I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Вьетнам аялал

Та Вьетнам улсыг кинон дээрээс зөндөө харсан байх. Гэвч өөрийн нүдээр харахаас нааш энэ орон ямар гайхалтай, нөхөрсөг ард түмэнтэй, үгээр хэлшгүй сайхан байгальтайг мэдрэх боломжгүй билээ.

Вьетнамд амьдарсан хэдэн сарын хугацаанд миний нүд нээгдсэн гэж хэлж болно. Хо Ши Мин хотод мотоцикл унасан толгой эргэм олон хүнтэй зэрэгцэн гудамжинд бөөнөөрөө суугаад юу ч болоогүй юм шиг тайван хоол идэх, гудамжинд хашаанд толь өлгөөд үс засах, том далбагар дэрсэн малгайтай цагаан урт хувцастай эмэгтэйчүүд, хаа сайгүй байх эрүүл хоолны захууд гээд л сонин содон зүйлс олон. Энэ бужигнаан дунд хүмүүсийнх нь сайхан дөлгөөн ааш алхам бүрд мэдрэгдэнэ.

Гудамжинд танилцсан тэр нэгэн жижиг биетэй, цайвар царайтай вьетнам охин намайг дагуулж хотын хамаг л гоё зүйлсээ үзүүлж, тун дажгүй англи хэлээр тайлбарлан, зургийг минь хүртэл тун хичээнгүй авч өгч байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Энэ улс бол гайхалтай байгаль, амттай хоол, галзуу шөнийн амьдралаар дүүрэн улс юм. Таныг Вьетнамд заавал очиж үзээрэй гэж ятгах байна. Гэхдээ зүгээр нэг жуулчдын явдаг албан ёсны замаар бус, үүргэвчээ үүрээд нутгийн хүмүүстэй танилцаж, танихгүй замаар зориг гарган аялаарай гэж ятгая.

Сем уул, Халонг далайн булан, байгалийн үзэсгэлэнт газруудаас эхлээд ариун сүм хийд, хүний гараар хийсэн гайхалтай бүтээлүүд, цагаан будааны нов ногоон талбайгаар дүүрэн уулын бэлүүд, дулаахан наран шарлагын газрууд зэрэг Вьетнам уруу аялагчдад үзэж хийх зүйл олон.

Вьетнамд аялахад үнэндээ бага зэрэг хэцүү. Анх нутгийн иргэд гадаадын жуулчдад төдийлөн дуртай байгаагүй ч (энэ нь ч шалтгаантай) одоо бол маш нээлттэй хүлээж авдаг болсон. Тэр дундаа Хо Ши Мин хот дижитал нүүдэлчдийн (DigitalNomad) бас нэгэн төв болсон юм.

Вьетнамд хийх зүйл маш олон тул та сайн төлөвлөж, бас хангалттай цагтай ирээрэй гэж зөвлөе.

Мөн бүх амттай хоолнуудаас нь амсаж үзээрэй!

Вьетнам руу хийх үүргэвчтэй аяллын зардал, ямар залилангаас хэрхэн зайлсхийх гэдгээс эхлээд энэ улсын гоо үзэсгэлэнг мэдэрч, хүмүүст нь болон хоол хүнсэнд нь дурлахад энэ гарын авлага туслах болно.

Вьетнам бол үзэж харах зүйл маш ихтэй орон тул цаашид хот хотоор нь ангилан аяллын гарын авлага бэлтгэх болно. Тиймээс хамт байгаарай.

Вьетнам улсад заавал үзэх 5 зүйл

1. Меконгийн усан замаар аялах – Mekong Delta

Nine Dragon River Delta хэмээх энэ усан зам нь Вьетнамын гурван мужийг холбон, 60,000 км урт үргэлжилдэг усан замын сүлжээ юм. Энэ газар нь жижиг тосгон, пагод, мангро, жимсний цэцэрлэг, хөвөгч захаар дүүрэн байдаг. Энэ газрыг мэдрэх хамгийн сайн арга бол завь юм уу, дугуйгаар аялах юм. Та бүс нутгийг таньж мэдэхийг хүсвэл хэдэн хоног зарцуулна.

2. Ханой хотоор аялах – Hanoi

Энэ бол Вьетнамын нийслэл. Хуучин хорооллын нарийхан гудамжаар алхаж, тоо томшгүй олон сүм хийд, үзвэрийн газар, түүхийн музей эсвэл Хо Ши Мин бунхнаар зочлоорой. Ханой бол Халонг булан руу олон өдрийн аялал хийхэд тохиромжтой газар юм. Энэ бол завгүй, эмх замбараагүй хот. Цочролд орж болохгүй шүү!

