Чили бол дэлхийн хамгийн нарийхан, урт орнуудын нэг юм. Хамгийн өргөн хэсэгтээ гэхэд ердөө 241 км байдаг! Patagonia цасаар бүрхэгдсэн галт уулс, Аандын нурууны оргил, дэлхийн жишигт нийцсэн дарсны үйлдвэрүүд, Easter Island Maoi-гийн баримал гээд Чилид олон гайхалтай зүйлсийг үзэх боломжтой.
Чили бол Өмнөд Америкт 6 сар амьдрахдаа хийсэн гайхалтай аяллуудын минь нэг төдийгүй энэ улсын талаар бодох бүрд сэтгэл догдолдог юм. Чили бол Өмнөд Америкийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг (Нийслэл хот Santiago нь тус бүс нутгийнхаа технологийн төв газар юм) бөгөөд хүмүүс нь гайхалтай, хоол нь амттай, байгалийн үзэсгэлэнг нь биширмээр.
Хийх зүйл ихтэй төдийгүй мөнгө санхүүд ээлтэй тул энэ орныг би заавал үзэх ёстой газар гэж хэлнэ.
Энэхүү гарын авлага нь Чилид хийх аяллаа үр дүнтэй байлгахын тулд төлөвлөгөө гарган, мөнгөө хэмнэхэд тань туслах болно.
Чили улсад заавал үзэх 5 зүйл
Чилийн эргээс 3540 километрийн зайд оршдог Easter Island нь дэлхий дээрх хамгийн тусгаарлагдмал арал бөгөөд МЭ 300 оноос хойш энд амьдарч ирсэн Rapa Nui Polynesian-ийн уугуул иргэдийн өлгий нутаг юм. 1722 оны Улаан өндөгний баяр тохиосон Ням гарагт судлаач Jacob Roggeveen уг арлыг “нээсэн” учраас ийнхүү “Ийстер” (Улаан өндөгний баяр) хэмээн нэрлэгджээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн энэ газар нь Моаи баримлуудаараа алдартай (том том нүүрний баримлууд арал даяар байдаг). Гэсэн хэдий ч энэ аралд олон мянган археологийн дурсгалт газрууд, галт уулын тогоо, хонгилууд, онгон дагшин далайн эрэг, усанд шумбах газрууд бий. Энэхүү ид шидийн газрыг судлахын тулд Моаи археологийн дурсгалт газрын ойр буй гайхалтай хадан цохио, унтарсан галт уул, үзэмж төгөлдөр Rano Kau гал уулын тогоо, Ana O Keke агуй зэргээр алхаарай. Түүнчлэн Anakena-гийн цагаан шүрэн өнгөт, үзэсгэлэнт далайн эрэг болон гялалзсан оюу ногоон устай, бяцхан буланд нуугдаж буй Ovahe хэмээх нууцлаг ягаан элсэн эрэг дээр нарлаж болох юм.
2. Torres del Paine National Park
Andes-ын нуруу, Patagonian-ийн хээр талын хооронд орших Torres del Paine National Park нь цаст уулс, мөсөн голуудтай бөгөөд гайхалтай сайхан явган аяллыг хүсэж байвал энд л ирээрэй. Мөн энэ хүрээлэнд манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй, зэлүүд бүс нутаг оршдог юм. Төв, Монзино, Дагостини гэсэн цавчим өндөр хадат оргилууд, мөсөөр хучигдсан өргөн тал (the Southern Ice Fields) зэрэг нүд алдам байгалийн үзэсгэлэн энд олон. Үзэсгэлэнт Сармиенто нуурыг тойрон аялж, Амарга нуур, асар сүрлэг Салто Гранде хүрхрээг үзэхээ мартуузай. Гадаадын иргэн энэ хүрээлэнд гурав хүртэл хоног байх эрх нь нэг хүний 29,250 CLP юм.
3. Сантьяго нийслэлтэй танилцаарай
Чилийн нийслэл Santiago нь цэцэглэн хөгжиж буй хот бөгөөд тус улсын нийт хүн амын гуравны нэг нь энд амьдардаг. 1541 онд байгуулагдсан энэхүү эрч хүч цалгисан хотод ирснээр та гоёмсог үзэмжийг нь тольдож, гайхалтай ресторан, нутгийн амттай дарстай танилцаж, мэдээж хэрэг Баррио Беллавистагийн шөнийг үзэх юм. Энэ хотод заавал үзэх ёстой хэдэн газар байдгаас дурдвал Парке Метрополитано (томоохон цэцэрлэгт хүрээлэн) болон Серро Сан Кристобал юм. Энд ирснээр та хотын сайхан газруудыг харан, явган алхах боломжтой. Мөн Хүний эрхийн музейгээр заавал ороорой. Энд ирснээр Пиночетийн хүчирхийллийн дэглэмийн үед мянга мянган хүн “замхран алга болсон” аймшигт түүхтэй та танилцах болно.
