Камбожид хийсэн аялал маань миний хувьд хамгийн дурсамжтай нь. Би 2018 онд энэ улсад анх удаа очихдоо мэдээлэл бага байсан болохоор ч тэр үү, нэг их зүйл хүсэн хүлээгээгүй.
Гэхдээ энэ улсаар аялж явахдаа хүмүүсийнх нь найрсаг зан, газар орны үзэсгэлэнт төрх, тэнд үзэж харж, хийж туршиж болох олон гайхалтай зүйлийг хараад өөрийн эрхгүй дуу алддаг байв. Тус улс нь миний хамгийн аялах дуртай газруудын нэг болсон билээ. Миний бодлоор ихэнх аялагчид Камбожийг дутуу үнэлдэг юм шиг. Дахин хэлэхэд Камбож бол үнэхээр гайхалтай улс.
Анх очсоноосоо хойш би хэд хэдэн удаа буцаж очсон. Тэр байтугай хүний амь хүртэл аварч байв. Олон орноор аялсны дараа ч энэ улс хамгийн дуртай газрын минь нэг хэвээрээ л байгаа.
1975-1979 оны хооронд Пол Пот болон Улаан Кхмерийн дэглэмийн үед хүмүүсийг олноор нь устгасан бөгөөд 3 сая гаруй Камбож хүний амь насыг авч одсон билээ. Үүнээс хойш энэ улс хөл дээрээ босохын тулд хичээсээр байна. Энэ аймшигт явдал Камбож улсад асар гүн шархыг үлдээсэн бөгөөд өнөө хэр ул мөр нь арилаагүй байгаа.
Гэсэн хэдий ч Камбож бол миний уулзаж байсан хамгийн найрсаг хүмүүсийн орон бөгөөд баялаг түүх, амтата хоол, үзэсгэлэнтэй далайн эрэгтэй, шөнө амьдрал буцалж байдаг газар билээ.
Энэхүү аяллын хөтөч нь бүс нутгийнхаа хамгийн шилдэг улсуудын нэг болох энэ оронд таатай сайхан аялахад тань тус болох зорилготой билээ. Та аяллаа төлөвлөх, мөнгө хэмнэх аргуудыг эндээс хараарай.
Камбож улсад заавал үзэх 5 зүйл
- Ангкор Ватаар аялах
Ангкор Ват сүмийн балгас нь асар том тул бүрэн үзэхэд хэдэн өдөр хэрэг болно. Энэ газар таны мэдэх Tomb Raider киноны зураг авалтыг хийж байжээ. Хэрэв та түүх нэг их сонирхдоггүй бол нэг өдрийн тасалбар ($37 USD) аваарай. Энд үзэх зүйл маш их байдаг тул 3 өдрийн тасалбарыг ($72 USD) үнээр авч болдог.
- Sihanoukville-р зугаалах
Цагаан элстэй наран шарлагын газар, ойролцоох үзэсгэлэнтэй зэлүүд арлууд, гайхалтай цэнгэг усанд шумбан, далайн хоол идэж, хямдхан уух боломжтой шөнийн амьдралтай учраас Сиануквиллид үүргэвчтэй аялагчид дуртайяа очдог юм. Энэ бол амарч тухалдаг газар биш. Харин ууж, баярлан цэнгэдэг газар юм. Мөн эндээс ойр орчмын дуу чимээ багатай арлууд руу зочлоход тохиромжтой.
- Пномпенийг заавал үзээрэй – Phom Penh
Камбожийн нийслэл Phnom Penh нь дүрэм журам багатай барууны галзуу үеийг санагдуулам хот юм. Гэхдээ энэ хот нь зүүн өмнөд азын хоолны төв болох төлөвтэй байгаагийн дээр энд үзэж харж, хийх зүйл ихтэй тул хэдэн өдрийг жуулчлан өнгөрөөхөд таатай. Мөн хотоос холгүй байдаг, аллагын талбай буюу Killing Fields-д очиж үзээрэй. Маш их гуниг төрүүлдэг ч, очвол зохих чухал газар юм. Зүрх муутай бол очоод дэмий.
- Tonle Sap-д зочлох
Энэ гол болон нуурын эрэг дагаж усан онгоцоор аялах үедээ та эндэхийн амьдрал энэхүү гол усан замтай хэр нягт холбоотой болохыг ойлгох болно. Та голыг уруудан завиар явах юм уу, нэг өдрийн аялалд хамрагдах боломжтой. Аялал нэг хүний 20 доллараас эхэлдэг.
- Баттамбангад зочлоорой – Battambang
Баттамбанг муж болон мужийн нийслэл Баттамбанг хотод олон гайхалтай сүм хийд, барилга байшин, хулсан галт тэрэг байдаг. Одоогоор аялал жуулчлал Камбожид сайтар хөгжөөгүй байна. Одоохондоо л. Тиймээс өвөрмөц сонин дурсамж бүтээхийн тулд усан онгоцоор Пномпень (Phnom Penh) юм уу, Сием Рип (Siem Reap) рүү буцаж явж үзээрэй (тасалбар нь ихэвчлэн 20 доллар орчим байдаг).
