I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Хятад улсад аялах хөтөч

Хятад шиг өвөрмөц соёлтой улс дэлхийд тун цөөн. Энэ улсад Бээжин, Шанхай, Хонг Конг зэрэг өндөр хөгжилтэй том хотууд байхын зэрэгцээ баруун болон өмнөд хэсгээр нь үзэсгэлэнтэй уулс, хөндий, гол мөрөн, тал нутаг байдаг. Google map

Хятад нь олон жижиг үндэстнээс бүрддэг бөгөөд хэл, соёл, хоол ундны хувьд асар олон төрөлтэй.
Хурдацтай өөрчлөгдөж буй энэ орон дэлхийн өнцөг булан бүрээс сониуч хүмүүсийг урин дуудаж байгаа бөгөөд энд амьдрангаа багшлах хүсэлтэй гадаад иргэд ч нэмэгдэж байна.

Энэ улсын хөдөө орон нутаг, хоол хүнс, хүмүүс, түүх гээд таны олж мэдэх зүйлс таныг гайхшруулах болно. Хятад бол юм бүхэн нь үүх түүх, утга учиртай улс юм.

Хятадад аялах энэхүү гарын авлага нь энэ аварга том улсад (9.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамарсан тэрбум гаруй хүн амтай) хийх зүйлс, хэрхэн гадуур зорчих, аюулгүй байх, мөнгө хэмнэх гээд маш олон зөвлөмжийг багтаасан байгаа.

Хятад улсад заавал үзэх 5 зүйл

Хонг Конг бол тэнгэр баганадсан барилгуудыг уламжлалт гудамжны зах, сүм хийдтэй хослуулсан, хөл хөдөлгөөн ихтэй метрополис бөгөөд гадаад хүн олонтой, дэлгүүр сайтай, шөнийн амьдрал нь гайхалтай, хоол нь амттай газар юм. Энэ бол дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг бөгөөд би хэзээ ч залхдаггүй!

Хятадын хамгийн том, хөл хөдөлгөөн ихтэй, жуулчдын сонирхон очдог хотуудын нэг болох Шанхайн хурдан галт тэрэг, хаа сайгүй байх гэрэлтүүлэг, сайн зохион байгуулалт, сансар огторгуйн мэт уур амьсгал нь яг л ирээдүйд очсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Би энэ хотод дуртай. Түүхэн Хятадын тухай ойлголттой болохын тулд Хуучин хот руу явж, Ю-юань цэцэрлэгт хүрээлэнд зочлоорой. Хятадын хамгийн шилдэг гэсэн зарим дэлгүүр Нанжингийн замд (Nanjing road) байдаг.

B-5906·CBD

Тянь Анмэний талбай, Хориотой хот, тоо томшгүй олон худалдааны төвүүд, Диваажингийн сүм, Зуны ордон, мэдээжийн хэрэг Цагаан хэрмийг үзээрэй. Дэлхий дээр Бээжин шиг хот бараг үгүй юм. Энэ хот аймшигтай бохирдолтой, агаарын чанар муу боловч орчин үеийн Хятад улс болон түүний өсөлт хөгжлийг ойлгохын тулд заавал зочлох газар хэвээр байна.

21,000 гаруй км үргэлжилдэг Цагаан хэрмийн зарим газар хөл хөдөлгөөн ихтэй байдаг бол зарим нуранги балгас нь хүний хөлөөс зайдуу байдаг (хүсвэл та дэргэд нь буудаллаж болно). Хэрэв та мөнгө хэмнэхийг хүсэж байгаа бол Бээжингийн ойролцоох хэрмийн хэсэг рүү нийтийн автобусаар очиж болно. Автобус 12 юань, Цагаан хэрэм рүү нэвтрэх тасалбар 40 юань (зуны улиралд 45 юань) байдаг.

Сиан бол Хятадын эртний нийслэлүүдийн нэг бөгөөд энд алдарт Терракотын арми (2000 гаруй жилийн настай), хотын хэрэм, мусульманчуудын хороолол бий. Энэ гурвыг үзэхээр та заавал ирээрэй. Хэрэв та адал явдалд дурлагч бол Хуа ууланд аялаарай. Гайхалтай байх болно.