3. Халонг тохойгоор аялах – Halong Bay

Тус улсын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох Халонг булангийн маргад ногоон усанд 3000 гаруй арал оршдог. Cat Ba арал нь явган аялахад тохиромжтой бөгөөд олон жуулчид агуйн аялалд хамрагддаг. Эндхийн аялал ихэвчлэн Ханой хотоос хөдөлдөг бөгөөд 3 юм уу, 5 хоног үргэлжилдэг.

4. Хой Анд зугаалах – Hoi Anh

Хой Ан нь түүхэн байшин, барилга байгууламж, сонин содон кафегаар дүүрэн. Энэ хот жижиг бөгөөд алхаж явах, костюм худалдаж авах (энд хувцас, хувцас үйлдвэрлэлийн асар том зах байдаг), хоол идэх, ойролцоох далайн эрэг, голын эрэг дээр амрахад тун тохиромжтой. Энэ бол Вьетнам дахь миний хамгийн дуртай газар.

5. Сапа хотод адал явдлын аялал хийх

Энэ бол Вьетнамын хойд хэсгийн гол аяллын бүс бөгөөд бүх төрлийн аялагчдын дунд маш алдартай. Сапа нь толгодын жижиг овог аймгууд, өтгөн ургамал, үзэсгэлэнтэй явган зам, сэтгэл хөдөлгөм уулсаараа алдартай. Жуулчдаас зайлсхийхийн тулд амралтын үеэр ирэх юм уу, олон хүний очдоггүй газар руу яваарай. Мэдээж та жаахан илүү явах хэрэгтэй байх. Гэхдээ харамсахгүй шүү.

Сонирхон туршиж болох бусад зүйлс

  1. Cu Chi хонгилоор мөлхөх

Энэ бол 1960-аад онд АНУ-тай хийсэн дайнд Вьетнамын ашиглаж байсан 500 км хонгил юм. Аяллын үед хонгилын тухай тайлбарлаад, дараа нь жуулчдыг хонгилоор явуулж, AK47-гоор бай руу буудуулдаг. Энэ бол зоригтой хүмүүст зориулсан аялал бөгөөд харанхуйгаас айдаг бол дэмий. Хэдий ийм ч гэсэн, хэрэв та Вьетнамын дайны хор уршгийн талаар илүү сайн ойлгохыг хүсч байвал энд заавал очоорой. Нэг хүний үнэ 100,000 VND (5 доллар).

  1. Далаатад амар. Эсвэл адал явдалтай учир – Dalat

Далаат нь төв өндөрлөгийн толгод дээр байрладаг бөгөөд уулын агаарт амрахыг хүсдэг жуулчдын дуртай газар тул хүмүүс тайван амгалан байхын тулд энд очдог. Харин зарим нь үзэсгэлэнт байгальд, адал явдалт спортын үйл ажиллагаанд оролцохоор ийшээ явдаг. Далаатын эргэн тойрон дахь толгодод уламжлалт тосгонууд дүүрэн байдаг тул та тэр дундуур аялж болно. Гэхдээ хотод бас хийх зүйл их бий. Ордон I, II III гэсэн уран зөгнөлт нэртэй газруудаар зочлоорой.

  1. Кук Пхуонг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлохCuc Phuong National Park

Ханой хотоос баруун өмнө зүгт 120 км-ийн зайд Вьетнамын анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн Кук Фуонг оршдог. 222 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг энэ газар 2000 гаруй төрлийн мод, үүлэн ирвэс (Clouded Leopard), Делакурын Лангур (Delacour’s Langur), Оустоны сивет (Owston’s Civet) зэрэг үнэхээр ховор зэрлэг амьтад байдаг. Энэ бол Вьетнам дахь миний хамгийн дуртай цэцэрлэгт хүрээлэн бөгөөд жуулчид олноороо цуглаагүй цорын ганц газар юм. Тасалбар нь 40,000 VND (2 доллар).

  1. Хо Ши Мин хоттой танилцHo Chi Minh

Сайгон гэгддэг Хо Ши Мин хот нь Вьетнамын хамгийн том хот бөгөөд заавал цаг гаргаж судлаарай. Вьетнамын ихэнх хотуудын нэгэн адил колонийн үед бий болсон гудамжуудаар мотоциклтой хүмүүс шуугилдан давхих болно. Бен Танх зах орж гайхалтай хоол идээрэй. Энд бас маш олон үйл ажиллагаа явагддаг. Хэрэв онгоцоор нисээд, SGN нисэх буудал дээр буух юм бол хоттой танилцахад нэг юм уу, хоёр өдөр зарцуулахад л хангалттай. Жижиг буудлын гайхалтай жишээг мэдрэхийг хүсвэл The Common Room Project-д хонохыг зөвлөж байна.