Камбожид сонирхон турших бусад зүйлс
- The Killing Fields-ийг үзэх
Энэ улсад өрнөсөн хоморголсон устгалыг дурдахгүйгээр Камбожийн тухай ярих боломжгүй. Хэдийгээр аллагын талбай гэгддэг Чоюн Эк-д зочлох нь сэтгэл эмзэглүүлэм аялал боловч ч заавал үзэх ёстой газрын нэг юм. Энд ирснээр та хэмжээгүй эрх мэдэл ямар их уршиг таридгийг ухаарах болно. Пол Пот болон Улаан кхмерүүдийн үйлдсэн хүчирхийллийн талаар мэдэхгүйгээр орчин үеийн Камбожийг ойлгох боломжгүй юм.
Тасалбарын үнэ 6 доллар. Гэхдээ энэ газар Пномпенээс (Phnom Pehn) 16 км зайд оршдог тул унааны асуудлыг шийдэх шаардлагатай болно. Tuk tuk-ээр (мотоциклын араас чирдэг, хоёр дугуйтай тэрэг) ирж буцахад багадаа 15 доллар болдог.
- Кеп(Kep)-т зочлох
Сиануквиллээс (Sihanoukville) зүүн тийш гурван цагийн зайд орших энэхүү гайхалтай далайн эргийн хот нь Сиануквилл хотын нам гүм хувилбар юм. Зугаа цэнгээн багатай тул далайн ойролцоо тухлан амрахад таатай газар. Энэ хот нь чинжүүтэй хавч (pepper crab) болон хүнгүй хоосон далайн эргүүдээрээ алдартай. Ер нь бол их л нам гүн газар. Тиймээс хийгээд байх зүйл бараг байхгүй. Гэхдээ шоу цэнгээнээс хол, нам гүм чимээгүй байгальд амрахыг хүссэн хүмүүст маш тохиромжтой. Ойролцоо нь байх Кеп үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь бараг 70 хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн оршдог бөгөөд ууланд авирч, эргэн тойрны ширэнгэн ой болон далайг толидоход гайхалтай сайхан харагддаг.
- Бокор үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр явган аялах
Сихануквилл (Sihanoukville) эсвэл ойролцоох Кампот (Kampot) хотоос энэхүү цэцэрлэгт хүрээлэнд ирэх боломжтой бөгөөд бүтэн өдрийн аялал төлөвлөөрэй. Энд ойгоор алхаж байхдаа Францын колончлолын үеээс үлдсэн балгасуудыг үзэх боломжтой. Бокор бол 20-р зууны эхэн үед Францын язгууртнуудын очдог байсан газар бөгөөд Бокор Хилл буудал (Bokor Hill Station) нь эрт үед тансаг амралтын газар байжээ. Хожим энд Улаан Кхмерүүдийн нуугдаж байсан юм. Цэцэрлэгт хүрээлэн рүү ороход төлбөргүй бөгөөд Сихануквиллээс эхлэх өдрийн групп аялал ойролцоогоор 20 доллараас эхэлдэг бол нэг өдөр хувийн хөтөч хөлслөхөд 40 доллар болно.
- Prasat Preah Vihear-ийг харах
Уулын оройд байх энэхүү сэтгэл хөдлөм сүм нь 11-р зуунд баригдсан бөгөөд онцгой сийлбэртэй чулуун урлал бүхий хийцтэй, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Өнөөдрийг хүртэл сүмийн эзэмшлийн асуудлаар хөрш улс болох Тайландтай маргаантай байдаг. Нэлээд алслагдсан газар тул ийшээ гаднын жуулчид нэг их ирдэггүй. Орох хураамж 10 ам.доллар бөгөөд огцом уул өөд алхаж гарч болно (Хэрэв та алхамааргүй байвал 4×4 jeep 25 ам. доллар, эсвэл 5 доллараар мотоцикл такси хөлслөн оройд нь очих боломжтой).
- Голын дунд орших тосгонд зочлоорой
Камбожид гурван том хөвдөг тосгон байдаг. Эдгээр тосгоны байшингуудыг хулсан шон дээр барьсан байдаг бөгөөд энд завиар аялах боломжтой ба замд тань завин дээр гоёл чимэглэл болон хоол зарж байгаа. Chong Khneas бол тус улс дахь жуулчдын хамгийн их очдог газар боловч үүнээс болоод юм нь үнэтэй болсон байдаг. Ийшээ аялахад сонирхолтой боловч нутгийн иргэдтэй харилцах боломж бага. Ихэнх аялал нь нэг хүний 15 доллараас эхлэнэ. Өө хоёр хөвөгч тосгон нь Kampong Khleang , Kampong Phluk бөгөөд ойролцоо нь байдаг Сием Рипээс очих боломжтой.
- Кампотын чинжүүний фермүүдээр аялаарай (Kampot red pepper farms)
Кампот хотоос гараад Кеп хүрэх замд асар том улаан чинжүүний тариалангийн талбайнууд байгаа. Камбожийн энэ өмнөд бүс нь чинжүүний фермүүдээр дүүрэн бөгөөд та төрөл бүрийн хоол амтлагчийн түүхийг сонсож, хэрхэн ургуулж байгааг нь харж, дэлхийн хамгийн сайн чинжүүг эндээс авах боломжтой. Ихэвчлэн үнэ төлбөргүй аялж болдог ч та унаагаа зохицуулах хэрэгтэй болно. Хагас өдрийн аялалд унаанд 25 доллар зарцуулна. Ойролцоох mangroves модны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр бас ороод гараарай.
