дэлхийн иргэн болох ерөөлийн дэвшүүлье!