  1. Пагодуудын уран хийцийг бишир (Pagodas – Буддын шашны мөргөлийн өргөө)

Вьетнамын хамгийн өвөрмөц барилга байгууламжийн тоонд улс орны өнцөг булан бүрт дайралдаж болох пагодуудад орох болно. Тэд гоёмсог нарийн сийлбэрээрээ алдартай. Пагодыг бунхан, сүм хийд болгон ашигладаг бөгөөд Вьетнамын ард түмний үнэт зүйл юм.

  1. Mui Nes-д идэвхтэй амрах

Муи Не нь загас агнуурын тосгон хэдий ч дарвуултай тавцан болон шүхэртэй тавцангаар серфинг хийдэг (wind- and kite-surfing) газар гэдгээрээ алдартай тул аялал жуулчлан ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг. Ойролцоох гулсдаг элсэн манхан нь очиж үзэх ёстой газрын нэг юм.

  1. My Son-г үзээрэй

My Son бол Чамын эзэнт гүрний үед хамаарах Вьетнам дахь Хинду шашны балгас юм. Чампачууд 3-аас 19-р зууны үед Төв Вьетнамыг захирч байжээ. Эндхийн сүм хийдүүд түүхийн хувьд гайхалтай ач холбогдолтой боловч эргэн тойрны ширэнгэн ойн нөлөөгөөр асар их эвдрэлд орсон байна. Боробудур эсвэл Ангкор Ват шиг гайхалтай хадгалагдан үлдээгүй ч, очиход үнэхээр харамсахгүй газар шүү. Тасалбар нь гадаадын иргэнд 100,000 VND (5 доллар) байдаг.

  1. Phong Nha-Ke Bang дахь агуйд зочил

Hang Son Doong нь дэлхийн хамгийн том агуй гэдгээрээ алдартай бөгөөд Phong Nha-Ke Bang үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Үүнийг 1990 онд нутгийн хүн нээсэн бөгөөд 2009 онд Британийн агуйн багийнхан “дахин нээсэн”. Та энэ агуйн гоо үзэсгэлэнг үнэхээр бишрэх болно. Агуйд орох үнэ нэг хүний 150,000 VND (6 доллар) байдаг.

  1. Цагаан будааны тариалдаг шаталсан дэнжийг үзээрэй

Вьетнамын дайнаас гадна энэ улсыг тодорхойлдог хэвшмэл дүр төрх бол цагаан будаа тариалдаг шаталсан дэнжүүд юм. Та Муон Хоа хөндийд очвол үүнийг харж болно. Хэрэв та цагаан будааны тариалдаг дэнжид хэзээ ч очиж үзээгүй бол Вьетнамд очиж үзэх хэрэгтэй. Тэнд очиж будааны үйлдвэрлэлийн талаар суралцаж, хөдөө нутгийнх нь гайхалтай гэрэл зургуудыг аваарай. Нэг хүний аяллын үнэ 300,000 VND (13 ам. доллар) болно.

  1. Hue-д очиж амраарай

Hue-д ерөнхийдөө жуулчид бага очдог тул арай нам, гүм тайван амрахад тохиромжтой газар юм. Үзэсгэлэнт Сайхан Үнэрт голын (Perfume River) дагуу алхаж, Эзэн хааны цайз руу оч. Эзэн хааны булшийг заавал очиж үзээрэй.

Вьетнамын аяллын зардал

Байр

Жижиг буудлууд нэг шөнийн 100,000 VND (4 доллар)-аас эхэлдэг. Илүү сайхан газар бол бараг хоёр дахин төлөх болно. Тусдаа, хоёр хүний өрөөнд нэг хоноход дор хаяж 350,890-425,000 VND (15-20 USD) болдог. Нэгэн цагт жижиг буудлууд ховор байсан ч хямд зардлаар аялахыг хүсэгчдийг байрлуулах зорилгоор яваандаа орон даяар элбэг болсон.

