I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Өмнөд Солонгос улсад аялах хөтөч

Өмнөд Солонгос (100,363 км2) хэдийгээр газар нутаг багатай, Хөвсгөл аймагтай (100,580 км2) ойролцоо хэмжээтэй боловч үзэж харах, хийж турших зүйл олонтой. Өвөрмөц соёл, гайхалтай түүх, байгалийн үзэсгэлэнт газар, амттай хоол, хөл хөдөлгөөнтэй шөнийн амьдралаараа гайхагддаг. Өмнөд Солонгос нь алдартай том хотууд, хөндөгдөөгүй онгон зэрлэг байгальтай, аялагч бүрд санал болгох зүйл заавал байдгаараа гайхалтай орон юм.

Google map

Нийслэл хот Сөүл нь дэлхийн дөрөв дэх том нийслэл (тус улсын 50 сая хүн амын талаас илүү хувь нь энд төвлөрдөг) бөгөөд хоол, үдэшлэгт дурлагсдад зориулагдсан амьд хот юм. Энэ улсад том хотуудаас гадна 22 үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чэжү арал, Хойд Солонгостой хиллэдэг алдарт Цэрэггүй бүс (DMZ) зэрэг үзэж харах зүйл олон бий.

Тус улс нь гудамжны хямдхан хоол, бибимбап, кимчи, солонгос шарсан мах зэргээрээ алдартай бөгөөд амттай хоолонд дуртай хүмүүсийн диваажин гэж болохоор.

Энэ бол дэлхийн хамгийн сайхан улсуудын нэг бөгөөд миний бодлоор үргэлж аялагчдын анхаарлыг татаж байдаг газар юм. Азийн бусад орнуудад ийм олон жуулчин, ингэж их цугласан байхыг та бараг л харахгүй байх.

Өмнөд Солонгост заавал үзэх 5 зүйл

1. Нийслэл Сөүлтэй танилцаарай Google map

Солонгосын нийслэлд бүх зүйл бий. Энэ бол Гангнам гэх мэт гоёмсог, орчин үеийн хорооллууд, дэлхийн зургаа дахь өндөр барилга болох Lotte World Tower гэх мэт үзэмжтэй газруудтай, хөл хөдөлгөөн ихтэй том хот (metropolis), дэлхийн технологийн төв юм.

Үүний зэрэгцээ асар баялаг түүхтэй бөгөөд үүнийг нь нотлон харуулах олон музей, ордон, сүм хийд, түүний дотор ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн таван газар байдаг.

Сөүл хотод гудамжны хоолны газар, тоо томшгүй олон загварлаг ресторан байдаг бөгөөд шөнийн амьдралыг нь сожүгүйгээр (солонгос архи) төсөөлөх аргагүй. Та энд хэдэн долоо хоногийг амархан өнгөрөөж болох бөгөөд хэзээ ч уйдахгүй.

2.DMZ-ээр аялах Google map

Цэрэггүй бүс (Demilitarized zone – DMZ) нь Хойд болон Өмнөд Солонгосыг тусгаарладаг зурвас бөгөөд дэлхийн хамгийн их цэрэгжүүлсэн хил юм. Та энэхүү Хамтарсан Аюулгүй Байдлын Бүсд (Joint Security Area) зөвхөн албан ёсны аялалд хамрагдан, хөтөчтэй зочлох боломжтой. Энд ирснээр та хоёр улсын хоорондох мөргөлдөөний талаар суралцан, биеэр мэдрэх гайхалтай боломжтой болох юм (Дайн 1950 онд эхэлсэн бөгөөд 1953 онд албан байдлаар дууссан). Энд зохиогддог аяллын үеэр та Хойд Солонгосын газар нутаг дээр хөлөө хүргэж, Хойд Солонгос цэргүүдийг хилээр нууцаар гаргахын тулд ухсан тунеллэр зочилж, Эрх чөлөөний гүүрийг үзэж, хилийн ажиглалтын төвөөс Хойд Солонгосыг харах боломжтой. Аялал нь 80,000 вонноос (213,000 mnt) эхэлдэг.

3. Чэжү аралд зочлох Google map

Жэжү бол галт уултай арал бөгөөд хамгийн алдартай амралтын газар юм. Сөүлээс өдөр бүр онгоц нисдэг бөгөөд нэг цар орчим нисэж хүрнэ. Үнэ хямд. “Солонгосын Хавай” гэгддэг энэ арал нь байгалийн диваажин бөгөөд Солонгосын хамгийн өндөр уул (Халласан галт уул), үзэсгэлэнт наран шарлагын газар, явган хүний ​​замтай.