4. Сан Педро де Атакамагийн гайхамшгийг заавал үз
Чилийн хойд хэсэгт орших Норте Чикод байрладаг Сан Педро де Атакама (San Pedro de Atacama) бол Чилийн аялал жуулчлалын хамгийн алдартай “халуун” хотуудын нэг юм. Шууд утгаараа шүү. 2400 метрийн (7874 фут) өндөрт орших эртний энэ хот нь дэлхийн хамгийн хуурай цөлд оршдог (1870 оноос хойш бороо ороогүй). Гэхдээ эндэхийн хадны тогтоц нь гайхалтай бөгөөд оддыг харах хамгийн тохиромжтой газар болдог. Шавар байшин, шороон гудамжтай энэ жижигхэн хот ердөө 5000 оршин суугчтай ч олон жуулчид үзэсгэлэнт тал хээр, Атакама давс олборлох газар, Чакса, Миник нууруудыг үзэхээр ирдэг. Хотоос унадаг дугуйгаар яваад очиж болох Сарны хөндий, Үхлийн хөндий хэмээх тэгш бус гадаргуутай, үзэсгэлэнт хөндийгөөр зочлохоо мартуузай.
5. Өнгөлөг Валпарайсо хотод зочлоорой
“Өмнөд Америкийн эрдэнийн чулуу” хэмээн алдаршсан, Сантьягогийн ойролцоох энэ өнгөлөг хот нь далайн цавчим эргийг дагуу байрладаг бөгөөд бохемиан хэв маягийн баар, Викторийн үеийн барилга ихтэй, дэлхийн графит зургийн төв юм. Энэ нутгийн тайван тогтуун уур амьсгал, гоо үзэсгэлэн нь яруу найрагч Пабло Нерудагаас эхлээд үе үеийн зохиолч, яруу найрагчдын урам зоригийг хөглөж иржээ. Энэ хот тэр чигтээ Insta-д зориулсан гэмээр өнгөлөг тод тул камераа заавал авчраарай. Ascensor Reina Victoria дүүжин төмөр замаар (funicular) Консепсион хороололд (Conception neighborhood) очиж, толгод дээр хотыг харан коктейль ууж, нутгийн далайн хоолыг амталж үзээрэй. Мөн ойролцоо нь дээд зэрэглэлийн Вина дель Мар болон супер сэрүүн Ренака хэмээх Чилийн урдаа барьдаг наран шарлагын газрууд байдаг тул ороод гараарай.
Чилид сонирхон турших бусад зүйлс
- Сан Маркос цогчин дуган
Эйфелийн цамхагийг бүтээсэн архитектор Александр Густав Эйфел нь Сан Маркос цогчин дуганыг (San Marcos Cathedral) зохион бүтээжээ. Энэхүү сүм нь Чилийн хамгийн хойд хэсэгт орших Арика хотод байрладаг бөгөөд 1868 онд газар хөдлөлтөөр сүйрсэн анхны сүмийн оронд баригдсан. Шинэ сүм нь 1876 онд ашиглалтад орсон бөгөөд Өмнөд Америкт буй Готик архитектурын ховор жишээ юм. - Дарсны аялалд яваарай
Чилийн усан үзэм тариалагчид 400 гаруй жилийн турш дэлхийн жишигт нийцсэн дарс үйлдвэрлэж байна. Чилийн хаа сайгүй усан үзмийн талбай байдаг тул олон тооны аялал хийх боломжтой. Миний бодлоор хамгийн сайн дарсны үйлдвэрүүд Сантьягогийн ойролцоо байрладаг. Дундаж аялалд ойролцоогоор 15,000-20,000 CLP төлнө гэж төлөвлөж болох юм. Харин арай нэр хүндтэй усан үзмийн талбайд хийх сонирхолтой аялал нэг хүний 55,000-100,000 CLP-ээс дээшээ байх болно. Ихэнх аялал 4-8 цаг үргэлжилдэг. - Галт ууланд алхах
Аргентины хилийн ойролцоо, Аандын нуруунд дэлхийн хамгийн өндөр, идэвхтэй галт уул болох Ожос дель Саладо оршдог юм. Үүнээс гадна Вилларика, Осорно гэдэг хоёр алдартай галт уул ч Чилид бий (хоёулаа нуурын ойролцоо байрладаг). Тус улсын ихэнх галт уулын дэргэд халуун рашаантай амралтууд байдаг. Туршлагатай явган аялагчид энэ хавиар бие даан аялах боломжтой. Харин бүлэгт хамрагдан аялахыг хүсвэл олон төрлийн хөтөчтэй аялал байдаг. Олон өдрийн аялал нь ихэнхдээ 10-14 хоног үргэлжилдэг бөгөөд хэдэн сая песогоор үнэлэгдэнэ. Харин Кажон де Майпо, Осорно галт уул, Термас Колина, Петрохуэ хүрхрээ зэрэг рүү хийх өдрийн аялал нь нэг хүний 32,000-56,000 CLP орчим болдог. - Валле де ла Муертэ
“Үхлийн хөндий” (Valle de la Muerte) гэж нэрлэгддэг энэ газарт явган аялах, морь унах, тэр ч байтугай элсэн дээр гулгахад гайхалтай байдаг. Чилийн зүүн хойд хэсэгт, Сан Педро де Атакамагийн ойролцоо байх Ангарагийн чулуурхаг хөрсийг санагдуулам чулуурхаг газраар сартай шөнө хийдэг хөтөчтэй аялал байдаг. Та элсэнд гулгах хавтанг 8300 CLP-ээр түрээслэх юм уу, нэг хүний 23,000 CLP (унааны зардал багтсан) төлөөд элсэн дээр гулгах аялалд хамрагдах боломжтой. Тэр байтугай энд шөнөөр замыг гэрэлтүүлээд (бас DJ-тэй!) элсэн дээр гулгах аялал ч байдаг. Хэрэв та ууланд алхахыг хүсвэл Корнизагийн замыг туршиж үзээрэй. 7 цаг үргэлжилдэг энэ аялал нь харьцангуй хялбар тул гэр бүлээрээ явсан ч болдог. - Валле де ла Луна