- Кох Конгийн завитай аялал (Koh Kong)
Тайландын хилийн ойролцоох Кардамон уулын дүүрэгт орших Кох Конг муж нь ширэнгэн ойгоор завитай аялан, цав цагаан элстэй далайн эрэгт амрахад яг тохирно. Кох Конг бол тус улсын хамгийн том арал бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн шилдэг далайн эргүүдийн нэг гэж тооцогддог. Тэнд хоноглох нь хууль бус боловч арал руу хийх өдрийн аялал санал болгодог олон компани байдаг. Аялах үеэрээ сармагчин, зэрлэг гахай болон төрөл бүрийн ховор шувуудыг ажиглаарай.
- Кампонг Чамаар аялах (Kampong Cham)
Хэдийгээр энэ нь Камбожийн гурав дахь том хот боловч ихэнх аялагчид Кампон Чамыг бага зэрэг үл тоомсорлох нь бий. Энэ хот нь Францын колончлолд байсан үеийн мэдрэмжээ хадгалсаар байдаг бөгөөд Камбожтой танилцах бас нэг сайхан газар юм. Хот өөрөө судлах зүйл олонтой. Гэсэн хэдий ч 10-р зууны үед VII-р Жаяварманийн барьсан Нокор Ват сүмийн заавал үзээрэй. Энэ ариун сүмийн онцлох нэг зүйл нь бол тухайн шашны эрүү шүүлтийн дүр зургийг харуулсан дэлгэрэнгүй цуврал ханын зураг юм.
- Кеп-д алжаалаа тайлж, бясалгал хийж амраарай
Аялалаас түр завсарлага аваад Вагабонд сүмд (Vagabond Temple) хэсэг хугацаанд амраарай. Энд 5 өдөр амрахад 275 ам.доллар байдаг бөгөөд энэ үнэд байр, хоол, маш сайн багштайй иог, бясалгал хийх төлбөр багтдаг. Хүсвэл та энд удаан хугацаагаар байрлаж болох бөгөөд 2 сарын амралтын багц нь ойролцоогоор өдрийн 43 доллар болдог. Энэ бол завсарлага авч, бүх зүйлсээс холдож, бодол санаагаа цэгцлэхэд тохиромжтой газар юм. Энд ирэхээсээ өмнө йог, бясалгалын сургалтад хамрагдсан байх шаардлагагүй.
- Газарт тавьдаг тэсрэх бөмбөгийн музейг үзэх
Газрын мина (land mine) бол Камбожийг сүйрүүлж, хэдэн арван жилийн турш олон мянган хүний амь насыг хохироож, эрэмдэг зэрэмдэг болгосон билээ. Вьетнамын дайнаас үлдсэн газрын тэсрэх бөмбөгүүд жил бүр олдсоор байдаг. Сием Рип хотод байдаг тэсрэх бөмбөгийн музей нь дайн ба тэсрэх бөмбөгийн аймшигт нөлөөний талаарх таны үзэл бодлыг тэлж, нүдийг тань нээж өгнө. Англи хэлтэй хөтөчтэй, гадаадын жуулчдад зориулсан аялал нь нэг хүний 5 доллар байдаг. Энэ музейг заавал үзэх хэрэгтэй шүү.
- Нутгийн худалдааны зах хэсээрэй
Зүүн Өмнөд Азийн улсуудаар аялаж байхдаа гудамжаар нь ялж, шөнийн захыг нь үзэх хэрэгтэй байдаг. Камбож ч ялгаагүй. Томоохон хот болгонд гудамжинд хоол хийн зарж, төрөл бүрийн бүтээгдэхүүн, гайхалтай бэлэг дурсгалын зүйлс, хувцас, гэр ахуйн эд зүйлс зардаг томоохон захууд байдаг. Ихэнх хүмүүс эндээс ирж юмаа авдаг.
- Камбож хоолны сургалтад суух
Камбож хоол хийж сурах нь аяллаас гэртээ авчрах хамгийн сайхан бэлэг дурсгалын зүйлсийн нэг юм. Нэг удаагийн хичээлд 3-4 төрлийн хоол хийж сураад, дараа нь бүгдээрээ хувааж иддэг. Ерөнхийдөө сургалтын дараа танд жорын жагсаалтыг нь өгдөг бөгөөд ингэснээр та өөрөө бие даан хийх боломжтой болно. Нэг ангид ойролцоогоор 6 хүн байдаг бөгөөд сургалт ойролцоогоор 3 цаг үргэлжилдэг. Нэг хүний 20 доллар орчим байна.
- Хоолны аялал хийх
Уламжлалт кхмер хоолыг Азийн бусад хоолтой харьцуулан, ихэнх хүмүүс үл тоомсорлодог. Гэхдээ хоолны аялалд явснаар энэ улсын соёлтой танилцах сайхан боломжтой болно. Гоймонтой хоол, шинэхэн далайн хоол, амттангууд, гудамжны хоолыг амтлахын зэрэгцээ уг хоолны цаана нуугдаж буй түүх, соёлынх нь талаар суралцах нь сонирхолтой юм. Siem Reap Food Tours нь хэд хэдэн хоолны аялал санал болгодог бөгөөд үүнд, өглөө зах руу хийх аялал, орой хоолны лангуугаар тойрох аялал гэх мэт байдаг. Үнэ нь 75 ам.доллараас эхэлдэг ба бүх хоол, уух юм болон унаа багтсан.