Та энд үлгэр домгийн мэт Чежү чулуун цэцэрлэгт хүрээлэнд (Jeju Stone Park) зочлон, Ёмижи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээр (Yeomiji Botanical Garden) зугаалж, далайд шумбан нялцгай биет, далайн замаг гэх мэт зүйлсийг гаргаж ирдэг Хэнё (“Далайн эмэгтэй” гэсэн утгатай үг) шумбагчдыг үзэж болно. Та Чежү Хэнё музейд зочилж, олон зууны тэртээгээс үүссэн энэхүү соёлын талаар илүү ихийг мэдэх боломжтой.

4. Караокед дуулах

Нурэбан (Дууны өрөө гэсэн утгатай) гэгддэг энэ соёл Солонгос хүмүүсийн амьдралын нэг хэсэг бөгөөд энд айлчлахдаа ядаж нэг удаа заавал мэдрэх хэрэгтэй зүйл юм. Караоке машиныг анх Японд зохион бүтээж байсан бол солонгосчууд үүнийг зугаа цэнгэлийн соёлдоо шингээж, өөрийн болгожээ. Энд та хэдэн найзтайгаа нийлэн, тусдаа өрөө түрээслэж (барууны орнууд шиг ихэвчлэн нийтийн бааранд дуулахын оронд) болно. Үнэ нь цагаар бодогддог бөгөөд хүний ​​тоо, аль өдөр, хэдэн цагт орсон, хөнгөн зууш, ундаа захиалсан эсэхээс шалтгаалж үнэ нь эрс хэлбэлздэг. Караокены дундаж үнэ 5000-15000 воны (13,000-40,000₮) хооронд хэлбэлздэг.

5. Ханук тосгонд очиж, цаг хугацааг ухраа Google map

Солонгосын эдгээр түүхэн тосгонуудад Ханук буюу уламжлалт солонгос байшингууд байдаг бөгөөд зарим нь 14-р зуунаас улбаатай байдаг. Улс даяар ийм тосгон олон байдаг ч хамгийн алдартай нь 800 гаруй Ханук бүхий Чонжү, ЮНЕСКО-гийн нэрэмжит Кёнжү Яндонг, Сөүл хотод орших Букчон юм. Эдгээр нь түүхэн байшингууд бөгөөд ихэнх нь хувийн сууц хэвээр ашиглагдаж байгаа хэдий ч бусад олон тосгонд кафе, ресторан, цайны газар, галерей, музей болгосон байдаг.

Өмнөд Солонгост үзэж, хийх бусад зүйлс

Changdeokgung ордонд зочлох Google map

Чусон гүрний таван том ордны нэг болох Сөүл хотод байрладаг, 15-р зууны энэхүү цогцолбор нь Бугаксан уулын бэлд байгаль орчинтойгоо зохицон баригдсан юм. Чандокгун буюу “Дээд буяны ордон” нь гурван зууны турш 13 хааны үндсэн ордон байв. Энэхүү цогцолбор нь 110 акр талбайг эзэлдэг бөгөөд үүний 60 хувийг зуу гаруй төрлийн мод, цэцэг болон бусад ургамал ургадаг үзэсгэлэнт Хүвон цэцэрлэгт хүрээлэн (Эндэхийн зарим мод 300 гаруй жилийн настай) эзэлдэг. Сэргээн засварласан барилгууд, хаалгануудаар явж үзэж болдог бөгөөд ордны сэнтийн өрөө болох Инжонжон танхимд орж болно. Цогцолборт орох үнэ 3000 вон (8000₮), Хүвон цэцэрлэг орох нэмэлт төлбөр 5000 вон (12,000₮) юм. Англи хэл дээр хөтөчтэй аялалууд байдаг.

Пусан хоттой танилцах Google map

Солонгосын хоёр дахь том хот нь KTX хурдны галт тэргээр Сөүлээс хоёрхон цагийн зайд оршдог. Далайн эргийн хот болох Пусан нь үзэсгэлэнт элсэн эрэгтэй Хэүндэ, нар жаргах төрхөөрөө алдартай Куан-алли гэх мэт гайхалтай наран шарлагын газруудтай.

Камчоны соёлын тосгон (Gamchon cultural village) нь уулын бэл өгсөн баригдсан, өнгөлөг байшингуудаас бүтсэн хороолол юм. Энэ тосгоныг мөн “ханан гудам” (wall street) гэж нэрлэдэг бөгөөд өнгөлөг зургаар барилгуудын ханыг бүрхсэн байдаг нь үнэхээр нүд хужирлам. Энд дэлгүүр, кафе, зоогийн газруудаар хэдэн цаг ч хэссэн уйдахгүй, сайхан газар юм.

