17000 гаруй арлуудаас бүрддэг Индонез бол дэлхийн хамгийн том арлын орон бөгөөд 261 сая гаруй хүн амтай. Нүд алдам байгалийн тогтоц, үзэсгэлэнтэй сайхан наран шарлагын газар, гайхалтай хоол, боломжийн үнэ гээд гайхуулах зүйл энэ улсад олон.
Ихэнх хүмүүс Бали ороод буцдаг ч, үүргэвчээ үүрээд илүү хол аялах нь ямар сайхан болохыг тэр бүр мэддэггүй. Үзэж харах зүйл маш олон тул бүгдийг нь үзэхэд хэдэн сар шаардагдах болно. Учир нь энэ улсад хүн ихтэй, эмх замбараагүй том хот, цагаан элстэй сэрүүхэн наран шарлагын газар, сүрлэг том галт уул гээд бүгд бий.
Дээр нь энд хямд зардлаар аялах бүрэн боломжтой. Нэлээд хямд учраас тун боломжийн.
Ихэнх аялагчид Бали руу нисч очоод, тэндээсээ Гили арлууд руу явах юм уу, Ломбокийг зоридог бол би таныг жуулчид бага очдог газруудад очиж үзээрэй гэж зөвлөх байна. Флоресд байдаг лууг харж, явган аялал хийж, Жавагийн түүхэн балгасыг үзэж, Суматрад очоорой. Та Балигийн дижитал нүүдэлчдийн төвөөс холдож чадвал илүү хямд үнэ, хүн цөөнтэй газар очих боломжтой.
Энэхүү Индонезийн аяллын хөтөч нь танд аяллаа төлөвлөн, мөнгөө хэмнэж, энэ диваажин шиг арлуудад цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд тусална.
Индонез улсад заавал үзэх 5 зүйл
1. Балид очиж амрах – Google map
Бали бол Индонезийн хамгийн алдартай арал юм. Аялагчдын хөл хөдөлгөөн ихтэй энэ газар үнэхээр үзэсгэлэнтэй. Бингин (Bingin Beach) далайн эрэг дээр серфинг хийж эсвэл Пура Бесаких эх сүмд (Pura Besakih, the Mother Temple) зочилж болно. Та Убуд хотод уламжлалт Бали бүжгийг үзэхээ мартуузай. Йогийн болон хоолны сургалтууд энэ арал дээр элбэг учир хүссэн үедээ хамрагдах боломжтойгоос гадна өөрийн гараар гайхалтай бэлэг дурсгалын зүйлс урлах боломжтой байдаг.
2. Гили арлуудад шумбах – Google map
Арлын диваажинг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсвэл Гили арлуудыг зориорой. Гили Траванган дээр маш сайн (мөн хямд) усанд шумбаж, гуурстай сэлэх (snorkeling) байгууламжууд байхын зэрэгцээ шөнийн амьдрал нь ч тун сайхан. Эдгээр арлуудад байр, хоол хүнс хямд бөгөөд өдөржин амарч тухлах боломжтой наран шарлагын газар, өөрийгөө зугаацуулах үдэшлэг зэрэг болдог учраас үүргэвчтэй аялагчид олноор очдог байна.
3. Боробудур цогцолбор – Google map
Боробудур (Borobudur) нь 8-9-р зууны үед хамаардаг, галт уулын чулуулгаар хийсэн, дэлхийн хамгийн том Буддын сүм хийдийн цогцолбор юм. Буддын шашны сургаалийг тодотгохын тулд 2672 үечилсэн шаталбартай хийжээ. Шаталбар бүр нь амьдралын үе шатуудыг дүрсэлж буй бөгөөд төвшин нэг бүрийн утга учрыг олж мэдэхээс нааш оргил руу нь гарч чадахгүй гэдэг.
4. Комодо луунуудыг үзэх – Google map
Бага Сунда арлуудын нэг хэсэг болох Комодо үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 3 метр (10 фут) хүртэл урт, 135 кг (300 фунт) жинтэй дэлхийн хамгийн том гүрвэлийг үзэх цорын ганц газар юм. Флорес арлын Лабуан Бажо боомтоос нэг цаг гаруй явж хүрдэг учраас Комодо үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очихын тулд заавал аялалд хамрагдах хэрэгтэй.
5. Бромо-Тенггер-Семэрү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялах – Google Map
Бромо-Тенггер-Семэрү үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Bromo-Tengger-Semeru National Park) нь Зүүн Ява арлын төвд нийт 800 хавтгай дөрвөлжин км (308 хавтгай дөрвөлжин миль) талбайг эзлэн оршдог бөгөөд тус мужийн хамгийн том галт уулын бүс юм. Амьдралдаа хэзээ ч мартахгүй дурсамжийг бүтээж, наран мандаж буй хамгийн гайхалтай мөчийг харъя гэвэл өглөө эртлэн босоод Бромо юм уу, Семеру уулын орой дээр гараарай. Энд хүрэх хамгийн хялбар арга бол Нгадисари тосгоноор дамжин, Проболинггогоос ирэх юм. Оргилд гарахын тулд удаан явдаггүй (элсэрхэг энгэрээр 45 минут орчим явдаг), зам нь үнэ төлбөргүй байдаг ч хэд хэдэн аяллын компаниуд цэцэрлэгт хүрээлэнд очих, буцах унаа зэргийг багтаасан хөтөчтэй аялал зохион байгуулдаг.
