Дэлхийн гайхамшиг болсон Мачу Пичу. Энэ бол Перу улсыг Өмнөд Америкийн хамгийн алдартай улсуудын нэг болгодог нэрийн хуудас нь юм.
Аялагчид алдарт Инка замаар (Inka Trail) явж, ширэнгэн ойг судлан, нийслэл Лимагийнх нь гайхалтай хоолыг идэхээр Перуд очдог.
Инка зам, Мачу Пичу нь олны анхаарлыг татдаг (Мачу Пичуд өдөр бүр 2500 гаруй хүн очдог) алдартай газар хэдий ч, хэрэв та энэ улсаар аялахыг хүсвэл үзэж харж, хийж турших зүйл олон.
Алдарт Титикака нуураас эхлээд хойд зүгийн наран шарлагын газар, уугуул иргэдийн эрч хүчээр цалгисан соёл зэрэг нь Перу улсад үзэж харах зүйлс дүүрэн болохыг батлан харуулдаг.
Олон аялагчид онцлох үйл явдлуудыг нь үзэхийн тулд энд нэг долоо хоног саатдаг ч, нэг сар (эсвэл түүнээс дээш) байгаад ч үзэж харах зүйл дуусашгүй юм.
Энэхүү гарын авлага нь аяллаа төлөвлөж, энэ үзэсгэлэнт улсад цагийг үр дүнтэй өнгөрүүлэн, мөнгөө хэмнэхэд тань тусална.
Перу улсад заавал үзэх 5 зүйл
1. Machu Picchu
Энэхүү домогт “Инкүүдийн алдагдсан хот” нь Өмнөд Америк дахь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг юм. Энд ирснээр та эртний Инка хотыг тойрон аялж, эртний усан суваг, боржин чулуу, шохойн чулуун сүмүүд болон үзэсгэлэнтэй сайхан чигээрээ хадгалагдан үлдсэн Инкагийн бусад архитектурын дурсгалыг үзэх боломжтой. Харин та хүсэж буй адал явдлын хэмжээ, эрч хүчээсээ хамаарч дараах хоёр аргын нэгийг сонгоорой.
- Явган аялал – Эхний сонголт бол Ollantaytambo хотоос эхлээд Аандын нурууны уулархаг жимийг даган, эгц боловч үзэсгэлэнтэй газраар өгсөн 43 км (26 миль) замыг туулах 4 өдөр, 3 шөнийн явган аялал. Инка зам нь таныг үүр цайх үед сүр жавхлант Machu Picchu руу аваачих бөгөөд үүл гарахаас өмнө үзэсгэлэнтэй төрхийг нь харах боломж олгоно.
- Галт тэрэг – Өөр нэг хувилбар бол галт тэргээр явах. Гэхдээ дараалал ихтэй. Шөнө 2 цагт босоод очиход аль хэдийн олон хүн цуглачихсан байдаг. Давуу тал нь мандах нарыг Machu Picchu-с харах бөгөөд яг л үлгэрийн мэт харагддаг юм. Тиймээс ч хүмүүс эртлэн босож, гоё байрлалд очихоор уралдацгаадаг байх. Энэ нь эхний аяллыг бодвол арай хялбар.
2. Lima
Нийслэл Лима хотод очсоноор та Перу улстай танилцах болно. Эмх замбараагүй хэр нь үзэсгэлэнтэй сайхан хот. Дээрх зураг бол Номхон далайг толидон байдаг, загварлаг хийгээд эрч хүчтэй, зоогийн газар, баар олонтой Miraflores хороолол юм. Очиж үзээрэй. Мөн Columbian өмнөх үеийн олдворуудыг агуулж буй Ларко музей, Peruvian урлаг, эд зүйлсийн өлгий болсон Aliaga House болон колонийн үеийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой Plaza Mayor руу очихыг зөвлөе. Шөнийн цагаар Barranco урлагийн дүүрэгт очиж шөнийн амьдралыг мэдрэн зугаалж, орон нутгийн брэнд болох Peruvian Pisco архийг амтлаарай. Лима хот нь хоолны төв тул Ceviche идэж үзээрэй!
3. Nazca Lines
Назка шугамууд нь San José цөл болон Nazka хөндийд байдаг эртний геоглифүүдийн хэсэг юм. Энэ газар UNESCO-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд 10,000 гаруй шугам, 300 гаруй ургамал, амьтны дүрс байдаг. Эдгээр дүрс хэрхэн бий болсныг хэн ч мэдэхгүй (Харь гарагийнхан зурсан юм болов уу?). Гэхдээ та энд зочлох бүрэн боломжтой. Хэрэв эдгээр дүрсийг илүү сайн харахыг хүсвэл онгоц юм уу, нисдэг тэргээр аялж болно. 35 минут нь ойролцоогоор 370.000₮.