Солонгосын үндэсний музейг үзэх Google map

Хэрэв та Солонгост музей үзэхийг хүсэж байвал би энэ газрыг санал болгох байна. Энэ музей Сөүл хотод байдаг бөгөөд балар эртний үеэс орчин үеийн эхэн үе хүртэлх Солонгосын соёл, урлаг, түүхийн бүхий л талыг хамруулан үзүүлдэг. Мөн Солонгосын соёл, түүхэнд онцгой ач холбогдол, үнэ цэнтэй гэж үзэгддэг үзмэр, эд өлгийн зүйлс олон байдаг. Хамгийн чухал гэсэн зарим зүйлээс дурдвал, VI зууны үеийн бичээстэй Бухансан хөшөө, VI зууны алтадмал хүрэл Буддагийн хөшөө; мөн 14-р зуунд хамаарах Кёнчон хийдийн 10 давхар суварга зэрэг юм. Үндэстний ургамал, усан сан, уламжлалт баримал, дэнлүү зэргийг багтаасан цэцэрлэгүүдээр саатан зочлоорой. Гол үзэсгэлэнгийн танхим болон хүүхдийн музей үнэ төлбөргүй байдаг.

Хоолны аялал хийх

Хоолонд дуртай хүний ​​хувьд би хоол хүнсээр нь дамжуулж, тухайн орны соёлыг таньж мэдэх дуртай. Солонгост идэж туршиж дуусахын аргагүй олон төрлийн, гайхалтай хоол байдаг. Түүнчлэн гудамжинд зардаг хоолыг нь идэх гэсэн хүний хөл тасардаггүй юм. Үнэхээр амттай. Туршлагатай хөтөчтэй хамт хоолны аялал хийвэл Солонгос хоолны талаар илүү гүнзгий ойлголттой болох юм. O’ngo Food нь Сөүл, Пусан, Xонжү, Чежү хотуудад төрөл бүрийн аяллыг санал болгодог бөгөөд үнэ нь нэг хүний ​​70,000 воноос (186,000₮) эхэлдэг.

Кёнбукгүнь ордонд зочлох Google map

Анх 14-р зуунд Чусон гүрний хаадад зориулан барьсан Сөүл дэх энэхүү ордон нь галд шатаж, олон зуун жилийн турш хаягдаж байжээ. Энэ ордон нь хоёр зуун жилийн турш Чусоны засгийн газрын гол газар байжээ. 19-р зуунаас хойш (одоо ч гэсэн) цогцолборыг сэргээн засварлах ажил хийгдсээр байгаа. Сөүлийн таван хааны ордны дотроос хамгийн гайхалтай нь гэж тооцогддог бөгөөд Бугак уулын арын дэвсгэр дээр байрлуулсан том хаалга, задгай хашаа, терракотта дээвэртэй барилгуудыг үзэж сонирхоорой. Цогцолбороор зугаалахаас гадна ордны эд хөгжлийн үеийг санагдуулам тухайн үеийн олон захиргааны танхим, орон сууцны байгууламжуудаар орж болно. Та Даваа гарагаас бусад өдөр харуул солих ёслолыг үзэх боломжтой. Мөн тус цогцолборт Үндэстний ордны музей, Үндэстний ардын музей байрладаг. Үнэ 3000 вон (8000₮).

Интоорын цэцэгсийг (сакура) харах Google map

Интоорын цэцэг нь ихэвчлэн Японтой холбоотой байдаг ч энэ цэцэгстэй холбоотой баярууд Солонгост ч маш алдартай. Энд интоорын цэцэгс 3-р салын сүүлээс 4-р сарын дунд хүртэл цэцэглэдэг бөгөөд улс даяар олон наадам болдог. Сөүлийн Ёиду болон өөр олон газар интоорын цэцэгсийн (Cherry Blossom) наадам болдог тул оролцож үзээрэй.

Таеквондогоор хичээллэх

Солонгосын үндэсний тулааны урлаг болох таеквондо нь өндөрөөс өшиглөх болон цохилтоор алдартай бөгөөд бусад тулааны урлагийн нэгэн адил оюун ухааны бэлтгэлийг чухалчилдаг. 2000 оноос хойш олимпийн наадамд орох болсноор таеквондогийн нэр хүнд сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, Солонгосын соёлын бахархал болсон. Сөүлд байдаг Kang’s Global Taekwondo төв нь насанд хүрэгчид болон гадаадын иргэдэд нэг цагийн 43,000 воноо (115,000₮) хичээл ордог.