Индонези улсад сонирхон турших бусад зүйлс
1. Хинди Прамбанан хийдэд очоорой Google map
Hindi Prambanan нь 9-р зуунд хамаардаг. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн энэ газарт 244 сүм байдаг бөгөөд гол үзмэр нь төв сүм юм. Энд найман жижиг, найман том сүм байдаг бөгөөд хамгийн өндөр нь 45 метр (150 фут) бөгөөд энэ нь Боробудураас ч өндөр гэсэн үг. Энэ цогцолбор нь Йогьякартад (Yogyakarta) байдаг ба үзэх зүйл ихтэй тул бүтэн өдрийг гаргаарай (энэ бол Ангкор Ватын дараа, Зүүн Өмнөд Азид хоёрт орох том сүм юм). Үнэ ~$25.34 (USD) байна.
2. Жакартагаар сэлгүүцэх Google map
Индонезийн нийслэл бол 10 сая гаруй хүн амтай, хөл хөдөлгөөн ихтэй том хот юм. Үзэх зүйл ихтэй тул цөөн хэдэн хоног бол харвасан сум шиг өнгөрдөг. Истана Мердека, ерөнхийлөгчийн ордон (жуулчдыг дотогш нэвтрүүлдэггүй), Индонезийн тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Монасын цамхаг, Анкол далайн эрэг, Үндэсний музей, Жалан Сурабаяа зах (Jalan Surabaya Flea Market) гээд үзэж харж, очих газар дэндүү олон. Хэсэг зуур тайван сууж, хүмүүсийг ажиглая гэвэл Голланд хороолол (Dutch Quarter), Хуучин Батавиа дахь Фатахилла талбай руу харсан кафенуудад очиж болно. Энд та нутгийн хүмүүсийн амьдралыг ажиглаж, түүхэн барилгуудыг харах боломжтой.
3. Бунакенд усанд шумбах эсвэл сэлэх Google map
Бунакен үндэсний далайн хүрээлэн (Bunaken National Marine Park) нь Манадогийн Байед (Bay of Manado) байдаг бөгөөд усанд шумбаж (diving), гуурстай сэлэхэд (snorkeling) тохиромжтой. Эндэхийн гүн цэнгэг ус нь үзэгдэх орчин гайхалтай ба дэлхийн хамгийн олон янзын далайн амьтадтай газар юм. Тиймээс энд ирснээр туна, акул, ray, яст мэлхий, далайн могой болон бусад амьтдыг ажиглах боломжтой. Далайн хүрээлэнд нэвтрэх төлбөр нь нэг хүний 3$ байдаг ба 10-аас доош насны хүүхэд үнэ төлбөргүй байдаг.
4. Амтлах мэдрэмжээ тэл
Индонез нь 17,000 арал, 260 сая гаруй хүн амтай бөгөөд олон янзын соёл, уламжлал, итгэл үнэмшлээр дүүрэн байдаг. Энэ улсад хүмүүс 700 гаруй хэлээр ярьдаг гээд бод доо! Энэ олон янзын соёл уламжлал нь хоол хүнсэнд нь маш их нөлөөлсөн байдаг. Та Жава, Сундан, Падан, Балигийн хоолыг заавал амталж үзээрэй. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл нь. Энэ улсын санал болгож буй төрөл бүрийн хоолыг амтлахын тулд зах орж, хоол хийх сургалтад хамрагдан, хоолны аялалд хамрагдаарай. Таны амтлах мэдрэмж талархах нь гарцаагүй!
5. Йогьякартад зочлох Google map
Yogyakarta бол Индонезийн соёлын төв бөгөөд Жакартатай харьцуулахад үйлдвэржилт багатай. Энэ хотод хуучин зан заншлыг орчин үеийн амьдралтай хослуулсан байдаг нь сонирхол татдаг (тус нутаг нь султан/хаант засаглалтай хэвээр байгаа). Энэ бол гудамжны урлал, үзэсгэлэнгүүд, кафе олонтой, шөнийн амьдрал нь сонирхолтой, урлаг маш их хөгжсөн, алдартай газар юм. Та мөн эндээс хүмүүсиийн очих дуртай, үзэсгэлэнт Боробудур, Прамбанан зэрэг газрууд руу явахад тохиромжтой.