Мөн Сан Педро де Атакамагийн ойролцоо байрлах Сарны хөндийн (Valle de la Luna) чулуутай элсэрхэг гадарга нь олон мянган жилийн салхи, үерийн улмаас ер бусын бүтэцтэй болж, яг л өөр ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Чулуулгийн тогтоц нь сарны гадаргууг санагдуулам тул энэ цэцэрлэгт хүрээлэнг ийн нэрлэжээ. Явган аялал хийхэд тун тохиромжтой. Гэхдээ нэлээн халуун болдог тул ус авчрахаа битгий мартаарай. Энд нэг хүний 26,000 CLP-ээр аялах боломжтой. - Эль Татио халуун оргилуур
Эдгээр халуун оргилуур нь (El Tatio gyeser) нь жуулчдын очих дуртай газар бөгөөд дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас дахь хамгийн том халуун оргилууртай хэсэг юм (Дэлхийд томоороо гуравд ордог). Тиймээс очиж үзэх нь зүйтэй. Бүх аялал жуулчлалын компаниуд ургах нарыг үзүүлэх гэсэндээ таныг үүрийн 4 цагт босгон, Сан Педро де Атакамагаас 90 минутын зайд орших энэ газарт авчрах болно. Та эрт боссондоо хэзээ ч харамсахгүй! Энэ хавьд халуун устай цөөрөм, усан сангууд байдаг тул усны хувцсаа авч ирээрэй. Зохион байгуулалттай аялалд хамрагдахад 33,000-38,000 CLP орчим байдаг. Хэрэв та хувиараа аялахыг хүсвэл үнэ нь 15,000 CLP бөгөөд харин унаа түрээслэх хэрэгтэй болно. - Museo de Bellas Artes
Энэ бол Чилийн урдаа барьдаг музейнуудын нэг бөгөөд Сантьяго хотод байрладаг, дүрслэх урлаг, баримал, гэрэл зураг, уран зураг, дижитал зэрэг өргөн хүрээний бүтээлүүдийг дэлгэн үзүүлдэг музей юм. 1910 онд Бозар хэв загвараар (Beaux-arts style) барьсан, Франц маягийн энэ барилга нь хэдий жижиг ч гэсэн доторх үзмэрээсээ ялгаагүй жуулчдыг татдаг билээ. Үнэ төлбөргүй. - Вина-дель Мар хотын баячуудын дунд холилдох
Валпарайсогийн дэргэд орших энэ хот нь Чилийн Майами гэж нэрлэгддэг бөгөөд казино, дээд зэрэглэлийн кафе, далайн эргийн ресторанууд нэг дор төвлөрсөн газар юм. Танд үрэх мөнгө байхгүй байсан ч, өдрийн цагаар далайн эргээр зугаалангаа хүмүүсийг ажиглахад тун сонирхолтой байх болно. Энд дэлхийд нэр хүндтэй ресроранууд үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв танд үрэх мөнгө хангалттай байвал энд нэг хонохыг зөвлөе. - Пабло Нерудагийн гэрээр аялах
Дэлхийн хамгийн алдартай яруу найрагчдын нэг болох Пабло Нэруда энэ улсад амьдардаг байв. Тэрээр Валпарайсо, Сантьяго, Исла Негра гээд гурван газар байшинтай байсан бөгөөд тэдгээрийгээ содон чамин эдлэл, уран зохиол, далайн эргийн архитектурын сонирхолтой зүйлсээр дүүргэжээ. Эдгээр байшинд орж үзэж болдог. Та түүний уран бүтээлийг сонирхдоггүй байсан ч хамаагүй Чилийн соёлын төлөөлөгч, 20-р зууны хамгийн алдартай яруу найрагчдын нэг гэдэг утгаар нь ороод гараарай. Байшинг үзэхийн тулд ойролцоогоор 7000 CLP төлөх бөгөөд олон орны хэл дээр байдаг аудио хөтөчтэй. - Олны хөлд дарагдаагүй газраар аялах
Хүмүүс нэг их мэддэггүй ч, очиж үзүүштэй сайхан газрууд гэвэл Фрутиллар (Чилийн өмнөд хэсэгт орших Лос Лагос муж дахь нуурын эрэг дээрх үзэсгэлэнт газар), Лонкимай (Чилийн өмнөд хэсгийн Арауканиа мужийн Маллеко дахь нуурын эрэг дээрх гоёмсог хот), Калета Тортел (Патагонийн зүрхэнд байдаг, далайн эргийн, модон гүүрэн гудамжтай хот), Койхайк (байгалийн гайхалтай адал явдлын төв болсон Хойд Патагониягийн хямд хот) юм. Хэрэв та олны хөлөөс хол явахыг хүсэж байвал хүмүүсийн нэг их мэддэггүй эдгээр хотод очоорой. - Дэлхийн хамгийн том усан санд сэлэх
Хэрэв та тансаг зүйлс хүсэж байвал дэлхийн хамгийн том усан сан байрладаг Кристал нуурыг (Crystal Lagoon) зориорой. Энэ усан сан нь Сантьягогийн баруун талд байдаг Алгарробо дахь Сан Альфонсо дель Мар амралтын газарт байдаг юм. Энэ усан сан нь олимпийн хорин усан сантай тэнцэхүйц бөгөөд үүнийг дүүргэхийн тулд 250 сая литр ус шаардагдана! Энд 1-2 өрөө байрыг нэг шөнө түрээслэхэд 70,000-120,000 CLP үнэтэй болно.