Солонгос хоол хийж сураарай

Хэрэв та солонгос хоолны талаарх мэдлэгээ нэг шат ахиулахыг хүсвэл бибимбап, кимчи, пүлгуги, солонгос банш зэрэг алдартай хоолуудыг нь хийж сурах хичээлд хамрагдаарай. Сөүлд байдаг OME Cooking Lab нь долоо хоногийн өдөр бүр өөр өөр хоол (жишээ нь, Лхагва гарагт гудманд зардаг хоол, Баасан гарагт bibimbap гэх мэт) заадаг. Хичээлийн үнэ 70,000 вон (186,000₮).

Явган аялал хийх

Солонгос нь өндөр уулс ихтэй орон тул нутгийн иргэд нь явган аялах нэн дуртай. Хэрэв танд хангалттай цаг байхгүй, хэт хол явахыг хүсэхгүй байгаа бол том хотуудын ойролцоо байдаг газраар явган аялж болно. Сөүлийн захад байх Бүкхансан үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Bukhansan National Park) нь нийслэл хотоос ойр, үзэмж сайтай, явган аялал хийх таатай газар юм (гэхдээ хоттой ойр учраас олон хүн цуглардаг). Гэсэн хэдий ч Солонгос даяар 22 үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг тул хүн бага газар очихыг хүсвэл сонголт олон бий. Олон өдрийн аялал хийхийг хүсвэл хамгийн алдартай нь Жирисан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аялал бөгөөд уулын хоргодох байрнууд дамжин дөрвөн өдрийн алхалт хийх боломжтой.

Сөүлийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялах Google map

1988 онд Сөүл хотод зуны Олимпийн наадмыг зохион байгуулсан бөгөөд энэ нь Ази тивдээ хоёр дахь (эхнийх нь 1964 онд Токиод болсон) нь байв. Өнөөдөр ч та тоглолт болсон асар том цэцэрлэгт хүрээлэнд зочлох боломжтой бөгөөд Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд олон спортын байгууламж байдаг ба энд үзэж харах зүйлс ч их байдаг. Тус цэцэрлэгт хүрээлэн нь урлаг, түүх, байгаль, спорт гэсэн дөрвөн хэсэгт хуваагддаг. Урлагийн хэсгээс та SOMA-ийн урлагийн музей, 200 гаруй баримал бүхий цэцэрлэгт хүрээлэнг үзэх боломжтой бол түүхийн хэсэгт 3-р зууны үеийн хамгаалалтын зориулалттай Монгчонцооны шороон бэхлэлт байсан ба сүүлд малтлагаар илрүүлсэн сонирхолтой газрыг үзэх боломжтой. Цэцэрлэгт хүрээлэн рүү үнэ төлбөргүй ордог.

Жирисан үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаарай Google map

Тус улсын өмнөд хэсэгт (Хамгийн ойрын хот нь Намвон) байдаг энэхүү цэцэрлэгт хүрээлэнг эх газрын Солонгосын хамгийн өндөр уул болох Жирисаны (“сан” гэдэг нь солонгосоор уул гэсэн үг) нэрээр нэрлэсэн. Тус улсын анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн (мөн хамгийн том нь) учраас явган аялал хийх газар олонтой. Мөн соёлын дурсгалт газрууд ихтэй. Та Буддын шашны долоон томоохон сүм болох 7-10-р зууны үеийн эртний чулууг сийлэн хийсэн Солонгосын үндэсний үнэт өвийг сонирхоорой. Энд байгаа хамгийн чухал газруудын нэг бол Солонгосын домогт үндэслэгчдийн дурсгалд зориулсан Самсонгунг буюу Гурван мэргэдийн ордон юм. Цэцэрлэгт хүрээлэнд орох төлбөр 1600 вон (4200₮).

Өмнөд Солонгосын аяллын зардал

Байр – 4-6 ортой нийтийн дотуур байранд нэг ор 20,000-25,000 вон (55,000-65,0004), харин 8 ба түүнээс дээш ортой дотуур байранд нэг ор 14,000-20,000 вон (38,000-55,000₮) орчим байдаг. Тусдаа нэг өрөө ойролцоогоор 40,000 вон (106,000₮) бол хоёр өрөө 70,000 вон (186,000₮). Үнэгүй Wi-Fi стандарт бөгөөд нийтийн гал тогоо, үнэгүй өглөөний цайтай байрууд түгээмэл байдаг.

Хямд зочид буудлын хувьд нэг өрөө нь 28,000 воноос (75,000₮) эхэлдэг бол хоёр хүний ​​өрөө нь ерөнхийдөө 40,000 вон (106,000₮) байдаг. Өрөөнд Wi-Fi, зурагт, агааржуулагч, ус буцалгагч зэрэг байх боловч үнэнд нь өглөөний цай ихэвчлэн багтдаггүй.