6. Суматра дахь орангутануудыг харах Google map
Энэхүү нууцлаг бөгөөд ховор, хүн дүрст мич нь Индонезийн Суматра арал дээр амьдардаг юм. Орангутаныг нүдээр үзэх нь сэтгэл хөдөлгөм дурсамж болж үлдэх нь гарцаагүй. Мөн энэ бүс нутагт түймэр гарч, ой мод нэлээн сүйдэж байгаа тул эдгээр амьтад устах аюулд ороод байгаа юм. Тиймээс хэрэв эдгээр мичийг харахыг хүсвэл эртхэн очоорой гэж зөвлөе. Мөн байгальд ээлтэй компанийн аялалд хамрагдаарай. Энгийн ханиад хүртэл нялх орангутанд маш хүндээр тусдаг тул эдгээр амьтдыг хамгаалах үүднээс таныг хэт ойр аваачихгүй. Гэсэн хэдий ч эдгээр сүрлэг амьтдыг харах нь танд гайхалтай туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Долоо хоногийн турш хөтөчтэй явган аялахад нэг хүний $1,332 (USD) болдог.
7. Калибару тосгонд зочлоорой Google map
Kalibaru бол Жава арлын зүүн өмнөд хэсэгт орших жижиг тосгон юм. Энд нам гүм, хөл хөдөлгөөн багатай байдаг бөгөөд Бали руу ирж, буцах замынхаа аль нэгэнд эндэхийн олон тариалангийн талбайн (какао, кофе, луу жимс, rubber, халуун ногоонууд гэх мэт) нэгээр аялахад тохиромжтой байдаг. Энд төдийлөн олон хүн очдоггүй тул та олны хөлөөс дайжин, нутгийн иргэдийн амьдрал ахуйтай танилцахыг хүсвэл энд ирээрэй. Бромо ууланд аялсныхаа дараа энд ирж болно. Нэг бол зүгээр л нэг өдрийн аялаар ирээрэй.
8. Богорын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг үзэх Google map
Жакартагаас 65 километрийн зайд орших Богор Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь 200 гаруй акр газар, 15,000 төрлийн ургамал, мододтой. Энд ном уншин, хөнгөн зууш идэн хэдэн цаг болсон ч уйдахааргүй сайхан газар. Тасалбарын үнэ ойролцоогоор ~$1.7 USD байна. Богор, Жакарта хоёрын хооронд явдаг галт тэрэгний буудал цэцэрлэгт хүрээлэнгийн яг хажууд байдаг.
9. Banyu Wana Amertha хүрхрээг үзээрэй Google map
Эдгээр нь Балигийн хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүд боловч энд төдийлөн олон хүн очдоггүй. Энэ газар Убудаас 90 минутын зайд байдаг бөгөөд та гадил жимсний тариалангаар дайрч алхах хэрэгтэй болно. Энд ирснээр хэд хэдэн хүрхрээг үзэх боломж гарах тул үнэхээр сайхан аялал болно гэдэгт итгэлтэй байна. Харин усны хувцсаа авчрахаа мартуузай!
10. Бада хөндий дэх мегалитуудыг судлаарай Google map
Лоре Линдугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо толгодын эргэн тойронд тархсан 400 эртний чулуун мегалит (том чулуун хөшөө) байдаг. Эдгээр байгууламжийн гарал үүслийг хэлж мэдэхгүй ч, 5000 гаруй жилийн настай гэж үздэг. Энэ хавиас суурин газрын үлдэгдэл, багаж хэрэгсэл огт олдоогүй. Мегалитуудыг өөрөө олоход амаргүй тул орон нутгийн хөтөч хөлсөлсөн нь дээр.
11. Данар Хадигийн өргөөнд зочлоорой Google map
Суракарта (Төв Ява) дахь Данар Хадигийн өргөө нь дэлхийн хамгийн шилдэг батик (батик бол Жавагийн даавуу будах арга юм) музейн нэгд тооцогддог бөгөөд эзэмшигчийн цуглуулсан 11,000 ширхэг эдлэлээс сонгон авсан үзмэрүүдийг тавьсан. Үзэсгэлэнд эртний болон хааны эд зүйлс олон бий. Мөн эдгээр батикийн нарийвчилсан хэсгүүдийг хэрхэн хийдгийг харуулсан байдаг. Орох тасалбарын үнэ $2.33 (USD).
12. Келимуту үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нуурууд Google map
Флорес арал дээрх Келимуту үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Kelimutu National Park) нь гурван өнгийн тогоон нуураараа алдартай. Тогоон нууруудын өнгө олон жилийн туршид байнга өөрчлөгдөж байдаг нь усан дахь эрдэс бодисын найрлагатай холбоотой байж магадгүй гэж үздэг. Заримдаа тэр нуурууд ногоон, хар, хүрэн, улаан, цэнхэр гэх мэт өнгөтэй болдог. Нутгийн иргэд нас барсан хүмүүсийн сүнс энд амран тухалдаг гэж үздэг тул ариун дагшин газар гэж үздэг. Мони бол эдгээр нууртай хамгийн ойрхон хот ба тэндээс та цэцэрлэгт хүрээлэн рүү нийтийн тээврээр явж болно. Хүрээлэн рүү нэвтрэх үнэ $9.98 (USD).
