За, дэлхийг тойрох аялал маань анх АНУ-с Малайзруу нэг сар амьдрахаар явснаар эхэлсэн юм. Куала Лумпурь (КЛ) нь Малайзын бусад хотуудыг бодвол арай үнэтэй. Энэ хотод олон төрлийн соёл холилдон байдаг нь эргээд сайнаар нөлөөлж, маш олон төрлийн гоё хоол, өргөн сонголттой дэлгүүр, өвөрмөц соёлууд, шөнийн амьдралыг нэгэн дор хамтатгасан юм билээ. Энэ хотыг зүйрлэвэл, Энэтхэг, Хятад, Малайз, барууны соёлыг нэг том тогоонд хийсэн мэт.
8 сая хүн амьдрах энэ хот бол дэлхийн хамгийн амттай Энэтхэг хоолтой хот юм (Энэтхэгийг оруулахгүйгээр). Нийт хүн амын 7% хувийг Малайзын энэтхэгчүүд эзэлдэг. Гоё хоолонд дуртай над шиг хүмүүс энд төрөл бүрийн өвөрмөц хоол амтлах боломжтой бөгөөд гудамжны хоолоороо маш алдартай учир заавал идэж үзээрэй.
КЛ нь дэлхийн хамгийн өндөр хос барилга болох Петрона Хос цамхагаараа мөн алдартай. Энэ блогийн зорилго бол КЛ-руу аялах гэж байгаа хүн бүхэнд аяллаа хямд, үр дүнтэй төлөвлөхөд туслах зорилготой юм шүү.
Заавал үзэх 5 зүйл
1. Петрона цамхаг (Petrona Towers) Google Map
Энэ алдарт хос цамхаг нь 452 метр өндөр бөгөөд КЛ-н тэнгэр баганадсан барилгууд дундаас цойлон харагддаг. Та энэ барилга руу орж, 41, 42 дугаар давхарт байгаа хоёр цамхгийг холбосон гүүр дээр зургаа авхуулаарай.
Өдөрт тодорхой тооны тасалбар л зардаг тул эрт очиж тасалбараа авчихаад цаг нь болохоор очоод үзэж болно. Тасалбарын үнэ 80 MYR
2. Butterfly Park – Эрвээхэйн парк Google Map
Эрвээхэй цэцэрлэгт хүрээлэн нь 5000 гаруй эрвээхэй, ургамал, ой мод, цэцэг бүхий асар том тохижилттой цэцэрлэг юм. Мөн энд асар том цох, мөчрөөс ялгагддаггүй, саваа маягийн шавж зэргийг үзэж болох музей байдаг. Тасалбарын үнэ 25 MYR бөгөөд видео камер ашиглахад нэмэлт 5 MYR хураамж төлнө (суурь ашиглахыг хориглоно).
3. Thean Hou сүмээр аялах Google Map
Зүүн өмнөд Азийн хамгийн эртний бөгөөд хамгийн том сүмүүдийн нэг болох зургаан давхар энэхүү буддын сүмийг Тэнгэрийн дарь эхийн сүм ч гэж нэрлэдэг. Куала Лумпурт байдаг Хайнанчуудын нийгэмлэг 1894 онд барьсан Теан Хоу сүм нь толгод дээр байрладаг бөгөөд эндээс хот үнэхээр сайхан харагдана. Энд зочлоход үнэ төлбөргүй.
4. Шри Махамариаманд зочилно уу Google Map
1873 онд баригдсан Шри Махамариаман Хинду сүм нь Хятад хорооллын яг захад байрладаг. Энэ бол тус улсын хамгийн эртний бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй чимэглэлтэй сүм юм. Ариун сүмийн хамгийн гайхалтай онцлог нь Хинду бурхдын дүрсээр чимэглэсэн хаалганы цамхаг юм. Үнэ төлбөргүй
5. Wander the Batu Caves Google Map
72 шатаар өгссөний дараа та аварга том алтан Муруган хөшөө болон гурван агуйн хамгийн том нь болох сүмийн агуйд орох болно. Дотогш орсныхоо дараа 100 метр өндөр тааз, хиндү шашны гоёл чимэглэлтэй бунхнуудыг харж алмайрах болно. Үнэ төлбөргүй.