Airbnb -г улс даяар ашиглах боломжтой бөгөөд нэг өрөө 25,000-30,000 воноос (66,000-80,000₮) эхэлдэг. Байшин юм уу, орон сууцыг бүхлээр нь авах тохиолдолд нэг шөнийн 50,000-70,000 вон (133,000-186,000₮) хамгийн багадаа төлөх ёстой.

Солонгост дурын газар майхан барьж буудаллах нь хууль бус байдаг. Харин та майхантай буудаллахыг хүсвэл зориулалтын газар олон байдаг юм. Угаалгын өрөө, шүршүүр, тэр байтугай Wi-Fi-тай газар ч байдаг. Үнэ нь 7,000-20,000 вон (18,000-55,000₮).

Хоол – Солонгосчууд олон зууны туршид хоолны уламжлалаа хөгжүүлж, өөрийн гэсэн өвөрмөц амтыг бий болгосон. Тэд исгэсэн, даршилсан ногоог ихээр хэрэглэдэг. Уламжлалт солонгос хоолыг ихэвчлэн олон төрлийн хачир, будаа дагалддаг. Ширээн дээр кимчи байхгүй бол үүнийг бүрэн гүйцэд гэж үзэхгүй.

Нийтлэг хоолонд пүлгуги (амталсан үхрийн мах), самги-танг (тахиа, хүн орхоодойн шөл), бибимбап (холимог будаа), жапчэ (пүнтүүзтэй хоол) зэрэг орно. Гудамжны алдартай хоолонд худдоог (дотроо шанзтай бин), догбугги (цагаан будааны гурилаар хийсэн, халуун ногоотой хоол), пүн-о-ббан (дотроо шанзтай загас хэлбэртэй боов) орно.

Өмнөд Солонгост гадуур хооллоход харьцангуй хямд байдаг. Солонгосын уламжлалт хоолоор үйлчилдэг энгийн ресторанд нэг хоол 9000-15000 вон (23,000-40,000₮), харин дунд зэрэглэлийн ресторанд гурван төрлийн хоол 25,000-30,000 вон (66,000-80,000₮) орчим байдаг. Томоохон хотуудад хоол арай үнэтэй байдаг.

Солонгост барууны хоол илүү үнэтэй байдаг. Жишээ нь, Итали ресторанд та нэг таваг хоолонд доод тал нь 20,000 вон (55,000₮) төлнө.

Түргэн хоолны хувьд хосолсон хоол (Макдоналдсыг бодоорой) 7000 вон (18,000₮), бургер 4500 вон (12,000₮) орчим байдаг. Гудманд зардаг ердийн хоол 1500-3000 вон (4000-10,000₮) байдаг.

Шар айраг 4000-5000 вон (10,000-13,000₮) , дарс 6000 вон (15,000₮) ба түүнээс дээш, коктейль 7000 воноос (18,000₮) дээш үнэтэй байдаг. Латте, капучино зэрэг кофе 5000 вон (13,000₮).

Хэрэв та хоолоо өөрөө хийвэл будаа, гоймон, хүнсний ногоо, мах зэрэг долоо хоног хэрэглэх үндсэн хүнсний бүтээгдэхүүн 50,000-70,000 вон (133,000-186,000₮) болно. Орон нутгийн зах дээрээс хүнсний бүтээгдэхүүнээ авах нь мөнгөө хэмнэх хамгийн сайн арга юм.

Үүргэвчтэй аялах төсөв

Өдөрт 75,000 вон (200,000₮) төсөвлөвөл та нийтийн тээвэр, хот хоорондын автобусаар явж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байн, явган аялал зэрэг үнэ төлбөргүй үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.

Дундаж буюу өдөрт 135,000 вон (360,000₮) төсөвлөвөл та хувийн Airbnb эсвэл хямд зочид буудалд байрлан, энгийн ресторанд ихэнх хоолоо идэж, бага зэрэг уух юм авж, хааяа таксигаар явахаас гадна хот хоорондын галт тэргээр явах боломжтой. Түүнчлэн музей, хоолны аялал гэх мэт төлбөртэй үйл ажиллагаанд хамрагдах болно.

Өдөрт 255,000 вон (680,000₮) буюу түүнээс дээш үнэтэй “тансаг” төсөвтэй бол та илүү сайхан зочид буудалд буух юм уу, Airbnb-р бүтэн байр түрээсэлж, хүссэн газраа хооллон, бааранд сууж, өндөр хурдны галт тэргээр зорчин, хөтөчтэй аялалд хамрагдах зэрэг хүссэн зүйлээ хийх боломжтой. Мэдээж энэ бол төсвийн доод хэмжээ нь. Дээшээ бол хязгаар байхгүй!