- Пном Кулен үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган аялах
Сием Рип хотоос ердөө 1.5 цагийн зайд орших энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирснээр моддын дунд алхангаа сүрлэг хүрхрээ зэрэг гайхалтай газруудыг үзэж, нууцлагдмал сүм хийдүүдтэй танилцах юм. Голын ёроолын чулуун дээр хинду бурхдыг дүрсэлсэн сийлбэр бүхий Кбал Спиан (Kbal Spean)-ыг анзаарч хараарай. Жаяварман II хаан МЭ 802 онд Кхмерийн эзэнт гүрнийг энэ уулан дээр байгуулж байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэр бүхэлдээ үндэсний хэмжээний асар их ач холбогдолтой газар юм. Хүрээлэнд орох хураамж 20 доллар байдаг.
Камбожийн аяллын зардал
Камбож улс нь ам.доллар ашигладаг. Гудамжинд жижиг зүйл худалдан авахаас бусдаар Камбожийн риэл (KHR) авч явах шаардлага гарахгүй. Гэхдээ сүүлийн үед, ялангуяа хөдөө орон нутагт ам.доллараар төлбөрөө хийхэд риэлээр хариулт өгөх нь нэмэгдэж байгаа. Гэхдээ энд ихэвчлэн ам.доллар ашигладаг.
Байр – 6-8 ортой нийтийн байранд нэг ор шөнийн 6-8 доллараас эхэлдэг. Хувийн хоёр ортой өрөө нь байршлаас хамаарч нэг шөнийн 10-20 ам.долларын үнэтэй байдаг. Ихэнх жижиг буудалд Wi-Fi үнэгүй байдаг ба гаднаа усан сан, агааржуулагчтай байх нь бий. Үнэгүй өглөөний цай болон өөрөө хоолоо хийж идэх боломжтой байр ховор байдаг.
Тухтай угаалгын өрөөтэй байр эсвэл зочид буудал 15-20 долларын үнэтэй байдаг. Ихэнх газар агааржуулагч, ТВ, Wi-Fi-тай. Харин 25-35 долларын үнэтэй зочид буудлууд нь усан сан, ресторантай байх нь элбэг.
Airbnb-г томоохон хотуудад ашиглах боломжтой бөгөөд бүтэн байр, орон сууцны үнэ нэг шөнийн 25-35 доллараас эхэлдэг.
Хоол хүнс – Камбожийн хоол нь Тайланд, Вьетнамын хоолтой төстэй. Францын колони байсан тул Вьетнам, Камбож хоёрын хоол нь нийтлэг байдаг. Жишээлбэл, Вьетнамд bánh mì гэгддэг багеттай сэндвичийг Камбожид num pang pâté гэж нэрлэдэг. Камбожийн алдартай хоолоос дурдвал, өглөөний цайндаа бага зэрэг исгэсэн, будааны гоймонтой num banhchok; амок трей, загасны карри хоол; мөн самлар како, хүнсний ногоо, шарсан будаа, цулбуурт загас, гахайн мах зэрэг байна. Ерөнхийдөө Камбожийн хоолонд маш олон төрлийн гоймонтой шөл, шарсан төмс, карри, шарсан будаа, чихэр багтана.
Камбожийн бараг бүх хоолонд цагаан будаа, загас ордог. Lemongrass, галангал, турмерик, тамаринд, цагаан гаа, чинжүү, kaffir lime зэрэг амтлагчийг түгээмэл хэрэглэгддэг. Исгэсэн загасны давслаг зуурмаг нь хоолны амтыг нэмдэг өөр нэг өргөн хэрэглэгддэг орц юм.
Нийтлэг хүнсний ногоо нь навч, үндэс, хүнсний ногоо, амтат гуа, урт шош, вандуй, буурцагны нахиа, хаш зэрэг орно. Камбожоос гаралтай жимс хэдэн арваараа байдаг бөгөөд хамгийн алдартай нь дуриан юм. Гэсэн хэдий ч мангостин, пассифрут, луу, манго зэрэг хурц үнэргүй жимс бас олон бий. Жимс бол эндхийн хүмүүсийн өөр нэг үндсэн хүнс нь бөгөөд дангаар нь болон олон төрлийн амттан хийж иддэг.
Ерөнхийдөө Камбожид хоол хүнс маш хямд. Гудамжны (street food) хоол 1-3 ам.долларын үнэтэй байдаг бол гудамжны амттангууд нь үүнээс ч хямд байдаг. Рестораны үндсэн хоол болох карри эсвэл загас, будаа гэх мэт ердийн хоол нь 3-5 долларын үнэтэй байдаг.
Барууны хоол ерөнхийдөө 5-10 долларын үнэтэй байна. Пицца 4-6 ам.доллар, бургер 7-8 ам.доллар, гоймонтой хоол 6-8 ам.долларын үнэтэй.
Уух юмны хувьд шар айраг 1 доллар хүрэхгүй, дарс 3 доллар, коктейль 3-5 ам.доллар байна. Капучино 1.75 ам.доллар.
Хэрэв та мөнгө үрэхийг хүсвэл Пномпенд 8-10 доллараар дэлхийн хэмжээний тансаг хоол авч болно.