Сонирхон туршиж болох бусад зүйлс
- Үндэсний музейд зочлох – Google Map
Үндэсний музей бол Малайзын түүх, соёлтой танилцах хамгийн тохиромжтой газар юм. Энд Малайзын эхэн үеэс өдгөөг хүртэл аялах боломжтой галерей байдаг. Онцлох зүйл бол Малайзаас олдсон 11,000 гаруй жилийн настай, хамгийн эртний хүн болох Перак хүний араг яс юм. Мөн гадна үзэсгэлэнд нь 1921 оны уурын зүтгүүр зэрэг олон арван жилийн түүхтэй тээврийн хэрэгслүүдийн музей ч байдаг. Маш сонирхолтой. Музейд ороход 5 MYR. - Гудамжны хоолыг идэх – Google Map
KL-д Энэтхэг, Хятад, Малай, Барууны хоол хүнс хаа сайгүй байдаг. Куала Лумпур дахь олон соёлоос бүрдсэн нийгэм нь маш олон төрлийн хоол хүнсний сонголтыг бий болгодог. Захууд болон замын хажуугийн лангуу нь чанартай хоол авах сайхан газар юм. Жалан Алор бол гудамжны хоолоороо хамгийн алдартай нь бөгөөд эндээс аяллаа эхэлбэл зүгээр. Үнэ дээр наймаалцах боломжтой. Энэтхэг болон Хятад хороололд ч гэсэн хотын хамгийн амттай хоолоор үйлчилдэг, хямдхан хоолны олон лангуу байгаа. Энэтхэг хорооллын зах (өдөр бүр 8:00-21:00 цагийн хооронд ажилладаг) юм уу, Хятад хороолол дахь Петалинг гудамжны захыг (өдөр бүр 8:00-20:00 цагийн хооронд ажилладаг) сонирхоорой. Огт уйдахгүй. Chinatown-ийн төв зах дээр бас олон амттай хоолнууд байгаа шүү. - Менарад гарах – Google Map
Куала Лумпурын өөр нэг гол цэг бол Менара цамхаг юм. 421 метр өндрөөс хүрээлэн буй орчноо хараарай. Энэ нь дэлхийн хамгийн өндөр долоо дахь барилга юм. Petronas Towers-ээс ялгаатай нь Skybox-ын шал нь шилэн тул шалнаас нэвт доошоо харж болно. Ажиглалтын тавцанд ороход 48 MYR, харин гаднах Skydeck болон Skybox-т орох үнэ 120 MYR. - Масжид Негарад зочлох – Google Map
Энэ бол Малайзын үндэсний сүм (Ислам бол тус улсын албан ёсны шашин юм). 52600 м2 цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд энд 15,000 хүн хүлээн авах боломжтой. Тод цэнхэр од хэлбэртэй дээвэр нь Малайзын 13 муж, Исламын таван тулгуур багана юм. Лалын шашинтай бус хүмүүс залбирлын цагаас бусад үед Үндэсний сүмд зочлох боломжтой. Тохиромжгүй хувцасласан зочдод урт нөмрөг өгдөг боловч таныг хүндэтгэлтэй хувцаслан очоорой гэж зөвлөх байна. Жишээ нь, биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргахгүй байх хэрэгтэй. Үнэ төлбөргүй. - Lake Gardens цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах – Google Map
Тун Абдул Разак дурсгалын цэцэрлэгт хүрээлэн гэж мөн нэрлэгддэг нуурын цэцэрлэгт хүрээлэн нь 1880 онд нээгдсэн. Энэ нь Куала Лумпур дахь хамгийн эртний нийтийн цэцэрлэгт хүрээлэн юм. Chinatown болон галт тэрэгний гол буудлын ойролцоо байдаг энэхүү цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахад үнэ төлбөргүй. Гэхдээ дотор нь байдаг төрөл бүрийн музей, цэцэрлэгт хүрээлэнгүүд нь төлбөртэй. Тэдний нэг нь Куала Лумпурын шувууны цэцэрлэгт хүрээлэн бөгөөд дэлхийн хамгийн том шувууд чөлөөтэй нисдэг хүрээлэнгийн нэг бөгөөд ойролцоогоор 200 төрөл зүйлийн 3000 гаруй шувуутай. Тасалбарын үнэ 63 MYR. Хүрээлэн дэх бусад үзвэрүүд гэвэл Пердана Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Орхидэйн цэцэрлэг, Исламын урлагийн музей зэрэг юм. Үзэх зүйл үнэхээр ихтэй. - Малайзын хааны цагдаагийн музейг үзэх (Royal Malaysia Police Museum) – Google Map
Энэ бол нуурын цэцэрлэгт хүрээлэнд байрладаг өөр нэг музей юм. Үзэхэд жаахан сонин санагдаж болох ч гайхалтай газар билээ. Эндхийн цуглуулгад хуучин дүрэмт хувцас, Малайзын зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг гэр бүлийн гишүүдээс хураан авсан зэвсэг, тээврийн хэрэгсэл, эд зүйлс байдаг. Үзэсгэлэнгүүд нь Малайз улс Британийн колоничлолд байсан үеийг харуулдаг. Үнэ төлбөргүй. - Дипавалигийн баярыг тэмдэглэх – Google Map