Мөнгө хэмнэх аргууд

Өмнөд Солонгос бол заавал үзэх ёстой орнуудын нэг юм. Энд буудал, байр үнэтэй боловч хоол хүнс, уух юм ерөнхийдөө хямд байдаг. Өмнөд Солонгосоор аялахдаа мөнгөө хэмнэх зарим аргуудыг дурдъя.

  • Үнэгүй үзвэрүүдээр зочлоорой – Энд тоо томшгүй олон музей, бунхан, сүм хийд, түүхэн хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгүүд гээд Солонгос улсын соёлтой танилцах боломжтой зүйлс дүүрэн байдаг. Эндэхийн олон музей, соёлын дурсгалт газрууд үнэ төлбөргүй байдаг тул ороод гараарай.
  • KORAIL Pass худалдаж аваарай – Хэрэв та галт тэргээр аялахыг хүсвэл энэ тасалбарыг авах нь хамгийн хэмнэлттэй арга юм. Энэ тасалбарыг авснаар сонгосон хугацаандаа галт тэргээр хязгааргүй аялах болно (2-5 өдрийн нэмэгдэл). Үнэ нь 121,000 воноос (322,000₮) эхэлдэг.
  • Нийтийн тээврийн тасалбар авах – Солонгосын ихэнх том хотод нийтийн тээврээр зорчих өдрийн тасалбар гэж байдаг бөгөөд хэрэв та автобус, метронд суухаар төлөвлөж байгаа бол энэ маш хэмнэлттэй тусна. Сөүлд хэрэглэх нэг өдрийн тасалбарын үнэ 15,000 вон (40,000₮) байдаг ч та хугацаа нь урт байх тусам илүү их мөнгө хэмнэх боломжтой. Учир нь долоо хоногийн тасалбар 64,500 вон (170,000₮) байдаг.
  • Хотын тасалбар худалдаж аваарай – Хэрэв та олон сонирхолтой газраар очиж үзэх төлөвлөгөөтэй байгаа бол “хотын тасалбар” авах нь мөнгөө хэмнэх сайхан арга юм. Сөүл, Пусан хоёрын ийм тасалбар нь хоёулаа алдартай газруудад нэвтрэх, дамжин өнгөрөх, ресторан болон бусад үзвэрийн газруудад хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйлчилгээг санал болгодог. Нэг өдрийн тасалбар 33,000 воноос (87,000₮) эхэлнэ.
  • Дэлгүүрт хооллоорой – Солонгосын дэлгүүрүүд нь хөнгөн зууш, ундаа төдийгүй бэлэн савласан хоол, хямд архи гэх мэтийг зардаг. Хэрэв та төсөв багатай бол ийм дэлгүүр ороорой.
  • Автобусанд суу – Галт тэрэг зугаатай ч Солонгосыг тойрон аялах хамгийн хямд арга бол автобус юм. Галт тэргийг бодоход удаан явдаг ч хамаагүй хямд тул цаг зав хангалттай тохиолдолд хот хоорондын автобусыг сонгоорой. Ихэнх вэбсайт болон програмууд солонгос хэл дээр байдаг тул автобусны буудал дээр ирж билетээ урьдчилан захиалаарай.
  • Айлд байрлахыг бодоорой – Couchsurfing гэдэг нь нутгийн айлд үнэ төлбөргүй түр байрлахыг хэлдэг бөгөөд ингэж чадвал та маш их мөнгө хэмнэнэ. Мөн Солонгос улсын соёлын талаар олон зүйлийг асууж мэдэх боломжтой.
  • Нутгийн хүн шиг уугаарай – Солонгосчууд үндэстний архи болох Сожугээ түгээмэл хэрэглэдэг бөгөөд энэ нь дотоодын шар айраг шиг маш хямд байдаг. Хэдий тийм боловч мөнгөө бодсон ч, биеэ бодсон ч хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь дээр. Солонгост архины сонголт муу байдаг!
  • Капсул зочид буудалд байгаарай – Та дотуур байранд байхыг хүсэхгүй ч мөнгөө хэмнэхийг хүсч байвал капсул (capsule hotel) эсвэл под зочид буудлыг сонгоорой. Ийм буудлууд нь унтахад хэрэгтэй зүйлийг (алчуур, унтахдаа өмсөх хувцас г.м) өгдөг бөгөөд уламжлалт зочид буудлаас хамаагүй хямд байдаг. Нэг шөнийн үнэ 45,000 воноос (120,000₮) эхэлдэг.
  • Усны сав авч явах – Эндхийн цоргоны усыг шууд уухад аюулгүй тул мөнгөө хэмнэж, хуванцар хэрэглээгээ багасгахын тулд дахин ашиглах боломжтой усны сав авчраарай. LifeStraw нь шүүлтүүртэй сав хийдэг миний дуртай брэнд юм.