Ихэнх дотуур байрууд үнэгүй Wi-Fi-тай бөгөөд өглөөний цай болон шар айргийг өдрийн тодорхой цагт үнэгүй өгдөг. Гадуур хооллоход маш хямд тусдаг тул хоол хийдэг хэсэгтэй байр тийм ч түгээмэл биш. Хоёр ортой хямд зочид буудлын өрөөнд нэг хоноход 225,000 VND (10 доллар) болно. Энэ үнэд ихэвчлэн үнэгүй WiFi, өглөөний цай багтдаг.

Хоол

20,000 VND (1 ам.доллараас бага) үнээр нэг аяга фо (Вьетнамын үндэсний хоол. Гоймон, мах, ногоотой тунгалаг шөл) эсвэл будаа авч болно. Ихэнх ширээнд сууж хооллодог ресторануудад хоол 45,000-95,000 VND (2-4 USD) үнэтэй байдаг. Ресторан хэдий чинээ олон хүнтэй байна (их жуулчинтай) төдий чинээ үнэтэй байдаг.

Барууны хоол бас илүү үнэтэй. Дэлгүүрт нэг литр ус ойролцоогоор 15,000 VND (1 ам.доллараас бага) байдаг бол ресторанд шар айраг, хийжүүлсэн ундаа 20,000-35,000 VND (1-2 доллар) орчим байдаг.

Өөрөө хоол хийх гэж байгаа хүмүүсийн хувьд үндсэн хүнсний бүтээгдэхүүндээ долоо хоногт дор хаяж 400,000 VND (15 ам. доллар) зарцуулна гэж тооцоорой. Хамгийн хямд, шинэхэн хүнс авахын тулд нутгийн зах руу (local market) яваарай. Энэ улсад хоол хүнс маш хямд тул гудамжны хоол идэх нь илүү хялбар бөгөөд ихэвчлэн хямд тусдаг.

Тээвэр

Вьетнамд автобусаар явахад маш хямд байдаг. Хо Ши Мин хотын эргэн тойронд нийтийн тээврээр явахад дээд тал нь 4000 VND (1 доллараас бага) болох болно. Шөнийн автобусууд тав тухгүй ч гэсэн ердөө 100,000-600,000 VND (4-25 USD) үнэтэй бөгөөд таныг Вьетнамын олон хот руу хүргэнэ (Мөн автобусандаа унтчих тул байрны мөнгө хэмнэдэг).

Хо Ши Мин хотоос хөрш зэргэлдээ Камбожийн Пномпен хот руу явах автобусны хувьд нэг хүний 320,000 VND (15 доллар) төлнө. Галт тэрэг нь хол газар аялах бас нэг хямд арга бөгөөд Да Нангаас Ханой хүртэлх 791 км урт галт тэрэгний аялал нь ойролцоогоор 750,000 VND (30 доллар) үнэтэй байдаг. 600,000 VND (25 USD) үнээр таныг улс даяар хурдан шуурхай хүргэж чадах маш хямд агаарын тээврийн компаниуд ч байдаг.

Үйл ажиллагаа

Вьетнамын олон үзвэр үйлчилгээ нь байгалийн үзэсгэлэнт газруудад тулгуурладаг бөгөөд иймээс маш бага зардалтай байдаг. Ку Чи хонгилоор аялах гэх мэт зохион байгуулалттай аяллын хувьд та 100,000-200,000 VND (5-10 доллар) төлнө. Ханой хотоос Халонг булангаар хийх аялал нь хоёр өдрийн аялал нь ойролцоогоор 850,000-1,403,377 VND (35-60 ам. доллар)-аас эхэлж, тэндээ нэмэлт өөр үйлчилгээ авбал үнэ нь нэмэгддэг. Хагас өдрийн хоолны хичээл, унадаг дугуйн аялал зэрэг нь жуулчдад хандсан байдаг тул арай илүү үнэтэй байдаг. Ойролцоогоор 300,000 VND (15 доллар)-аас эхэлнэ. Да Лат дахь хавцлын үнэ 450,000 VND (20 ам. доллар) -аас эхэлдэг боловч 1,707,440 (75 USD) хүртэл өсдөг талтай.

Үүргэвчтэй аялах төсөв

Вьетнамд аялахад хэр үнэтэй вэ? Хэрэв та Вьетнам руу үүргэвчтэй аялж байгаа бол өдөрт 680,000-900,000 VND/25-35 доллар төсөвлөөрэй. Ингэснээр та дотуур байранд байрлаж, гудамжны бүх амттай хоолыг идэж, хэт их уухгүй мөн орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Хэрэв та тусдаа өрөө авахгүйгээр дотуур байранд юм уу, агааржуулагчгүй өрөөнд буувал зардал тань хамаагүй буурна.