Чилийн аяллын зардал
Байр – Нийтийн дотуур байр ойролцоогоор 9,800 CLP, тусдаа өрөө нь 22,000-30,000 CLP орчим үнэтэй байдаг. Өглөөний цай, Wi-Fi нь ихэнхдээ үнэгүй байдаг бөгөөд ихэнх жижиг буудлууд хоол хийх хэсэгтэй байдаг тул та хүсвэл өөрөө хоолоо хийж болно.
Чилийн хямд буудлууд нь боломжийн үнэтэй бөгөөд өргөн нэг ортой юм уу, хоёр нарийн ортой өрөө нь нэг шөнийн 25,000-35,000 CLP байдаг (гэхдээ илүү давгүй буудалд бол 55,000 CLP төлнө гэж тооцоорой). Хямд буудалд өглөөний цай, Wi-Fi үнэгүй байдаг (Гэхдээ бүгд бас биш. Тиймээс наана нь заавал шалгаж асуугаарай).
Airbnb Томоохон хотуудад байр түрээслэх боломжтой бөгөөд хүнтэй хамтарч түрээсэлбэл нэг шөнийн 16,000 CLP-ээс доош байдаг. Хэрэв бүтэн байраар нь түрээсэлбэл хамгийн багадаа 45-60,000 CLP төлөх болно.
Майхантай аялж буй хүмүүсийн хувьд майханаа бариад буудаллах боломжтой. Ийм газар Чилид цөөн хэд байдаг бөгөөд нэг шөнийн 5,300-6,000 CLP төлнө. Харин илүү тухтай, далайн эрэгт ойр газар бол 35,000 CLP төлнө гэж тооцоорой.
Хоол хүнс – Далайн эргийг дагаж байрладаг учраас Чилийн хоолонд далайн гаралтай бүтээгдэхүүн их ордог. Сагамхай, хулд, сам хорхой, хавч зэрэг маш олон сонголт бий. Барбекю мах (лам гөрөөсний махтай байх нь бий) хойд хэсэгт онцгой алдартай. Чилийн бусад алдартай хоол гэвэл чурраско (стейктэй сэндвич), мачас а ла пармезана (цагаан дарс, пармезан бяслаг, цөцгийн тостой жигнэсэн хясаа), чупе (далайн амттай шөл), эмпанада зэргийг дурдаж болно.
Ерөнхийдөө Чилид хоолны үнэ боломжийн боловч тээврийн зардал өндөр байдаг тул урд зүг рүү явах тусам үнэ нэмэгддэг. Ихэнх газарт зууш, үндсэн хоол, уух юм багтсан үдийн хоолны цэс байдаг ба 7000 CLP-ийн үнэтэй байдаг бол дарс, зууш, стейк багтсан оройн хоол ойролцоогоор 35,000 CLP, түргэн хоолны багц (Макдоналдс гэж бодъё) ойролцоогоор 6,000 CLP үнэтэй байна.
Латте эсвэл капучино 2300 CLP үнэтэй бол дотоодын шар айраг 3000 CLP орчим, савласан ус 850 CLP байна.
Хэрэв та гал тогоотой байранд байгаад, өөрөө хоолоо хийж идвэл маш их мөнгө хэмнэх боломжтой. Дунджаар нэг долоо хоног хоол хийх зүйлсийг та 25,000 CLP-аар авах болно. Үүнд, гоймон, будаа, квиноа, хүнсний ногоо, мах зэрэг багтана.
Бараа бүтээгдэхүүнийг урд зүг рүү тээвэрлэн аваачдаг тул Патагония дахь хоол хүнсний үнэ бусад газраасаа 30% орчим өндөр байдаг.
Үүргэвчтэй аялах төсөв
Чили явж, аялахад хэр их мөнгө орох бол? Хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Жишээ нь, хэдий хэр хугацаанд, юу хийх, мөн хэрхэн аялах зэрэг.
Өдөрт 36,000 CLP төлөвлөвөл та нийтийн дотуур байранд байрлаж, өөрөө хоолоо хийн, нийтийн тээврээр зорчиж, хэд хэдэн музей үзэж болно. Хэрэв уухаар төлөвлөж байгаа бол 5,000-8,000 CLP нэмэх хэрэгтэй.
