Тайланд бол Зүүн Өмнөд Азийн (ЗӨА) аялал жуулчлалын төв юм. Энэ бүс нутгийн хамгийн их хүн зочилдог улс бөгөөд энэ нь ч учиртай. Энэ бүс нутагт ирж буй ихэнх жуулчид эхлээд Бангкок руу нисэж очоод, тэндээсээ ойролцоох ЗӨА-ийн бусад улс руу үүргэвчтэйгээ аялдаг.
Үзэсгэлэнтэй сайхан ширэнгэн ой, алдартай наран шарлагын газрууд, дэлхийн жишигт нийцсэн тунгалаг усанд шумбах (scuba diving) боломж, гайхалтай хоол хүнс, хямд үнэ зэргээрээ Тайланд миний хувьд хамгийн дуртай улсын маань нэг! Би 2017 оноос хойш тус улсад очиж байгаа бөгөөд сар гаран амьдарсан. Үргэлж эргэж очмоор санагддаг. Ялангуяа монголд өвөл болох үед.
Энэ бол аялахад хялбар улс бөгөөд үүргэвчтэй аялагчдын диваажин учир өөртэйгөө адил сонирхолтой олон хүнтэй танилцаж болно. Та ямар ч төсөв, сонирхолтой хүн байсан хамаагүй энд сонирхон хийх зүйл байж л байгаа. Та нэг их мөнгө үрэхгүйгээр үүргэвчтэй аялал хийх юм уу, далайн эрэг дээрх дээд зэрэглэлийн амралтын газруудад тансаг амьдрах ч боломжтой. Эсвэл зүгээр л даруухан төсөвтөө багтаан, мөнгөө хэмнэнгээ гоё аялах боломжтой гээд энэ улс хүн бүрд тохирсон зүйлийг өгч чадна.
Тайландад аялах энэхүү гарын авлага нь тус улсаар хэрхэн мэргэжлийн хүн шиг аялах, юунаас зайлсхийх, үзэхэд хамгийн тохиромжтой зүйлс гээд бусад олон зүйлийг танд зааж өгөх болно!
Тайланд улсад заавал үзэх 5 зүйл
1. Бангкок хотод зочлох
Бангкок бол үнэхээр олон хөлийн газар бөгөөд бас заавал үзэх ёстой хот юм. Ариун сүмүүд, ордонууд, гайхалтай зах, дэлгүүр, дэлхийн хамгийн солиотой шөнийн амьдрал энд бий. Мэдээж хоол нь бас гайхалтай. Эхэндээ би энэ хотод дургүй байсан ч одоо бол гэртээ байгаа мэт санагддаг болсон газруудын нэг.
2. Чианг Май орчмын адал явдал
Чианг Май бол сүм хийд, хүнсний зах, шөнийн зах, гайхалтай хоол хүнсээр дүүрэн сэрүүн уур амьсгалтай эртний хот юм. Энэ хавьд ширэнгэн ойгоор аялахад тохиромжтой бөгөөд ойролцоо нь зааны дархан цаазат газар байдаг. Тайландын хамгийн гоё газруудын нэг юм.
3. Хао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган аялах
Бангкокоос хойд зүгт 2.5 цагийн зайд орших Хао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Тайландын хамгийн шилдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм. Энэ бол үнэхээр гайхалтай, үзүүштэй газар бөгөөд жуулчид бага ирэхийн дээр өтгөн ойтой, янз бүрийн амьтан, тэр ч байтугай зэрлэг заанаар дүүрэн газар. Greenleaf Guesthouse-д буудаллаарай. Энэ газар танд маш сайн аялал болон тун боломжийн үнэтэй байрыг санал болгоно.
4. Сонгкран баяраар усаар тоглох (Songkran)
Жил бүрийн 4-р сард Тайландчууд шинэ жилээ тэмдэглэж, гурван өдрийн турш асар их хэмжээний усаар байлддаг. Сонгкран нь хуучин бүгдийг угааж, шинээр эхлүүлэхийг бэлгэдэн хийдэг баяр юм. Энэ үеэр та хаана ч явсан нороход бэлэн байгаарай (Тиймээс цахилгаан төхөөрөмжүүдээ гялгар уутанд хийж битүүмжлээрэй).
5. Ко Ланта руу аялаарай (Ko Lanta)
Ко Ланта сүүлийн жилүүдэд илүүтэй хөгжиж байгаа ч, хэт хөгжилтэй хөрш хотуудтайгаа харьцуулахад тайван диваажин хэвээрээ байгаа. Хүн цөөтэй, нэлээд өргөн, цагаан элсэн далайн эрэг, хямд хоол, наран жаргах гоёмсог төрх, гайхалтай агуйнууд, усанд шумбах зэрэг нь энд миний хамгийн их хийх дуртай зүйлс. Таныг ч бас мэдрээсэй гэж хүсч байна.