Хэрэв та агааржуулагчтай хувийн өрөөнд байн, сууж хооллодог ресторанд орж, барууны хоол идэн, илүү олон үйл ажиллагаанд хамрагдаж, магадгүй хувьдаа унаа авж явахыг хүсвэл 1,165,125 VND / $50 USD-ийн дундаж төсөв гаргаарай. Үүнд хэд хэдэн үйл ажиллагаа, өдрийн аяллыг оруулж тооцож болно.

Та Вьетнам руу аялахдаа өдрийн 100 доллараас дээш мөнгө төсөвлөвөл хүссэн бүхнээ хийх боломжтой болно. Мэдээж тэгээд дээшээ бол хязгааргүй шүү дээ. Мэдээжийн хэрэг, та илүү их мөнгө зарцуулах тусам таны аялал илүү сайхан байж, тухтай оронд унтаж болно. Мөнгө их зарцуулах тусам тав тух дагаад нэмэгдэнэ.

БайрХоолТээвэрҮзвэрӨдрийн дундаж зардал
Үүргэвчтэй аялал35401525115
Энгийн дундаж100853575295
Тансаг зэрэглэл20015060110520

Мөнгө хэмнэх аргууд

Вьетнам бол маш хямд орон тул үүргэвчтэй аялах юм уу, хямд төсвөөр амрахын тулд олон зүйл хийх шаардлагагүй. Угаасаа маш хямд. Гэсэн хэдий ч, хэрэв та илүү хямдаар аялж, мөнгөө хэмнэхийг хүсч байвал хэдэн зөвлөгөө өгье.

Гудамжинд зардаг амттай хоолноос идээрэй – Хоол нь ихэвчлэн маш сайн, үнэхээр хямд байдаг бөгөөд нүдэн дээр чинь хийж өгдөг. Нутгийн хоолыг идээрэй. Тэгвэл та мөнгөө хэмнэх болно. Гудамжны хажуугийн По, талх, сэндвич (бан ми гэж нэрлэдэг), пончик, банана зэргийг 20,000 VND (1 доллар) үнээр авах боломжтой.

Шөнийн аялал – Хэрвээ холын замд явах гэж байгаа бол шөнийн цагаар “унтлагын” автобус эсвэл галт тэргээр явахыг хичээгээрэй. Ингэснээр байранд хонох зардлаа хэмнэх болно. Автобусны компаниасаа хамаараад, зарим газар руугаа та бүтэн хэвтээд явах ч боломжтой.

Жуулчны автобусаар яв – Орон нутгийн тээврээр аялахаас илүүтэй улс орон даяар явдаг жуулчны автобусаар явах нь үнэндээ хямд юм. Тус улсын нэг захаас нөгөө зах руу явах тасалбар ойролцоогоор 1,200,000 VND (50 доллар) болно.

Хямд үнээр нисээрэй – Вьетнамын агаарын тээврийн VietJet болон FlyVietnam нь маш хямд бөгөөд таны нислэгт ачаа тээшийг тань нэмээд 150,000 VND (6 доллар) үнэтэй болно. Энэ нь Вьетнамын янз бүрийн бүс нутгаар аялах гэж байгаа, цаг хугацаа давчуу хүмүүст таарсан сонголт болно. Энэ хоёр агаарын тээврийн компаниуд ихэвчлэн тусгай хямдрал санал болгодог. Яг энэ өгүүлбэрийг бичиж байх үед Ханойгаас Дананг хүртэл ердөө 818,635 VND (35 доллар) байна! Энэ нь машинаар 13 цаг явах зам юм.

Наймаалцаарай – Дугуй (гурван дугуйт унадаг дугуйн такси), хувцас, гудамжны хоол гэх мэт бүх зүйлд жуулчдаас илүү төлбөр авах гэдэг. Тиймээс ерөнхийдөө байнга үнийг нь буулгахыг хичээж, болохгүй бол “Явлаа” гээд хэлчих. Тэгвэл хямдарна.

SIM карт авах хэрэггүй – Вьетнамд Wi-Fi-хаа сайгүй байдаг. Зочид буудал, дэлгүүр, ресторан гээд бараг бүх газар. Хэрэв хол замд, хөдөө автобусаар явахдаа онлайн орох шаардлагатай л биш бол, интернэтээс хол жаахан ч гэсэн амраад ав.