Титикака бол дэлхийн хамгийн өндөрт байдаг том нуур юм. Энэхүү гайхамшигтай нуур нь 7,790 хавтгай дөрвөлжин километр (3,000 хавтгай дөрвөлжин миль) талбайг эзлэн, далайн түвшнээс дээш 3,810 метрийн (12,500 фут) өндөрт оршдог билээ. Гүн цэнхэр өнгөтэй, цаст уулсаар хүрээлэгдсэн энэхүү нуурын мандалд тусаж буй жаргах нарны туяа гайхалтай харагддаг юм. Энэ ер бусын нуурыг харахаар ирсэн хүмүүс ойр хавийнх нь тосгодоор аялж, колонийн үеийн архитектур, хөл хөдөлгөөн ихтэй захтай нь танилцдаг билээ. Isla del Sol, Taquile, Amantani гэх гурван арал дээр маш эртний (pre-inca) балгасууд байдаг. Мөн жил бүрийн 2-р сард Титикака нуурын эрэг дээр байдаг Puno хотод Перугийн үндэсний Fiesta de la Virgen de Candelaria баярыг тэмдэглэдэг юм.
5. Colca Canyon
Колка хавцал нь Arequipa-гаас 4 цагийн зайд байдаг бөгөөд гүнээрээ дэлхийд хоёрд ордог. Зарим хэсэгтээ 3,270 метр (10,728 фут) буюу Grand Canyon-аас бараг хоёр дахин гүн байдаг. Өглөө эрт Аандын тасыг (Andean condors) харах боломжтой байдаг нь гайхалтай бөгөөд Grand Canyon-оос ялгаатай нь энд хүн амьдрах боломжтой юм. Энэ газар хамгийн багадаа нэг өдрийг өнгөрүүлээрэй. Та огт харамсахгүй. Зохион байгуулалттай аялалд хамрагдах бүрэн боломжтой ч та хүсвэл өөрөө автобусанд суугаад Cabanaconde дүүрэг рүү очиж бас болно. 2-3 өдрийн аяллаар уугуул иргэдийн тосгон, халуун рашаан, үндэстний цэцэрлэгт хүрээлэн, лам гөрөөс, тас зэргийг үзэж сонирхоход 139.000₮-185.000₮ төлдөг бол хавцал руу орох төлбөр нь тусдаа 63.000₮ орчим байдаг.
Перуд сонирхон турших бусад зүйлс
1. Inca Trail
Мачу Пичу руу алдарт Инка замаар явахад хамгийн тохиромжтой. Уулс, ширэнгэн ойг харж нүд баясган, эрт цагийн инкүүдийн замаар алхах энэхүү цөөн өдрийн явган аялал нь хэдий гайхалтай ч, хүч сорьсон аялал байдаг. Өндрийн өвчин ч хөдөлж болох. Энэ замаар явахын тулд та зохион байгуулалттай аялалд бүртгүүлэх юм уу, хувийн хөтөч хөлслөх боломжтой. Учир нь энэ замыг ганцаараа туулах боломжгүй. Найдвартай, нэр хүндтэй компанийн 4 өдөр, 3 шөнийн аялалд хамрагдахад ойролцоогоор 2.400.000₮ болно. Аялахад хамгийн тохиромжтой цаг нь 5-10-р сар боловч, нөгөө талаас хамгийн хөл хөдөлгөөнтэй үе юм. Хэрэв та 11-р сараас 4-р сарын хооронд аялахаар төлөвлөвөл шавар, бороотой ч, хөл хөдөлгөөн бага байх болно.
2. Islas Flotantes de los Uros
Uros хөвөгч арлууд гэхээр Индиан Жонсын нэг цувралын нэр шиг сонсогдож болох ч энэ нь үнэндээ Титикака нуур дээр байдаг, хүний гараар бүтсэн арлуудын нэр юм. Нутгийн уугуул иргэд (Uros) нуурын эрэг дагуу ургадаг Totora (plant) зэгсээр байшин, арал, завь хийн амьдардаг. Үзэж харууштай сонирхолтой газар хэдий ч, хэтэвчийг тань хоослох шахах тул заавал очоорой гэж зөвлөхгүй. Завитай аялал 53.000₮-өөс эхэлдэг.
Манкорад ирж шинэхэн далайн хоол амтлан, морь унаж, усан спортоор зугаацан, халим харж, нутгийн иргэдтэй загасчлан, Mangrove ойгоор аялж, тухлан амраарай. Энэ бол ердөө л нэг өдрийнх нь хуваарь юм. Máncora бол Өмнөд Америкийн хамгийн сайхан наран шарлагын газруудын нэг бөгөөд жилийн турш нар тусдаг, серфинг анхлан сурч буй хүнд (surfing) гайхалтай тохиромжтой давалгаатай гэдгээрээ алдалтай. Байр нь 12 – 3-р сар хүртэл үнэтэй байдаг тул урьдчилан захиалах нь дээр. Халим харах 125.000₮, серфинг хичээл 87.000₮-эс эхэлдэг бол далайн яст мэлхийтэй SUP аялал 130.000₮ орчим үнэтэй байдаг.