Сонирхон туршиж болох бусад зүйлс
- Grand Palace болон Wat Pho-д зочлох
18-р зууны төгсгөлд Рама I-ийн барьсан Тайландын хааны ордон нь одоогийн хааны албан ёсны оршин суудаг газар юм (Тэрээр одоо энд амьдрахаа больсон бөгөөд зөвхөн ёслолд ашигладаг). Энэ бол сүм хийдээр баялаг газар бөгөөд 15-р зууны үеийн Маргад Буддагийн дүрийг хадгалдаг Ват Пра Каео энд байдаг юм. Ойролцоо нь байх Ват Фо нь хоёр зүйлээрээ алдартай. Нэгд, 46 метрийн урттай, хэвтэж буй Буддагийн хөшөө. Хоёрд, тайвшруулах массажны сургууль. Гранд ордон руу ороход 500 THB, Wat Pho руу ороход 200 THB болно. - Хао Сок үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган аялах
Тайландын өмнөд хэсэгт байрлах Хао Сок үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирснээр гайхалтай замаар явган аялаж, майхантайгаа буудаллан, шохойн чулуун содон тогтоц, сэрүүн гол мөрөн, гялалзсан нуур зэргийг харан баясаж болно. Энэ мэт сонирхол татах олон зүйлтэй учраас тус хүрээлэн нь улсынхаа хамгийн шилдэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тоонд байнга багтдаг. Тус цэцэрлэгт хүрээлэнд явган аялаж, олон тооны зэрлэг ан амьтан харж (баавгай – sun bear, заан, гиббон гэх мэт), алхаж гүйхэд зориулсан замаар явж, үзэсгэлэнтэйеэ жаргах нарыг харах боломжтой. Цэцэрлэгт орох хураамж 200 THB. Хагас өдрийн хөтөчтэй аялал 940 THB үнэтэй. - Эртний нийслэлүүдийг тойрон аялах
Тайландын эртний гурван нийслэл болох Сухотай, Лопбури, Аюттхая нь Чианг Май, Бангкок хоёрын хооронд оршдог. Хойд зүгийг чиглэн Бангкокоос Чианг Май руу явах замдаа энэ газраар дайраарай. Та эртний Тайландын талаар мэдээлэлтэй болж, жинхэнэ хөдөөгийн амьдралыг хамгийн ойроос харах болно. Миний дуртай газар бол Бангкокоос галт тэргээр 1.5 цагийн зайд орших Аюттхаяа. Энэ газар нь 1350-1767 оны хооронд Сиамын нийслэл байсан (1767 онд Бирм-Сиамын дайны үеэр устсан) юм. Та ердөө 900 THB үнээр хөтөч аваарай. - Халуун орны арлууд дээр амраарай
Тайландад олон тооны сайхан арлууд бий. Зарим нь хэт хөгжсөн байхад зарим нь ганцхан бунгаловтой (bungalow – хөнгөн материалаар хийсэн сууц). Зарим дуртай арлаа дурдвал, Ко Самет, Ко Таруато, Ко Ланта, Ко Чанг, Ко Тао, Ко Жум, Ко Липэ, Симилан арлууд, Ко Самуй зэрэг юм. - Бүтэн сарны шоунд оролцоорой
Дэлхийд алдартай бүтэн сарны шоуг амьдралдаа нэг үзэхэд яах вээ дээ? Тийм ээ? Бүтэн сарны баяр (The Full Moon Party) гэж болохгүй юмс нэг дор цугласан, бараг л баяр наадам шиг том шоу болдог. Баар бүр өөрийн гэсэн дуу тоглуулдаг төхөөрөмжтэй тул та хэдэн метр яваад л өөр өөр хөгжмийг чангаар сонсох болно. Далайн эрэг нь архи зардаг хүмүүс, шоу үзүүлэх галын бүжигчид, харанхуйд гэрэлтдэг нүүрний будаг зардаг жижиг лангуунуудаар дүүрэн байдаг. Мэдээжийн хэрэг, энэ бол жуулчдад зориулсан газар юм. Гэхдээ тун хөгжилтэй байдаг. Нэг зүйл сануулахад галтай дээсэн дээр битгий үсрээрэй. Хүмүүс нэлээд эвгүй түлэгдэж байхыг би харсан. - Ширэнгэн ойгоор явган аялах
Тайландын хойд хэсэгт ширэнгэн ойгоор олон хоног аялах гайхалтай боломжууд бий. Аялалууд эхэлдэг хамгийн том төвлөрсөн газар бол Чианг Май, Чианг Рай юм. Та байрлаж буй зочид буудлаараа дамжуулан ийм аялал захиалж болно. Хэрэв та онлайнаар урьдчилан захиалах юм бол илүү их мөнгө төлнө. Гэхдээ “жинхэнэ” уулын овгийнхонтой уулзах гэх мэт богино аяллаас татгалзаарай. Учир нь тэд мөнгө сэгсрэх шинжтэй байдаг ба нэг их хүсээд байх зүйл биш. - Симилан арлуудад очин, усанд шумбах
Эндэхийн ус нь маш тунгалаг, далайн олон төрлийн амьтан байдаг тул ун алдартай. Шумбаж сурах хамгийн хямд газар бол Ко Тао арал. Та Тайландын хаана ч далайд шумбах боломжтой ч Симилан арлууд хамгийн сайн боломжийг санал болгодог. Хэрэв та энд усанд шумбахаар ирсэн бол Зааны толгой хадыг заавал үзээрэй. Учир нь энэ хавийн усан доорх хаданд нь загас, ray, яст мэлхий их байдаг. Өдрийн аялалд шумбах төхөөрөмж, завины зогсоолын төлбөр багтдаг ба хоёр шумбалтын үнэ 5,900 THB-аас эхэлдэг. - Тайланд хоол хийж сурах
Тайландын хоол амттай бөгөөд хийхэд харьцангуй хялбар байдаг. Улс даяар хоол хийх сургуулиуд байдаг ч хамгийн сайн нь Чианг Май болон Бангкокт байдаг. Та гэртээ буцаж очоод эдгээр хоолыг хийхгүй байсан ч хамаагүй, нэг өдрийг амттай хоол хийж, идэж өнгөрөөхөд сонирхолтой байх болно. Амлая. Бангкокт байдаг, хагас өдрийн хоол хийх анги ойролцоогоор 1300 THB үнэтэй. - Исаан дахь кхмер сүмүүдийг сонирхох
Ангкорыг (Кхмерийн эзэнт гүрний нийслэл) бусад тосгонтой холбосон эртний зам дагуу, Исаан бүс нутагт олон сүм хийдүүд баригдсан байдаг. Эдгээрээс хамгийн том нь эртний хурдны замын төгсгөлд байрладаг Фимай юм. Энэ нь 11-р зуунд хамаарах бөгөөд Тайландын хамгийн том Хинду Кхмер сүмүүдийн нэг юм. Өөр хоёр гайхамшигтай Кхмер сүм (Phanom Rung болон Muang Tum) нь хэдхэн километрийн зайд, Бурирам мужид байдаг. Phanom Rung нь уулын орой дээр баригдсан бөгөөд Муанг Тум нь уулын бэлд байрладаг. - Өдрийн галт тэргэнд суух