Зочид буудлын ажилчдаас асуугаарай – Зочид буудлаас гарахынхаа өмнө хийх гэж буй зүйлийнхээ үнэ өртөгийг асууж бай. Музей рүү явахад хэр үнэтэй вэ? Ийм даашинз хийлгэхийн тулд би хэдэн төгрөг төлөх ёстой вэ? гэх мэт. Тэд танд хэрхэн наймаалцах талаар зааж өгнө.

Шүүлтүүртэй усны сав авч яв – Шүүлтүүртэй усны сав нь ялангуяа Зүүн өмнөд Азид хэрэг болдог. Эндэхийн цоргоны усыг шууд уугаад хэрэггүй. Хуванцар савыг хэмнэн, цоргоны усыг цэвэршүүлэн уух сав аваарай. Миний дуртай брэнд бол LifeStraw ($49.99).

Байр, буудал

Өөрийн дуртай, зарим нэг бууж байсан буудлуудаа санал болгож байна. Эдгээрийг олох гэж угаасаа нэлээд судалгаа хийсэн тул боломжийн буудлууд байгаа.

Унаа тээвэр

Вьетнамыг хямд үнээр тойрох олон сонголт байгаа.

Нийтийн тээвэр – Зарим хотуудад циклогоор (дээвэртэй унадаг 3 дугуйт) явах нь хамгийн хямд байдаг. Богино зайнд явахад 12,000 VND (1 ам. доллараас бага) зардал гарах бол илүү хол юм уу, шөнө явахад 40,000 VND (2 ам. доллар) хүртэл үнэтэй болно. Бас илүү түгээмэл байдаг сонголт бол 15,000 VND (1 доллараас бага) үнэтэй мотоцикл такси юм. Чанга барихгүй бол уначихна шүү! Вьетнамд нийтийн автобус бол тийм ч сайн сонголт биш.

Такси – Вьетнамд таксины үнэ маш хямд бөгөөд том хотуудад тоолууртай байдаг. Энэ бол ийш тийш явахад аюулгүй бөгөөд найдвартай сонголт болно. Үнэ км тутамд 12,000 VND (1 доллараас бага)-аас эхэлдэг.

Онгоц – Хэрэв та богино зайд аялах гэж байгаа бол Вьетнамд дотоодын нислэг дажгүй. Жишээлбэл, Ханойгоос Хо Ши Мин хот руу нисэхэд хоёр цаг зарцуулдаг. Гэтэл галт тэргээр явахад дор хаяж 30 цаг шаардагдана (мөн нэг талын нислэг 590,000 VND/25 ам. доллараас эхэлнэ!).

Галт тэрэг – Олон хүмүүс Вьетнамд галт тэргээр явах дуртай. Учир нь эндэхийн галт тэрэг аюулгүй, боломжийн үнэтэй, тав тухтай байдаг бөгөөд зарим чиглэл нь нэлээн удаан явдаг ч, замдаа Вьетнамын үзэсгэлэнт хөдөө нутгийг үзэх боломжтой юм. Төмөр зам нь энэ орны ихэнх хэсэгт байдаг тул та хүссэн газартаа очих боломжтой (Төв өндөрлөг болон Меконгийн бэлчирээс бусад). Та галт тэрэгний цагийн хуваарийг судалж, тасалбараа захиалахын тулд Baolau вэбсайтыг ашиглаж болно. Хо Ши Мин Ханой хоёрын хооронд галт тэргээр явахад 837,000 VND (35 доллар) үнэтэй.

Автобус – Ханой хотоос эхлээд Хуе, Хой Ан, Нха Транг, Да Лат, Муй Не, Хо Ши Мин хотод зогсох холын зайд явдаг автобусыг Вьетнам даяар олоход хялбар байдаг. Та замын аль ч зогсоол дээрээс сууж, буух боломжтой. Автобуснууд жуулчдад үйлчилдэг боловч нутгийн иргэд ч сууж болдог (маш хямд).
Үнэ нь чиглэл, компани зэргээсээ хамаарч өөр байдаг боловч ерөнхийдөө Ханой хотоос Хо Ши Мин хүртэл 815,585-1,631,175 VND (35-80 доллар) хооронд байдаг. Энэ бол үүргэвчтэй аяллын хамгийн алдартай зам тул хэрэв та орон нутгийн автобусанд суухаас зайлсхийж байгаа бол энэ тун сайн сонголт юм.

Хэзээ явбал тохиромжтой вэ?