Хятадад сонирхон турших бусад зүйлс

  • Тянь Анмэний талбайд зочлох Google map

Та энэ талбайг кино, зурагтаар үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ яг өөрөө ирж зогсож байж л, хэр томыг нь мэдэрнэ. Энд Тянь Анмэний цамхаг, Ардын их хурлын ордон, Ардын баатруудын хөшөө, Үндэсний музей, Мао Зэдуны бунхан зэрэг олон зүйлийг үзэх боломжтой. Талбайд зураг авахыг зөвшөөрдөг ч, бунхан дотор хориотой.

  • Төрөл бүрийн хоол идэж үзэх

Хятад бол хоолонд дурлагчдын диваажин юм. Асар том газар нутагтай учраас хоолны амт нь нутгаасаа хамаараад өөр байх нь мэдээж. Энд аялж байхдаа хятад хоолны үндсэн дөрвөн хэв маягийг (Кантон, Бээжин, Шанхай, Сычуань) амтлах бүрэн боломжтой. Халуун ногоотой хоол идэхийг хүсвэл Төв Хятадын Сычуань, Хүннаныг зориорой.

Харин хатаасан мах, даршилсан ногоо зэрэг давстай бүтээгдэхүүнийг хойд зүгийн нутгаас (энэ бүс нутаг нь шинэхэн бүтээгдэхүүн багатай) олж болно. Харин Бээжин, Хонг Конг, Шанхай зэрэг том хотод бол бараг бүх зүйл байгаа!

Хятадад цагаан хоолтнуудад зориулсан олон сонголт байдаг бөгөөд тэд ч нэг их зовохгүй хооллох бүрэн боломжтой.

Байгалийн гоо үзэсгэлэнг жинхэнэ утгаар нь мэдрэхийн тулд Ли голоор аялаарай. Энэ гол 440 км орчим (272 миль) урт бөгөөд аялж байх замдаа үзэж харах газар олонтой. Шиаолон, Лаожай толгод, Гуйлин хотын ойролцоох Карст уулс (байгалийн өвөрмөц тогтоц бүхий, үзэсгэлэнтэй уулс) зэрэг нь зураг авахуулахад төгс газрууд юм. Үнийн хувьд хэр удаан (эсвэл хэр тансаг) аялахыг хүсэж байгаагаас хамаарч, нэг хүний зардал 500 юанаас эхэлнэ.

  • Хориотой хотод зочлох Google map

Бээжинд байдаг энэхүү алдартай ордон нь Мин гүрний үеэс Чин гүрний үе хүртэл (МЭ 1420-1912) эзэн хааны ордон байв. “Хот” нь 720,000 квад.метр (175 акр) талбайг эзэлдэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Энд жил бүр 16 сая гаруй жуулчин ирдэг. Ордны музейд дээрх хоёр гүрний үеийн эд өлгийн зүйлс хадгалагдаж байдаг бөгөөд Хятадын түүхийг судлах сайхан газар юм. 728,000 квад.метр (180 гаруй акр) талбайг хамарсан барилгуудыг нь олон жилийн турш нэлээн их засварласан байгаа ч, үнэ цэнээ алдаагүй, үзүүштэй газар хэвээрээ байна.

  • Торгоны замаар аялах Google map

2000 гаруй жилийн өмнөх үетэй холбоотой замыг үзэх, энэхүү албан бус чиглэл нь жуулчдын үндсэн замаас өөр газраар явахыг хүссэн хүмүүсийн заавал очих газар юм. Ямар нэг “албан ёсны” зам байхгүй бөгөөд та өөрийн хүссэн байдлаар хаагуур, хэр удаан явахаа шийдэх боломжтой (Торгоны зам анх Чаньанаас Италийн Роменд хүртэл үргэлжилдэг байсан). Нийт урт нь 3800 гаруй километр (2400 миль) байсан бөгөөд үүнээс тал нь Хятадын нутаг дэвсгэрт байв. Дунхуан дахь Могао агуй, эртний Турпан хот, Жаньегийн ойролцоох Солонгон уулсыг заавал үзээрэй.