Бангкокоос Чианг Май руу өдрийн галт тэргээр явах нь шөнийн галт тэргээс хамаагүй хямд төдийгүй хөдөө орон нутгийг үзэх боломжтой тул илүү гоё байдаг. Та нэг өдрийг Тайландын хөдөө орон нутгийг үзэж сонирхон, Тайландчууд галт тэргээр хэрхэн зорчидгийг ажиглахын зэрэгцээ зогсоол бүр дээр орж ирээд хоол зардаг хүмүүсээс хоол авч идэх боломжтой. Өдрийн галт тэрэг бол Тайланд дахь миний хамгийн дуртай аялал байсан. Аялал 10-13 цаг үргэлжилдэг тул замдаа хийх юмаа тооцоолоорой. - Зааны байгалийн цэцэрлэгт хүрээлэнд зочлох
Та Тайландад ирж заан унаж болох ч, би танд битгий ингээрэй гэж зөвлөх байна. Учир нь ийм бизнесүүд зааныг уналгад хэрэглэхийн тулд маш ихээр зовоодог юм шүү. Амьтадтай илүү ойр танилцах илүү сайхан арга бол Чианг Май хотын ойролцоох зааны байгалийн цэцэрлэгт хүрээлэнд сайн дурын ажил хийх юм уу, зочлон очих явдал юм. Энэ бол эдгээр гайхамшигтай амьтдад туслах боломжийг олгодог сайхан газар юм. Та заантай ширэнгэн ойгоор аялж, тэднийг хооллож бас хүрхрээний доор тэднийг угааж болно. Энд ирсний дараа та яагаад хэзээ ч заан унах ёсгүйг ойлгох болно. Нэг өдрийн аялал насанд хүрэгчдэд 2500 THB үнэтэй. - Ват Дой Сутепд очих
Энэхүү гайхамшигтай буддын сүм нь Чианг Майгаас 16 километрийн зайд орших Дой Сутеп-Пуй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрдаг юм. Трамвайгаар явж юм уу, эсвэл шатаар 300 алхаж байж та Дой Сутеп оргил руу очих бөгөөд тэнд гялалзсан алтан сүм хийд таныг хүлээж байна. Энэхүү сүм нь 14-р зууны үед хамаарах бөгөөд Буддын шашны ховор дурсгалуудыг хадгалдаг. Энэ сүм нь хэтэрхий үзэсгэлэнтэй тул Чианг Майд ирсэн л бол энэ сүмд заавал ирээрэй. Ороход мөнгө төлдөггүй. - Алтан гурвалжинд зочил
Меконг мөрний Руак голтой нийлэх цэгийг Алтан гурвалжин гэж нэрлэдэг. Энэ нь мөн Лаос, Тайланд, Мьянмарын уулздаг цэг бөгөөд нэгэн цагт хар тамхины үйлдвэрлэлээрээ алдартай байжээ. Та голын дагуу завиар явж, Алтан гурвалжин цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Буддагийн олон хөшөө, үзэсгэлэнт газрууд, захуудыг үзэж болно. Энэ нь Чианг Саенаас хойд зүгт ердөө 9 км (5.6 миль) зайд оршдог. Чианг Майгаас явдаг Алтан гурвалжингийн өдрийн аялал ойролцоогоор 2200 THB үнэтэй. - Ко Пи Пи дээрх үдэшлэг
Ко Пи Пи бол Тайландад очдог жуулчдын дунд хамгийн алдартай арлуудын нэг юм. Муу нэрээрээ алдаршсан Майя Бэйгээс (2000 онд Леонардо Ди Каприогийн тоглосон “The Beach” киногоор алдаршсан) эхлээд Monkey Beach-ийн сармагчингууд, усанд шумбах боломж, шөнийн амьдрал гэх мэт сонирхон үзэх зүйл энд олон. 2004 оны цунамид арал сүйдсэн ч дахин сэргээж, өмнөхөөс нь ч илүүгээр хөгжүүлжээ. Би хувьдаа Ко Пи Пид дургүй ч энэ нь тус улсын хамгийн алдартай газруудын нэг юм. Танд таалагдах эсэхийг очиж байж шийдэх биз ээ! - Ко Лип дээр амар
Тайландын өмнөд хэсэгт байрладаг, газрын зураг дээрх хагас арал бол дэлхий дээрх миний хамгийн дуртай газруудын нэг юм. Ко Липэд супер найрсаг нутгийн иргэд өдөр бүр гайхалтай далайн хоол авчирдаг. Далайн эрэг нь үзэсгэлэнтэй, ус нь дулаахан, үнэ нь хямдхан. Би гурав хонох гэж ирээд нэг сар болсон. Сүүлийн жилүүдэд нэлээд хөгжин, өмнөх шигээ унтаа бяцхан арал байхаа больсон ч, Тайландын бусад олон арлаас хөгжил нь арай хоцорсон хэвээр байгаа. Түүгээр ч барахгүй, хажууханд нь далайн усанд шумбаж, эрэг дээр нь зугаалах боломжтой хүний хөл хүрээгүй, элдэв юм бариагүй үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгаа. - Хөвөгч захаар хэсээрэй
Тайландад дүүрэн зах байдаг. Магадгүй эдгээрээс хамгийн хачирхалтай нь хаа сайгүй байдаг хөвөгч захууд байх. Хамгийн шилдэг нь бол Ратчабури дахь Дамноен Садуак, Бангкок дахь Талинг Чан хэмээх амралтын өдрүүдээр ажилладаг, хөвөгч зах юм. Хөвөгч захууд нь өнгө өнгийн бараа таваар, хоол хүнс ачсан завиудаар дүүрэн байдаг тул та олон сайхан зураг авж болно. Хэдий жуулчдад зориулсан, нэлээд үнэтэй газар хэдий ч, сониучирхан ажиглахад таатай газар юм. Та Бангкок дахь Дамноен Садуак, Маеклонг төмөр замын захуудаар 1000 THB үнэ төлөн, хөтөчтэй аялах боломжтой. - Канчанабури мужид үүргэвчтэй аялах
Энэ бүс нутаг нь явган аялал хийхэд тохиромжтой, өтгөн ой мод, сайхан байгальтай боловч энэ нутгийн түүх нэлээд бараан. Мьянмар, Тайландыг холбосон алдарт Үхлийн төмөр зам энүүгээр дайран өнгөрдөг бөгөөд Дэлхийн 2-р дайны үед олзлогдогсон хүмүүс, энгийн иргэдийн хамтаар барьсан юм. Албадлагаар ажиллаж байсан үүн өмнөд Азийн 90,000 орчим энгийн иргэн, 12,000 гаруй холбоотны хоригдлууд төмөр замын барилгын ажлын үеэр амь үрэгджээ. Квай гол дээрх гүүр мөн энд байдаг бөгөөд олзлогдогсдын хүнд хөдөлмөрийн үр дүнд бий болсон энэхүү гүүрээс сэдэвлэн зохиосон алдартай кино, зохиол байдаг. Энд айлчлах үед сэтгэл хөдөлдөг ч, нөгөө талаасаа Тайландын түүхтэй танилцахын тулд заавал ирэх ёстой газар юм. - Тайландын хойд хэсгээр мотоциклтой аялах
Энэ улсын хаа сайгүй мотоциклтой аялж болох олон гоё чиглэл байдаг. Ялангуяа Чианг Май, Чианг Райгийн ойролцоо. Олон хүн дугуй түрээслэн, байгалийн үзэсгэлэнт газруудаар нэг эсвэл олон хоног аялдаг. Май Хонг Сон муж нь Чианг Майгаас эхлээд Пай хүртэл хийж болох гайхалтай аяллыг санал болгодог. Тайлбар: Хэрэв та мотоцикль түрээсэлж байгаа бол аюулгүйн дүрмийг маш сайн баримтална уу. Хэзээ ч архи ууж болохгүй. Хэрэв уувал мотоциклоо барих хэрэггүй. Авто осол энд нэлээд түгээмэл.