Вьетнамын өмнөд хэсэгт хуурай улирал 12-р сараас 4/5-р сарын сүүл хүртэл, борооны улирал 5-р сараас 11-р сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Борооны улиралд ихэвчлэн үдээс хойш түр хугацаанд аадар ордог боловч Меконгийн бэлчир заримдаа үерлэдэг. Гэсэн ч энэ улсад 5-р сараас 11-р сарын хооронд зочлоход хамгийн таатай. Агаарын хэм нь 20°C-аас доош буух нь ховор боловч хамгийн халуун саруудад (3-р сараас 5-р сарын сүүлч хүртэл) заримдаа 40°C хүрдэг.

Төвийн эрэг дагуу хур тунадас бага зэрэг өөр байдаг. Бүс нутгийн хойд хэсэгт (Хуэ, Да Нанг гэх мэт) бороо 9-р сараас 2-р сар хүртэл үргэлжлэн ордог. 2-р сараас 5-р сар бол энэ газарт зочлоход хамгийн тохиромжтой үе юм. Агаарын хэм 6-р сараас 8-р сар хүртэл өсдөг бөгөөд ихэвчлэн 30°C байдаг.

Хойд Вьетнамд 10-р сараас 12-р сар хүртэл цаг агаар хамгийн таатай байдаг. Вьетнамын цаг агаар бүс бүрд маш өөр байдаг тул хамгийн тохиромжтой цагийг сонгоход бага зэрэг хэцүү байдаг! Гэхдээ ерөнхийдөө 9-өөс 12-р сар, 3-р сараас 4-р сарын хооронд очиж үзэхийг зөвлөж байна.

Аюулгүйн зөвлөмжүүд

Вьетнам бол аялахад маш аюулгүй газар юм. Тэр ч байтугай ганцаараа аялж яваа эмэгтэй хүн байсан ч аюулгүй. Мотоциклийн луйвар гэх мэт нийтлэг залилан байх нь байдаг. Тэд танд түрээсэлсэн, гэмтэлтэй байсан мотоциклоо эвдэлсэн байна хэмээн худал хэлж, мөнгө залилахыг оролдох нь бий. Үүнээс бусдаар Вьетнам бол аялахад аюулгүй газар юм.

Мөнгөний хариултаа үргэлж тоолж байгаарай. Эндэхийн мөнгөн тэмдэгтүүд хоорондоо төстэй байдаг тул хүмүүс “андуурч” буруу хариулт өгөх тохиолдол мэр сэр гардаг. Хариултаа дандаа тоолж авч бай.

Жуулчдаас илүү мөнгө авахыг оролддог тул зүгээр л жаахан анхааралтай бай. Гэхдээ дийлэнх нь шударга хүмүүс байдаг.

Зөн совиндоо итгэ. Хэрэв таксины жолооч сэжигтэй санагдвал зогсоож, буу. Хэрэв зочид буудал таны бодсоноос онцгүй байвал шууд соль. Та сэжиг бүхий нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалж, зайлан явах бүрэн эрхтэй. Паспорт, иргэний үнэмлэх зэрэг хувийн бичиг баримтаа хуулбарлаж ав. Аяллын хөтөлбөрөө ойр дотнын хүмүүстээ мэдэгд. Тэд таны хаана байгааг мэдэж байх хэрэгтэй.

Та эх орондоо байхдаа хийдэггүй зүйлсээ Вьетнамд байхдаа ч бүү хий. Энэ дүрмийг л дагаж мөрд. Тэгвэл та зүгээр байх болно.

Маш сайн аяллын даатгал худалдаж аваарай хэмээн би чин сэтгэлээсээ зөвлөх байна. Аялал жуулчлалын даатгал нь таныг өвчин, гэмтэл бэртэл, хулгай, захиалга цуцлагдах зэрэг эрсдлээс хамгаалдаг юм. Энэхүү даатгалыг ашиглах шаардлага олон удаа гарч байсан тул би даатгуулж байж л аялалд гардаг.

Захиалгын сайтууд

Аялалд маань хамгийн их хэрэг болдог компаниудыг доор жагсаалаа. Эдгээр компани нь маш сайн үнэ санал болгохын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ерөнхийдөө бусдаасаа илүү байдаг юм.

Skyscanner – Skyscanner бол миний хамгийн дуртай нислэгийн хайлтын систем юм. Тэд том хайлтын сайтуудын орхигдуулаад байдаг жижиг вэбсайтууд болон агаарын тээврийн компаниудыг олж өгдөг.
Hostelworld – Энэ бол жижиг буудал, байр зэргийг хамгийн өргөн хүрээнд хайж олоход тусалдаг шилдэг сайт юм.
Agoda – энэ бол Hostelworld-аас гадна Азийн зочид буудлын хамгийн шилдэг сайт юм.
Booking.com – Байнга хамгийн хямд үнийг санал болгодог сайт. Хямд төсөр өртөгтэй байр сууцыг, хамгийн өргөн сонголттой санал болгодог. Миний мэдэх хамгийн хямд газар.