Дипавали бол Хиндугийн гэрлийн баяр бөгөөд Малайз дахь Хинду нийгэмлэгийн хамгийн том баяруудын нэг юм. Аравдугаар сар эсвэл арваннэгдүгээр сард таван өдрийн турш тэмдэглэдэг. Дивали, Дипавали, Девали, Дипавали эсвэл Гэрлийн баяр гэж нэрлэгддэг бөгөөд уламжлал ёсоор хүмүүс салют буудуулж, Энэтхэгийн амттангаар үйлчилдэг. Олон нийтийн баярыг Брикфилдсийн хороололд (Энэтхэг хороолол – Little India) тэмдэглэдэг. - Исламын урлагийн музейтэй танилцах – Google Map
Малайзын Исламын урлагийн музей нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том Исламын урлагийн музей юм. Энэхүү өргөн уудам орон зайд Исламын бичвэр, урлагийн өргөн хүрээний номын сан, түүнчлэн Мекка дахь Масжид аль-Харамын дэлхийн хамгийн том загвар (Лалын хүн бүр дор хаяж нэг удаа очиж үзэх ёстой Меккагийн Их сүм) байдаг. Үнэт эдлэл, хувцас хунараас эхлээд архитектур, хуяг дуулга гээд 12 галерейн дунд тархсан 7000 гаруй олдворыг сонирхон судалж өдрийг өнгөрүүлээрэй. Тасалбарын үнэ 25 MYR. - Хоолны аялал хийх – Google Map
Хэрэв та маш олон тооны хүнсний захтай танилцаж, нутгийн хоолны талаар суралцахыг хүсэж байвал Simply Enak-тай холбогдож хоолны аялал хийгээрэй. Тэд Chow Kit захаар алхах, шөнийн амьдралыг судлах, гудамжны хоолны ерөнхий аялал зэрэг олон төрлийн аялалтай. Гудамжны хоолны аялалд та Малайзын хамгийн алдартай гудамжны хоолыг амтлан, тэ тарик (урт гоожуулан хийдэг цай) ууж, уламжлалт ургамлын анагаах ухаанд суралцан, дуриан амтлагчийг туршиж үзэх зэргээр хоолны соёл, түүхийн талаар маш их зүйл мэдэж авах болно. Үнэ 260-300 MYR. - Дугуйгаар аялах – Google Map
Куала Лумпурт хүмүүс дугуй унах нь ихсэж байгаа бөгөөд дугуйн аялал хийх нь хотыг мэдрэх сайхан арга юм. 2015 оноос хойш ажиллаж байгаа Mike’s Bikes нь Куала Лумпурт хамгийн сайн дугуй болон олон төрлийн сонголтуудтай аялал санал болгодог газар билээ.
Аяллын зардал
Hostel\жижиг буудал: 4-6 ортой өрөөнд нэг шөнө хоноход 35-55 MYR, харин 8-10 ортой бол нэг шөнийн 20-35 MYR байна. Тусдаа өрөө нь хоногийн 85-125 MYR. Үнэгүй өглөөний цай, агааржуулагч, Wi-Fi ер нь дийлэнхид нь бий. Ихэнх Hostel-ууд өөрөө хоолоо хийх хэсэггүй тул та хоолоо хийж идэхийг хүсвэл наана нь асуугаарай. Зарим жижиг буудлууд дээвэр дээрээ terrace, кафе, усан сантай байх нь элбэг.
Хямд буудал – Хувийн ариун цэврийн өрөө, Wi-Fi, өглөөний цай, агааржуулагчтай өрөө нь ойролцоогоор 75 MYR-аас эхэлдэг. Усан сантай зочид буудлын хувьд нэг хоноход ойролцоогоор 100-150 MYR байдаг.
Airbnb нь хот даяар, ихэвчлэн аялагчдад зориулан тусгайлан бэлдсэн үйлчилгээтэй орон сууцанд байдаг бөгөөд хоногийн 95-160 MYR байдаг.
Хоол хүнс – Малайзын хоол нь улсынхаа нэгэн адил хөрш зэргэлдээ Хятад, Энэтхэг, Индонез, Тайланд, Сингапурын нөлөөгөөр олон соёлын холимог болсон байдаг. Цагаан будаа, гоймон нь ихэнх хоолонд дагалдан ирдэг бөгөөд далайн хоол, загасыг түлхүү хэрэглэнэ. Лалын шашинтай орон тул тахиа, үхрийн мах элбэг. Байцаа, буурцаг, бадамлянхуа үндэс, чихэрлэг төмс, таро, шош болон бусад олон төрлийн хүнсний ногоог түгээмэл хэрэглэгддэг.
Албан бус үндэсний хоол нь наси лемак (nasi lemak). Коконатын сүүнд чанаж, пандан навчаар амталсан будааг төрөл бүрийн зүйлстэй дагалдуулан, ихэвчлэн өглөөний цайнд өгдөг. Малайзын бас нэг алдартай хоол нь roti canai (чихэрлэг эсвэл амттай хавтгай талх), икан бакарлакса (халуун ногоотой гоймонтой шөл), олон төрлийн нутгийн шарсан гоймон, шарсан будаа зэрэг орно.