Тайландын аяллын зардал
Орон байр – Тайланд маш хямд. Гэхдээ хойд зүг болон томоохон хотууд нь арлуудаасаа хамаагүй хямд байдаг. Улс даяар улам олширч буй 4-6 ортой дотуур байранд нэг шөнийн 270-450 THB хооронд байна. 10 ба түүнээс дээш ортой дотуур байрны том өрөөг 170-250 THB үнээр олж болно.
Чианг Май, Бангкок зэрэг томоохон хотуудад нэг хоногийн үнэ 400-700 THB байдаг ч та хотод нэг хоногийн 400 THB, хөдөөд 300 THB-ээр зочид буудал олох боломжтой.
Арлууд дээр юм уу, агааржуулагчтай илүү гоё өрөөнд нэг шөнө 600-850 THB төлнө. Бунгалов (дэрсэн, модон байшин) ойролцоо үнэтэй.
Зочид буудлын үнэ 1350 THB-аас эхэлнэ. Арлууд дээрх томоохон амралтын газруудын эрэг дагуу байдаг бунгалов нэг шөнийн 2100 THB-аас эхэлдэг.
Тайландад Airbnb мөн хөгжиж байгаа бөгөөд олон хотод дажгүй сонголтууд байдаг болсон. Тусдаа өрөө түрээслэх явдал түгээмэл биш ч, орон сууцыг бүтнээр нь түрээслэх нь хамаагүй амар байдаг ба маш боломжийн үнэтэй. Нэг шөнийн 600-900 THB-ээс эхэлдэг.
Хоол хүнс – Тайландын анхилуун үнэртэй, халуун ногоотой, амт сайтай хоолнуудад хөрш орнуудын нөлөө их байдаг. Өөр өөр амтыг гаргахын тулд олон янзын орц найрлагыг ашигладаг. Ердийн халуун ногоонд нь сармис, лаврын навч, галангал, силантро, lemongrass, кафир навч, чинжүү, загасны соус орно. Та аль ч бүс нутагт байсан төрөл бүрийн карри, салаат, шөл, шарсан мах олох боломжтой.
Тайландын хоолонд будаа, гоймон гол байр эзэлдэг бол махны хувьд ихэвчлэн гахай, тахиа, загас эсвэл далайн бүтээгдэхүүн байдаг. Ийм хоол арлууд, далайн эрэг гээд хаа сайгүй байдаг. Улс даяар алдартай хоол гэвэл нь паттай (шарсан гоймонтой хоол), том юм гун (сам хорхойтой халуун, исгэлэн шөл), массаман карри, сом там (халуун ногоотой папайя салат), као фад (шарсан будаа), хао ман гай (чанасан тахиатай будаа), сатай (шорлог дээр шарсан мах, самрын дүрсэн соустай үйлчилдэг) зэрэг юм.
Тайландад, ялангуяа томоохон хотуудад хоол хүнс үнэхээр хямд. Гудамжны хоолны үнэ 20 THB орчим боловч хэрэв та сайхан цадахыг хүсч байвал хоолонд дунджаар 45-80 THB зарцуулна. Хэрэв та нутгийн гудамжны хоолоор дагнавал өдөрт ойролцоогоор 180-275 THB (17,000₮ – 25,000₮) зарцуулах болно.
Тайланд ресторануудад pad thai, карри зэрэг хоол нь 65 THB-аас эхэлсэн үнэтэй байдаг. Томоохон хотуудын худалдааны төвүүд нь асар том ба (мөн алдартай) дотроо хоолны хэсэгтэй бөгөөд та ойролцоогоор 60-100 THB-ийн үнээр маш их хоол авч болно.
Зорилтот үйлчлүүлэгчид нь голдуу жуулчид байдаг учраас барууны хоолны газрууд үндэсний хоолтой газрыг бодвол үнэтэй байдаг. Барууны ихэнх хоол (бургер, пицца, паста гэх мэт) нь 170-340 THB-ийн үнэтэй байдаг ч жуулчдад үйлчилдэг газруудад илүү үнэтэй байдаг. Барууны ихэнх хоол нь харьцангуй улцгар, сонин харагддаг тул идээд хэрэггүй. Та тийм ч аятайхан биш бургер юм уу, пицца идэх гэж энэ хол газар ирээгүй биз дээ?
Уух болон бааранд ороход үнэтэй тусдаг. Хамгийн хямд шар айраг тус бүр нь ойролцоогоор 60-85 THB, нэг шил дарс 120 THB, коктейль 290-400 THB байна. Та 7-Eleven-ээс шар айргийг тал үнээр нь авч, мөнгөө хэмнэж болно.
Илүү нарийвчилсан үнийн задаргаа болон газар бүрийн хоолны талаар тодорхой зөвлөмж авахыг хүсвэл түр хүлээнэ үү. Би удахгүй хот хотоор нь задалж, мэдээлэл оруулахаар төлөвлөж байна.
Хоол маш хямд тул та бэлэн салаат, жимс жимсгэнэ авахаас бусдаар хүнсний дэлгүүр орох нь утгагүй юм.