Өдөрт 105,000 CLP төлөвлөх нь дундаж зардал болох бөгөөд та хувийн Airbnb-д байрлаж, очих газар руугаа автобусаар явж, гудамжны хоолны газар юм уу, нутгийн хоолоор үйлчилдэг хямад ресторанд хооллон, хааяа таксидаж, бааранд орж юм уун, хөтөчтэй явган аялал, дарсны аялал гэх мэтэд төлбөр төлөн хамрагдаж болно.
Өдөрт 205,000 CLP-ийн “тансаг” төсөвтэй бол та зочид буудалд байрлан, түрээсийн машин хөлсөлж, хөтөчтэй аялалд хамрагдан, хүссэн хэмжээгээрээ ууж, сайхан ресторанд хооллох боломжтой. Энэ бол ердөө доод хязгаар нь. Дээшээ бол мэдээж хязгаар байхгүй!
Хэрхэн аялхаас хамаарч, өдөртөө хэр их мөнгө төсөвлөх хэрэгтэйг доор тоймлон үзүүлье. Мэдээж энэ бол дундаж тоо. Та зарим өдөр илүү ихийг, заримдаа багыг зарцуулна. Магадгүй өдөр бүр үүнээс багыг ч зарцуулж болох. Бид зөвхөн төсвөө гаргахад тань туслах зорилгоор ерөнхий ойлголт өгөхийг хүсэж байна. Үнийг CLP-аар тооцов.
Байр | Хоол | Тээвэр | Үзвэр | Өдрийн дундаж зардал | |
Үүргэвчтэй аялагч | 10,000 | 10,000 | 8,000 | 8,000 | 36,000 |
Энгийн дундаж | 50,000 | 25,000 | 15,000 | 15,000 | 105,000 |
Тансаг зэрэглэл | 75,000 | 70,000 | 20,000 | 40,000 | 205,000 |
Мөнгө хэмнэх аргууд
Чили бол аялж зугаалахад нэлээд үнэтэй газар юм. Ялангуяа олон газар очиж, олон зүйл хийх гэж байгаа бол их мөнгө орно. Газарзүйн байршлыг нь харсан ч унаа тээвэрт нэлээд мөнгө гаргахаар байгаа биз? Тиймээс мөнгө хэмнэх хэдэн зөвлөмж оруулъя.
- Супермаркетуудаас дарс худалдаж аваарай – Хачирхалтай нь усан үзмийн талбайд зарж буй дарс дэлгүүрийн дарснаас үнэтэй байдаг. Тиймээс та төсөв багатай байгаа бол дэлгүүрээс дарсаа аваарай.
- Автобусанд суу – Эндэхийн автобус хямд бөгөөд сайн сонголт болно. Шөнийн автобус нь тав тухтай, ихэвчлэн налдаг суудалтай тул байранд хоноглох мөнгө хэмнэх сайн талтай.
- Ла Вега захаас хүнсээ худалдаж аваарай – Сантьяго дахь Ла Вега захад танд хэрэгтэй бүх л зүйл байхын зэрэгцээ Чили, Перугийн бүх төрлийн хүнсний зүйлс байдаг. Ийшээ ирж хүнсний ногоо, жимс жимсгэнэ авч, жинхэнэ нутгийн амтыг мэдрээрэй.
- Орон нутгийн загасны зах дээр хоол идээрэй – Далайн эргийн хотуудын загасны зах дээр очиж хооллоход хамгийн тохиромжтой. Ресторанууд нь хэдий хямд санагдах ч, хоол нь амттай байх болно.
- Ойр орчмын дэлгүүрээс юм аваарай – Наймаачид төдийлөн үнээ буулгадаггүй тул, ярилцаж үзэх гээд хэрэггүй. Харин ч жуулчин гэдэг утгаар чинь үнээ нэмж болох юм. Тиймээс ойр хавийн дэлгүүрээр явж, барааныхаа үнийг бичиж тавьсан газар хайж олсон нь дээр. Эс бөгөөс та цаг хугацаа, эрч хүчээ дэмий үрэх болно.
- Микро эсвэл колективо таксинд суугаарай – Ердийн автобус нь хот хооронд явдаг бол, хот дотор “микро” явдаг. Түүнчлэн “Колективо” гэж тодорхой чиглэлд явдаг, дөрвөн хүн суулгаад хөдөлдөг таксиг хэлнэ. Маш хямд. Тиймээс та хаа нэг тийшээ явахыг хүсвэл хамгийн ойр дөхөж очих микро юм уу, колективо байгаа эсэхийг нутгийн хүмүүсээс асуугаарай.
- Айлд байх – Чилид гэртээ гадны хүн байлгадаг айл (couchsurfing) төдийлөн их биш ч, хайгаад үзэхэд илүүдэхгүй. Хэрэв ийм айл олбол буйдан дээр нь унтаад, үнэгүй байрлана гэсэн үг (Нутгийн хүнтэй найзалж, гэрт нь түр байрлаж болох юм). Хамгийн гол нь ийм айлыг эртхэн олох хэрэгтэй.
- Үнэгүй явган аялалд хамрагдах – Сантьяго хотод үнэгүй явган аялал хийх боломжтой. Тухайлбал Tours 4 Tips, Free Tour Santiago гэх мэт гайхалтай сонголтууд байдаг. Хэрэв та хотын түүх, архитектур, хүмүүстэй тухтай танилцахыг хүсвэл үнэ төлбөргүй аялалд хамрагдаарай. Хамгийн гол нь дуусаад гарын мөнгө өгөхөө мартуузай!