Куала Лумпурын гудамжны хоол нь үнэ, амтаараа бол домог. Гудамжны хоолыг нэг тавгийг нь 10 MYR-аас бага үнээр авах боломжтой. Энгийн зоогийн газруудад малай хоол нэг таваг нь 15-20 MYR-ийн үнэтэй. Наси лемак зэрэг уламжлалт хоол, төрөл бүрийн карри, дим сум зэрэг нь хамгийн хямд сонголтуудын нэг.
Шөнийн амьдралын хувьд luk-luk туршиж үзэх хэрэгтэй. Буцалсан ус эсвэл шөлрүү дүрж болгодог савханд зоосон төрөл бүрийн шорлог шиг гэх юмуу даа. Төрөл бүрийн ногоо, мах, дүфү зэргээр хийж болдог. Нэг шорлогны үнэ 2-8 MYR хооронд байдаг.
Ширээнд сууж үйлчлүүлдэг дунд зэрэглэлийн ресторанд уух юмтай хоол 45 MYR орчим байдаг. Барууны хоол нутгийн хоолноос үнэтэй боловч барууны түргэн хоолны багц нь ердөө 15 MYR байдаг. Тохилог сууж хооллодог ресторанд пицца 30-50 MYR, таваг паста 40-50 MYR байна.
Бааранд шар айраг 15-17 MYR-аас хэтрэхгүй, нэг шил дарс 28 MYR, коктейль 35-45 MYR-аас эхэлдэг. VCR гэх мэт сүлжээн дэх эспрессо нь ойролцоогоор 12 MYR үнэтэй байдаг.
Хэрэв та мөнгө үрэхийг хүсч байвал Куала Лумпурт өндөр зэрэглэлийн хоолны газрын олон сонголт байдаг. Оргилуун дарстай өглөөний цай, таван төрлийн амталгааны цэс 450 MYR-ээс эхэлдэг. Салаат, шөл нь ойролцоогоор 78 MYR-аас эхэлдэг бол хулд (salmon), тахиа гэх мэт хоол 195 MYR-ээс эхэлдэг.
Хэрэв та барууны үнэтэй бүтээгдэхүүн (үхрийн мах, дарс, бяслаг гэх мэт) бус орон нутагт зардаг голлох бүтээгдэхүүнийг авч хоол хийхийг хүсвэл долоо хоногт ердөө 65-90 MYR
(~ 50k-70k төгрөг) зарцуулна. Гэсэн хэдий ч гудамжны, нутгийн хоолнууд маш хямд бас чанартай учир гадуур хооллох нь хамаагүй дээр байдаг.
Үүргэвчтэй аялах төсөв
Хэрэв та Куала Лумпур руу үүргэвчтэй аялж байгаа бол миний санал болгож буй төсөв өдөрт 115 MYR (~24$) байна. Энэ төсөвт дотуур байранд (dorm room) байн, гудамжны хоол идэж, нийтийн тээврээр яван, архи согтууруулах ундаа бага хэрэглэж, явган аялал зэрэг үнэ төлбөргүй үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.
Өдөрт 295 MYR-ийн дундаж төсөвтэй байснаар тусдаа Airbnb эсвэл тусдаа дотуур байранд байрлан, илүү их ууж, хааяа таксигаар яван, гудамжны хоол идэж, хааяа ресторанд сууж хооллон, музей үзэх, Петронасын цамхаг руу гарах гэх мэт илүү төлбөртэй үйл ажиллагаануудад хамрагдаж болно.
Өдөрт 520 MYR ба түүнээс дээш үнэтэй “тансаг” төсөвтэй бол та усан сантай зочид буудалд байрлаж, бүх хоолоо зоогийн газарт идэн, илүү их юм ууж, илүү олон такси барьж, хүссэн аялал, үйл ажиллагаандаа хамрагдах боломжтой байна. Энэ бол зүгээр л тансаг хэрэглээний доод хэмжээ юм. Дээшээ мэдээж хязгааргүй!
Хэрхэн аялахаас хамаарч, өдөртөө хэр их мөнгө төсөвлөх хэрэгтэйг доор тоймлон үзүүлье. Мэдээж энэ бол дундаж тоо. Та зарим өдөр илүү ихийг, заримдаа багыг зарцуулна. Магадгүй өдөр бүр үүнээс багыг ч зарцуулж болох. Бид зөвхөн төсвөө гаргахад тань туслах зорилгоор ерөнхий ойлголт өгөхийг хүсэж байна. Өртөг MYR -р орууллаа.
Байр | Хоол | Тээвэр | Үзвэр | Өдрийн дундаж зардал | |
Үүргэвчтэй аялал | 35 | 40 | 15 | 25 | 115 |
Энгийн дундаж | 100 | 85 | 35 | 75 | 295 |
Тансаг зэрэглэл | 200 | 150 | 60 | 110 | 520 |
Мөнгө хэмнэх зөвлөмжүүд
Хэрэв та гудамжны хоол, хямд байр, нийтийн тээврийг ашиглаад байвал Куала Лумпур-т маш бага зардлаар байрлах боложтой. Тансаг аялал хийхгүй л бол бага зардалтай энэхүү орчин үеийн хотод амьдраад байх боломжтой юм. Куала Лумпурт мөнгө хэмнэх нэмэлт аргуудыг доор орууллаа.