5. Cusco
Энэхүү колонийн үеийн хот нь аялал жуулчлалын томоохон төв юм. Мачу Пикчугаас холгүй оршдог бөгөөд Инкагийн чулуун суурин дээр баригдсан. Энэ хотод явган аялагч, түүх сонирхогч, үдэшлэг цэнгээнд дуртай хүмүүс ирж, шөнөөр зугаалан, баяр наадмуудыг нь сонирхдог юм. Cusco бол маргаангүй Америк тивийн археологийн нийслэл бөгөөд Перуд хийх аяллын чухал хэсэг юм. Куско жуулчны тасалбар авснаар энэ орчим байдаг археологийн дийлэнх дурсгалт газрууд болон үзвэрүүдийг үзэх боломжтой болдог (Мачу Пичу зэрэг зарим нэг онцлох газрууд энэ тасалбарт багтахгүй). Тээврийн болон хөтчийн үйлчилгээ тусдаа гэдгийг анхаарна уу. Та 16-гаас дээш газар нэвтрэх эрхийг багтаасан 10 хоногийн тасалбар (120.000₮ орчим) юм уу, нэг л өдрийн дотор цөөн тооны газар нэвтрэх эрхтэй, долоон өөр “маршрутын” тасалбараас сонгон авах боломжтой (63.000₮ орчим). Coricancha (14.000₮) болон Sacsayhuaman (Cusco жуулчны тасалбарт багтсан) хоёроор заавал зочлоорой. Cusco-гоос холгүй орших Солонгон уулс руу аялах нэг өдрийг заавал гаргаарай. Гайхалтай хоол идэхийг хүсвэл Green Point руу очихыг зөвлөе. Энэ хот нь далайн түвшнээс дээш 3200 метрт (10500 фут) оршдог тул ууланд алхахын өмнө биеэ дасгахад гайхалтай тохирдог төдийгүй үзэж харах зүйл ихтэй тулд энд 3-5 хоног байхаар төлөвлөөрэй.
6. Amazon fix in Iquitos
Завь эсвэл онгоцоор л хүрч очих боломжтой, ширэнгэн ойгоор битүү хашигдсан Икитос нь Перугийн ширэнгэн ойд байдаг хамгийн том хот юм. Энэ хот Амазоны аманд оршдог бөгөөд эко аялал жуулчлал хийхэд хамгийн тохиромжтой. Ойролцоох Pacaya Samiria үндэстний дархан цаазтай газар нь улсдаа хамгийн том нь бөгөөд хоёр сая га талбайг эзлэн оршдог. Энд шувуу, хөхтөн амьтад, загас, хэвлээр явагч зэрэг 1000 орчим төрлийн амьтан байдаг. Дархан цаазтай газраар аялах 3 өдөр, 2 шөнийн аялал нь нэг хүний 130.000₮– 1490000₮-өөс эхэлнэ (хоол багтсан үнэ).
7. Huacachina
Энэхүү бяцхан хот нь цөлийн баян бүрд бөгөөд Мачу Пичугаар явган аялсны дараа тухлан саатдаг газар юм. Үнэ ханш боломжийн бөгөөд энд байрлах зочид буудлууд нь ойролцоох элсэн манхнууд дээр гулгах, элсний машинаар явах зэрэгтээ тун таатай үнэ санал болгодог. Хоёр цагийн аялал нь ойролцоогоор 90.000₮-120.000₮ бөгөөд үүнд жолоочийн үнэ, чарга, гулгагчийн түрээс орно. Ихэнх аялал 16:00 цагт эхэлдэг тул та жаргах нарыг элсэн манхан дээрээс үзэх боломжтой. Huacachina-ын элсэн манхан дунд далдуу модоор хүрээлэгдсэн жижиг нуур байдаг бөгөөд та сэлүүрт завь түрээслэн, зугаалах боломжтой. Хагас цагийн түрээсийн үнэ нь нэг хүний 4500₮ орчим байдаг. Huacachina руу Lima, Cusco, Nazca, Arequipa, Paracas-аас автобусаар амархан очиж болдог.
8. Paracas
Paracas нь Перугийн өмнөд хэсэгт байдаг бөгөөд 400 гаруй төрөл зүйлийн ан амьтантай, олон мянган шувууд, далайн арслан, оцон шувуудын өлгий нутаг юм. Та зохион байгуулалттай аялалд хамрагдан, Paracas-ын дархан цаазат газар руу завиар аялах боломжтой. Эртхэн явахаа мартуузай. Бүтэн өдрийн аялалд Ballestas арал руу завиар явах, үдээс хойш нь дархан цаазат газраар автобустай аялах зэрэг багтана. Ойролцоогоор 140.000₮ үнэтэй.
9. White City
Arequipa хотын төв хэсгийг галт уулын чулуулгаар барьсан бөгөөд түүхийн гайхалтай дурсгал билээ. Plaza de Armas-ыг тойрон аялж, хотын архитектуртай танилцан, төв талбайг харан хундага дарс ууж, гайхалтай үзэсгэлэнтэй Basilica Catedral de Arequipa-д зочлоорой. Дараа нь гоёмсог, өнгөлөг Santa Catalina Monastery хийдэд очиж, хөлдөөсөн Inca mummy үзэж, сам хорхойтой шөл эсвэл халуун ногоотой чинжүү зэрэг өөрт таалагдах нутгийн хоолыг амтлаарай. Arequipa бол аялахаар ирсэн хүн бүрийн сэтгэлийг татдаг, үнэхээр гайхалтай хот билээ.