Буудаллах газар

Өмнөд Солонгост хямд буудал олон байдаг. Танд санал болгох буудлуудаа жагсаан орууллаа.

Унаа тээвэр

  • Нийтийн тээвэр – Өмнөд Солонгосын бүх томоохон хотууд метроны системтэй бөгөөд нэг өдрийн тасалбар нь ерөнхийдөө 5000 вон ( 13,000₮) орчим байдаг ба автобусанд сууснаар мөн хүссэн газраа очих боломжтой. Суудалтай (илүү үнэтэй) болон ердийн гэсэн хоёр төрлийн автобус нэг адил чиглэлд явдаг.
  • Автобус – Хол замд явах хамгийн хямд бөгөөд алдартай арга бол автобусанд суух юм. Хол замд явдаг автобус хоёр төрөл байдаг ба экспресс (цөөн зогсдог), хот хоорондын (ойр чиглэлүүдийн хооронд аялж, илүү олон зогсдог). Ихэнх автобусны вэбсайтууд болон захиалгын програмууд нь Солонгос хэл дээр байдаг бөгөөд зөвхөн Солонгосын кредит болон дебит картаар үйлчилдэг тул тасалбараа урьдчилан захиалах юм уу, шууд автобусны буудал руугаа очих хэрэгтэй. Үнэ нь таны сонгосон зэрэглэлээс (стандарт, тансаг, дээд зэрэглэл) хамаарна. Сөүлээс Пусан хүртэл автобусаар дөрвөн цаг явдаг бөгөөд стандарт тасалбар 36,000 вон (95,000₮) байдаг бол Инчоноос Пусан, Сөүлээс Тэгү хүрэхэд мөн дөрөв орчим цаг явдаг байна.
  • Галт тэрэг – Өмнөд Солонгост даяар галт тэрэг явдаг бөгөөд бүтэц, зохион байгуулалт сайтай. Экспресс галт тэрэг (KTX) нь цагт 305 км (190 миль) хурдалдаг ч зөвхөн томоохон хотуудын хооронд явдаг, цагийн сонголт багатай, илүү үнэтэй байдаг тул сайн сонголт биш байж болох юм. Харин KORAIL (үндэсний төмөр замын үйлчилгээ) нь экспрессээ бодоход арай удаан ч, хот хооронд явдаг, цагийн хуваарь, хүрэх газрын сонголт ихтэй. Мөн та зөвхөн гадаадын жуулчдад санал болгодог KORAIL Pass хязгааргүй тасалбарыг авах боломжтой. Том хүний хоёр өдрийн тасалбар нь 121,000 вон (320,000₮); тав хоногийнх нь 210,000 вон (560,000₮) байдаг. Хоёр галт тэрэгний төрлийг харьцуулж үзвэл, Сөүлээс Пусан хүртэл KТX галт тэргээр явахад ойролцоогоор 2,5 цаг зарцуулдаг бол хот хоорондын энгийн галт тэргээр явахад 5,5 цаг болно. Захиалгаа эртнээс хийх тусам KTX галт тэрэгний үнэ хямдардаг бас хот хоорондын үнэ ижил хямдардаг юм билээ. Та жилийн өмнө ч захиалж болно.
  • Нисэх – Өмнөд Солонгос маш жижиг улс тул нисэх нь тийм ч ухаалаг сонголт биш юм. Учир нь галт тэргээр та хүссэн газартаа, маш хурдан хүрэх боломжтой. Гэсэн хэдий ч, танд цаг бага, мөнгө их байгаа бол томоохон хотуудын хооронд дотоодын нислэг үйлддэг хэд хэдэн боломжийн үнэтэй агаарын тээврийн компаниуд байгаа. Ихэнх нь нэг цаг орчим нисдэг. Сөүлээс Пусан хүрэх нислэгийн үнэ ойролцоогоор 30500 вон (81,0004), Сөүлээс Чежү рүү 55000 вон (140,0004),Пусанаас Чежү рүү 22000 вон (58,000₮). Урьдчилж захиалбал илүү хямд тасалбар авах боломжтой.
  • Машин түрээслэх – Өмнөд Солонгост машин түрээс тийм ч хямд байдаггүй. Гэхдээ энэ улсын сайхан байгалийг бүрэн үзэж харъя гэвэл машин түрээсэлж явах нь үнэхээр сайн арга байх болно. Учир нь ихэнх гоё газруудад нийтийн тээврээр очих боломжгүй. Олон өдрийн машин түрээсээр өдөрт ойролцоогоор 50,000-55,000 вон (130,000-145,000 mnt) болдог шүү. 21-ээс дээш насны хүн жолоо барих эрхтэй. .
  • Замын унаанд дайгдах (hitch hike) – Өмнөд Солонгост замын унаанд дайгдах нь гадаадынхны хувьд аюулгүй бөгөөд түгээмэл. Цэвэрхэн хувцаслаж, жолооч нартай харьцаж байхдаа инээмсэглэж, хүмүүст хаашаа явж байгаагаа мэдэгдэхийн тулд та цаасан дээр томоор очих газраа бичээд зогсвол машинууд зогсож дөхүүлж өгдөг. Ингэж дайгдаж явахдаа хангалттай ус, сэндвич, жимс гэх мэт хөнгөн хоолтой яваарай. Hitchwiki ийм төрлийн аяллын талаар мэдээлэл авах сайн гол сайт шүү.