Хэрэв та өөрөө хоолоо хийхээр төлөвлөж байгаа бол будаа, мах, загас гэх мэт үндсэн хүнсний бүтээгдэхүүнд долоо хоногт 15-20 доллар зарцуулна. Хамгийн хямд бүтээгдэхүүн авахын тулд зах ороорой. Гэхдээ дотуур байр, зочид буудлууд нь хоол хийх хэсэггүйгээс гадна гудамжны хоол маш хямд байдаг тул би энд байхдаа хоол хийж байгаагүй.
Үйл ажиллагаа – Ангкор Ват руу аялахаар төлөвлөж буй хүмүүс орох хураамжийг тооцох ёстой бөгөөд нэг өдрийн 37 доллар (олон өдөр нэвтрэх боломжтой тасалбар нь 72 доллар) байдаг. Мөн тэнд аялах зардлыг (унадаг дугуй, эсвэл тук-тук хөлслөх) тооцохоо мартуузай. Явган аялал зэрэг бусад үйл ажиллагаа нь үргэлжлэх хугацаа, хэр олон хүн сонирхдог зэргээсээ хамаарч, 10-20 долларын хооронд байдаг. Өдрийн турш өөр өөр газраар аялах хувийн жолооч хөлслөхөд ерөнхийдөө 15-20 доллар, лицензтэй хөтөч өдрийн ойролцоогоор 40 доллар байдаг. Ихэнх музей хэдхэн долларын үнэтэй.
Үүргэвчтэй аялах төсөв
Хэрэв та Камбож руу үүргэвчтэй аялахаар төлөвлөж байгаа бол өдөрт ойролцоогоор 45 доллар зарцуулна гэж тооцож болно. Энэ төсвөөр дотуур байранд хонож, гудамжны хоол (street food) идэн, ганц хоёр пиво ууж, нийтийн тээврээр зорчиж болно. Хэрэв та Ангкор Ват руу үүргэвчтэй аялах гэж байгаа бол дугуй эсвэл жолоочийн зардалд нэмэлт 37 доллар төсөвлөөрэй.
Дундаж хэмжээнд аялахыг хүсвэл 90 доллар төсөвлөөрэй. Ингэснээр та агааржуулагчтай, хямд зочид буудалд буун, илүү сайхан ресторанд хооллож, илүү их уун, хот хооронд автобусаар явж, Ангкор Ватаар зочлох зэрэг олон аялал, үйл ажиллагаанд орох боломжтой. Killing Fields-ийг үзэж, хоол хийх хичээлд сууж бас болно.
Тансаг аялал. Өдөрт та 160 ам. доллар ба түүнээс дээш зарцуулахыг хүсвэл тансаг аялал болно. Энэ гэхдээ зөвхөн доод хязгаар нь. Та зочид буудалд байрлаж, дандаа гадуур хооллон, хүссэн хэмжээгээрээ ууж, жолооч хөлслөн, хүссэн бүх аялал, үйл ажиллагаандаа (Ангкор Ват руу олон өдрөөр аялах гэх мэт) хамрагдаж болно.
Хэрхэн аялахаас хамаарч, өдөртөө хэр их мөнгө төсөвлөх хэрэгтэйг доор тоймлон үзүүлье. Мэдээж энэ бол дундаж тоо. Та зарим өдөр илүү ихийг, заримдаа багыг зарцуулна. Магадгүй өдөр бүр үүнээс багыг ч зарцуулж болох. Бид зөвхөн төсвөө гаргахад тань туслах зорилгоор ерөнхий ойлголт өгөхийг хүсэж байна. Тооцоог ам.доллараар хийв.
Байр | Хоол | Тээвэр | Үзвэр | Өдрийн дундаж зардал | |
Үүргэвчтэй аялал | 35 | 40 | 15 | 25 | 115 |
Энгийн дундаж | 100 | 85 | 35 | 75 | 295 |
Тансаг зэрэглэл | 200 | 150 | 60 | 110 | 520 |
Мөнгө хэмнэх аргууд
Камбож бол Зүүн Өмнөд Азийн хамгийн хямд орнуудын нэг юм. Тиймээс хамгийн үнэтэй газрыг нь хайж олоод ордоггүй л юм бол мөнгө төгрөг хэмнэх талаар зөвлөөд байх юм алга. Гэхдээ та үнэхээр хэдэн цаас ч хамаагүй хэмнэхийг хүсч байвал доорх зөвлөгөөг уншина уу.
Уух зүйлээ багасгах – Уух зүйлс бүр нэг доллар бөгөөд нэг л мэдэхэд хоол хүнс, байрнаас илүүтэй шар айрганд мөнгө зарцуулсан байх талтай. Төсвөө хэмнэхийн тулд градустай зүйл бага хэрэглээрэй.
Байрныхаа эзэнд ажил хийж өгөх – Та долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар нэг газар байрлах тохиолдолд ямар нэг сайн дурын ажил хийж өгвөл дотуур байрныхаа үнээс хөнгөлүүлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл өдөрт хэдхэн цаг ажиллээд, үнэгүй байранд байна гэсэн үг.
Өдрийн аяллыг олуулаа нийлж захиалаарай – Олуулаа нийлж аялал захиалбал дийлэнхдээ хямдардаг. Буудалд хамт буусан хүмүүстэйгээ танилцаж, тантай ижил аялалд явахыг хүсч байгаа эсэхийг нь асуу. Ингэснээр та аялалдаа арай бага мөнгө төлөх боломжтой болно.