Lima хотын төвд байрлах энэхүү цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн том усан оргилуурын цогцолбор болох El Circuito Magico del Agua байдаг юм. Орой болдог гэрлийн үзүүлбэрийн үеэр хөгжмийн аястай нийлэн, ус оргилон бүждэг бөгөөд Surprise, Хүүхдийн, Уран зөгнөлийн зэрэг нийт 13 тусдаа оргилуур байдаг. Тус цэцэрлэгт хүрээлэн өдөр бүр 15:00-22:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд 18:50, 19:50, 20:30, 21:30 цагуудад нүд булаам, гайхалтай гэрлийн үзүүлбэр болдог. Орох тасалбар 3500₮ орчим. Тус цэцэрлэгт хүрээлэн нь гэрлийн үзүүлбэрээс гадна олон арга хэмжээ зохион байгуулдаг ба нохойтой хүмүүсийн очих дуртай газар юм.
11. Chachapoyas
Аандын нурууны энэ бүс нутаг нь 500-1432 оны хооронд амьдарч байсан Chachapoya соёл иргэншлийн өлгий нутаг юм (эцэст нь Aztecs-т эзлэгдсэн). Та “Умардын Мачу Пичу” гэгддэг Kuelap хэрмэн хотод очиж үзэх боломжтой. Хотын балгасыг үзэхэд хөтөчтэй явах, 4 цаг явган аялах, ойролцоо байх Nuevo Tingo хотоос 17.000₮-ийн үнэтэй (хоёр талын тасалбар) дүүжин тээвэрт суух гэсэн гурван сонголт бий. Мөн Chachapoyas-аас очих боломжтой, 770 метрийн (2526 фут) өндөрт оршдог, дэлхийн хамгийн том хүрхрээнүүдийн нэг Gocta-г заавал үзээрэй.
12. Trujillo
Trujillo бол Перуд байдаг хоёр дахь эртний Испани хот бөгөөд мөнх хавар шиг цаг агаартай далайн эрэгт байрладаг, голлох соёл гэж тооцогддог хот юм. Энд та дэлхийн хамгийн том шавраар барьсан хот буюу pre-Columbian өмнөх хамгийн том хот Chan Chan хэмээх археологийн дурсгалт газраар зочлоорой. Үүнийг 1470 он хүртэл энд нутаглаж байгаад, Инкүүдэд эзлэгдсэн Chimu нар барьжээ. Хураамж нь 10.000₮ орчим. Мөн та далайн эрэг дээр байрладаг, загас агнуурын жижиг хот болох Huanchaco-д зочлохоо мартуузай.
13. Vinicunca, Rainbow Mountain
Та олон нийтийн мэдээллийн сувгаар эдгээр өнгө алагласан уулсыг харсан байх. Сүүлийн хэдэн жилд Солонгон уул жуулчдын сонирхлыг их татдаг болжээ. Бодит амьдрал дээр яг зурагт байдаг шигээ тод өнгөтэй бишийн зэрэгцээ хөл хөдөлгөөн ихтэй байдаг гэдгийг сануулах нь зүйтэй байх. Солонгон уул руу очихын тулд Cusco хотоос та өдрийн аялал юм уу, цөөн өдрийн явган аялалд хамрагдах боломжтой бөгөөд нэг хүний төлбөр 100.000₮-125.000₮-ээс эхэлдэг. Мөн 5200 метрийн (17060 фут) өндөрт орших гайхалтай өнгө алагласан, үзэмж төгөлдөг Palcccoyo солонгон уул байдаг юм. Хэрэв та хөл хөдөлгөөнөөс дайжихыг хүсвэл ийшээ очиж болох юм (Гэхдээ энэ хавиар бас л хүн ихтэй байх болсон).
14. Salkantay
Хэрэв та хүн ихээр холхидог Инка замаас өөр газраар явахыг хүсвэл Salkantay-гаар аялаарай. Маш цөөн жуулчин явдаг энэ зам нь Инкагаас хоёр дахин хямдын дээр үзэж харах зүйлсээр дутахгүй байдаг. Хэдий балгас туурь олонгүй ч, тойрон хүрээлэх уулсын үзэмж нь гайхалтай төдийгүй 5200 метр (17.060 фут) хүрсэн оргилууд бий! Явган аяллын хугацаа нь янз бүр байдаг бөгөөд 7 өдрийн аялалаар хамгийн олон зүйлийг харах боломжтой. Гэхдээ танаас тамир тэнхээ нэлээд шаардана. 5 өдрийн явган аялал 160.000₮-өөс эхэлдэг.
Перугийн аяллын зардал
Байр – 4-6 ортой дотуур байранд нэг ор 33.000₮-60.000₮, харин 10 ба түүнээс дээш ортой дотуур байранд нэг ор 30.000₮-40.000₮ үнэтэй байдаг. Тусдаа өрөө нь нэг шөнийн 100.000₮–150.000₮ үнэтэй. Wi-Fi нь үнэгүй байдаг бөгөөд ихэнх буудал нь гал тогоотой юм уу, өглөөний цайтай байдаг.