- Hola Hostel-д байрлах – Hola Hostels нь Өмнөд болон Төв Америкт түгээмэл тархсан, нийтийн дотуур байрны сүлжээ юм. Тэд гишүүддээ 10% хөнгөлөлт үзүүлэхээс гадна хоолонд орж, үйл ажиллагаанд хамрагдахад бас өнгөлөлт үзүүлдэг. Элсэлтийн хураамж гэж байхгүй бөгөөд эдгээр дотуур байрууд нь байгальд ээлтэй хэв маягийг эрхэмлэдэг юм.
- Аяллын бус үеэр яваарай – Оргил үеэс (11-р сараас 3-р сар) бусад үед үнэ хямд байдаг. Жишээ нь, хөл хөдөлгөөн багатай цагт Торрес дель Пэйн цэцэрлэгт хүрээлэнд ороход зуны ид ачаалалтай үеэс бараг 2 дахин бага үнэ төлдөг. Тиймээс хүн цөөтэй үед аялж, мөнгөө хэмнээрэй.
- Усны савтай явах – LifeStraw нь дотроо шүүлтүүртэй, дахин ашиглах боломжтой сав үйлдвэрлэдэг. Тиймээс нэг удаагийн хуванцар савтай ус авахгүй байж болно. Энэ сав нь нян, шимэгч хорхой, бичил хуванцар болон бусад бохирдуулагчийг устгадаг тул хотод мөн байгальд зугаалахдаа ч хэрэглэх боломжтой.
Зочид буудал
Чилийн томоохон төв газруудад зочид буудал олон байдаг. Хэрэв та мөнгө хэмнэх хэрэгтэй байгаа бол дараах буудлуудыгсанал болгож байна.
- Hostal Forestal (Santiago)
- Poker Hostel (Santiago)
- Hostal Po (Valparaiso)
- Hostal Rural (San Pedro de Atacama)
- Kona Tau (Easter Island)
- Chili Kiwi Lakefront (Pucon)
Унаа тээвэр
Нийтийн тээвэр – Нийтийн тээвэр нь ялангуяа Сантьяго хотод найдвартай, боломжийн үнэтэй байдаг. Сантьяго хотод нийтийн тээвэрт суухын тулд та дахин цэнэглэх боломжтой карт (BIP карт) худалдаж авах хэрэгтэй. Картын үнэ ойролцоогоор 1550 CLP, нэг удаа суухад дундажаар 700 CLP (цагаасаа хамаарч үнэ нь өөрчлөгддөг) байдаг. BIP картууд нь хамгийн багадаа 1,000 CLP үлдэгдэлтэй байх шаардлагатай ба та карт болон цэнэглэлтийн төлбөрөө бэлнээр төлөх ёстой. Учир нь Чили улсаас өөр улсын зээлийн картыг зөвшөөрөхгүй.
Автобус – Хот хооронд зорчиход автобус хамгийн хямд төдийгүй тухтай байдаг! Ихэнх суудал нь налдаг бөгөөд зарим нь бараг бүтэн налдаг. Дээрээс нь зарим шөнийн автобуснууд нь суудал хооронд хөшигтэй байдаг тул танд багахан хувийн орон зай ч олдоно. Хамгийн сайн компаниуд гэвэл Turbus, Pullman юм.
Сантьягогоос Антофагаста хүртэлх нэг хүний зардал багадаа 38,000 CLP байна. Сантьягогоос Валпарайсо хүртэлх автобусны тасалбар талдаа 6,000-10,000 CLP үнэтэй. Сантьягогоос Пунта Аренас хүртэл буюу Чилийг бараг хөндлөн гулд аялахад 40 цаг болдог бөгөөд үнэ нь 60,000 CLP байна (Гэхдээ энэ аялал маш урт тул Осорногоос автобусаа солих болдог. Тиймээс ниссэн нь зүгээр).
Галт тэрэг – Чилид галт тэргээр аялах нь бараг боломжгүй. Зөвхөн төвийн бүсэд л галт тэрэгний зам байдаг. Сантьяго хотоос Курико, Талка, Линарес, Чиллан хотууд руу л агааржуулагчтай галт тэргээр явах боломжтой. Та trencentral.cl хаягаар зочилж боломжит маршрут, үнийг хараарай.
Нисэх – Нисэх зардал гайхалтай хямд. Сантьягогоос Антофагаста хүрэх хоёр цагийн нислэг ойролцоогоор 28,000-35,000 CLP үнэтэй. Түүнчлэн Сантьягогоос дараах чиглэлүүд рүү хийх аяллын үнэ ижил байдаг.
Ла Серена (нэг цаг)
Калама (хоёр цаг)
Арика (хоёр цаг дөчин таван минут)
Концепци (нэг цаг)
Пуэрто Монт (нэг цаг дөчин минут)
Сантьяго, Пуэрто Наталес хоёрын хооронд нисэхийн тулд ойролцоогоор 40,000-55,000 CLP төлөх ёстой. Сантьягогоос алслагдсан Ийстер арал хүртэлх хоёр талын нислэг нь ойролцоогоор 240,000-300,000 CLP үнэтэй байдаг.