Lot 10 дэлгүүрээс юмаа аваарай – Энэхүү худалдааны төв нь зүүн өмнөд Азидаа хамгийн хямд үнээр загварын хувцас зардаг газар юм. Хэрэв та бэлэг дурсгалын зүйл авахыг хүсвэл энд дэлгүүр хэсээрэй. Google Map
Chinatown-д байрлаарай – Хятад хороолол нь хотын төвтэй ойр бөгөөд хямд. Дээр нь олон сонирхолтой газартай харьцангуй ойр байдаг.
Явган аялаарай – Хятад болон Энэтхэг хороолол (Little India) бол жуулчдын хамгийн их төвлөрдөг газрууд юм. Энэ хоёр хороолол зэрэгцээ байрладаг бөгөөд унаанд мөнгө зарцуулахгүйгээр хялбархан ороод гараад байх боломжтой.
Луйвраас болгоомжил – Ер нь ийш тийш орохдоо үзвэрийн газрууд ямар үнэтэй болохыг мэдэж аваарай. Жишээлбэл, Бату агуйд үнэгүй ордог ч, гадаа нь танд хуурамч тасалбар зарах гэж оролдох хүмүүс олон байдаг.
Үнэгүй явган аялалуудад хамрагд – Хэрэв та хотыг илүү сайн мэдрэхийг хүсч байвал үнэгүй явган аялалд хамрагдаарай. Ийм аяллууд хэдэн цаг үргэлжилдэг бөгөөд хотын түүх, соёлтой танилцах сайхан арга юм. Kuala Lumpur Unscripted нь хоттой танилцахад тань туслах хоёр өөр төрлийн үнэгүй аяллыг санал болгодог. Хамгийн гол нь хөтөчдөө гарын мөнгө заавал өгөөрэй!
Өөрөө аялах дуртай бол энэ газрын зургийг дагаад Куала Лумпурын соёлын өвөөр аялаарай.
Нутгийн хүнтэй найзал – Couchsurfing бол таныг үнэгүй хүлээн авах боломжтой нутгийн хүнтэй холбож өгдөг вэб сайт юм. Та үнэ төлбөргүй байранд байгаад зогсохгүй төрөл бүрийн зөвлөгөө сонсож, нутгийн хүнтэй найзлах боломжтой.
Утсаар унаа дуудаарай – Grab бол Uber-ийн (манайхаар UBCab) Малайз хувилбар бөгөөд таксинаас хамаагүй хямд. Хэрэв та автобус хүлээх юм уу, таксинд суухыг хүсэхгүй байвал хот дотор явах хамгийн хямд, хурдан арга бол Grab юм.
Усны сав авч яв – Эндхийн цоргоны ус ерөнхийдөө аюулгүй (гэхдээ их хлоржуулсан) тул нэг удаагийн хуванцар савтай ус худалдаж авахгүйн тулд өөрийн гэсэн олон удаа хэрэглэх боломжтой усны сав авч яваарай. Миний дуртай усны сав бол LifeStraw брэнд. Шүүлтүүртэй учраас таны усыг үргэлж цэвэр, аюулгүй байлгах болно.
Байр, буудал
Хямд хэрнээ тохилог буудал хайж байгаа бол доорх буудлуудыг санал болгох байна.
Унаа тээвэр
Нийтийн тээвэр – Куала Лумпур нь автобус, хөнгөн галт тэрэг, хот доторх агаарын галт тэрэг зэргийг багтаасан, маш найдвартай, иж бүрэн нийтийн тээврийн системтэй. Үнэ 2-15 MYR.
KL-д автобуснууд галт тэрэгнээс ихэвчлэн хурдан байдаг. RapidKL нь Малайзын автобусны сүлжээний хамгийн том компани бөгөөд одоогоор хотын эргэн тойронд 177 чиглэлд зорчигчдыг тээвэрлэдэг. Үнэ нь 1-5 MYR хооронд байдаг ба зай, очих газраас хамаарна.
Тасалбарын үнээс 20% хямдаар дахин цэнэглэж болдог MyRapid Touch ‘n Go картыг 5 MYR-ээр худалдаж аваарай. Та энэ картанд нийтийн тээврийн тасалбарыг хязгааргүй цэнэглэж болно. Нэг өдрийн тасалбар нь эхний удаад 15 MYR, дараагийн өдөр бүр 5 MYR болно. Гурван өдрийн тасалбар нь эхний удаад 25 MYR, дараагийн гурван өдрийн тасалбар бүрд 15 MYR болно.