“Дэлхийн дээвэр” гэгддэг энэ бүс нутаг нь өвөрмөц сонирхолтой зүйлсэд дуртай, адал явдалд хайгчдад тохиромжтой газар юм. Буддын шашны төв болох энэ газар ирснээр цастай өндөр уулс, өвөрмөц зан заншилтай танилцах болно. Энэ газрыг 1950-иад онд Хятад эгнээндээ нэгтгэж, Далай лам болон түүний засгийн газрыг түлхэн унагасан юм. Үүнээс болж 400,000 орчим Төвд хүн амь үрэгдсэн гэж үздэг бөгөөд энэ тоог 1 сая давна гэж үздэг хүмүүс ч байдаг. Тиймээс хоёр талын хувьд маш эмзэг сэдэв тул энэ газрын түүх, улс төрийн талаар ярилцахаас аль болох зайлсхийгээрэй.

Түвдийн энэхүү ордонд далай лам амьдардаг байсан бөгөөд 1959 онд түүнийг хүчээр хөөсөн (эсвэл хороосон). 7-р зуунд ариун дагшин газар болгон байгуулсан бөгөөд олон тооны танхим, сүм хийд, хашаануудыг мод, чулуугаар барьжээ. Өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн одоогийн энэ барилга нь 17-р зуунд хамаарах бөгөөд газар хөдлөлтөөс сэргийлэх үүднээс сууринд нь зэс цутгажээ.

20 юанийн дэвсгэртийн ар талд зураг нь байдаг эдгээр уулсыг нүдээр үзэх үед үнэхээр гайхалтай санагддаг. Та Ли голоор завьтай аялангаа уулсыг тольдон харах боломжтой. Мөн унадаг дугуй түрээслэн, нам гүмхэн хэсгээр нь аялж, зурсан юм шиг сайхан газруудыг үзэх боломжтой. Хагас өдрийн үнэ ойролцоогоор 20 юанаас эхэлдэг. Гуилин бол энэхүү аяллыг эхлүүлэх сайхан цэг юм.

Мянган Буддагийн агуй гэгддэг эдгээр агуйнууд нь дэлхийн хамгийн том, хамгийн сайн хадгалагдан үлдсэн Буддын шашны урлалын өлгий нутаг бөгөөд анхны агуйг нь МЭ 366 онд гаргасан байдаг. Энд бараг 500 сүм байдаг бөгөөд хэрэв та Марко Пологийн мөрөөр аялж яваа бол Торгоны зам дагуух томоохон зогсоолын нэг бол энэ юм.

  • Үнэгүй явган аялал хийх

Тус улсын бүх томоохон хотод хэдэн цаг үргэлжилдэг олон төрлийн явган аялал байдаг бөгөөд ихэнх нь үнэ төлбөргүй байдаг. Хэрэв та Хятадын томоохон хотуудын түүхийн талаар мэдэхийг хүсвэл иймэрхүү аялалд хамрагдаарай. Шинэ хотод очих болгондоо би аяллаа ингэж эхлүүлдэг. Бээжин, Шанхай, Хонконг, Сиань зэрэг олон хотод хөтөчтэй, үнэгүй явган аяллууд байдаг. Та “Free walking tour in ….” гээд хотынхоо нэрийг оруулаад Google-ээс хайхад, үнэгүй аялал явуулдаг компаниуд гарч ирнэ. Хамгийн гол нь аяллынхаа төгсгөлд хөтөчдөө гарын мөнгө өгөхөө мартаж болохгүй.

Макао бол “Азийн Лас Вегас” гэж тооцогддог бөгөөд зугаацахыг хүссэн хүн бүрийн зорих газар юм. 300 гаруй жил Португалийн колони байсан тул хоёр орны соёл хосолсон, сонирхолтой хот байгаа. Хонг Конгийн нэгэн адил Макао нь “Засаг захиргааны тусгай бүс” бөгөөд энэ нь эх газрын засгийн газраас нэлээд бие даасан гэсэн үг юм. Дэлхийн хамгийн өндөр буюу 233 метрийн (764 фут) өндөр Bunjee jumping хийдэг газар энд байдаг. Энд олон сайхан хоол, барилга байгууламж байдаг. Гэхдээ та мөрийтэй тоглоом тоглохоор ирээгүй л бол энд ганц хоноход л хангалттай!