Intrepid Travel – Хэрэв та бүлгээрээ аялах гэж байгаа бол Intrepid-ийг сонгоорой. Эднийх нутгийн операторуудыг ашигладаг ба жижиг бүлгийн маш сайн аяллуудыг санал болгож, байгаль орчинд ул мөр бага үлдээдгээрээ алдартай.
Миний вэб сайтыг хадгараад аваарай – Би өөрийн амьдарч байсан 25 улсаа эхний ээлжинд оруулаад зогсохгүй цаашид очсон газар бүрийнхээ талаар дэлгэрэнгүй судалгаа хийж оруулах болно.
WorldNomads – Энэ бол дижитал нүүдэлчид болон урт хугацааны аялагчдад тохирсон, хямд төсөр төлөвлөгөөг санал болгодог даатгал юм. Тэд сарын хямд төлөвлөгөө, гайхалтай үйлчилгээ, ашиглахад хялбар нэхэмжлэлийн процессыг санал болгодог тул аялалд яваа хүмүүст хамгийн тохиромжтой.

Аялалдаа юу авч явбал зүгээр вэ?

Хувцас

  • 1 жинсэн өмд (хүнд, удаан хатдаг. Гэхдээ би энэ өмдөндөө дуртай. Өөр хувилбар бол khaki өмд)
  • 1 шоорт
  • 1 усны хувцас
  • 5 футболк (FreshCleanTees бол миний дуртай брэнд)
  • 1 урт ханцуйтай футболк
  • 1 хос углааш
  • 1 пүүз
  • 6 хос оймс (Тал нь яваандаа алга болчихдог юм)
  • 5 хос дотуур өмд
  • 1 шүдний сойз
  • 1 шүдний оо
  • 1 сахлын хутга
  • 1 багц шүдний утас
  • 1 жижиг шил шампунь
  • 1 жижиг шил шүршүүрийн шингэн
  • 1 алчуур
  • Үнэр дарагч

Жижиг эмнэлгийн хэрэгсэл (аюулгүй байдал чухал!!!)

  • Шархны боолт, наалт
  • Гидрокортизон тос
  • Бактерийн эсрэг тос
  • Чихний бөглөө
  • Тайлинол (өвчин намдааж, үрэвсэл дардаг эм)
  • Гар ариутгагч (нян бактери = өвчин = сүйдсэн амралт)

Бусад жижиг зүйлс

  • Түгжээтэй цоож (аюулгүй байдал чухал)
  • Амыг нь түгжиж болдог гялгар уут (юм гоожих, асгарахаас хамгаална)
  • Гялгар уут (угаах зүйлсээ хийхэд тохиромжтой)
  • Бүх улсад ашиглах боломжтой цэнэглэгч (хүн бүр зайлшгүй авах хэрэгтэй)
  • Цэвэршүүлэгчтэй усны сав

Эмэгтэй хүн аялалдаа авч явах зүйлсийн жагсаалт
Би эмэгтэй хүн биш болохоор юу өмсдөгийг нь мэдэхгүй ч ганцаарчилсан аялалын их багш Кристин Аддис дээр дурдсан үндсэн зүйлс дээр нэмээд доорх жагсаалтыг гаргасан байсан.

Хувцас

  • 1 усны хувцас
  • 1 саронг
  • 1 сунадаг жинсэн өмд (угааж, хатаахад хялбар)
  • 1 бариу сунадаг материалтай өмд (хүйтэнд жинсэн өмднийхөө доогуур өмсөж, бусад үед даашинз, цамцтай өмсөж болохоор)
  • 2-3 урт ханцуйтай цамц
  • 2-3 футболк
  • 3-4 ширхэг нарийн мөртэй майк
  • 1 хөнгөн, энгэр нь задгай ноосон цамц
  • Ариун цэврийн хэрэгсэл (тухайн газраасаа худалдаж авч болох ч, дийлэнх хүн өөрийнхөө дуртай хэрэглэлийг авч явдаг)
  • 1 хуурай шампунь, тальк нунтаг (дараагийн угаалга хүртэл үсийг тослоггүй байлгана)
  • 1 сам
  • Будаг шунх (өөрийнхөө хэрэглэдгийг авч яваарай)
  • Үсний боолт, хавчаар

Аялагчдын зөвлөгөө