Go KL City Bus нь Куала Лумпур хотын бизнесийн төв дүүргүүдээр дамждаг, дөрвөн чиглэлтэй хотын автобусны үнэ төлбөргүй үйлчилгээ юм. Эдгээр нь олон гол үзвэр, худалдааны төвүүдийн хажуугаар явдаг бөгөөд оргил ачааллын үед 5, ачаалал багатай үед 15 минутын зайтай явдаг.
Унадаг дугуй – oBike бол Куала Лумпурд байдаг тусгай зогсоолгүй дугуй хэрэглэх (share) тогтолцоо юм. 15 минут нь ердөө 1 MYR болно. Програмаа татаж аваад, бүртгүүлээд, унадаг дугуйны QR кодыг уншуулаад л боллоо.
Такси – KL-д такси барих нь төвөгтэй. Улаан, цагаан нь Budget Taxi\хямд, цэнхэр эсвэл шар нь Executive Taxi\зэрэглэл өндөр гэсэн хоёр төрөл байдаг. Budget Taxi суурь хураамж нь 3 MYR бөгөөд цаашид км тутамд 1.25 MYR нэмэгддэг. Executive Taxi хоёр дахин үнэтэй байдаг.
Хэрэв та такси барихыг хүсвэл зөвхөн хуульд заасан тоолуур ашигладаг таксинд суу. Хэрэв жолооч тоолуур ашиглахгүй бол бууж, өөр такси бариарай.
Rideshare – Grab бол Зүүн Өмнөд Азийн Uber юм. Зүгээр л програмыг татаж аваад л боллоо. Манайхаар бол UBCab гэсэн үг.
Машин түрээслэх – Өдөрт 85 MYR-ээр машин түрээслэх боломжтой. Гэхдээ нийтийн тээвэр хаа сайгүй явдаг тул ингэх шаардлага тун бага. Хэрэв та жолоо барьх гэж байгаа бол замын хөдөлгөөн зүүн талаараа явдаг гэдгийг санаарай.
Хэзээ явбал тохиромжтой вэ?
Куала Лумпур нь ихэнх саруудад халуун, чийглэг байдаг тул жилийн турш аялахад тохиромжтой. Дунджаар өдөртөө 34° C , шөнөдөө 27° C орчим дулаан байна.
KL-д жил бүр хоёр том борооны улирал (monsoon гэх нэрлэдэг) болдог бөгөөд энэ хугацаанд зарим газар түр зуурын, аянга цахилгаантай бороо ордог. Хүчтэй борооны дараа бага зэрэг сэрүүсдэг ч энэ хот нь зүүн болон баруун зүгээс ирдэг, борооны улирлын салхи хамгийн бага очдог мужуудын нэг юм. 10-р сараас 1-р сар хүртэл, мөн 3-р сараас 4-р сар хүртэл Куала Лумпурт бороо ордог тул 5-р сараас 7-р саруудад зочлоход хамгийн тохиромжтой байдаг.
Аялал жуулчлалын хамгийн идэвхтэй үе бол 6-8 дугаар сар. Мөн энэ үеэр Хари Рая Аидил Фитри (Hari Raya Aidil Fitri), Саравак Гавай (Sarawak Gawai Festival) наадам болдог юм. Хэрэв та энэ хугацаанд аялахаар төлөвлөж байгаа бол олны хөлд бэлэн байгаарай. Жилийн энэ үед зочид буудал, нислэгийн үнэ ихэвчлэн өсдөг.
Захиалгын сайтууд
Аялалд маань хамгийн их хэрэг болдог компаниудыг доор жагсаалаа. Эдгээр компани нь маш сайн үнэ санал болгохын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ерөнхийдөө бусдаасаа илүү байдаг юм.
Skyscanner – Skyscanner бол миний хамгийн дуртай нислэгийн хайлтын систем юм. Тэд том хайлтын сайтуудын орхигдуулаад байдаг жижиг вэбсайтууд болон агаарын тээврийн компаниудыг олж өгдөг.
Hostelworld – Энэ бол жижиг буудал, байр зэргийг хамгийн өргөн хүрээнд хайж олоход тусалдаг шилдэг сайт юм.
Agoda – энэ бол Hostelworld-аас гадна Азийн зочид буудлын хамгийн шилдэг сайт юм.
Booking.com – Байнга хамгийн хямд үнийг санал болгодог сайт. Хямд төсөр өртөгтэй байр сууцыг, хамгийн өргөн сонголттой санал болгодог. Миний мэдэх хамгийн хямд газар.
Intrepid Travel – Хэрэв та бүлгээрээ аялах гэж байгаа бол Intrepid-ийг сонгоорой. Эднийх нутгийн операторуудыг ашигладаг ба жижиг бүлгийн маш сайн аяллуудыг санал болгож, байгаль орчинд ул мөр бага үлдээдгээрээ алдартай.
Миний вэб сайтыг хадгараад аваарай – Би өөрийн амьдарч байсан 25 улсаа эхний ээлжинд оруулаад зогсохгүй цаашид очсон газар бүрийнхээ талаар дэлгэрэнгүй судалгаа хийж оруулах болно.