Машин түрээслэх – Чилид машин барих нь Өмнөд Америкийн бусад орнуудад жолоо барихаас хамаагүй хялбар бас аюулгүй байдаг. Учир нь Чилийн зам нь сайн. Сантьяго хотод машин жолоодоход бага зэрэг хэцүү ч, хотоос гарсны дараа хамаагүй амар болдог. Нэг долоо хоногийн түрээс нь ойролцоогоор 178,000 CLP байдаг бөгөөд 21-ээс дээш настай хүн жолоо барих эрхтэй.
Машин түрээслэх хамгийн сайн үнийг Discover Cars-аас аваарай.
Унаанд дайгдах – Чилид гадаадын иргэд машинд дайгдахад ерөнхийдөө аюулгүй байдаг. Хөдөө орон нутгийн зам хөдөлгөөн багатай тул машин олдох магадлал бага гэдгийг санаарай. Бас дайгдах унаа олдохгүй байж магад тул майхангаа авч явна уу. Чилид майхан барьж буудаллахад харьцангуй хялбар байдаг. Та шатахуун түгээх станц эсвэл цагдаагийн газрын ард майхнаа барьж болох эсэхийг асууж болно. Нэмэлт мэдээллийг Hitchwiki-ээс авна уу.
Хэзээ явбал тохиромжтой вэ?
Чили нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байдаг тул зун нь 12, 1, 2-р сард болдог. Газар нутгийн байдал нь элсэн цөл, цас мөсөн давхарга гээд олон төрөл байдаг учраас цаг агаарын хувьд эрс тэс байдаг. Жишээ нь, Сантьяго хотод өдрийн дээд хэм 28-30°C (82-86°F) байхад Торрес дель Пэйнд 13°C (55°F) байна.
Өвөл бол Чилид аялахад тийм ч таатай үе биш. Учир нь агаарын хэм эрс хүйтэрч, зарим бүс нутагт ихэвчлэн цас ордог. Өдрийн хамгийн бага температур -15-д хүрч, өдрийн цагаар гадаа байхад таатай бус болдог. Тиймээс жуулчид өвөл төдийлөн очдоггүй ююм.
Аз болоход аялал жуулчлалын бус улиралд Чилид зочлоход тун таатай байдаг бөгөөд хөл хөдөлгөөн ч бага, мөнгө хэмнэх боломж ч нэмэгддэг. Хэрэв та Торрес дель Пэйнд очихоор төлөвлөж байгаа бол энэ үеэр ирээрэй. Явган аялагчид цөөн байхын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнд орох тасалбар нь хамаагүй хямд байх болно. 11 болон 3-р саруудад ихэнхдээ жуулчид олноор ирдэг тул 10-р сарын сүүл юм уу, 4-р сарын эхээр ирээрэй. Энэ үед цаг агаар онцгүй байх хэдий ч, олны хөлөөс дайжих гэсэн аялагчдад тун тохиромжтой байх болно.
Аюулгүйн зөвлөмжүүд
Чили нь аюулгүй газар гэж тооцогддог бөгөөд ерөнхийдөө тивийнхээ хамгийн аюулгүй орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч, тодорхой хэмжээнд гэмт хэрэг гардаг тул та урьдилан сэргийлэх мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энд жижиг хулгай, цүнх булаах гэмт хэрэг хамгийн түгээмэл. Тиймээс эд зүйлсээ найдвартай газар хадгалж явна уу. Ялангуяа автобусанд суух болон жуулчид ихтэй газраар явахдаа сонор сэрэмжтэй байгаарай.
Автобусанд (ялангуяа шөнийн автобусанд) суухдаа тээшинд өгөх цүнхэндээ үнэт зүйлээ битгий хийгээрэй. Нэмж хэлэхэд үнэ цэнтэй эд зүйлсээ халаасны хулгайчид алдахааргүй, найдвартай газраа хийнэ үү.
Хэрэв та шөнийн Сантьягог таашаан, гадуур ууж байгаа бол уух зүйлээ байнга анхаарч байгаарай. Ямар нэгэн зүйл холих вий.
Аяллалтай холбоотой нийтлэг луйврын талаар эндээс уншина уу.
Чилид газар хөдлөлт элбэг тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Байрлаж байгаа газрынхаа аюулгүйн гарц болон томоохон хэмжээний нүүлгэн шилжүүлэлтийн үед цугларах газрын байршлыг мэдэж аваарай. Мөн та утсандаа газрын зураг суулгасан бол хамгийн ойрын эмнэлэг, нисэх онгоцны буудлын байршлыг аюулгүйн үүднээс хадгалж аваарай.
Хэрэв танд яаралтай тусламж хэрэг болбол 113 руу залгана уу.
Маш сайн аяллын даатгал худалдаж аваарай хэмээн би чин сэтгэлээсээ зөвлөх байна. Аялал жуулчлалын даатгал нь таныг өвчин, гэмтэл бэртэл, хулгай зэрэг эрсдлээс хамгаалдаг юм. Энэхүү даатгалыг ашиглах шаардлага олон удаа гарч байсан тул би даатгуулж байж л аялалд гардаг.