Үзвэр, үйл ажиллагаа – Ширэнгэн ойн аялал өдрийн 2,000-2,685 THB, хоол хийх хичээл 1,000-1,300, муай тай тулааныг үзэхэд ойролцоогоор 1,500 THB болдог. Ихэнх цэцэрлэгт хүрээлэн, үндэсний музейд ороход 50-200 THB үнэтэй байдаг (Тайланд бус хүн бол та үргэлж илүү өндөр үнэ төлөх болно). PADI шумбалтын гэрчилгээ олгох курс (Тайландад маш их алдартай) ойролцоогоор 10,000 THB үнэтэй бөгөөд байрны үнэ нь ихэнхдээ орсон байдаг. Хоёр удаа шумбах завины аялал нь ойролцоогоор 2500 THB үнэтэй.
Аялал, үйл ажиллагаагаа ирээд захиалаарай. Ирснийхээ дараа аялал жуулчлалын компаниудтай холбоо бариарай. Ийм компаныг олоход хялбар бөгөөд буусан газар тань хамрагдах үзвэр, үйлчилгээг захиалж өгдөг хүнтэй байдаг. Хэрэв та бөөндөө явбал илүү хямдардаг. Хэрэв эхний агент хямдрал өгөхгүй бол дараагийнх руу шилжээрэй. Онлайнаар аялал захиалахад үнэтэй байдаг.
Үүргэвчтэй аялах төсөв
Хэрэв та Тайландад үүргэвчтэй аялах гэж байгаа бол өдөрт 800-1,125 THB (24$-34$) төсөвлөөрэй. Энэ төсвөөр та dorm (дотуур байр, дундын өрөө) төрлийн байранд байрлаж, гудамжны (streetfood) хоол идэн, өдөрт хэд хэдэн юм уун, нийтийн тээврээр аялж, усанд сэлэх, явган аялах, далайн эрэг дээр амрах зэрэг үнэ төлбөргүй юм уу, хямд үйл ажиллагаануудад хамрагдаж болно.
Өдрийн1,750-2,700 THB (50-80$)-ийн дундаж төсөвтэй бол дотуур байранд тусдаа өрөөнд буух юм уу, агааржуулагчтай жижиг буудалд байрлаж, барууны ресторанд цөөн удаа хооллон, мотоцикль эсвэл скутер түрээсэлж, хот хооронд аялах боломжтой. Галт тэргээр юм уу, хямд нислэгээр явж, ширэнгэн ойгоор аялан, усанд шумбах зэрэг илүү төлбөртэй үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой болно.
Өдрийн ойролцоогоор 3,725-5,450 THB (100-160$) буюу түүнээс дээш мөнгөн дүнтэй “тансаг” төсөвтэй бол та зочид буудалд байрлан, хүссэн газартаа хооллож, илүү их ууж, хүссэн арлууд дээрээ очиж, хийхийг хүссэн бүх аялал, үйл ажиллагаандаа хамрагдах боломжтой. Энэ бол зүгээр л доод хэмжээ нь. Мэдээж дээшээ бол хязгааргүй!
Хэрхэн аялахаас хамаарч, өдөртөө хэр их мөнгө төсөвлөх хэрэгтэйг доор тоймлон үзүүлье. Мэдээж энэ бол дундаж тоо. Та зарим өдөр илүү ихийг, заримдаа багыг зарцуулна. Магадгүй өдөр бүр үүнээс багыг ч зарцуулж болох. Бид зөвхөн төсвөө гаргахад тань туслах зорилгоор ерөнхий ойлголт өгөхийг хүсэж байна..
Байр | Хоол | Тээвэр | Үзвэр | Өдрийн дундаж зардал | |
Үүргэвчтэй аялал | 35 | 40 | 15 | 25 | 115 |
Энгийн дундаж | 100 | 85 | 35 | 75 | 295 |
Тансаг зэрэглэл | 200 | 150 | 60 | 110 | 520 |
Мөнгө хэмнэх зөвлөмжүүд
Тайланд бол хямд газар тул баруун солгойгүй л үрээд байхгүй бол нэг их зардал гарахгүй. Хэрэв та үнэхээр зардлаа багасгахыг хүсч байвал аяллынхаа үеэр мөнгө хэмнэх хэдэн аргыг дурдъя.
Хөдөө явах – Тайландад мөнгө хэмнэх хамгийн хялбар арга бол зүгээр л нутгийн хүн шиг амьдрах юм. Орон нутгийн автобусанд сууж, гудамжны хоол идэж, орон нутгийн шар айраг уу. Тайландчууд Бангкок хотод амьдрахдаа сард дунджаар 7750 THB зарцуулдаг бол хөдөө орон нутагт түүнээс ч бага мөнгөөр амьдардаг. Зардлаа боломжийн хэмжээнд байлгахын тулд энгийн хэрэглээтэй бай.
Гудамжны хоол идээрэй – Тайландын хамгийн сайн хоол нь гудамжинд байдаг бөгөөд рестораны хоолноос хямд үнэтэй.
Хямдралтай цагийг ашигла (Happy hours) – Тайландад “happy hours” үеэр уух зүйлийг тал үнээр нь, эсвэл 2-ийн үнээр 1-ийг зарах зэрэг хямдрал зарладаг. Хэрэв та бааранд орохыг хүсч байвал “happy hour”-р нь ороорой.
7-Eleven-ээс шар айраг худалдаж ав – Тайландын хаа сайгүй байдаг 7-Elevens-ээс шар айраг худалдаж аваад гадаа уух нь бааранд уухаас хэмнэлттэй. Бааранд уухаас ихэвчлэн 50% хямд байдаг.
Ирэхээсээ өмнө аялал захиалж болохгүй – Та хоол хийх хичээлд суумаар байна уу? ZipLine хийх үү? Ширэнгэн ойд аялах уу? Усанд шумбах уу? Та Тайландад буутлаа ямар нэгэн зүйл захиалах хэрэггүй. Хүлээ. Аялал жуулчлалын компаниуд бараа бүтээгдэхүүнээ өрсөн зарах хүсэлтэй байдаг тул та ирээд сонголтоо хийгээрэй. Ирэхээсээ өмнө онлайнаар захиалгаа өгөх боломжтой ч, илүү мөнгө төлөх болно. Оронд нь ирээд захиал. Тэгвэл хямд тусна.
Нутгийн хүнтэй найзал – Айлд үнэгүй байхаас илүү сайхан боломж гэж хаана байх вэ? CouchSurfing хийснээр нутгийн хүмүүстэй танилцахын зэрэгцээ үнэ төлбөргүй байрлах газартай болж, тэдний л мэдэх гоё гоё газруудад очих боломжтой болдог. Зүгээр л ороод бүртгүүл!