Панда бол ховордсон амьтан бөгөөд байгальд ховор тохиолддог. Хятадад байхдаа Ченду дахь Панда судлалын баазыг зориорой. Эрт очвол хөл хөдөлгөөн багатай байх бөгөөд пандануудыг амарч, идэж, унтаж байхыг нь харж болно. Үнэндээ тэд энэ л гурван үйлдлийг өдөржингөө хийдэг ч, энэ бол үзсэндээ харамсахгүй аялал байх болно. Нэг хүний үнэ 55 юань байдаг.

  • Сургалтад суугаарай

Уран бичлэг, хоолны сургалт, цайны ёслол гэх мэт. Та Хятадын бүх томоохон хотуудад тэдний соёлд суралцах олон төрлийн сургалтад хамрагдах боломжтой. Зарим нь нэг цаг, зарим нь хэд хоног үргэлжилдэг ч, шинээр сурах зүйл энд байж л байгаа. Хоол хийх сургалт нэг хүний 300 орчим юанаас эхэлдэг бол уран бичлэгийн хичээлд 300-900 юань төлнө. Бээжин, Шанхай, Хонг Конгод хамгийн олон сонголт бий.

Хятадад аялах зардал

Байр

– Олон жижиг хотуудад 8-10 ортой дотуур байрны үнэ ойролцоогоор 30 юаниас эхэлдэг. Хонг Конг, Бээжинд 85 юань хавьцаа гэж найдаж байна. Тусдаа өрөөний үнэ ойролцоогоор 110 юанаас эхэлдэг ч томоохон хотуудад бараг хоёр дахин өндөр байдаг. Эндхийн жижижг буудлууд ерөнхийдөө сайн тоноглогдсон байдаг ба үнэ төлбөргүй Wi-Fi, ундны ус, шүүгээ, тэр ч байтугай өвлийн улиралд дулаан хөнжилтэй байдаг. Хотуудад байдаг жижиг буудлуудын ариун цэврийн өрөөнд барууны маягийн, суултууртай нойл байдаг бол нэлээд зайдуу газруудад явган суудаг нойл байх нь бий.

Хямд үнэтэй, үндсэн зүйлсээр тоноглогдсон буудлууд нэг шөнийн 75 орчим юань байдаг бөгөөд Хонг Конгд илүү үнэтэй байдаг. Хямд зочид буудлууд нь ихэвчлэн халаалттай юм уу, агааржуулагчтай, ариун цэврийн өрөөтэй, ус буцалгагч, зурагттай байдаг (зөвхөн хятад суваг гардаг). Үнэгүй өглөөний цайтай зочид буудлууд хятад өглөөний цай (банш, будаа, ногоо гэх мэт) өгдөг гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

Airbnb нь Хятадад түгээмэл байдаг бөгөөд бүх томоохон хотуудад та айлын байр түрээслэх боломжтой ч, хөдөө орон нутагт ийм боломж багасдаг. Үнийн хувьд аль хот, ямархуу орон сууц гэдгээсээ хамаараад, 175-750 юаны хооронд хэлбэлздэг.

Майхан барьж буудаллах боломж улс даяар байдаг. Зориулалтын газар нэг шөнө ойролцоогоор 20 юань төлдөг. Зориулалтын бус газар буух нь эрсдэлтэй тул заавал зөвшөөрөлтэй газар буудаллана уу.

Хоол хүнс

– Хятадад хоол хүнс хямд байдаг. Нэлээд хямд. Гудамжинд зардаг хоол ихэвчлэн 7-14 юань байдаг бөгөөд энэ үнээр гоймон, будаа, гахайн махтай мантуун бууз, эсвэл шөл авч болно. Сууж хооллодог ресторанд нэг хоол 15-54 юань, дээр нь аягатай будаа, цэвэр аягыг мөнгө төлж авдаг (Нээрээ шүү, нэмэлт үнэтэй) бөгөөд энэ нь ихэвчлэн 4 юань байдаг. Та бүтэн өдрийн хоолондоо 70 юань хүрэхгүй мөнгө зарцуулж болно.

Барууны хоолны хувьд та нэлээд үнэтэй. Ялангуяа Хонг Конг гэх мэт барууны хэв маягтай хотуудад. Жишээ нь, хачиртай талх зэрэг түргэн хоол 40 орчим юань байх ба нэг аяга кофе нь барууны улсуудтай адил, заримдаа бүр илүү үнэтэй байдаг!

Цагаан хоолтон ч гэсэн тохирох хоол олоход хэцүү биш байдаг.