Захиалгын сайтууд
Аялалд маань хамгийн их хэрэг болдог компаниудыг доор жагсаалаа. Эдгээр компани нь маш сайн үнэ санал болгохын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ерөнхийдөө бусдаасаа илүү байдаг юм.
Skyscanner – Skyscanner бол миний хамгийн дуртай нислэгийн хайлтын систем юм. Тэд том хайлтын сайтуудын орхигдуулаад байдаг жижиг вэбсайтууд болон агаарын тээврийн компаниудыг олж өгдөг.
Hostelworld – Энэ бол жижиг буудал, байр зэргийг хамгийн өргөн хүрээнд хайж олоход тусалдаг шилдэг сайт юм.
Agoda – энэ бол Hostelworld-аас гадна Азийн зочид буудлын хамгийн шилдэг сайт юм.
Booking.com – Байнга хамгийн хямд үнийг санал болгодог сайт. Хямд төсөр өртөгтэй байр сууцыг, хамгийн өргөн сонголттой санал болгодог. Миний мэдэх хамгийн хямд газар.
Intrepid Travel – Хэрэв та бүлгээрээ аялах гэж байгаа бол Intrepid-ийг сонгоорой. Эднийх нутгийн операторуудыг ашигладаг ба жижиг бүлгийн маш сайн аяллуудыг санал болгож, байгаль орчинд ул мөр бага үлдээдгээрээ алдартай.
Миний вэб сайтыг хадгараад аваарай – Би өөрийн амьдарч байсан 25 улсаа эхний ээлжинд оруулаад зогсохгүй цаашид очсон газар бүрийнхээ талаар дэлгэрэнгүй судалгаа хийж оруулах болно.
WorldNomads – Энэ бол дижитал нүүдэлчид болон урт хугацааны аялагчдад тохирсон, хямд төсөр төлөвлөгөөг санал болгодог даатгал юм. Тэд сарын хямд төлөвлөгөө, гайхалтай үйлчилгээ, ашиглахад хялбар нэхэмжлэлийн процессыг санал болгодог тул аялалд яваа хүмүүст хамгийн тохиромжтой.
Аялалдаа юу авч явбал зүгээр вэ?
Хувцас
- 1 жинсэн өмд (хүнд, удаан хатдаг. Гэхдээ би энэ өмдөндөө дуртай. Өөр хувилбар бол khaki өмд)
- 1 шоорт
- 1 усны хувцас
- 5 футболк (FreshCleanTees бол миний дуртай брэнд)
- 1 урт ханцуйтай футболк
- 1 хос углааш
- 1 пүүз
- 6 хос оймс (Тал нь яваандаа алга болчихдог юм)
- 5 хос дотуур өмд
- 1 шүдний сойз
- 1 шүдний оо
- 1 сахлын хутга
- 1 багц шүдний утас
- 1 жижиг шил шампунь
- 1 жижиг шил шүршүүрийн шингэн
- 1 алчуур
- Үнэр дарагч
Жижиг эмнэлгийн хэрэгсэл (аюулгүй байдал чухал!!!)
- Шархны боолт, наалт
- Гидрокортизон тос
- Бактерийн эсрэг тос
- Чихний бөглөө
- Тайлинол (өвчин намдааж, үрэвсэл дардаг эм)
- Гар ариутгагч (нян бактери = өвчин = сүйдсэн амралт)
Бусад жижиг зүйлс
- Түгжээтэй цоож (аюулгүй байдал чухал)
- Амыг нь түгжиж болдог гялгар уут (юм гоожих, асгарахаас хамгаална)
- Гялгар уут (угаах зүйлсээ хийхэд тохиромжтой)
- Бүх улсад ашиглах боломжтой цэнэглэгч (хүн бүр зайлшгүй авах хэрэгтэй)
- Цэвэршүүлэгчтэй усны сав
Эмэгтэй хүн аялалдаа авч явах зүйлсийн жагсаалт
Би эмэгтэй хүн биш болохоор юу өмсдөгийг нь мэдэхгүй ч ганцаарчилсан аялалын их багш Кристин Аддис дээр дурдсан үндсэн зүйлс дээр нэмээд доорх жагсаалтыг гаргасан байсан.
Хувцас
- 1 усны хувцас
- 1 саронг
- 1 сунадаг жинсэн өмд (угааж, хатаахад хялбар)
- 1 бариу сунадаг материалтай өмд (хүйтэнд жинсэн өмднийхөө доогуур өмсөж, бусад үед даашинз, цамцтай өмсөж болохоор)
- 2-3 урт ханцуйтай цамц
- 2-3 футболк
- 3-4 ширхэг нарийн мөртэй майк
- 1 хөнгөн, энгэр нь задгай ноосон цамц
- Ариун цэврийн хэрэгсэл (тухайн газраасаа худалдаж авч болох ч, дийлэнх хүн өөрийнхөө дуртай хэрэглэлийг авч явдаг)
- 1 хуурай шампунь, тальк нунтаг (дараагийн угаалга хүртэл үсийг тослоггүй байлгана)
- 1 сам
- Будаг шунх (өөрийнхөө хэрэглэдгийг авч яваарай)
- Үсний боолт, хавчаар