Харин Wi-Fi, ТВ, өглөөний цай гэх мэт үндсэн хэрэглээг бүрдүүлсэн хямд зочид буудлын өрөөнүүд нь нэг шөнийн 75.000₮–140.000₮-ийн үнэтэй байдаг.
Перу улсад Airbnb (хувийн сууцаа аялагчдад түрээслэх үйлчилгээ) тийм ч элбэг биш бөгөөд нэг өрөө нь шөнийн 90.000₮ бол бүтэн байр нь шөнийн 180.000₮-өөс эхэлдэг. Эрт захиалаарай, эс тэгвээс хоёр дахин үнэ төлнө.
Майхантай аялж буй хүмүүсийн хувьд хэн нэгний эзэмшил дээр л биш бол байгальд хоноглохыг зөвшөөрдөг.
Хоол хүнс – Перугийн хоол нь бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг ч төмс (дэлхийн ихэнх төмс эндээс гаралтай), квиноа үр тариа, далайн хоол, усан гахай, лам гөрөөсний махтай хоол идэх боломжтой. Үндэсний хоол болох ceviche-г (энэ нь шинэ түүхий загастай далайн хоол) амтлахаа мартуузай. Бусад алдартай хоол гэвэл шарсан үхрийн мах, roasted cuy (усан гахай), arroz con pato(нугасны махтай будаа), шарсан тахиа байдаг.
Ерөнхийдөө Перуд хоолны үнэ маш хямд. Гудамжны хоол нь гайхалтай хямд бөгөөд замын хажуугаар байгаа parrilla (шорлог) 4500₮-6000₮ орчим үнэтэй байдаг. Харин авч яваад идэх боломжтой газрын нэг таваг хоол ойролцоогоор 9000₮ байдаг.
Ширээнд үйлчилдэг энгийн рестораны уламжлалт хоол нь ойролцоогоор 14.000₮-20.000₮-ийн үнэтэй байдаг. Хэрэв та харамгүй зарцуулахаар шийдсэн бол дунд зэрэглэлийн ресторанд зууш, хоол, амттан идэхэд 42.000₮ орчим төлнө.
Түргэн хоолны газар (McDonald’s гэж бодоорой) нэг багц нь ойролцоогоор 17.000₮, том пицца 28.000₮ орчим байдаг.
Шар айраг 6500₮, нэг шил дарс юм уу, латте 7000₮, савласан ус 1600₮ орчим байна. Коктейлийн үнэ 14.000₮- 17.000₮ ба түүнээс дээш байдаг ч олон ресторан тодорхой цагт уух юмаа хямдралтай үнээ санал болгох нь бий.
Хэрэв та хоол хийхээр төлөвлөж байгаа бол гоймон, будаа, улирлын чанартай бүтээгдэхүүн, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн авахад долоо хоногт 56.000₮–73.000₮ төлнө гэж тооцоол. Хамгийн тохиромжтой нь орон нутгийн захууд боловч Plaza Vea нь боломжийн үнэтэй, томоохон хүнсний дэлгүүр юм. Гэсэн хэдий ч энд хоол хямд байдаг тул гадуур хооллох нь дээр. Хүнсний дэлгүүрээс хөнгөн зууш, жимс худалдаж аваарай. Харин бусад үедээ гадуур идсэн нь хямд тусна.
Үүргэвчтэй аялах төсөв
Үүргэвчтэй аялагч нь өдрийн 125.000₮-ийн төсвөөр дотуур байранд байрлаж, гудамжинд буй хямд газарт хэд хэдэн удаа хооллох юм уу хоол хийж идэн, уух юманд багахан мөнгө зарж, автобусанд суун ойр тойрноороо аялж, голчлон үнэгүй эсвэл хямд зүйлсийг үзэж харж, хийх боломжтой. Жишээ нь, далайн эрэг дээр амрах, ууланд алхах г.м.
Өдрийн 370.000₮-ийг дундаж төсөв гэж үзэх бөгөөд та хувь хүний байранд өрөө түрээсэлж (Airbnb), дандаа гадуур хооллон, уух юманд илүү их мөнгө гаргаж, хааяа таксигаар яван, төлбөртэй зүйлсийг үзэж харж, хийх боломжтой. Жишээ нь, далайд гулгах (surfing), Мачу Пичу руу өдрийн аялах хийх г.м.
Өдөрт 650.000₮ ба түүнээс дээш дүнтэй “тансаг” төсөвтэй бол та зочид буудалд байрлан, дуртай газраа хооллож, хүссэн хэмжээгээрээ ууж, дотоодын нислэгээр аялж, Мачу Пичу руу олон өдрийн аялал хийх боломжтой. Энэ тоо бол тансаг хэрэглээний доод хэмжээ юм. Дээшээ бол мэдээж хязгаар байхгүй.