Усны савтай яв – Цоргоны ус уухад тохиромжгүй тул цэвэршүүлэгчтэй усны сав авч яваарай. Ялангуяа Зүүн Өмнөд Азид энэ нь тун хэрэгтэй эд. Миний дуртай сав бол LifeStraw бөгөөд таны ус үргэлж цэвэр, аюулгүй байх болно. Байгаль орчинд ч ээлтэй.
Байр, буудал
Та Тайландад хоноглох газар хайж байна уу? Дуртай газруудаа доор жагсаалаа.
- Lub d Bangkok Siam (Bangkok)
- D&D Inn (Bangkok)
- Kodchasri B&B (Chiang Mai)
- Smile Robotist Hostel (Chiang Mai)
- Hostel Lullaby (Chiang Mai)
- The Royal Guest House (Chiang Mai)
- Chang Puak Hotel (Chiang Mai)
- Pineapple Guesthouse (Phuket)
- Bodgea Party Hostel (Phuket)
- BearPacker Patong Hostel (Phuket)
- Balcony Party Hostel (Krabi)
- Noom Guesthouse (Lopburi)
- The Famous Pai Circus Hostel (Pai)
- Old City Guesthouse (Sukhothai)
- Mut Mee Garden Guest House (Isaan)
- Lonely Beach Resort (Ko Chang)
- Bodega Party Hostel (Ko Pha Ngan)
- Echo Beach Hostel (Ko Pha Ngan)
- The Sanctuary (Ko Pha Ngan)
Унаа тээвэр
Нийтийн тээвэр – Орон нутгийн автобус нэг удаад 8 бат, Бангкок дахь Метро, Skytrain нь нэг удаад 16-52 THB үнэтэй байдаг. Songthaews (тэвшин дээрээ зорчигч тээвэрлэдэг машин) бол олон газрын голлох тээврийн хэрэгсэл юм. Эдгээр машинуудад тогтон зогсоол гэж байдаггүй. Зүгээр л зорчигчдын хүссэн газар руу явдаг. Ойролцоогоор 30-50 THB үнэтэй..
Такси – Тоолууртай таксины үнэ нь ихэвчлэн 60-100 THB байдаг. Үргэлж тоолууртай таксинд суу. Эс тэгвээс та хэт их мөнгө төлөх болно. Хэрэв таны суусан такси тоолуургүй байвал шууд буугаад, өөр такси бариарай.
Тук-тук нь тоолуургүй бөгөөд ерөнхийдөө илүү үнэтэй байдаг. Нэг унаа суухад 100-235 THB үнэтэй. Суухаасаа өмнө үнээ заавал тохироорой. Би ерөнхийдөө тук-тукт нэг их суудаггүй ч, ойр газар явахад бол давгүй унаа шүү.
Мотоцикл такси (улбар шар хантаазтай) улс даяар богино зайнд 35-80 THB үнээр явдаг ч та үнээ тохиролцох хэрэгтэй.
Ridesharing – Grab бол Uber-ийн (манайхаар UBCab) Ази хувилбар юм. Grab гэдэг нь утасны програмаар дамжуулан таныг хаа нэг газар хүргэж өгөх жолооч дуудаж өгдөг апп юм. Төлбөрөө апп-р эсвэл бэлнээр төлөх боломжтой. Ердийн таксинаас хамаагүй хямд байдаг ч жолооч нар нь бага зэрэг найдваргүй талдаа.
Завь, гатлага онгоц – Арлууд болон далайн эрэг хооронд урт сүүлт завиар аялах нь хамгийн түгээмэл бөгөөд ойр зайд нэг хүний 150-275 баттын үнэтэй байдаг. Бангкок зэрэг томоохон хотуудад гатлага онгоц байнга явдаг бөгөөд нэг удаадаа 13-32 үнэтэй байдаг.
Автобус – Тайландын автобуснууд нь маш хямд бөгөөд улс даяар хаа сайгүй аяладаг. Хот хоорондын аяллын хувьд унтлагын болон агааржуулагчтай автобус арай үнэтэй явдаг.
Бангкокоос Чианг Май руу автобусаар 10 цаг явдаг бөгөөд ойролцоогоор 529-617 THB төлдөг бол 1-р зэрэглэлийн тасалбар 825 THB үнэтэй байдаг. Бангкокоос Трат хүртэл (та дараа нь Ко Чанг руу явах гатлага онгоцонд сууж болно) 5 цаг явдаг бөгөөд ойролцоогоор 250-300 THB үнэтэй. Бангкокоос Канчанабури хүртэл автобусаар хоёр цаг явахад ердөө 120-140 THB болно.
Та тасалбарын үнэ болон автобусны компаниудыг эндээс харж, захиалж болно.
Галт тэрэг – Тайландын галт тэрэгнүүд хэдий удаан ч, хол замд явахдаа гайхалтай үзэсгэлэнтэй газруудаар дайрдаг. Галт тэргээр явах нь жинхэнэ Тайландыг үзэх гайхалтай арга бөгөөд үүнийг тусдаа аялалд тооцож болно. Хэдий айхтар хурдан биш ч, галт тэрэгнүүд харьцангуй тохь тухтай, хямд бөгөөд авто замаар явахаас илүү аюулгүй байдаг.
Улс даяар галт тэрэгний үйлчилгээ хямд байдаг. Өдрийн галт тэрэгний үнэ 30-50 THB, шөнийн галт тэрэгний тасалбар 875 THB-аас эхэлдэг бөгөөд хоёрдугаар зэрэглэлийнх нь агааржуулагчгүй. Бангкокоос Чианг Май хүрэх галт тэрэг 11-13 цаг явах ба 715-900 баттын үнэтэй бол Бангкокоос Паттайя хүртэл 4 цаг явах ба 30-50 баттын үнэтэй.
Лаос руу 11-13 цаг явах Бангкок-Вьентьян шинэ галт тэрэг байдаг бөгөөд ойролцоогоор 1000 баттын үнэтэй. Галт тэргээр Бангкок, Пенанг, Куала Лумпур, Сингапурын хооронд аялах нь үнийн хувьд боломжийн хийгээд сонирхолтой аялал болдог юм.
Та Тайландын төмөр замын вэбсайтаас цагийн хуваарийг нь харж болно.