Индонезийн аяллын зардал
- Байр
– Дотуур байрны нэг ор нь ~$3 USD -ээс доош үнэтэй байдаг ч ихэнх газар ~$6 (USD) хавьцаа байдаг. Хоёр хүний тусдаа өрөө ойролцоогоор ~ $11.66 (USD) -с эхэлдэг. Үнэгүй Wi-Fi-тай байх нь стандарт бөгөөд зарим жижиг буудалд өөрөө хоол хийх газар байхын зэрэгцээ заримд нь өглөөний цай үнэгүй байдаг.
Ихэнх хямд буудлуудад төлбөргүй Wi-Fi, өглөөний цай зэргийг багтаасан хоёр өрөө нь $19.98 (USD)-с эхэлдэг. Гурван одтой зочид буудлын нэг шөнийн үнэ ~$26 (USD)-с эхэлдэг.
Airbnb нь улс даяар өргөн тархсан бөгөөд хувийн тусдаа өрөөнүүд нь шөнийн ~$20 (USD)-с эхэлдэг. Бүтэн орон сууцны хувьд нэг шөнө хамгийн багадаа ~$26 (USD) төлөх ёстой. Гэхдээ эрт захиалаарай. Эс бөгөөс үнэ нь хоёр дахин нэмэгдэх боломжтой.
Хэрэв та Booking.com-оор захиалга өгч байгаа бол энд байгаа ихэнх байр нь айлын юм уу, хувийн орон сууц гэдгийг санаарай.
Зочид буудал болон айлын байр түрээслэн суухад маш хямд байдаг тул хөтөчтэй аялалд хамрагдахаас бусад тохиолдолд майхантай буудаллах боломж бараг байдаггүй.
- Хоол хүнс
Индонезийн хоол хүнсэнд хэд хэдэн соёл, ялангуяа Хятад, Энэтхэг, Малайзын соёл ихээр нөлөөлсөн байдаг. Олон хоол нь будаа (наси) юм уу, гоймонтой (мие) байдаг бөгөөд наси аяам (nasi ayam – тахианы махтай будаа) зэрэг хоол байдаг. Балигаас гаралтай satay (шортой мах) болон олон цагаар шарж бэлдсэн торойн мах буюу babi guling заавал идэж үзээрэй. Өөр нэг алдартай хоол бол үхрийн сүүлний шөл юм. Эндэхий хоолнууд бага зэрэг халуун ногоотой гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
Барууны улсуудтай харьцуулахад эндэхийн хоол маш хямд бөгөөд гудамжны хоолны үнэ ~$0.67(USD) хүртэл байдаг. Түүнчлэн шинэхэн ногоо, халуун амтлагчтай тул амт сайтай. Наси горенг (тахиа, өндөг, ногоотой шарсан будаа), мие горенг (сармис, сонгино, мах, өндөг, хүнсний ногоо, халуун ногоотой шарсан гоймонтой хоол), гадо гадо (уураар жигнэсэн ногоо, дүпү, темпе, заримдаа өндөг, самрын соустай байдаг) болон satay байдаг.
Орон нутгийн ресторанд хямд хоол ойролцоогоор $1.67 (USD) байна. Сууж хооллодог, дунд зэрэглэлийн ресторанд хооллох үнэ нэг хүний $8.34 (USD)-с эхэлдэг. Барууны хоол харьцангуй үнэтэй ч, нэг хоол $6.7 (USD)-с дотогш үнэтэй байдаг тул боломжийн гэж тооцож болно. Хамгийн хямдаар хооллож, цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хүсвэл шөнийн захуудад очоорой.
McDonald’s шиг түргэн хоолны газар нэг багц ойролцоогоор ~$3 (USD) үнэтэй байдаг. Бааранд нэг шар айраг ойролцоогоор ~$2 (USD) үнэтэй.
Хэрэв та өөрөө хоол хийхээр төлөвлөж байгаа бол долоо хоногийн хүнсэнд $29 (USD)-$33 (USD) зарцуулна. Хэдий ийм ч энд хоол хүнс маш хямд тул аль болох гадуур хооллохыг зөвлөж байна.
Үүргэвчтэй аялах төсөв
Өдөрт $28 (USD) бол үүргэвчтэй аялагчийн төсөв бөгөөд та дотуур байранд байрлаж, гудамжинд зардаг хоолноос идэн, заримдаа хоолоо хийж, унадаг дугуй түрээслэн, явган аялаж, далайн эрэг дээр зугаалах зэрэг үнэ төлбөргүй зүйлсийг хийх боломжтой. Хэрэв та уухаар төлөвлөж байгаа бол өдрийн төсөвтөө $2 (USD)–$4 (USD) нэмээрэй.
Өдөрт $73.33 (USD) бол дундаж төсөв бөгөөд та илүү олон удаа ресторанд хооллож, хямд төсөр буудалд юм уу, хувийн дотуур байранд байрлан, скутер түрээслэж, илүү их уун, массаж хийлгэн, усанд шумбах боломжтой.