WorldNomads – Энэ бол дижитал нүүдэлчид болон урт хугацааны аялагчдад тохирсон, хямд төсөр төлөвлөгөөг санал болгодог даатгал юм. Тэд сарын хямд төлөвлөгөө, гайхалтай үйлчилгээ, ашиглахад хялбар нэхэмжлэлийн процессыг санал болгодог тул аялалд яваа хүмүүст хамгийн тохиромжтой.
Аюулгүйн зөвлөмжүүд
Куала Лумпур нь ерөнхийдөө аюулгүй газар боловч харамсалтай нь жижиг гэмт хэрэг, залилан түгээмэл тохиолддог тул та үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Жишээ нь, утсаа гадаа ил гаргахгүй байх хэрэгтэй. Нэг удаа манай найзын утсыг замаар скутертэй давхиж явсан хүн шүүрээд зугтаачихсан юм. Мөн халаасандаа юу ч хийлгүй (ялангуяа нийтийн тээврээр явахдаа), цүнхээ үргэлж сайн барих гэх мэт.
Хэрэв та гадаа гудамжинд хооллож байгаа бол үүргэвчээ өвөр дээрээ тавих хэрэгтэй. Эсвэл хэн ч булааж авахааргүйгээр ширээ болон сандлынхаа хөлд гар цүнхээ бэхэл.
Ганц бие эмэгтэй аялагчид энд ерөнхийдөө аюулгүй. Гэхдээ мэдээж хэрэг тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх хэрэгтэй (уух юмаа хараа хяналтгүй орхиж болохгүй, шөнө гэр рүүгээ ганцаараа алхаж болохгүй гэх мэт).
Байр захиалахдаа 24 цагийн харуул хамгаалалттай зочид буудал юм уу, дотуур байр хайгаарай. Хэрэв танд тусламж хэрэг болбол эргэн тойрны хүмүүсээсээ асууж болно. Хэрэв танд аюултай л санагдвал, зөн совиндоо итгэн, тухайн газраас холдоорой.
Гудамжинд байрлах АТМ-ээс мөнгө авахгүй байсан нь дээр. Оронд нь банк дотор байгаа АТМ-ыг ашиглаарай. Ингэснээр та мөнгөө аюулгүй авч чадна.
Малайз бол ёс жаяг ихтэй улс тул задгай хувцас бусдын анхаарлыг илүүтэй татдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд энэ тал дээр анхаараарай. Үүнийг тоогоогүйгээс болж биед хүрэх зэрэг асуудал гардаг.
Бату агуйн (Batu Cave) сармагчингууд зальтай. Сармагчингууд руу хэт ойртож, тэдэнд амттан өгөх хэрэггүй. Эдгээр сармагчин нь гарт байгаа бүх зүйлийг булааж авдаг бөгөөд нэлээд түрэмгий. Түлхүүр, нарны шил, үүргэвч, түрийвч зэрэг эд зүйлсээ хамгаалаарай. Дахин хэлэхэд, сармагчингуудад хоол бүү өг!
Зөн совиндоо үргэлж итгээрэй. Паспорт, иргэний үнэмлэх зэрэг хувийн бичиг баримтаа хуулбарлаж ав. Аяллынхаа төлөвлөгөөг дотнын хүмүүстээ мэдэгд. Хаана байгаагаа тэдэнд хэл.
Хэрэв танд яаралтай тусламж хэрэг болбол 999 руу залга.
Аялалын сайн даатгал худалдаж аваарай хэмээн чин сэтгэлээсээ зөвлөе. Энэ бол маш чухал шүү. Ийм даатгал нь таныг өвчин, гэмтэл бэртэл, хулгай, аялал цуцлагдах зэргээс хамгаална. Ямар нэг зүйл буруугаар эргэсэн тохиолдолд таныг иж бүрэн хамгаалдаг юм.
Ажлаа хийхэд тохиромжтой кафенууд
Гэртээ эсвэл оффист сууж ажиллах тухтай ч байнга нэг газар ажиллах нь сүүлдээ уйтгартай байдаг. Таныг ямар гэдгийг мэдэхгүй ч би бол нэг газраа ажиллах дургүй. Өөр орчинд, тасралтгүй хөдлөх хүмүүсийн дунд байхад анхаарал илүү төвлөрч, бүтээмж өндөрсдөг. КЛ-д маш олон Инстадаж болохуйц кафенууд байдаг. Хамгийн хамгийн гэснүүдийг доор орууллаа.
Аялалдаа юу авч явбал зүгээр вэ?