Нислэг – Хямд өртөгтэй агаарын тээврийн компаниудын үнэ сүүлийн үед 825-4500 баттын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд улс орон даяар нислэгийн үнэ ихээхэн буурсан байна.
Арлууд руу нисэх нь томоохон хотууд эсвэл алдартай газрууд руу нисэхээс илүү үнэтэй байдаг. Жишээлбэл, Бангкокоос Пхукет, Чианг Май эсвэл Краби хүртэл нэг талын тийзний үнэ 450-825 THB байдаг бол Бангкокоос Кох Самуй хүртэлх нэг талын тийз нь ойролцоогоор 2150 THB үнэтэй болдог.
Тайландын хямд агаарын тээврийн компаниуд:
Машинд дайгдах – Тайландад машинд дайгдах явдал хэдий түгээмэл биш ч, аюулгүй байдаг. Аятайхан хувцаслаж, жолоочтой харьцаж байхдаа инээмсэглэн, хаашаа явж байгаагаа бичсэн цаас бариарай. Хэрэв та хөдөө орон нутгаар аялж байгаа бол машин олдохгүй удаж магад тул их хэмжээний ус, нэг юмуу хоёр удаа идэх хөнгөн хоол бэлдэж аваарай. Hitchwiki бол машинд дайгдах талаар илүү их зөвлөгөөтэй цахим хуудас юм.
Машин түрээслэх – Энд машин түрээслэхэд тийм ч хямд биш бөгөөд олон өдөр түрээслэхэд нэг өдрийн 800 THB орчим байдаг. Нийтийн тээвэр илүү хурдан, хямдын дээр энд осол гарах нь элбэг байдаг тул би машин түрээслэхээс зайлсхийдэг.
Хэзээ явбал тохиромжтой вэ?
Тайланд нь хэдий том улс биш ч, монголчууд бидний хувьд уур амьсгал, агаарын хэм эрс өөр тул хэзээ явахаа зөв төлөвлөх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ улсад зочлох хамгийн тохиромжтой цаг бол 11-р сараас 3-р сар юм. Учир нь энэ үед сэрүүн/хуурай улирал нь тохиодог. Энэ үед агаарын хэм ихэвчлэн 30° C ба түүнээс дээш байдаг (тийм ээ. Тайландад энэ бол “сэрүүн”).
Хэрэв та энэ хугацаанд хойд зүгийн нутгаар айлчлахаар төлөвлөж байгаа бол оройн цагаар агаарын хэм огцом буурч болзошгүй. Тиймээс дулаан хувцас авчраарай!
Халууны улирал нь 4-р сараас 6-р сар хүртэл байдаг. Халуунд дасаагүй хүмүүсийн хувьд тэсвэрлэхийн аргагүй болдог. Өдрийн дээд хэм 35°C болно.
Их Борооны улирал нь хойд хэсгээр 5-р сарын сүүлээр тохиож, өдөр бүр бороо орно (дулаахан хэвээр байдаг). Бага борооны улирал нь 7-р сараас 10-р сар хүртэл. Энэ үед түр зуурын борооноос эхлээд их хэмжээний үер буух хүртэл хүчтэй аадар орж болно. 6, 8-р сард хамгийн их бороо ордог ч 10-р сард хур тунадас багасч эхэлдэг. Үдээс хойш бороо бага зэрэг шивэрсэн хэвээр байж болох ч, аравдугаар сар бол ерөнхийдөө энд зочлоход хамгийн тохиромжтой цаг юм.
Захиалгын сайтууд
Аялалд маань хамгийн их хэрэг болдог компаниудыг доор жагсаалаа. Эдгээр компани нь маш сайн үнэ санал болгохын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ерөнхийдөө бусдаасаа илүү байдаг юм.
Skyscanner – Skyscanner бол миний хамгийн дуртай нислэгийн хайлтын систем юм. Тэд том хайлтын сайтуудын орхигдуулаад байдаг жижиг вэбсайтууд болон агаарын тээврийн компаниудыг олж өгдөг.
Hostelworld – Энэ бол жижиг буудал, байр зэргийг хамгийн өргөн хүрээнд хайж олоход тусалдаг шилдэг сайт юм.
Agoda – энэ бол Hostelworld-аас гадна Азийн зочид буудлын хамгийн шилдэг сайт юм.
Booking.com – Байнга хамгийн хямд үнийг санал болгодог сайт. Хямд төсөр өртөгтэй байр сууцыг, хамгийн өргөн сонголттой санал болгодог. Миний мэдэх хамгийн хямд газар.
Intrepid Travel – Хэрэв та бүлгээрээ аялах гэж байгаа бол Intrepid-ийг сонгоорой. Эднийх нутгийн операторуудыг ашигладаг ба жижиг бүлгийн маш сайн аяллуудыг санал болгож, байгаль орчинд ул мөр бага үлдээдгээрээ алдартай.
Миний вэб сайтыг хадгараад аваарай – Би өөрийн амьдарч байсан 25 улсаа эхний ээлжинд оруулаад зогсохгүй цаашид очсон газар бүрийнхээ талаар дэлгэрэнгүй судалгаа хийж оруулах болно.
WorldNomads – Энэ бол дижитал нүүдэлчид болон урт хугацааны аялагчдад тохирсон, хямд төсөр төлөвлөгөөг санал болгодог даатгал юм. Тэд сарын хямд төлөвлөгөө, гайхалтай үйлчилгээ, ашиглахад хялбар нэхэмжлэлийн процессыг санал болгодог тул аялалд яваа хүмүүст хамгийн тохиромжтой.
Аюулгүйн зөвлөмжүүд
Тайланд бол үүргэвчээ үүрээд аялахад ерөнхийдөө аюулгүй газар юм. Та ганцаараа аялж байсан ч, тэр байтугай эмэгтэй хүн байсан ч аюулгүй. Жуулчдын эсрэг элдэв хүчирхийлэл үйлдэх нь ховор байдаг. Асуудалд орсон дийлэнх хүмүүс ихэвчлэн өөрсдөө хар тамхи, секс аялал жуулчлалтай холбогдсон байдаг тул хэрэв та эдгээрээс зайлсхийвэл ноцтой асуудал гарахгүй.
Ганцаар аялагчид энд ер нь аюулгүй ч урьдчилан сэргийлэх зүйлсийг мэдүүштэй. Жишээ нь: бааранд ууж байгаа зүйлээ үргэлж хянаж байх, ганцаараа согтуу гадуур явахгүй байх гэх мэт.