Хэзээ явбал тохиромжтой вэ?

Ерөнхийдөө 3-5, 9-11-р саруудад Өмнөд Солонгост зочлоход хамгийн тохиромжтой. Энэ саруудад цаг агаар зөөлөн, агаарын хэм 10-24 °C, байр, тээвэр хямад, хүн арай цөөн байдаг.

Хавар нь интоорын цэцэгс орон даяар цэцэглэдэг бол намар нь навчисын өнгө солигдон үнэхээр үзэсгэлэнтэй болдог. Түүнчлэн, та явган аялал их хийхээр төлөвлөж байгаа бол намар бол хамгийн тохиромжтой цаг юм.

Зун нь 6-7-р сарын дунд үе хүртэл борооны улирал байдаг шүү. Зуны бусад саруудад дийлэнх хотуудад халуун, чийглэг байдаг (уул, эрэг дагуу сэрүүн). Энэ үед байрны үнэ ч өсдөг.

Өмнөд Солонгост өвөл нэлээд хүйтэрч, агаарын хэм -6°C (21°F) хүртэл буурдаг тул та цанаар гулгах төлөвлөгөөгүй л бол 12-2-р сар хүртэл аялахгүй байх нь зүгээр дээ.

Аюулгүйн зөвлөмжүүд

Өмнөд Солонгос бол үүргэвчээ үүрч, тойрон аялахад үнэхээр аюулгүй газар юм. Гэсэн хэдий ч нийтийн тээвэр болон аялал жуулчлалын алдартай газруудад болгоомжтой байх нь хэзээд илүүдэхгүй. Түрийвч, үнэт зүйлээ үргэлж найдвартай, хүний гар хүрэхгүй газар хадгалж, авч яваарай. Энд жижиг гэмт хэрэг бага гардаг. Хүч хэрэглэх гэмт хэрэг бүр ч ховор тохиолддог.

Ганцаараа аялагчид энд аюулгүй зорчиж болох ч, урьдчилан сэргийлэх үндсэн зарчмуудыг үргэлж дагаж мөрдөх хэрэгтэй.

Өмнөд Солонгост луйвар хэдий түгээмэл биш ч, хэрэв та эрсдэлээс зайлсхийхийг хүсэж байвал анхаарвал зохих зүйлсийн жагсаалтыг эндээс харна уу.

Явган аялахдаа ус, нарнаас хамгаалах тосоо мартаж болохгүй. Аялалд гарахаасаа өмнө цаг агаарын мэдээтэй танилцаж, хувцсаа тааруулна уу.

Энэ бүс нутагт байнга газар хөдлөлт болдог тул Солонгосын засгийн газраас гадаадын иргэд болон жуулчдад зориулж мэдээлэл өгөх зорилгоор англи хэлээр гаргасан Emergency Ready програмыг татаж авах нь дээр. Энэ програм нь байгалийн гамшгийн талаар бүх төрлийн зөвлөгөө, зөвлөмжийг агуулсан бөгөөд ойролцоох хамгаалах байрын байршллыг харуулж, гамшиг тохиолдох үед сэрэмжлүүлэг, мэдэгдэл илгээдэг.

Хэрэв танд яаралтай тусламж хэрэг болбол 112 руу залгана уу.

Паспорт, иргэний үнэмлэх зэрэг хувийн бичиг баримтаа хувилан, аяллын маршрутаа ойр дотнын хүмүүстээ мэдэгдсэнээр тэд таныг хаана явж байгааг мэдэх боломжтой юм.

Аялагчдын зөвлөгөө