Өдөрт $156 (USD) ба түүнээс дээш “тансаг” төсөвтэй бол та илүү сайхан зочид буудал юм уу, тансаг хувийн сууцанд байрлаж, такси эсвэл хувийн жижиг оврын автобусаар зорчин, барууны хоол идэж, илүү их уух, хүссэн бүх л адал явдалт үйл ажиллагаагаандаа оролцох боломжтой. Мэдээж энэ бол тансаг хэрэглээний доод хязгаар төдий юм.
Хэрхэн аялхаас хамаарч, өдөртөө хэр их мөнгө төсөвлөх хэрэгтэйг дээр тоймлон үзүүлсэн билээ. Мэдээж энэ бол дундаж тоо. Та зарим өдөр илүү ихийг, заримдаа багыг зарцуулна. Магадгүй өдөр бүр үүнээс багыг ч зарцуулж болох. Бид зөвхөн төсвөө гаргахад тань туслах зорилгоор ерөнхий ойлголт өгөхийг хүссэн болно.
Мөнгө хэмнэх аргууд
Индонезид аливаа зүйлс тун боломжийн үнэтэй хэдий ч, мөнгө хэмнэх хэд хэдэн арга байдгаас дурдъя.
- Гудамжинд зардаг хоол идээрэй – Та нутгийн хүмүүсийн хийсэн амттай хоолыг $0.7(USD)-с бага үнээр авах боломжтой. Гудамжны зууш, шөл, гоймон нь маш хямд бас амттай байдаг.
- Маш сайн буулга – Индонезид аливаа бараа бүтээгдэхүүн яг бичигдсэн үнээрээ байх нь ховор. Тиймээс наймаа хийж буй хүмүүстэй сайн ярилц. Танд хэлсэн үнийг буулгах боломж харьцангуй өндөр.
- Хямд уух боломж ол – Тухайн газрын хямдралтай үйлчилдэг цагаар очвол мөнгө сайн хэмнэнэ (эсвэл бааранд орохын оронд нутгийн дэлгүүрээс уух юмаа худалдаж аваарай). Энэ бол хамгийн хямд уух арга юм.
- Онлайнаар урьдчилан захиалах – Хэрэв та Бали зэрэг Индонезийн хамгийн алдартай газруудад очихоор төлөвлөж байгаа бол ирснийхээ дараа үнийг нь буулгах гэж оролдохын оронд байр болон зарим хамрагдах аяллаа онлайнаар урьдчилан захиалах нь илүү хямд тусдаг.
- Автобусад суухдаа шууд мөнгөө төлөх – Та хот хоорондын автобусаар явах гэж байгаа бол касснаас тасалбар худалдаж авахын оронд автобусанд ороод шууд мөнгө өгвөл хамаагүй хямд тусна.
- Унадаг дугуй түрээслэх – Бали, Гили зэрэг олон газарт та дугуйгаар хялбархан явах боломжтой. Өдрийн түрээс ойролцоогоор $2.7 (USD) байх болно. Тиймээс энэ бол хямд үнээр эргэн тойрондоо аялах боломж юм.
- Такси барих – Индонезийн зарим нэг газарт заавал такси барих шаардлага гардаг. Хамгийн чухал нь хөдлөхөөсөө өмнө тоолууртай эсэхийг нь нягтлаарай. Эсвэл суухаасаа өмнө үнээ тохир.
- Шүүсэн усны сав авч ирээрэй – Индонезид хуванцар хог хаягдал маш байдаг. Хэтэрхий их учраас заримыг нь шууд шатаадаг. Та энд байх хугацаандаа үүнийг харж, бас үнэрлэх биз. Тиймээс өөрийнхөө мөнгийг ч, байгалиа ч хамгаалах үүднээс шүүлтүүртэй усны сав авч яваарай. Би лав хувьдаа LifeStraw-д дуртай.
Байр, буудал
Аялал жуулчлалын үеэр байрлах газар хайж байна уу? Индонезид байрлах дуртай газруудаа дурдъя.
- PADI Backpackers House (Ubud)
- Kememai Hostel (Ubud)
- Warung Coco Hostel (Kuta)
- Tribal Bali (Canggu)
- Gili Beach Bum (Gili Trawangan)
- My Mate’s Place (Gili Trawangan)
- Wonderloft Hostel (Jakarta)
Унаа тээвэр
Нийтийн тээвэр – Жавагаас бусад хотод нийтийн тээвэрт автобус төдийлөн явдаггүй. Жакарта хотод Transjakarta Busway гэгдэх тусгай замаар явдаг автобус байдаг. Аль ч чиглэлд зорчсон адил 3500-9000 IDR төлнө. 40,000 IDR-ийн үнэтэй картыг (20,000 IDR-р цэнэглэгдсэн байдаг) буудал дээр байдаг карт зардаг газруудаас авах боломжтой.