Хоол маш хямд тул өөрөө хоол хийх шаардлага бараг байхгүй. Та гудамжинд зарж байгаа хоолноос авах юм уу, ресторанд орж хооллож болно. Хэдий та хоол хийх бүтээгдэхүүн авсан ч, ихэнх жижиг буудлуудад хоол хийж идэх газар байдаггүй. Тиймээс зүгээр л гадуур хооллосон нь дээр. Гэсэн ч та хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авахыг хүсвэл ямар хоол хийхээс хамаарч 250-400 юань зарцуулна гэж тооцоол.

Үйл ажиллагаа

Хятадад жуулчдын очдог газрууд ерөнхийдөө боломжийн үнэтэй байдаг. Цагаан хэрэм, Хориотой хот зэрэг алдартай газрууд хүртэл 68 юанаас доош үнэтэй. Жишээ нь, Цагаан хэрэм үзэхэд ердөө 45 юань, Хориотой хотыг үзэхэд 60 юань (11-с 3-р сарын хооронд очвол 40 юань) төлнө. Жижиг сүм хийд, жуулчдын очдог газрууд үүнээс ч хямд бөгөөд 20 юанаас доош байдаг.

Жуулчдын очиж үздэг газрууд болон сүм хийд 70 юаниас бага үнэтэй боловч явган аялал гэх мэт гадаа болдог үйл ажиллагаанууд илүү үнэтэй байдаг. Ихэвчлэн 200 орчим юань болдог. Жишээлбэл, Хаш Луугийн цаст ууланд аялахад ойролцоогоор 200 юань, Жиужай хөндийд очиход мөн 200 юань (хэрэв хөтөчтэй аялалд хамрагдвал 2000 юань) байдаг. Фүжянь мужийн Вуйи уулс руу орох 3 хоногийн тасалбар 140 юань, Аньхуй мужийн Шар уулс руу нэвтрэх үнэ 190 юань байна. Та нэмж унааны мөнгө төлөх шаардлагатай.

Үүргэвчтэй аялах төсөв

Хятадаар аялахад хэр үнэтэй вэ? Танд би хэд хэдэн төсөв санал болгох байна. Хэрэв та Хонг Конг, Бээжин, Шанхай зэрэг хотуудад байрлаж байгаа бол дор хаяж 20%-иар илүү зардал гарна гэж тооцоорой.

Үүргэвчтэй аялагч бол та өдөрт 215-285 (30-50 доллар) зарцуулахаар төлөвлөх хэрэгтэй. Ийм мөнгөөр жижиг буудлын дотуур байранд байрлаж, ихэвчлэн өөрөө хоолоо хийн, хааяа түргэн хоол идэж, нийтийн тээврээр зорчин, музей үзэх зэрэг жуулчдын хийдэг үндсэн үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Өдөрт 645-1000 юань (90-140 ам. доллар) бол дундаж төсөв бөгөөд та хямд зочид буудалд байрлаж, очих газар руугаа автобусаар явж, түргэн хоол идэж, арай олон төрлийн аялал хийх боломжтой.

“Тансаг” төсөв нь өдрийн 1500 юанаас (210 ам. доллар) эхлэх бөгөөд та сайхан зочид буудалд байрлан, хурдны галт тэргэнд сууж, хөтөчтэй аялал хийн, дандаа гадуур хооллох боломжтой.

Та зарим өдөр илүү ихийг, заримдаа багыг зарцуулах болно. Магадгүй өдөр бүр үүнээс багыг ч зарцуулж болох. Бид зөвхөн төсвөө гаргахад тань туслах зорилгоор ерөнхий тойм оруулж байна.

Мөнгө хэмнэх аргууд

Хятад улс том, хоол нь хямд, буудаллах газрын боломж их тул мөнгөө хэмнэх олон арга бий. Хэдэн аргыг доор дурдъя.