Урьдчилан захиалах хэрэггүй – зорьсон газартаа очихоосоо өмнө ямар ч аялал, үйл ажиллагаа захиалах хэрэггүй. Та ирээд тохиролцвол хамаагүй хямд байх болно. Онлайнд байгаа үнэ дандаа илүү байдаг!
Гудамжинд хооллоорой (Street Food) – Камбожид нутгийн амттай хоолыг хямд үнээр идэх боломжтой. Барууны хоол аль болох идэхгүй, мөн ресторанд сууж хооллохгүй байх.
Үнийг буулгах гэж ярилцахаас санаа зовох хэрэггүй – Ихэнх тохиолдолд тэд хамаагүй өндөр үнэ эхэлж хэлдэг тул наймаачинтай нь тохиролцоорой. Энэ нутагт үнийг буулгах соёл угаасаа байдаг тул наймаалцахаас бүү санаа зов, мөнгөө хэмнээрэй. Та хүссэн зүйлээ нутгийнхны үнээр хэзээ ч авч чадахгүй ч, дөхүүлж бол чадна!
Усны савтай явж бай – Шүүлтүүртэй усны сав нь ялангуяа Камбожид маш хэрэгтэй. Учир нь эндэхийн цоргоны усыг шууд ууж болохгүй. Цоргоны усыг цэвэршүүлэн уух боломжой шүүлтүүртэй усны сав авч явснаар мөнгөө ч, байгалиа ч хамгаалж чадна. Миний дуртай брэнд бол өөртөө шүүлтүүртэй LifeStraw сав бөгөөд таны ус үргэлж аюулгүй, цэвэр байх болно.
Унаа, тээвэр
Нийтийн тээвэр – Камбожид орон нутгийн тээвэр хямд байдаг. Пномпень бол боломжийн нийтийн тээврийн сүлжээтэй, 17 чиглэлийн жижиг автобусны сүлжээтэй цорын ганц хот юм. Тасалбарын үнэ ердөө 0.40 долларын үнэтэй бөгөөд автобусанд суух бүрдээ бэлнээр төлдөг.
Такси – Нийтийн тээврийг бодвол 2-3 дахин үнэтэй байдаг тул та жолоочтой нь тохиролцох хэрэгтэй. Тэд үнээ эхлээд өндөр хэлдэг учраас доош нь буулгахын тулд яриарай. Хэрэв 3-4-үүлээ нийлж, хол аялах гэж байгаа бол нэг такси бариад, мөнгөө хувааж төлсөн нь дээр. Үнийг нь сайн хэлж мэдэхгүй байвал буусан газрынхаа ажилчдаас ханшийг нь асуугаарай.
Өдрөөр жолооч түрээслэхэд 15-20 долларын үнэтэй бөгөөд ихэнх зочид буудал танд жолооч олоход тусална.
Тук-тук нь том хотод хаа сайгүй явж байдаг. Гэхдээ үнээ урьдчилан тохиролцохоо мартуузай (явах зайнаасаа хамаардаг ч, 5 доллараас хэтрэхгүй).
Автобус, микроавтобус – Камбожийн эргэн тойронд аялах хамгийн хялбар бөгөөд хямд арга бол автобусаар явах юм. Сүүлийн үед зам, маршрут гээд зүйлс нэлээд сайжирсан бөгөөд жуулчдад зориулсан, хаа сайгүй явдаг автобуснууд бий болсон. Пномпень, Сием Рип, Сиануквиллд автобусны төвлөрсөн буудлууд байдаг.
Ерөнхийдөө 20 доллараас доош үнээр та Камбожийн хаана ч автобусаар очиж болно. Автобусууд Сием Рипээс Бангкок руу нэг талдаа 20 доллараар тогтмол явдаг бөгөөд ойролцоогоор 9 цаг зарцуулдаг. Автобус, микроавтобусны алинд ч нэг хүн 10 ам.доллараар суун, Сием Рипээс Пномпен хүртэл 6 цаг явна. Пномпенээс Сиануквилл хүртэл 5 цагийн аялал 9 доллараас эхэлдэг бол Сием Рипээс Сиануквилл хүртэл 10 цаг явах бөгөөд 17 долларын үнэтэй.
Галт тэрэг – Камбожид галт тэрэг түгээмэл биш. Пномпень болон Сиануквилл хоёрын хооронд, Пномпенээс Поипет хүртэл нэг нэг л маршрут байдаг. Тасалбарын үнэ 5-7 доллар ч, түгээмэл явдаггүй тул үүнийг урьдчилан тооцоолох хэрэгтэй. Хэдий сайжруулан хөгжүүлэх ажил хийсээр байгаа ч, төмөр замын суурь бүтэц муу. Дээр нь галт тэрэгний байдал сайнгүй. Тиймээс би бол автобусанд л сууна.
Завь – Та Пномпен, Сием Рип, Сием Рип, Баттамбанг хооронд завиар явж болно. Завь нь хамгийн үр дүнтэй, зардал багатай арга биш. Гэхдээ байгалийн үзэсгэлэнг үзэх хүсэлтэй хүнд бол адал явдалтай сайхан аялал болж болох юм. Сием Рипээс Пномпен хүртэл гатлага онгоцоор 6 цаг явахад 18-25 доллар, Сием Рип болон Баттамбанг хооронд 25 ам.доллар болно.