Ихэнх тохиолдолд Индонезчууд бекак хэмээх гурван дугуйтай өөрөө жийдэг, эсвэл мотортой дугуйгаар ойр зуурдаа явдаг. Та суухаасаа өмнө үнээ тохиролцох ёстой. Тиймээс хамгийн сүүлийн үеийн ханшийг зочид буудлын ажилтнаасаа асууж мэдээрэй.
Такси бас боломжийн үнэтэй байдаг бөгөөд томоохон хотуудад тоолууртай такси байдаг. Bluebird Taxis нь ихэнх газар байдаг, найдвартай тоолууртай, англиар ярьдаг жолоочтой компани юм. Мөн такси захиалахад маш хялбар, гар утасны програмтай. Эхлэх ханш нь ойролцоогоор 7500 IDR, түүнээс цааш километр тутамд 5300 IDR нэмэгддэг.
Grab (Uber-ийн өөр нэг хувилбар) бол Зүүн өмнөд Азид байдаг нэршил нь юм. Энэ нь тухтай боловч заримдаа таксинаас ч үнэтэй тусдаг. Gojek бас үүнтэй адил үйлчилгээ үзүүлдэг компани юм. Гэхдээ нэг зүйлийг урьдчилан сануулахад, хэрэв та Grab эсвэл Gojek дуудвал мотоциклийн ард суух байх шүү.
Гатлага онгоц – Арлууд хооронд гатлага онгоцоор явдаг. Зүүн Жавагаас Баруун Бали руу явах тасалбарын үнэ 15,000 IDR-ээс эхэлдэг бөгөөд бусад чиглэлийн үнэ тэндээс цааш нэмэгддэг. Балигаас Гили арлууд хүртэл хурдны завиар явахад 175,000 IDR (нэг талын) болно.
Урьдчилан захиалах шаардлагагүй ч оргил ачааллын үеэр эсвэл хүмүүс их зорчдог замаар явах гэж байгаа бол захиалсан нь зүйтэй. Та тасалбарыг нь гатлага онгоцны компанийн вэбсайтаас эсвэл 12go.asia гэх мэт тасалбарын сайтаар дамжуулж худалдаж авах боломжтой.
Автобус – Автобус бол нутгийн иргэд болон жуулчдын Индонезээр аялах гол хэрэгсэл юм. Ялангуяа хол замд явахдаа агааржуулагчтай автобусанд суухыг хүсвэл тасалбараа урьдчилан захиалах нь зүйтэй. Та аялал жуулчлалын компаниас юм уу, автобусны терминал дээр очиж тасалбар авах боломжтой. Мөн таны буусан газар унаа тээврийг зохицуулах боломжтой байх нь бий.
Автобусанд 12 цаг явахад ойролцоогоор 170,000 IDR болно. Кута наран шарлагын газраас Убуд хүртэлх богино аялал нь 80,000 IDR хүрэхгүй бөгөөд нэг цаг орчим явдаг.
Хэрэв та хол явахгүй бол bemos хэмээх жижиг автобусанд сууж болно. Энэ тохиолдолд үнээ урьдчилан тохироорой.
Галт тэрэг – Яавад байдаг хотууд буюу Жакарта, Бандунг, Сурабая, Проболингго (Бромо ууланд очно), Банюванги (Балигийн гатлага онгоцны терминал хүрнэ) зэрэг нь галт тэргээр сайн холбогдсон байдаг. Жакартагаас Сурабаяа хүртэлх хямд зэрэглэлийн галт тэрэг 10.5 цаг явдаг бөгөөд ойролцоогоор 190,000 IDR үнэтэй бол 8 цаг явдаг өндөр зэрэглэлийн галт тэрэг 620,000 IDR орчим үнэтэй байдаг. Сурабаягаас Проболингго хүртэл (Бромо уул) 2-3 цаг явах ба хямд зэрэглэл 27,000 IDR, өндөр зэрэглэл 240,000 IDR болно. Сурабаяа Банюванги хүртэл (Бали руу) 6-7 цаг зарцуулдаг хямд зэрэглэл 56,000 IDR, өндөр зэрэглэл 235,000 IDR үнэтэй байдаг. Tiket.com сайтаас тасалбараа захиалах боломжтой.
Онгоц – Garuda Indonesia бол олон улсын болон дотоодын нислэг үйлддэг тус улсын гол агаарын тээврийн компани юм. Lion Air болон AirAsia нь дотоодын олон чиглэлд нисдэг ч Lion Air-ийн аюулгүй байдлын үзүүлэлтүүд муу байдаг тул би санал болгохгүй.
Жакарта болон Балигийн хоорондох нислэг тус бүрдээ 900,000 IDR, Жакартагаас Ломбок руу ойролцоогоор 1,200,000 IDR байна. Ломбокоос Бали хүртэл 1,100,000 IDR болно. Нисэхэд зардал үнэтэй тусдаг тул та яарсан үедээ л нисээрэй гэж зөвлөх байна.