Хэрхэн аялахаас хамаарч, өдөртөө хэр их мөнгө төсөвлөх хэрэгтэйг доор тоймлон үзүүлье. Мэдээж энэ бол дундаж тоо. Та зарим өдөр илүү ихийг, заримдаа багыг зарцуулна. Магадгүй өдөр бүр үүнээс багыг ч зарцуулж болох. Бид зөвхөн төсвөө гаргахад тань туслах зорилгоор ерөнхий ойлголт өгөхийг хүсэж байна.
Байр | Хоол хүнс | Тээвэр | Үзэсгэлэнт газрууд | Өдөр тутмын дундаж зардал | |
Үүргэвчтэй аялагч | 32.000₮ | 38.000₮ | 28.000₮ | 28.000₮ | 125.000₮ |
Энгийн дундаж | 90.000₮ | 90.000₮ | 70.000₮ | 140.000₮ | 400.000₮ |
Тансаг зэрэглэл | 140.000₮ | 184.000₮ | 140.000₮ | 184.000₮ | 650.000₮ |
Мөнгө хэмнэх аргууд
Перу бол ерөнхийдөө хямдхан газар боловч хоол хүнс, аялалд хамаагүй зарцуулах гээд байх нь бий. Тиймээс зардлаа бууруулах хэдэн арга хэлж өгье.
1. Hospedajes-д байрлах – Энэ бол гэр бүлээрээ ажиллуулдаг жижиг буудлууд бөгөөд нийтийн дотуур байрны дараа орох хямд байр юм. Болж л өгвөл ийм буудалд буугаарай.
2. Нийтийн тээврээр явах – Нийтийн тээврийг маш сайн ашигла. Үнэ нь тун боломжийн тулд таксинд битгий суугаарай. Та маш их мөнгө хэмнэнэ.
3. Багц хоол сонгох – Зоогийн газрууд зууш, үндсэн хоол, амттан зэргийг багтаасан багц цэс гаргадаг. Хямдхан газрын багц цэсийг сонгох нь төсөвт хэмнэлттэй.
4. Аяллын бус улирал – Хямд өртөгтэй аялахын тулд Перуд очих хамгийн тохиромжтой үе бол 4, 5 юм уу, 9, 10-р сарууд юм. Энэ үеэр үнэ ихэвчлэн хямд байдаг.
5. Микро автобусаар явах – Эдгээр нь 1800₮–9000₮-ийн үнэтэй хямд автобуснууд юм. Тогтсон цагийн хуваарь байхгүй нь бага зэрэг ойлгомжгүй ч, таны хүссэн чиглэлд автобус явах эсэхийг хүнээс асуугаарай. Автобусны зогсоолууд заримдаа тэмдэглэгээгүй байдаг тул олон хүн цугласан газар байвал очиж үзээрэй.
6. Цагийг нь тулгаж аяллаа захиалах – Та Инка замаар явахыг хүслээ гэхэд, хүлээх хангалттай хугацаа байгаа тохиолдолд Cusco хотод очоод, цагийг нь тулгаж тасалбараа аваарай. Ингэж чадвал маш их мөнгө хэмнэх болно. Учир нь хэдэн сарын өмнө захиалга өгөхдөө бид хамгийн дээд үнийг төлдөг шүү дээ. Тиймээс хэрэв хүлээж чадвал тэвчээр тань шагнагдах болно. Гэхдээ та эргэлзэж байгаа бол заавал энэ аргыг турших гэсний хэрэггүй.
7. Үнэгүй явган аялал хийх – Энэ нь очиж буй газруудынхаа үүх түүхийг судлах, заавал үзэх ёстой газруудыг орхигдуулахгүй байх сайхан арга юм. Free Walking Tour Peru нь Lima болон Cusco-гоор аялахад тань туслах болно. Харин аяллаа дуусгаад хөтөчдөө гарын мөнгө заавал өгөөрэй.
8. Оюутны хөнгөлөлт эдлэх – Хэрэв та оюутан бол оюутны үнэмлэхээ биедээ авч яваарай. Оюутнууд Cusco болон ойр орчимд байх археологийн дурсгалт газрууд, музей зэрэгт томоохон хөнгөлөлт (50% хүртэл) эдэлдэг.
9. Усны савтай явах – Эндхийн цоргоны ус шууд ууж болохоор цэвэр тул мөнгө хэмнэж, хуванцар савны хэрэглээг багасгахын тулд шүүлтүүртэй, дахин ашиглаж болох сав авч яваарай. LifeStraw нь шүүлтүүр сайтай тул усыг үргэлж цэвэр, аюулгүй байлгадаг, миний хамгийн дуртай брэнд юм.
Зочид буудал
Перу улсад олон зочид буудал байдаг. Би дуртай газруудаа дурдъя.
- Pariwana Hostel (Lima)
- 1900 Backpackers Hostel (Lima)
- Loki Hostel (Cusco)
- Kokopelli (Cusco)
- Wild Rover Hostel (Cusco)
- Hospedaje Turistico Recoleta (Cusco)
- Arequipay Backpackers Downtown (Arequipa)
- Loki del Mar (Mancora)
- The Point Mancora Beach (Mancora)
Унаа тээвэр
Нийтийн тээвэр – Хотын автобусны үнэ ойролцоогоор 1400₮-2800₮ байдаг. Энд микро автобус (colectivos) байдаг бөгөөд үнэ нь явах зайнаасаа хамаарч өөр өөр байдаг. Ерөнхийдөө 1800₮-9000₮-ийн үнэтэй боловч нэлээд давчуу байдаг тул дасахад бага зэрэг хугацаа ордог.