  • Унтлагын галт тэргэнд суух – Хотууд хоорондоо нэлээд зайтай тул шөнийн галт тэргэнд (хаалгагүй, давхар ортой) сууснаар цаг хугацаагаа ч, мөнгөө ч хэмнэх боломжтой. Нэгэнт галт тэргэндээ унтаад явах болохоор байрны зардал хэмнэн гэсэн үг. Доод давхар нь арай хямд тул эртхэн захиалж авбал мөнгөө хэмнэнэ. Зарим буудал дээр гадаадын иргэдэд зориулсан касс байдаг тул тусламж хэрэгтэй бол очиж үйлчлүүлээрэй.
  • Сяо пан” гэж хэлээрэй – Хэрэв та ганцаараа хооллох гэж байгаа бол “сяо пан” гэж хэлээрэй. Энэ бол арай бага порцтой хоолыг хэлэх бөгөөд ердийн хоолноос үнийн хувьд ч, хэмжээний хувьд ч (ердийн хоолны 70%) бага байдаг.
  • Хатуу суудал – Галт тэрэг, автобусны “хатуу суудал” дээр суугаарай. Эдгээр нь хамгийн хямд бөгөөд энгийн суудал юм. Гэхдээ яг ч “хатуу” биш, зүгээр л энгийн суудлыг хэлдэг юм шүү.
  • Явган аялах – Хятадын ихэнх хотод үнэгүй явган аялал гэж байдаг. Ерөнхийдөө хэдэн цаг үргэлжилдэг бөгөөд тухайн газар нутагтай танилцан, үүх түүхийг нь судлах сайхан арга юм.
  • Алтан долоо хоногт аялж болохгүй – “Алтан долоо хоног” гэдэг нь жилийн хамгийн завгүй баярын өдрүүд бөгөөд орон даяараа амардаг. 10-р сарын эхээр тохиодог энэ баярын үеэр юмны үнэ өсч, унаа тээврийг долоо хоногийн өмнө захиалж, томоохон хотууд үндсэндээ түгжрэн таг зогсдог. Тиймээс болж өгвөл энэ үеэр очихгүй байх нь зүгээр. (Эсвэл ядаж том хотуудаас холхон байгаарай!)
  • Нийтийн тээврээр зорчоорой– Та бүх томоохон хотуудын өнцөг булан бүрд автобус, метрогоор очих боломжтой. Тиймээс мөнгө хэмнэхийг хүсвэл нутгийн иргэд шиг явах хэрэгтэй. Үнэ нь ч хямд.
  • Том савтай ус аваарай – Өдөр бүр жижиг савтай ус худалдаж авахын оронд (цоргоны усыг нь шууд уух боломжгүй) хамгийн том савлагаатай усыг нь олж аваарай. Ердөө 15 юан гэдэг. Тэгээд үүнийгээ өөрийнхөө усны саванд хийж авч явбал мөнгөнд хэмнэлттэй, байгальд ч ээлтэй. Том савтай усыг долоо хоног хэрэглэх боломжтой. Гэхдээ та ийм олон хоногоор аялахгүй бол хамт аялж байгаа хүмүүстэйгээ нийлж, дундаа аваарай. Нэг бол өөртөө шүүлтүүртэй LifeStraw юм уу, SteriPen авч яван, усаа цэвэршүүлж ууж болно.

Байр, буудал

Жижиг буудлууд Хятадад олон байдаг. Миний санал болгох нь,

Унаа тээвэр

Нийтийн тээвэр – Автобус нь хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл бөгөөд хот дотор 1-3 юанийн үнэтэй байдаг. Зарим томоохон хотууд газар доор нэмэлт замтай ба нэг удаа суухад 6 юан хүрэхгүй үнэтэй. Бэпщэжингийн нисэх онгоцны буудлын экспресс автобус 25 юань байдаг.

Автобус – Хот хооронд аялах тохиолдолд, 8-10 цагийн зайтай газар автобусаар явах нь тохиромжтой байдаг. Жишээлбэл, Бээжингээс Аньшань хүртэл 9 цаг явахад ойролцоогоор 220 юань байдаг бол галт тэрэг хамгийн багадаа 350 юань байдаг бөгөөд 90-хэн минут л хэмнэдэг. Бээжингээс Тяньжин хүртэл автобусаар хоёр цаг явахад ойролцоогоор 80 юань, Шанхайгаас Ханжоу хүртэл 3 цаг явах бөгөөд ойролцоогоор 120 юань болно.

Галт тэрэг – Хол зайд аялах үед галт тэрэг боломжийн үнэтэй тусдаг. Хурдны галт тэргээр Бээжингээс Шанхай хүрэх тасалбар 2-р зэрэглэлийнх 555 юань, 1-р зэрэглэлийнх 935 юань, VIP суудал 1800 юань орчим байна. Аялал 4.5 цаг орчим үргэлжилнэ.