Машинд дайгдах – Энд машинд дайгдах боломжтой ч, тийм ч түгээмэл биш. Англи хэлтэй хүмүүс түгээмэл биш болохоор явахаасаа өмнө зарим нэг үг хэллэг сурахыг зөвлөе.
Хэзээ явбал тохиромжтой вэ?
Индонезид нойтон болон хуурай гэсэн хоёрхон улирал бий. Хуурай улирал 5-р сараас 9-р сар хүртэл үргэлжилдэг бол борооны улирал 10-р сараас 4-р сар хүртэл үргэлжилдэг. Жилийн туршид өдрийн дундаж температур 28 ° C (80 ° F) байна.
Ерөнхийдөө зочлоход хамгийн тохиромжтой цаг бол хуурай, нартай 5-р сараас 9-р сар хүртэлх хугацаа юм. Мөн бороо орсон ч ихэвчлэн хэдхэн цаг үргэлжил, нэлээд ширүүн ордог тул борооны улиралд зочилсон ч таатай байдаг.
Нуса Тенггара бүс нутаг нойтон улиралд байдал илүү хэцүү болдог ба заримдаа үер болдог. Мөн та борооны улиралд очоод олон хүний хөлөөс дайжиж явна гэвэл боломжгүй байж магад. Учир нь зам шавар шавхайтай болсноос болоод хүссэн газраараа явж чадахгүйд хүрэх нь бий.
Бали, Калимантан мужид улирлын хоорондох ялгаа төдийлөн их байдаггүй. Хуурай улирал бол галт ууланд авирахад хамгийн тохиромжтой үе бөгөөд усанд шумбах хамгийн тохиромжтой үе нь 4-р сараас 9-р сар хүртэл юм. (Хэрэв та ууланд авирахаар төлөвлөж байгаа бол дулаан хувцас авч ирээрэй. Учир нь уулын оройд сэрүүн байдаг!)
Аюулгүйн зөвлөмжүүд
Индонез бол үүргэвчтэй аялахад аюулгүй газар юм. Хүнд гэмт хэрэг ховор тохиолддог. Жижиг хулгай (цүнх хулгайлах гэх мэт) нь Индонезид хамгийн түгээмэл гэмт хэргийн төрөл юм. Хүн их бужигнасан газар анхаарал алдсан тохиолдолд түрийвчээ алдах эрсдэл нэмэгддэг. Нийтийн тээврээр зорчихдоо ялангуяа маш болгоомжтой байгаарай. Сонор сэрэмжтэй байж, үнэтэй зүйлсээ сайтар далд хийх нь халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм.
Индонезид зээлийн картын луйвар түгээмэл байдаг. Тиймээс боломжтой бол бэлэн мөнгөөр тооцоо хийгээрэй. АТМ-ээр үйлчлүүлэхдээ мэдээллээ алдахгүйн тулд нэр хүндтэй банкинд очиж үйлчлүүлээрэй.
Арлын эргэн тойронд маш олон жижиг луйвар гардаг тул байдаг нийтлэг луйврын талаар уншиж, мэдээлэл аваарай.
Ганцаараа аялж яваа эмэгтэй хүн ч энд ерөнхийдөө аюулгүй байдаг хэдий ч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх хэрэгтэй (ууж буй зүйлээ бааранд хараа хяналтгүй орхих, согтуу үедээ гадуур ганцаараа явахгүй байх г.м). Тус улс нь ерөнхийдөө аюулгүй ч гэсэн, том газар учраас сонор сэрэмжээ дээшлүүлэх ёстой газрууд байдаг. Ганцаараа аялдаг эмэгтэйчүүдийн олон блог байдаг тул тэдгээрээс та аюулгүй байдлын талаарх тодорхой мэдээлэл авах боломжтой.
Индонезид бусад улсуудаас илүү их газар хөдлөлт болдог. Тиймээс яаралтай үед гарах гарц хаана байгааг мэдэж авч байгаарай. Мөн утасны дата/Wi-Fi-гүй болсон үед хэрэглэх зорилгоор сүлжээгүй орчинд ашиглаж болох газрын зураг, орчуулгын програм татаж аваарай.
Хэрэв танд яаралтай тусламж хэрэгтэй болбол 112 руу залгана уу.
Эргэлзсэн үедээ зөн совиндоо үргэлж итгээрэй. Таксины жолооч танд сэжиг бүхий санагдвал суух хэрэггүй. Мөн таны буусан газар онцгүй санагдвал өөр газар руу оч. Онцгой үе тохиовол хэрэг болж магад гэдэг үүднээс паспорт, иргэний үнэмлэх зэрэг хувийн бичиг баримтаа хуулбарлаж авна уу.
Захиалгын сайтууд
Аялалд маань хамгийн их хэрэг болдог компаниудыг доор жагсаалаа. Эдгээр компани нь маш сайн үнэ санал болгохын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ерөнхийдөө бусдаасаа илүү байдаг юм.