Автобус – Та автобусанд суун Перугийн хаа сайгүй аялах боломжтой бөгөөд хямд төсөр аялахыг хүсэж буй хүмүүсийн хувьд хамгийн түгээмэл сонголт нь энэ юм. Автобусаар 10 цаг явах аялал тухайн компаниасаа хамаараад янз бүр байдаг ч, дунджаар 35.000₮ болдог. Та Cruz del Sur ашиглан автобусны хуваарь, үнийг харах боломжтой. Ямар ч тохиолдолд уулаар явахдаа автобус илүү их хугацаа зарцуулна гэдгийг санах хэрэгтэй. Lima-гаас Cusmo хүртэл 21 цаг гаран явдаг бөгөөд үнэ нь 170.000₮. Хэрэв та эрт захиалбал 35.000₮-ийн тасалбар авах боломжтой.
Peru Hop бол үүргэвчтэй аялагчдад зориулагдсан найдвартай, тав тухтай автобусны компани юм. Хүссэн үедээ бууж, суун тааваараа явж болдог энэ автобус нь Перу даяар явах чиглэлтэй. Lima-гаас Cusco хүртэлх гурван өдрийн аялал 63.000₮-ээс эхэлдэг бол Перугийн өмнөд хэсэгт 7 хоногийн 775.000₮ үнэтэй байдаг.
Нисэх – Перуд олон улсын нисэх онгоцны буудал тав (Lima, Arequipa, Cusco, Iquitos, and Piura), дотоодын нислэг үйлддэг буудал арав гаруй байдаг. LATAM, Avianca, Star Peru нь дотоодын агаарын тээврийн гол компаниуд юм.
Очих газар руугаа нисэх нь хэдий үнэтэй ч, хамаагүй хурдан юм. Lima-гаас Cusco руу нисэхэд ердөө нэг цаг гаран болдог (автобусаар 21 цаг явахаас ялгаатай) бол үнэ нь 230.000₮-ээс эхэлдэг. Lima-гаас Arequipa хүртэл 184.000₮-өөс эхэлдэг.
Галт тэрэг – Өмнөд Америкийн бусад орнуудын нэгэн адил Перуд төмөр зам үндсэндээ байхгүй хэдий ч PeruRail, Inca Rail-ийн галт тэргүүд Ollantaytambo болон Machu Picchu Pueblo (Machu Picchu хүрэх гарц) хооронд явдаг. Энэ хоорондох PeruRail-ийн тасалбар 160.000₮-ээс эхэлдэг бол Inca Rail-ээр Cusco, Machu Picchu Pueblo хоёрын хооронд 200.000₮-өөр зорчих болно.
Lima-гаас ганцхан галт тэрэг явдаг нь дэлхийн хамгийн өндөр газраар явдаг суудлын галт тэрэг болох Ferrocarril Central Andino бөгөөд Andes-ын нурууг гаталж Cerro de Pasco, Huancayo руу явдаг. Нэг талын тасалбарын үнэ 212.000₮-өөс эхэлдэг. Гэхдээ тун ховор явдаг бөгөөд заримдаа сард нэг л удаа явдаг.
Машин түрээслэх – Би үүнийг танд санал болгомооргүй байна. Учир нь эндэхийн жолооч нар нь түрэмгий, зам нь муу, осол аваар гарах нь элбэг байдаг юм. Гэхдээ та машин түрээслэхээр шийдсэн бол хамгийн сайн үнийг Discover Cars санал болгодог.
Унаанд дайгдах – Энд машинд дайгдах явдал түгээмэл биш бөгөөд мөн албан ёсоор зөвлөдөггүй. Гэхдээ боломжгүй бас биш. Магадгүй танаас бензиний мөнгө аваад, машиндаа суулгаад явж болох л юм. Та Hitchwiki дээрээс нэмэлт мэдээлэл хараарай.
Хэзээ явбал тохиромжтой вэ?
Перу чийглэг, хуурай гэсэн хоёрхон улиралтай. 5-р сараас 10-р сар хүртэл хуурай улирал бол 11-р сараас 4-р сар хүртэл борооны улирал юм. Хамгийн чийглэг үе нь 1-р сараас 4-р сарын сүүл хүртэл байдаг. Тиймээс энэ хооронд Перуд аялахад тийм ч тохиромжтой биш. Учир нь зарим явган замууд хаагдах нь бий.
Ихэнх тохиолдолд хүмүүс 5-р сарын эхээс 11-р сарын сүүл хүртэл Перу улс руу явдаг бөгөөд 7, 8-р сарууд хамгийн хөл ихтэй үе юм. 5, 9-р сард жуулчид хэдий багасдаг ч, агаарын хэм тааламжтай хэвээр байдаг тул зорьж очиход тохиромжтой.