Нисэх – Камбожид Пномпень, Сиануквилл, Сием Рип зэрэг гол чиглэлүүдийн хооронд хэдхэн дотоодын нислэг байдаг. Гол агаарын тээврийн компани бол Cambodia Angkor Air юм. Нислэгүүд ерөнхийдөө нэлээд үнэтэй бөгөөд тогтмол бус хуваарьтай байдаг. Сиануквиллээс Сием Рип хүртэл нэг цагийн нислэг 140 доллар, харин Сием Рипээс Пномпен хүртэл 45 минутын нислэг 90 ам.доллар. Эцсийн мөчид тулгаж захиалбал дээрх үнэ мэдэгдэхүйц нэмэгдэж болно.
Машин түрээслэх – Энд машин түрээслэх үнэтэй бөгөөд замууд нь сайн биш. Осол гарах нь элбэг байдаг тул энд машин түрээслээд дэмий.
Машинд дайгдах – Камбожид машинд дайгдах боломжтой боловч нийтлэг биш юм. Ихэнх хүмүүс таныг такси хүлээж байна гэж бодох учраас машинд дайгдах гэж байгаа гэдгээ ойлгуулаарай. Хөдөө орон нутагт машин тэрэг бага явах тул томоохон хурдны замын хажууд нэлээн удаан хүлээнэ гэж бодоорой. Та Hitchwiki-ээс нэмэлт мэдээлэл авах боломжтой.
Хэзээ явбал тохиромжтой вэ?
Камбожийн хамгийн хөл ихтэй улирал нь 11-ээс 4-р сар хүртэл байдаг бөгөөд агаарын хэм илүү таатай байдаг. (11-ээс 5-р сар бол хуурай улирал юм). Ялангуяа 11-ээс 2-р сард жуулчид хамгийн олноор ирдэг бөгөөд агаарын хэм 20°C хавьцаа байна. 4, 5-р саруудад температур 38°C хүрч болзошгүй тул хэрэв та эдгээр саруудад очихоор төлөвлөж байгаа бол бэлтгэлээ сайтар базаан, халуун агаарт тохирох хувцас өмсөөрэй.
Хэрэв та аялал жуулчлалын оргил үеэс зайлсхийхийг хүсч байвал 5-аас 10-р сарын хооронд очвол зүгээр. Хэдийгээр борооны улирал давхцах ч, ерөнхийдөө үдээс хойш л түр зуурын аадар ордог тул энэ хугацаанд маш их зүйлийг үзэж харж, хийж чадна. Зүгээр л борооны цуваа авчих.
Захиалгын сайтууд
Аялалд маань хамгийн их хэрэг болдог компаниудыг доор жагсаалаа. Эдгээр компани нь маш сайн үнэ санал болгохын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ерөнхийдөө бусдаасаа илүү байдаг юм.
Skyscanner – Skyscanner бол миний хамгийн дуртай нислэгийн хайлтын систем юм. Тэд том хайлтын сайтуудын орхигдуулаад байдаг жижиг вэбсайтууд болон агаарын тээврийн компаниудыг олж өгдөг.
Hostelworld – Энэ бол жижиг буудал, байр зэргийг хамгийн өргөн хүрээнд хайж олоход тусалдаг шилдэг сайт юм.
Agoda – энэ бол Hostelworld-аас гадна Азийн зочид буудлын хамгийн шилдэг сайт юм.
Booking.com – Байнга хамгийн хямд үнийг санал болгодог сайт. Хямд төсөр өртөгтэй байр сууцыг, хамгийн өргөн сонголттой санал болгодог. Миний мэдэх хамгийн хямд газар.
Intrepid Travel – Хэрэв та бүлгээрээ аялах гэж байгаа бол Intrepid-ийг сонгоорой. Эднийх нутгийн операторуудыг ашигладаг ба жижиг бүлгийн маш сайн аяллуудыг санал болгож, байгаль орчинд ул мөр бага үлдээдгээрээ алдартай.
Миний вэб сайтыг хадгараад аваарай – Би өөрийн амьдарч байсан 25 улсаа эхний ээлжинд оруулаад зогсохгүй цаашид очсон газар бүрийнхээ талаар дэлгэрэнгүй судалгаа хийж оруулах болно.
WorldNomads – Энэ бол дижитал нүүдэлчид болон урт хугацааны аялагчдад тохирсон, хямд төсөр төлөвлөгөөг санал болгодог даатгал юм. Тэд сарын хямд төлөвлөгөө, гайхалтай үйлчилгээ, ашиглахад хялбар нэхэмжлэлийн процессыг санал болгодог тул аялалд яваа хүмүүст хамгийн тохиромжтой.
Аюулгүйн зөвлөмжүүд
Камбож бол аялахад аюулгүй газар юм. Та ганцаараа байсан ч, бүр эмэгтэй хүн байсан ч аюулгүй. Энд жуулчдын эсрэг хүчирхийлэл үйлдэх нь ховор байдаг ч, жижиг хулгай бол гарч болзошгүй. Тиймээс үргэлж сонор сэрэмжтэй байгаарай.
Харамсалтай нь далайн эрэг, хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд хулгай байнга гардаг. Гадуур явахдаа эд зүйлсээ байнга хямгадаж, анхаарал болгоомжтой яваарай. Түрийвч, утсаа найдвартай, амархан алдахааргүй газар хийж, далайн эрэг дээр хараа хяналтгүй орхиж болохгүй.