Жижиг хулгай (цүнх булааж авах гэх мэт) тохиолдож болох тул эд зүйлсээ байнга хямгадаж байгаарай. Ялангуяа олон хүнтэй нийтийн тээврээр явахдаа болгоомжтой байх нь дээр.
Тоолуургүй такси гэх мэт нийтлэг залилан байдаг ч ихэнх тохиолдолд харьцангуй аюулгүй газар юм. Аялаын луйвраас зайлсхийх зөвлөмжийг цаашид нэг том нийтлэл болгож оруулах төлөвлөгөөтэй байгаа тул та миний сайтыг ойрхон шалгаж байгаарай. Эсвэл миний instagram хуудастай холбоотой байгаарай. @buyakublai
Хэрэв танд яаралтай тусламж хэрэг болбол 191 руу залгаж тусламж авна уу (мобайл төхөөрөмжөөс 112).
Зөн совиндоо үргэлж итгэж бай. Паспорт, иргэний үнэмлэх зэрэг хувийн бичиг баримтаа хуулбарлаж аваарай. Аяллын хөтөлбөрөө ойр дотнын хүмүүстээ мэдэгдсэнээр тэд таны байгаа газрыг мэдэх боломжтой болно.
Мөн хамгийн чухал зөвлөгөө бол сайн аялалын даатгал худалдаж авах юм. Аялал жуулчлалын даатгал нь таныг өвчин, гэмтэл бэртэл, хулгай, аялал эсвэл нислэг цуцлагдах үед хамгаалах болно. Ямар нэгэн зүйл буруугаар эргэх үед таныг хамгаалж, нөхөн төлбөр өгдөг. Даатгалаа ашиглах шаардлага олон удаа гарч байсан тул би даатгалгүйгээр аялалд гардаггүй. Миний хэрэглэж байсан хамгийн сайн аяллын даатгалуудын нэг бол: World Nomads
Тайландад ашиглах тоног төхөөрөмж, сав баглаа боодлын талаарх гарын авлага
Хэрэв та замд гарах гэж байгаа бөгөөд бэлдэх зүйлсийн талаар зөвлөгөө хэрэгтэй бол аяллын хамгийн сайн үүргэвч болон бусад зүйлсийн талаар өгөх миний зөвлөмжийг эндээс харна уу!
Аялагчдад зориулсан шилдэг үүргэвч
Урт хугацаагаар аялахад хамгийн тохиромжтой үүргэвч аль нь вэ? Би REI Flash 45 багцыг санал болгож байна. Энэ нь хөнгөн, тохь тухтай, ачаалал даах дээд зэргийн чадвартай бөгөөд онгоцны хогийн саванд төгс тохирно.
Хэмжээ: 45-47л
Оосор: Зузаан, зөөлхөн шахах технологитой тул ачааг дээш болон дотогшоо татаж, хүнд мэдрэмж төрүүлэхгүй.
Онцлогууд: Зөөврийн дээд таг, урд талын халаас, чийгшүүлэхэд тохиромжтой, хонго бүслүүр
Хэрэв танд өөр мэдээлэл хэрэгтэй бол хамгийн сайн аяллын үүргэвчийг сонгох тухай миний нийтлэлээс багц сонгох болон бусад зөвлөмжийг хараарай
Аялалдаа юу авч явбал зүгээр вэ?
Хувцас
- 1 жинсэн өмд (хүнд, удаан хатдаг. Гэхдээ би энэ өмдөндөө дуртай. Өөр хувилбар бол khaki өмд)
- 1 шоорт
- 1 усны хувцас
- 5 футболк (FreshCleanTees бол миний дуртай брэнд)
- 1 урт ханцуйтай футболк
- 1 хос углааш
- 1 пүүз
- 6 хос оймс (Тал нь яваандаа алга болчихдог юм)
- 5 хос дотуур өмд
- 1 шүдний сойз
- 1 шүдний оо
- 1 сахлын хутга
- 1 багц шүдний утас
- 1 жижиг шил шампунь
- 1 жижиг шил шүршүүрийн шингэн
- 1 алчуур
- Үнэр дарагч
Жижиг эмнэлгийн хэрэгсэл (аюулгүй байдал чухал!!!)
- Шархны боолт, наалт
- Гидрокортизон тос
- Бактерийн эсрэг тос
- Чихний бөглөө
- Тайлинол (өвчин намдааж, үрэвсэл дардаг эм)
- Гар ариутгагч (нян бактери = өвчин = сүйдсэн амралт)
Бусад жижиг зүйлс
- Түгжээтэй цоож (аюулгүй байдал чухал)
- Амыг нь түгжиж болдог гялгар уут (юм гоожих, асгарахаас хамгаална)
- Гялгар уут (угаах зүйлсээ хийхэд тохиромжтой)
- Бүх улсад ашиглах боломжтой цэнэглэгч (хүн бүр зайлшгүй авах хэрэгтэй)
- Цэвэршүүлэгчтэй усны сав
Эмэгтэй хүн аялалдаа авч явах зүйлсийн жагсаалт
Би эмэгтэй хүн биш болохоор юу өмсдөгийг нь мэдэхгүй ч ганцаарчилсан аялалын их багш Кристин Аддис дээр дурдсан үндсэн зүйлс дээр нэмээд доорх жагсаалтыг гаргасан байсан.
Хувцас
- 1 усны хувцас
- 1 саронг
- 1 сунадаг жинсэн өмд (угааж, хатаахад хялбар)
- 1 бариу сунадаг материалтай өмд (хүйтэнд жинсэн өмднийхөө доогуур өмсөж, бусад үед даашинз, цамцтай өмсөж болохоор)
- 2-3 урт ханцуйтай цамц
- 2-3 футболк
- 3-4 ширхэг нарийн мөртэй майк
- 1 хөнгөн, энгэр нь задгай ноосон цамц
- Ариун цэврийн хэрэгсэл (тухайн газраасаа худалдаж авч болох ч, дийлэнх хүн өөрийнхөө дуртай хэрэглэлийг авч явдаг)
- 1 хуурай шампунь, тальк нунтаг (дараагийн угаалга хүртэл үсийг тослоггүй байлгана)
- 1 сам
- Будаг шунх (өөрийнхөө хэрэглэдгийг авч яваарай)
- Үсний боолт, хавчаар