Хэрэв та ууланд илүү удаан байхыг хүсч байвал 6-р сараас 9-р сарууд цэлмэг, нарлаг өдрүүдтэй (гэхдээ шөнө нь хүйтэн) байдаг. Энэ бол Инка замаар алхахад тохиромжтой төдийгүй Amazon Basin сав газарт зочлоход хамгийн аятай цаг байдаг. Учир нь энэ үед шумуул багасдаг.
Цөлийн эрэг дээрх температур 12-р сараас 4-р сар хүртэл 25-35 ° C (77-95 ° F) хүрч, 5-р сараас 10-р саруудад температур сэрүүснэ. 5-р сараас 10-р сар хүртэл өндөрлөг газарт температур 20-25 ° C (68-77 ° F) хүрч болно.
Аюулгүйн зөвлөмжүүд
Перу бол үүргэвчээ үүрээд ганцаараа аялахад, тэр байтугай эмэгтэй хүн ганцаараа аялахад ч аюулгүй газар юм. Харин анхаарах нэг чухал зүйл бол хулгай ихтэй. Том хотууд болон шөнийн цагаар автобусанд болгоомжтой зорчино уу. Үнэт эдлэл, үнэ хүрэх зүйл биедээ авч явахгүй байвал дээр. Боломжтой бол утсаа олон нийтийн газар авч явахаас зайлсхий. Шөнийн автобусанд явахдаа цүнхээ сайтар хаан, үнэтэй зүйлсээ сайн далд хийх хэрэгтэй. Болгоомж алдвал (ялангуяа шөнийн цагаар) юмаа алдах нь амархан байдаг.
Хэрэв та Lima-д байгаа бол аюулгүй газар (Miraflores and Barranco) л биш бол шөнө ганцаараа битгий яваарай. Жижиг хот, суурин газруудын хувьд өдөр, шөнийн аль ч бай ганцаараа гадуур гарахад ямар ч аюулгүй байдаг.
Ганцаараа аялж буй эмэгтэйчүүд ч энд аюулгүй байж болно. Гэхдээ зарим нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх хэрэгтэй (Жишээ нь, бааранд ууж байгаа зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх г.м).
Луйвар хэдий түгээмэл биш ч, хэрэв та эрсдлээс зайлсхийхийг хүсэж байвал анхаарвал зохих зүйлсийн жагсаалтыг эндээс харна уу.
Хэрэв та явган аялах гэж байгаа бол цаг агаарыг урьдчилан шалгаж, хангалттай хэмжээний ус авч явах хэрэгтэй. Хэрэв Мачу Пичу руу явганаар аялах гэж байгаа бол өндөрт дасан зохицохын тулд хэд хоногийн өмнө ирээрэй. 3-5 хоногийн өмнө ирэхэд л асар өөр байдаг.
Хэрэв танд яаралтай тусламж хэрэгтэй бол 011 руу залгана уу. Хэрэв томоохон хотод байгаа бол аялал жуулчлалын цагдаад хандаж болно.
Маш сайн аяллын даатгал худалдаж аваарай хэмээн би танд чин сэтгэлээсээ зөвлөх байна. Аялал жуулчлалын даатгал нь таныг өвчин, гэмтэл бэртэл, хулгай зэрэг эрсдлээс хамгаалдаг юм. Энэхүү даатгалыг ашиглах шаардлага олон удаа гарч байсан тул би заавал даатгуулж байж л аялдаг.
Захиалгын сайтууд
Skyscanner – Skyscanner бол миний хамгийн дуртай нислэгийн хайлтын систем юм. Тэд том хайлтын сайтуудын орхигдуулаад байдаг жижиг вэбсайтууд болон агаарын тээврийн компаниудыг олж өгдөг.
Hostelworld – Энэ бол жижиг буудал, байр зэргийг хамгийн өргөн хүрээнд хайж олоход тусалдаг шилдэг сайт юм.
Booking.com – Байнга хамгийн хямд үнийг санал болгодог сайт. Хямд төсөр өртөгтэй байр сууцыг, хамгийн өргөн сонголттой санал болгодог. Миний мэдэх хамгийн хямд газар.
Get Your Guide – Энэ бол цахим ертөнцөд буй, аялал жуулчлалын асар том зах зээл юм. Хоолны хичээл, явган аялал, гудамжны урлагийн хичээл гэх мэт дэлхийн хаа сайгүй буй хотуудад хийж болох, маш олон сонголттой аяллыг санал болгодог.
SafetyWing – Энэ бол дижитал нүүдэлчид болон урт хугацааны аялагчдад зориулсан тохиромжтой, хямд төсөр төлөвлөгөөг санал болгодог сайт юм. Хямад өртөгтэй сарын төлөвлөгөө, гайхалтай үйлчилгээтэй газрууд зэрэг аялагчдад хэрэгтэй зүйлсийг санал болгодог.
LifeStraw – Ундны усыг үргэлж цэвэр, аюулгүй байлгах зорилготой, шүүлтүүртэй, дахин ашиглах боломжтой усны сав хийдэг компани.
Unbound Merino – Хөнгөн, эдэлгээ сайтай, цэвэрлэхэд хялбар аяллын хувцас хийдэг компани.