Мотоцикл түрээслэх үед залидуулахгүйн тулд түрээсийн мотоциклоо хүлээж авахдаа зургийг нь дарна уу. Тэгвэл өмнө эвдэрхий байсан зүйлсийн төлөө та нэмэлт мөнгө төлөх шаардлагагүй болно. Харамсалтай нь иймэрхүү залилан түгээмэл байдаг юм.
Жолооч таныг зорьсон газраас чинь өөр газар аваачаад, тэнд буудалд буух юм уу, дэлгүүр, ресторанд үйлчлүүл гэж шаардвал (тэд тодорхой нэг буудал, дэлгүүр, ресторантай хамтарч ажилладаг) эрс татгалзаж, буцаж явахыг шаардах хэрэгтэй. Эсвэл өөр тук-тук хайж ол.
Өөр нэг нийтлэг луйвар бол цагдаагийн дүрд хувирч, жуулчдад хандан паспортаа үзүүлэхийг шаарддаг. Тэгээд бичиж баримтаа буцааж авахын тулд “торгууль” төл хэмээн шаардна. Ийм үед зүгээр л татгалзаж, паспортаа зочид буудалд, сейфэнд хийж үлдээсэн гэж хэлээрэй.
Камбожид асуудалд ордог хүмүүс дийлэнхдээ хар тамхи юм уу, секс аялалтай орооцолдсон байдаг. Иймээс эдгээрээс хол байвал та зүгээр байх болно.
Халуунд шингэний дутагдалд орохоос сэргийлж ус хангалттай хэмжээгээр авч яваарай. Цоргоны усыг нь шууд ууж болохгүй тул шүүлтүүртэй усны сав авч яваарай.
Хэрэв танд яаралтай тусламж хэрэг болбол 119 руу залгана.
Зөн совиндоо үргэлж итгэ. Паспорт, иргэний үнэмлэх зэрэг хувийн бичиг баримтаа хуулбарлаж аваарай. Хаагуур аялахаа ойр дотнын хүмүүстээ мэдэгдээрэй. Тэд таны хаана байгааг мэдэж байх хэрэгтэй.
Аялалдаа юу авч явбал зүгээр вэ?
Хувцас
- 1 жинсэн өмд (хүнд, удаан хатдаг. Гэхдээ би энэ өмдөндөө дуртай. Өөр хувилбар бол khaki өмд)
- 1 шоорт
- 1 усны хувцас
- 5 футболк (FreshCleanTees бол миний дуртай брэнд)
- 1 урт ханцуйтай футболк
- 1 хос углааш
- 1 пүүз
- 6 хос оймс (Тал нь яваандаа алга болчихдог юм)
- 5 хос дотуур өмд
- 1 шүдний сойз
- 1 шүдний оо
- 1 сахлын хутга
- 1 багц шүдний утас
- 1 жижиг шил шампунь
- 1 жижиг шил шүршүүрийн шингэн
- 1 алчуур
- Үнэр дарагч
Жижиг эмнэлгийн хэрэгсэл (аюулгүй байдал чухал!!!)
- Шархны боолт, наалт
- Гидрокортизон тос
- Бактерийн эсрэг тос
- Чихний бөглөө
- Тайлинол (өвчин намдааж, үрэвсэл дардаг эм)
- Гар ариутгагч (нян бактери = өвчин = сүйдсэн амралт)
Бусад жижиг зүйлс
- Түгжээтэй цоож (аюулгүй байдал чухал)
- Амыг нь түгжиж болдог гялгар уут (юм гоожих, асгарахаас хамгаална)
- Гялгар уут (угаах зүйлсээ хийхэд тохиромжтой)
- Бүх улсад ашиглах боломжтой цэнэглэгч (хүн бүр зайлшгүй авах хэрэгтэй)
- Цэвэршүүлэгчтэй усны сав
Эмэгтэй хүн аялалдаа авч явах зүйлсийн жагсаалт
Би эмэгтэй хүн биш болохоор юу өмсдөгийг нь мэдэхгүй ч ганцаарчилсан аялалын их багш Кристин Аддис дээр дурдсан үндсэн зүйлс дээр нэмээд доорх жагсаалтыг гаргасан байсан.
Хувцас
- 1 усны хувцас
- 1 саронг
- 1 сунадаг жинсэн өмд (угааж, хатаахад хялбар)
- 1 бариу сунадаг материалтай өмд (хүйтэнд жинсэн өмднийхөө доогуур өмсөж, бусад үед даашинз, цамцтай өмсөж болохоор)
- 2-3 урт ханцуйтай цамц
- 2-3 футболк
- 3-4 ширхэг нарийн мөртэй майк
- 1 хөнгөн, энгэр нь задгай ноосон цамц
- Ариун цэврийн хэрэгсэл (тухайн газраасаа худалдаж авч болох ч, дийлэнх хүн өөрийнхөө дуртай хэрэглэлийг авч явдаг)
- 1 хуурай шампунь, тальк нунтаг (дараагийн угаалга хүртэл үсийг тослоггүй байлгана)
- 1 сам
- Будаг шунх (өөрийнхөө хэрэглэдгийг авч яваарай)
- Үсний боолт, хавчаар