14-22 цаг явах бүтэн өдрийн галт тэрэгний хувьд зөөлөн унтлагын тасалбар 525 юань, дээд зэргийн унтлагын тасалбар 880 юань байна. Та мөн энгийн хатуу унтлагын суудлыг ердөө 180 юанаар авах боломжтой ч, 22 цаг ийм суудал дээр сууж явна гэдэг бол нэлээд хэцүү ажил юм.

Бээжингээс Сиань хүртэл 5-6 удаа явахад 2-р зэрэглэлийн суудал 515 юань, 1-р зэрэглэлийн суудал 825 юань, VIP тасалбар 1630 юань болно.

Шөнийн галт тэрэгний хувьд доод давхар нь чимээ шуугиан ихтэй байдаг тул ихэвчлэн хямд байдаг гэдгийг санаарай. Дээд талын ор нь илүү үнэтэй ч, зай давчуу байдаг тул цэх сууж чадахгүй байх нь олонтоо. Гэхдээ хүмүүсээс арай тусгаарлагдмал байдаг нь давуу тал болдог.

Онгоц – Хятадад маш олон нислэгийн компани байдаг. Дотоодын нислэг үйлддэг 30 гаруй компани бий! Зарим томоохноос нь дурдвал Air China, China Eastern, China Southern, Southwest Airlines юм. Хятдын онгоцууд товлосон цагтаа нисэхгүй байх нь элбэг. Тиймээс дамжин нислэгтэй бол цагаа сайн тооцож, билетээ захиалаарай.

Бээжингээс Шанхай хүртэл хоёр цаг нисдэг бөгөөд хоёр талын нислэг нь 1150 юань хүрэх боломжтой.

Бээжингээс Хонг Конг хүртэл дор хаяж 900 юанийн үнэтэй бөгөөд ердөө дөрөв хүрэхгүй цаг ниснэ. Шианаас Шанхай хүртэл хамгийн багадаа 950 юань бөгөөд хоёр цаг гаруй нисдэг. Бээжингээс Тайбэй хүртэл 1600 юанийн үнэтэй бөгөөд ердөө гуравхан цаг зарцуулна.

Машин түрээслэх – Хятад улс нь олон улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөггүй тул та Хятад улсын үнэмлэхгүй л бол энд машин түрээслэх бараг боломжгүй. Тиймээс би танд машин түрээслэхийг зөвлөхгүй.

Машинд дайгдах – Хятадад машинд дайгдах явдал түгээмэл биш тул та гарахаасаа өмнө бэлтгэлээ базаах хэрэгтэй. Эрхий хуруугаа гозойлголоо гээд хүмүүс таныг машин барих гэж байна гэж нэг их ойлгохгүй. Тиймээс Хятадаар “Машинд дайгдмаар байна” гэж бичээд гартаа барьсан нь хамаагүй дээр. Учир нь зүгээр замын хажууд зогсож байвал таксинууд зогсох болно.

Хэзээ явбал тохиромжтой вэ?

Хятад маш том орон учраас цаг уур, агаарын хэм нь бүс нутгаас хамаарч эрс өөрчлөгддөг. Халуун бүсд байх Хонконг нь Өвөр Монголын тал хээр, Түвд, Баруун Хятадын уулархаг нутгаас хамаагүй өөр цаг агаартай байх болно.

Хятадад зун (6-8-р сар) нь аялал жуулчлалын оргил үе бөгөөд мөн хамгийн халуун цаг юм. Температур нь 30 хэм (87-92 F) хүртэл өсөх бөгөөд нэлээд чийглэг болно. Энэ үед бохирдол, агаарын чанарын асуудал хэвээр байх боломжтой. Эдгээр саруудад үнэ хөөрөгдөж, олон хүн аялалаар явдаг.

9-10-р сарын хувьд гэвэл (10-р сарын эхээр болдог Алтан долоо хоногийн амралтаас бусад үед нь) Хятадад зочлоход тохиромжтой цаг юм. Цаг агаар 20С (68 F) хүртэл сэрүүсдэг бөгөөд энэ үеэр явган аялал хийж газар оронтой танилцахад таатай байдаг.