Хувцас
- 1 жинсэн өмд (хүнд, удаан хатдаг. Гэхдээ би энэ өмдөндөө дуртай. Өөр хувилбар бол khaki өмд)
- 1 шоорт
- 1 усны хувцас
- 5 футболк (FreshCleanTees бол миний дуртай брэнд)
- 1 урт ханцуйтай футболк
- 1 хос углааш
- 1 пүүз
- 6 хос оймс (Тал нь яваандаа алга болчихдог юм)
- 5 хос дотуур өмд
- 1 шүдний сойз
- 1 шүдний оо
- 1 сахлын хутга
- 1 багц шүдний утас
- 1 жижиг шил шампунь
- 1 жижиг шил шүршүүрийн шингэн
- 1 алчуур
- Үнэр дарагч
Жижиг эмнэлгийн хэрэгсэл (аюулгүй байдал чухал!!!)
- Шархны боолт, наалт
- Гидрокортизон тос
- Бактерийн эсрэг тос
- Чихний бөглөө
- Тайлинол (өвчин намдааж, үрэвсэл дардаг эм)
- Гар ариутгагч (нян бактери = өвчин = сүйдсэн амралт)
Бусад жижиг зүйлс
- Түгжээтэй цоож (аюулгүй байдал чухал)
- Амыг нь түгжиж болдог гялгар уут (юм гоожих, асгарахаас хамгаална)
- Гялгар уут (угаах зүйлсээ хийхэд тохиромжтой)
- Бүх улсад ашиглах боломжтой цэнэглэгч (хүн бүр зайлшгүй авах хэрэгтэй)
- Цэвэршүүлэгчтэй усны сав
Эмэгтэй хүн аялалдаа авч явах зүйлсийн жагсаалт
Би эмэгтэй хүн биш болохоор юу өмсдөгийг нь мэдэхгүй ч ганцаарчилсан аялалын их багш Кристин Аддис дээр дурдсан үндсэн зүйлс дээр нэмээд доорх жагсаалтыг гаргасан байсан.
Хувцас
- 1 усны хувцас
- 1 саронг
- 1 сунадаг жинсэн өмд (угааж, хатаахад хялбар)
- 1 бариу сунадаг материалтай өмд (хүйтэнд жинсэн өмднийхөө доогуур өмсөж, бусад үед даашинз, цамцтай өмсөж болохоор)
- 2-3 урт ханцуйтай цамц
- 2-3 футболк
- 3-4 ширхэг нарийн мөртэй майк
- 1 хөнгөн, энгэр нь задгай ноосон цамц
- Ариун цэврийн хэрэгсэл (тухайн газраасаа худалдаж авч болох ч, дийлэнх хүн өөрийнхөө дуртай хэрэглэлийг авч явдаг)
- 1 хуурай шампунь, тальк нунтаг (дараагийн угаалга хүртэл үсийг тослоггүй байлгана)
- 1 сам
- Будаг шунх (өөрийнхөө хэрэглэдгийг авч яваарай)
- Үсний боолт, хавчаар
Куала Лумпур хотын тухай
Албан ёсоор Куала Лумпурийн Холбооны Нутаг дэвсгэр, KL гэж нэрлэгддэг энэ хот нь Малайзын холбооны нутаг бөгөөд нийслэл хот юм. Энэ бол Малайзын хамгийн том хот бөгөөд 2016 оны байдлаар 1,73 сая хүн амтай гэж гарсан. Газар нутгийн хэмжээ 243 км2. Их Куала Лумпур буюу Клангийн хөндий гэж нэрлэгддэг хот нь 2018 оны байдлаар 7.564 сая оршин суугчтай болсон. Хүн ам, эдийн засгийн хөгжлийн хувьд Зүүн өмнөд Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй метрополис бүсүүдийн нэг юм.
Куала Лумпур бол Малайзын хойгийн баруун төв эрэг дээр орших Селангор муж улсын нутаг дэвсгэрт багтсан Малайзын холбооны гурван нутаг дэвсгэрийн нэг юм. 1990-ээд оноос хойш энэ хотод олон улсын спорт, улс төр, соёлын олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Үүнд, 1998 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам, 2017 оны Зүүн Өмнөд Азийн наадам зэрэг олон арга хэмжээг дурдаж болно. Куала-Лумпур нь сүүлийн хэдэн арван жил хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн өндөр хос цамхаг болох Petronas Towers-ийг барьснаас хойш энэ барилга нь Малайзын бэлгэдэл болжээ.
Куала Лумпур бол Малайзын соёл, санхүү, эдийн засгийн төв юм. Түүнчлэн Малайзын парламент энэ хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ян Ди-Пертуан Агонгын албан ёсны өргөө, Истана Негара байрладаг.
Куала Лумпур нь Клангийн хөндийн дамжин өнгөрөх тээврийн нэгдсэн систем гэгддэг олон төрлийн нийтийн тээврийн сүлжээтэй, авто замын цогц системтэй. Тус хот нь 2019 онд Mastercard-ийн дэлхийн хамгийн их зочилсон 6 дахь хотоор шалгарчээ. Тус хотод дэлхийн хамгийн том 10 худалдааны төвийн гурав нь байрладаг. 2020 онд Куала Лумпурыг ЮНЕСКО-гоос Дэлхийн номын нийслэлээр нэрлэв.