Skyscanner – Skyscanner бол миний хамгийн дуртай нислэгийн хайлтын систем юм. Тэд том хайлтын сайтуудын орхигдуулаад байдаг жижиг вэбсайтууд болон агаарын тээврийн компаниудыг олж өгдөг.
Hostelworld – Энэ бол жижиг буудал, байр зэргийг хамгийн өргөн хүрээнд хайж олоход тусалдаг шилдэг сайт юм.
Agoda – энэ бол Hostelworld-аас гадна Азийн зочид буудлын хамгийн шилдэг сайт юм.
Booking.com – Байнга хамгийн хямд үнийг санал болгодог сайт. Хямд төсөр өртөгтэй байр сууцыг, хамгийн өргөн сонголттой санал болгодог. Миний мэдэх хамгийн хямд газар.
Intrepid Travel – Хэрэв та бүлгээрээ аялах гэж байгаа бол Intrepid-ийг сонгоорой. Эднийх нутгийн операторуудыг ашигладаг ба жижиг бүлгийн маш сайн аяллуудыг санал болгож, байгаль орчинд ул мөр бага үлдээдгээрээ алдартай.
Миний вэб сайтыг хадгараад аваарай – Би өөрийн амьдарч байсан 25 улсаа эхний ээлжинд оруулаад зогсохгүй цаашид очсон газар бүрийнхээ талаар дэлгэрэнгүй судалгаа хийж оруулах болно.
WorldNomads – Энэ бол дижитал нүүдэлчид болон урт хугацааны аялагчдад тохирсон, хямд төсөр төлөвлөгөөг санал болгодог даатгал юм. Тэд сарын хямд төлөвлөгөө, гайхалтай үйлчилгээ, ашиглахад хялбар нэхэмжлэлийн процессыг санал болгодог тул аялалд яваа хүмүүст хамгийн тохиромжтой.
Аялалдаа юу авч явбал зүгээр вэ?
Хувцас
- 1 жинсэн өмд (хүнд, удаан хатдаг. Гэхдээ би энэ өмдөндөө дуртай. Өөр хувилбар бол khaki өмд)
- 1 шоорт
- 1 усны хувцас
- 5 футболк (FreshCleanTees бол миний дуртай брэнд)
- 1 урт ханцуйтай футболк
- 1 хос углааш
- 1 пүүз
- 6 хос оймс (Тал нь яваандаа алга болчихдог юм)
- 5 хос дотуур өмд
- 1 шүдний сойз
- 1 шүдний оо
- 1 сахлын хутга
- 1 багц шүдний утас
- 1 жижиг шил шампунь
- 1 жижиг шил шүршүүрийн шингэн
- 1 алчуур
- Үнэр дарагч
Жижиг эмнэлгийн хэрэгсэл (аюулгүй байдал чухал!!!)
- Шархны боолт, наалт
- Гидрокортизон тос
- Бактерийн эсрэг тос
- Чихний бөглөө
- Тайлинол (өвчин намдааж, үрэвсэл дардаг эм)
- Гар ариутгагч (нян бактери = өвчин = сүйдсэн амралт)
Бусад жижиг зүйлс
- Түгжээтэй цоож (аюулгүй байдал чухал)
- Амыг нь түгжиж болдог гялгар уут (юм гоожих, асгарахаас хамгаална)
- Гялгар уут (угаах зүйлсээ хийхэд тохиромжтой)
- Бүх улсад ашиглах боломжтой цэнэглэгч (хүн бүр зайлшгүй авах хэрэгтэй)
- Цэвэршүүлэгчтэй усны сав
Эмэгтэй хүн аялалдаа авч явах зүйлсийн жагсаалт
Би эмэгтэй хүн биш болохоор юу өмсдөгийг нь мэдэхгүй ч ганцаарчилсан аялалын их багш Кристин Аддис дээр дурдсан үндсэн зүйлс дээр нэмээд доорх жагсаалтыг гаргасан байсан.
Хувцас
- 1 усны хувцас
- 1 саронг
- 1 сунадаг жинсэн өмд (угааж, хатаахад хялбар)
- 1 бариу сунадаг материалтай өмд (хүйтэнд жинсэн өмднийхөө доогуур өмсөж, бусад үед даашинз, цамцтай өмсөж болохоор)
- 2-3 урт ханцуйтай цамц
- 2-3 футболк
- 3-4 ширхэг нарийн мөртэй майк
- 1 хөнгөн, энгэр нь задгай ноосон цамц
- Ариун цэврийн хэрэгсэл (тухайн газраасаа худалдаж авч болох ч, дийлэнх хүн өөрийнхөө дуртай хэрэглэлийг авч явдаг)
- 1 хуурай шампунь, тальк нунтаг (дараагийн угаалга хүртэл үсийг тослоггүй байлгана)
- 1 сам
- Будаг шунх (өөрийнхөө хэрэглэдгийг авч яваарай)
- Үсний боолт, хавчаар