Цаг агаар 20 хэмийн дулааг (68 F) хэвээр байгаа Хонконг руу л яваагүй бол, Хятад руу өвлийн улиралд аялах нь ховор. Цагаан хэрэм зэрэг газрууд цаг агаарын байдлаас болж хааяа хаагддаг бөгөөд Түвд зэрэг бүс нутгууд шөнөдөө -13 хэм хүрч хүйтэрдэг. Гэсэн ч Хятадад Харбины мөс цасны баяр (Harbin ice and snow festival) гэж нэрлэгддэг өвлийн наадам болдог бөгөөд дээд амжилт тогтоодог, олон гайхалтай мөсөн хөшөө, урлал энд хийгддэг.

Аюулгүйн зөвлөмжүүд

Хятад улс гэмт хэрэгтэй хатуу тэмцдэг, бүрэн хяналттай байдаг тул аялагчдад аюулгүй байдаг. Гэсэн хэдий ч, аюулгүй байдлаа хангахын тулд хэдэн зүйлийг санаж байх хэрэгтэй.

Анхлан аялагчдын хувьд идэх зүйлээ болгоомжтой сонгоорой. Энд ариун цэврийн стандартууд тийм ч хатуу биш тул хоол идэхээсээ өмнө гар ариутгагч хэрэглэн, зөвхөн цэвэрхэн харагдаж байгаа газруудад орж хоол идээрэй. Гудамжны хоол амттай ч гэсэн таны гэдсийг хямрааж болно гэдгийг санаарай. Магадгүй Хятад хоолонд дасахад хэсэг хугацаа орж болох юм.

Жижиг хулгай ховор тохиолддог ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үнэт зүйлсээ сайтар далд хий. Аялагчид анхаарал сэрэмж алдсан үедээ хулгайд юмаа алдах нь элбэг. Тиймээс болгоомж алдаж болохгүй.

Жуулчид хууртах магадлалтай байдаг. Танд хэт өндөр үнэ хэлж болзошгүй тул зах руу явахаасаа өмнө шаардлагатай бол буудлын ажилтнаас дундаж үнийг асууж мэдээрэй. Супермаркет, дэлгүүрт иймэрхүү асуудал гарахгүй ч орон нутгийн зах, жижиг дэлгүүрийн наймаачид танд өндөр үнэ хэлж, төөрөгдүүлэхийг оролдож магадгүй юм. Тиймээс зарим тохиолдолд чанга хатуу харьцах хэрэгтэй.

Луйвар харамсалтай нь энд элбэг байдаг. Хамгийн түгээмэл хэлбэр нь гэвэл хэн нэгэн тан дээр ирж, англи хэлээ давтмаар байна гэж хэлнэ (тэд ихэвчлэн өөрийгөө “оюутан” гэдэг). Тэгээд та кафед орж, цай, хоолоо идсэний дараа илүү төлбөрт төлөх болдог. Ийм луйвраас сэргийлэх дүрэм бол англи хэлээ давтах гэсэн юм гэж хүн хэлбэл эелдгээр татгалзаарай.

Хятадад замын хөдөлгөөнд явган оролцох нэлээд бэрхшээлтэй байдаг тул зам гарахаасаа өмнө хоёр тийшээгээ сайн хараарай. Хэрэв яаж зам гарахаасаа сайн мэдэхгүй байвал Хятад хүмүүсийг дагаж гараарай. Тэд яахаа сайн мэднэ.

Хятад улс хар тамхины эсрэг маш хатуу тэмцэж, их хэмжээний хар тамхины хэрэгт орооцолдсон хүмүүст хүнд хөдөлмөр эрхлэх юм уу, цаазаар авах ял оноодог. Тиймээс энд байх хугацаандаа хар тамхитай ямар нэг байдлаар холбогдохгүй байх нь дээр.

Маш сайн аяллын даатгал худалдаж аваарай хэмээн би чин сэтгэлээсээ зөвлөх байна. Аялал жуулчлалын даатгал нь таныг өвчин, гэмтэл бэртэл, хулгай зэрэг эрсдлээс хамгаалдаг юм. Энэхүү даатгалыг ашиглах шаардлага олон удаа гарч байсан тул би даатгуулж байж л аялалд гардаг.

Аялагчдын зөвлөгөө